| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0160/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/71 |
| Огноо | 2025-05-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/71
2025 05 09 2024/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Б.У,
Шүүгдэгч Б.У өмгөөлөгч: Н.Энхтөр,
Шүүгдэгч Ё.А,
Шүүгдэгч Ё.А өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.М /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ***** овогт Б***** У*****, ***** овогт Ё***** А***** нарт холбогдох ********** дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *****************************************************************,
Монгол Улсын иргэн, ***************************************************************.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ё.А***** нь 2020 оноос 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан ‘’ ***** ’’ ХХК-ийн манаачаар ажиллахдаа тус компанийн итгэмжлэн хариуцуулж өгсөн кат-3-36 дугаартай экскаваторыг Б.У***** бүлэглэн эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 08-ныг хүртэл 19 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завшсан,
Мөн тэрээр тус компанийн өмчлөлийн зам индүүний машиныг зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 27 өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 04-нийг хүртэл 8 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завшсан,
Ё.А***** нь итгэмжлэн хариуцуулж өгсөн Хьюндай Маяти маркийн **** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуй, 1 ширхэг стартер, Кама маркийн **** УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, Хьюндай Маяти Цестерн маркийн **** УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, Хюндай маяти цистерн маркийн **** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг стартер, 1 ширхэг динам, Хово самосвал маркийн **** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, Хово самосвал маркийн **** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, Хово самосвал маркийн **** УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, Хово самосвал маркийн **** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 6 ширхэг дугуй 1 ширхэг стартер, Хово самосвал маркийн **** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 5 ширхэг дугуй, 1 ширхэг тоормосны мембраны татуурга, Хово самосвал маркийн **** УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 5 ширхэг дугуй, Хово самосвал маркийн **** УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, Нордбенз маркийн **** УНХ усны машины 1 ширхэг тоормосны мембраны татуурга зэрэг эд ангийг сольж зарж үрэгдүүлэн хувьдаа завшиж, бусдын итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгийг хувьдаа завшиж хохирол учруулсан,
Б.У***** нь Өмнөговь аймгийн Манлай суманд үйл ажиллагаа явуулдаг “ ******** ” ХХК-д манаачаар ажилладаг Ё.А***** бүлэглэн кат-3-36 дугаартай экскаваторыг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 08-ныг хүртэл 19 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Ар**** нь гаргасан мэдүүлэгтээ: “Олон эд анги алга болсон гэж яриад байгаа. Би 5 дугуй л зарсан. Бусад нь надад огт хамаагүй. Компани 2-3 манаач сольсон. Манлайн манаач гараад жил гаруй болсон.
Хэрэв төлбөр гарвал сар бүрийн 05-нд төлөх саналтай байна. Би өөрийн гэсэн орон гэргүй, энд ирээд машинаа барьж байж таван цаас олно.
Намайг 3,000,000 төгрөгөөр торгож өгнө үү. Би ажилдаа ороод 3, 4 сар л болж байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У***** нь гаргасан мэдүүлэгтээ: “Хамгийн анх “**** ****” ХХК-ийн ерөнхий менежер Г.М**** гэж хүн над руу яриад хөдөө хээр суусан зам хусдаг техникийг дуудлагаар очоод засаад өг гэхээр нь засаж өгсөн. Тэгээд засвар хийлгэсэн цалин хөлсөө өгөхгүй, сүүлдээ утсаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй байсан болохоор би хоёр манаач дээр нь очоод мөнгөө нэхдэг байсан. Ийм байдлаар бараг 2-3 сар болсон. Манаач нь ямар хүнээс зөвшөөрөл авсныг би мэдэхгүй байна. Техник түрээсэлж мөнгийг чинь гаргаж өгье гэдэг асуудал ярьсан. Өөрсдийнхөө техникийг түрээсэлж компанийнхаа өрийг дарчхаад сүүлдээ манай компанийн техникийг ашигласан, бүлэглэн завшсан гэдэг асуудлаар намайг хамт гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа юм байна. Миний хувьд А**** нийлээд энэ компанийн эд хөрөнгийг ашиглах эрх надад байхгүй. Би мөнгөө авъя гэж олон дахин нэхсэн. Сүүлдээ Г.М**** утсаа авахаа болчихоор нь хохирлоо барагдуулах талаар манаачаас нь асуухад ийм байдлаар таны хохирлыг барагдуулъя гэдэг зүйл ярьсан. Техник түрээсэлсэн мөнгийг тухайн компани нь И баримттай компанид гаргаж өгнө гэхэд А****намайг “...чи энэ мөнгийг гаргаад өгөөч, би цааш нь хүнд өгөх ёстой” гэсэн. Тэгэхээр нь би 2 хэсэг орж ирсэн мөнгийг нь цувуулаад гаргаж өгсөн. “...Миний данс руу цалин гэж хийгээрэй, түрээс гэж хийж болохгүй” гэж хэлсэн. Тэгж хийсэн нь миний буруу байна. Сар гарангийн хугацаанд 10 гаруй сая төгрөгийн цалинтай хүн гэж хаа байхав. Энэ хүн бэлнээр 6,000,000 төгрөг авснаа мэдүүлэг дээрээ хэлсэн байна лээ. Би түрээсийн мөнгөнөөс нь техник засварын мөнгө болох 1,200,000 төгрөгийг л авч үлдсэн. Татварын тухай хуульд заасны дагуу 10 хувийн шимтгэлийг төлсөн.
Миний хувьд “**** ****” ХХК-ийн техникийг захиран зарцуулах, ашиглах ямар ч эрх мэдэл байхгүй. Энэ компанийг мэдэх ч үгүй. Холбогдох болсон шалтгаан нь эдний компани өөрөө биднийг гуйж тээврийн хэрэгслээ хөлсөөр янзлуулчхаад мөнгөө өгөхгүй дээрэнгүй үзэл гаргаж, жирийн иргэдийг дарамталж, хүнийг хүн шиг үздэггүй хүмүүсийн араншин шүү дээ. Компани өөрсдөө эхэлж намайг малаас дор үзсэнээс болж ийм юм үүссэн хэрэг. Би компанийн техникийг түрээслээд, олсон орлогыг чинь бодитойгоор шилжүүлсэн. Энэ хүн өөрөө 6,000,000 төгрөг бэлнээр авсан гэдгээ хүлээж байна. Мөн би ***** банкны хуулгыг бодитоор гаргаад өглөө. Мэдээж би хаан банкны хуулгыг үйлдэхгүй нь ойлгомжтой. Тамга тэмдэгтэй тодорхой хуулга байгаа. Миний хувьд энэ хэрэгт тэгж их хэрэг үүсгэхээр хэмжээний оролцоогүй гэж ойлгоод байгаа.
Нэгэнтээ шүүхээс шийдэгдсэн шийдвэрийг дагуу явна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Төгсбаяр гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би, Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Б.У****, Ё.А**** нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Юун түрүүнд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар ярих нь зүйтэй гэж бодож байна. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ажил гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч хоорондын хэлцэлтэй холбоотой хуулиар зохицуулагддаг үйл ажиллагаа анхнаасаа хууль журамд нийцсэний дагуу хийгдээгүйгээс болж байгаа. Өөрөөр хэлбэл “**** ****” ХХК нь иргэн Б.У**** ажил гүйцэтгэх хэлцэл хийж байгаа бол үүнийгээ бичгийн хэлбэрээр баталгаажуулах ёстой байсан. Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаад, гэрээний дагуу ямар ажлыг, ямар хугацаанд хийх ёстой, ямар төлбөрөөр, хэдий хэмжээний хугацаанд төлөх ёстой, төлөхгүй бол яах ёстой гэдгээ бичгээр байгуулсан байх хууль зүйн шаардлагыг хангаж ажиллаагүйгээс иргэн, хуулийн этгээд хоёрын хооронд төлбөрийн маргаан үүсэж байгаа юм. Энэхүү төлбөрийн маргаанаа шийдвэрлэж байгаа арга зам нь яллагдагч Б.У****, Б.А**** нар нь үгсэн хуйвалдаж буюу бүлэглэж “**** ****” компанийн эд хөрөнгийг түрээслэх замаар ашиг, орлого олж, бусдын эд хөрөнгийг завшиж байгаа үйлдэл эхэлж байгаа. Дараагийн үйлдэл нь индүү түрээсэлсэн асуудал байгаа. Энэ тээврийн хэрэгслүүдийг ойролцоох компаниудад түрээслээд ашиг, орлого олж байгаа нь бусдын эд хөрөнгөөр өөртөө амар, хялбар аргаар ашиг, орлого олох гэсэн санаа сэдэл буюу шунахай сэдэлтэйгээр үйлдэгдэж байгаа. Дараагийн үйлдэл нь олон тооны тээврийн хэрэгслүүдийн эд ангиудыг завшиж байгаа үйлдэл байгаа. Ингээд үзэхээр эд хөрөнгө түрээслэх, бусдад худалдан борлуулж, завших үйлдэл нь юунаас үүсэлтэй вэ гэхээр “**** ****” компанийн зүгээс Ё.А**** гэдэг хүнтэй хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэж болно, нөгөө талдаа ажил гүйцэтгэх гэрээг аман хэлцлээр хийж байгаа. Уг хэлцлийг хийхдээ У***** гэдэг хүний нэрээр хөдөлмөрийн гэрээ хийсэн гэж байгаа боловч шалтгаан нь өөр зүйл байгааг шүүгдэгч Ё.А**** шүүх хуралдаан дээр хэлж байна. Шүүгдэгч Ё.А**** эхнэрээсээ салсан, хүүхдэдээ төлбөр төлөх ёстой, орж ирсэн цалинг нь данснаас нь шууд суутгагддаг учраас хүүхдүүдээ тэтгэмж төлөхгүйн тулд сүүлд суусан эхнэрийнхээ дансаар цалингаа аваад байгаа. Цалингаасаа өөрийнхөө хүүхдүүдэд өгөх ёстой тэтгэмжийг төлөхгүйн тулд У***** дансаар цалингаа авч байгаа үйлдлийнх нь үндсэн дээрээс манаач буюу хөлсөөр ажиллах гэрээ хийгдээд, уг хэлцлийн дагуу манаачийн ажил хийгээд яваад байгаа. Хоёрдугаарт, Энэ гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд нь хэн бэ гэвэл тухайн компанийн техникийг түрээсэлж бусад компанитай хэлцэл хийж байгаа хүн нь Ё.А****, хүнд даацын том том тээврийн хэрэгслүүдээс дугуй болон бусад эд ангиудыг салгаж бусдад зарж байгаа үйлдлийг ганцхан Ё.А**** хийж байгаа. Зөвхөн түрээсийн мөнгөө У***** дансаар дамжуулж авч байгаа юм. Өөрийнхөө дансаар авах гэхээр хүүхэд рүү нь шилжчих учраас хоёр дахь эхнэрийнхээ буюу хамтран амьдрагчийнхаа дансаар авч байгаа ийм үйлдэл юм. Дээрх үйлдлүүдээс дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас тус гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзэж байгаа. Нөгөө талдаа эдгээр үйлдлүүд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Ё.А**** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.У**** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд оруулж байгаа. Өнөөдрийн байдлаар хохирол төлбөрт нэг ч төгрөг төлөгдөөгүй. Иймд Б.У****, Ё.А**** нар нь бусдад учруулсан хохирол буюу 17,272,728 төгрөгөөс өөрс өөрсдөд ноогдох хувийг “**** ****” ХХК-д төлөх ёстой. Харин 11,940,000 болон 2,000,000 төгрөгийн хохирлыг Ё.А**** дангаараа хариуцаж “**** ****” ХХК-д төлөх ёстой байдлаар хохирлыг шийдвэрлэж өгнө үү.
Ё.А**** завшаад байгаа олон тооны сэлбэг хэрэгсэл техникийн талаар бид ойлголттой байх ёстой. Жишээлбэл тоормосны мембран, динам, статир гэж юу юм, эдгээр нь ямар үүрэг зориулалттай эд ангиуд юм, тусдаа эд анги гэж үзээд байгаа юм уу? тоормосны мембран гэдэг зүйл байхгүй бол тээврийн хэрэгсэл тоормослохгүй зогсохгүй, динам гээд байгаа зүйл чинь араан дээрээс эргэлт аваад аккумляторыг цэнэглэх үүрэг бүхий цахилгаан үүсгүүр, өөрөөр хэлбэл мотороос гарч байгаа өндөр хэмжээний цахилгаан эрчим хүчийг бага хэмжээтэй болгож аккумляторыг цэнэглэх үүрэг бүхий зүйлийг динам гэж байгаа юм. Эдгээр зүйлс нь тээврийн хэрэгслийн салшгүй хэсэг бөгөөд эдгээр зүйлс байхгүй бол машин асахгүй. Статир ямар үүрэгтэй гэхээр аккумлятороос тог авч машины тахир голыг эргүүлж байгаа арааг хэлж байгаа. Эдгээр эд ангиуд байхгүй бол тээврийн хэрэгсэл явахгүй, зогсохгүй, асахгүй. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг дээр эдгээр машинууд хэвийн үйл ажиллагаатай буюу ажил үүргээ гүйцэтгэж байгаад кемп буусны дараа парклаад зогсчихсон байгаа машинууд шүү дээ. Тэгээд хэрэг гарсны дараа компанийн зүгээс техникүүдээ шалгасан чинь зүгээр ажиллагаатай явж байсан машинууд, машины эд ангиуд байхгүй болчхоод байна шүү дээ. Тэгвэл энэ хүртэлх хугацаанд компанийн харуул хамгаалалтын ажлыг хэн хийж байсан юм, манаачийг хэн хийж байсан юм? Энэ том тээврийн хэрэгслүүдээс тухайн эд ангиудыг хэн салгаж авч мэдэх юм? жолооч л мэднэ шүү дээ. Үүнийг бодож үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт, түрээсийн орлого нь хохирол биш гээд байна. Энэ техник чинь хэний эд хөрөнгө юм? А**** эд хөрөнгө мөн юм уу? У**** эд хөрөнгө мөн юм уу? энэ чинь “**** ****” эд хөрөнгө шүү дээ. Хэрэв “ **** ” ХХК тухайн үйл ажиллагаа явуулаагүй бол, А**** гэдэг хүнд хариуцуулаагүй бол эдгээр хүмүүст тухайн тээврийн хэрэгслүүдийг түрээслэх эрх үүсэхгүй. Угаасаа ч түрээслэх эрх үүсгээгүй. Харж бай, хамгаалж бай гээд үлдээтэл дур мэдээд бусдад түрээсэлсэн. Гэтэл заавал хөдөлмөрийн гэрээ хийж, итгэмжлэн хариуцуулж байж завших гэмт хэрэг гэж үзэж хохирлоо нэхэмжилнэ тэгээгүй тохиолдолд гэмт хэрэг биш гэж шүүгдэгч талаас тайлбарлаж байна. Үгүй шүү дээ. Яагаад гэвэл эдгээр эд хөрөнгүүдийг энэ хоёр хүнд түрээсэл гэж өгөөгүй шүү дээ. Тэр тусмаа У**** түрээслэх эрх байхгүй шүү дээ. Ганцхан А**** гэдэг энэ хүнийг харж хандаж, хамгаалж бай гэж хариуцуулсан. “**** ****” ХХК-ийн бусад төлөх төлбөр өр төлбөр А**** гэдэг хүнд ямар ч хамаагүй. Яахаараа А**** гэдэг хүн манаач байж компанийн өр төлбөрийг төлөхийн тулд компанийн эд хөрөнгийг түрээсэлж тэрнээс нь мөнгийг нь аваад байгаа юм. Энэ чинь хууль ёсны орлого мөн юм уу? Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн үндэслэлгүйгээр хөрөнгөжих заалтад хамаарна гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуульд ч гэсэн үндэслэлгүйгээр хөрөнгөжих заалт бий. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг чинь эх сурвалжаа тодорхойлж зааж чадахгүйгээр эд хөрөнгө олох үйлдэл. Гэтэл А**** бусдын эд хөрөнгийг түрээслүүлж ашиг орлого олоод байгаа энэ үйлдэл чинь яаж явахаараа үндэслэлгүйгээр хөрөнгөжих болчихдог юм. Хөндлөнгийн хүн очоод тухайн компанийн техникийг түрээслээд ашиг орлого олж болох юм уу? болохгүй шүү дээ. Ганцхан хариуцаж байгаа хүн нь бусдад түрээсэлнэ. Өөрөөр хэлбэл А**** түрээслэх үйлдэл хийхдээ өөрөө биш У**** дамжуулан түрээслэгч компанид очиж түрээслэх хэлцлийг хийгээд харилцан тохиролцож мөнгөө хувааж аваад байгаа. Тухайн хөрөнгийг харж байгаа хүн л бусдад түрээслэх боломжтой. Дараагийн асуудал нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан их хэмжээний хохирол юм биш үү гэх тайлбарыг гаргаж байна. Энэ чинь хууль зүйн тусдаа агуулгатай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 50,000,000 төгрөг түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан. Энэ хэргийн нийт хохирол 31,000,000 төгрөг учраас их хэмжээний хохиролд орохгүй. Ноцтой хохирол, хор уршиг гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно. Тэгвэл өнөөдөр энэ “**** ****” гэдэг компанийн хоёр техникийг бусдад түрээслүүлээд түрээсийнх нь орлогыг нь өөртөө завшсан нь “**** ****” ХХК-ийг амьжиргааных нь эх үүсвэрээс салтал хохирол учруулчихсан юм байгаа юм уу? энэ чинь тусдаа хууль зүйн агуулгатай учиртай энэ зүйл ангиар зүйлчилж хэргийг шүүх рүү шилжүүлсэн.
Эрүүгийн хариуцлага дүгнэлт гаргахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Шүүгдэгч Б.У**** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Ё.А**** хувьд хохирол нөхөн төлөхөө илэрхийлнэ гэсэн байр суурьтай байгаа бөгөөд үлдэгдэл 20,000,000 хэзээ, хэрхэн, яаж төлөх талаараа өмгөөлөгч дүгнэлтээ гаргах байх. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А**** 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У**** 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирлын асуудлыг нэгэнт шийдчихсэн учраас улсын яллагчийн зүгээс саналгүй. Энэ хэргийн улмаас Б.У****, Ё.А**** нар нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
Өмгөөлөгч нарын тайлбарыг сонслоо. Эрүүгийн хариуцлагын саналыг үндэслэлээ товчхон танилцуулъя. Нэгдүгээрт, Ё.А**** 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох санал гаргахдаа түүний нийгэмд учруулсан хор уршиг, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн. Тухайлбал, шүүгдэгч Ё.А**** хувьд 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд учир дутагдалтай гэдгийг ойлгоорой. Хоёрдугаарт, Ё.А**** хувьд тухайн тээврийн хэрэгслүүдийг харж хамгаалах манаачийн үүрэг гүйцэтгэж байсан хүн буюу бусдын зүй бус үйлдэлд дэмжлэг үзүүлж, завших ёсгүй этгээд байсан. Гуравдугаарт, Ё.А**** хувьд 3 удаагийн үйлдэл байдаг. Дөрөвдүгээрт, түүний бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд оруулсан. Торгох ял нь тухайн зүйл ангид оногдуулах эрүүгийн хариуцлагын хамгийн хөнгөн ял. Ё.А**** хувьд ажил хөдөлмөр эрхэлж, цалинтай болоод явж байхад нь бусад төрлийн ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг нь дордуулж болзошгүй гэж үзээд торгох ял оногдуулах санал гаргасан. Б.У**** хувьд хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Улсын яллагчийн зүгээс яагаад 3,000,000 төгрөгөөр торгох санал гаргасан гэхээр энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд Б.У****н хууль бус үйлдэл тодорхой нөлөө үзүүлсэн. Тухайлбал, компанитай хийж байгаа ажил гүйцэтгэх гэрээг бичгээр хийгээд, нотариатаар батлуулаад, түүнийхээ дагуу засварынхаа мөнгийг нэхэмжилж шүүхэд хандах байтал бусадтай нийлж, бүлэглэж эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдэл гаргасан. Тэр тусмаа зуучилж, аль компанид, юуг нь түрээслэх үү гэдэг байдлаар хандсан хандлага байгаа учраас 3,000,000 төгрөгөөр торгох санал гаргасан. Уг ял нь түүний үйлдэл болон Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэн дүгнэлтээ гаргасан. Иймд өмнөх саналаа дэмжиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.А**** өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “Өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан эхлэхээс өмнө өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл Ё.А**** холбогдох үйлдлүүд дээр маргаж мэтгэлцэхээ илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгчид нэгдүгээрт, индүү 2,000,000 төгрөгөөр түрээсэлсэн үйл баримт, хоёрдугаарт, Б.У**** хамт Кат 336 экскаватор түрээсэлсэн үйл баримт, гуравдугаарт, машины эд ангийн 14 үйл баримтыг яригддаг. Шүүх мэтгэлцээний зарчмын үндсэн дээр гэм буруугүйг тогтоох үүрэг хүлээж байгаа. Хэргийн хүрээнд харахад компанийн зүгээс миний үйлчлүүлэгч Ё.А**** хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй үйл баримт байдаг. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3-т гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан үүрэг гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцно гэж заасан. Тухайн үед манаачаар ажиллаж байсан, цалингаа эхнэрийнхээ дансаар авч байсан тухайгаа ярьж байна. Хэдийгээр хохирогч талаас 27 ширхэг дугуй, 2 ширхэг статир, мембраны татуурга 1 ширхэг, тоормосны мембран 1 ширхэг зэрэг энэ эд ангиудыг авчихсан, сольчихсон байна гэж хэлж байгаа боловч хэрэгт авагдсан нотолгоо болон хууль хэрэглээний талаар бид өнөөдөр ярина. Хууль хэрэглээний хүрээнд үзвэл энэ алдагдсан гээд байгаа эд зүйлсийг авсан гэдэг нотлох баримт хэргийн хүрээнд байхгүй. Харин 5 ширхэг дугуйг авсан гэрчүүд тогтоогдож байгаа. Түрүүнд шинжлэн судалсан буюу гэрч Бумбаяр 1 ширхэг дугуй 300,000 төгрөгөөр авсан, гэрч Ж***** 1 ширхэг дугуй 300,000 төгрөгөөр авсан, гэрч Б***** 3 ширхэг дугуйг 1,000,000 төгрөгөөр авсан гэдгээ тус тус мэдүүлдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл 5 ширхэг дугуйны эзэн холбогдогч нь тогтоогдох юм байна. Ё.А**** өөрөө зарсан гэдгээ гэрчилж байгаа учраас 5 эд анги тогтоогдож байна. Харин бусад эд ангиуд огтоос тогтоогдохгүй байна. Үнэхээр авсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яригдана. Анх эдгээр машин техник эд ангиудыг анх хүлээлгэж өгсөн баримт үйлдэгдээгүй, хэрэгт баримт гаргаж өгөөгүй гэдгээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М**** ярьж байна. Анх ийм хэмжээний эд анги, машин тэрэг, хэдэн ширхэг дугуй, статер динам хүлээлгэж өгсөн гэдэг нотлох баримт байхгүй атлаа 2023 оны 7 сараас хойш эдний компанийнхан ирж үзлэг хийгээд, уг үзлэг хийсэн баримтдаа тулгуурлаж манай ийм зүйлс алга болсон гэж байгаа. Тэгэхээр Ё.А**** ийм зүйлүүдийг хүлээлгэж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байгаа учраас нотлогдохгүй байна. А**** хувьд 2,000,000 төгрөгөөр индүү түрээсэлсэн гэдэг дээр маргадаггүй бөгөөд У***** данс руу 2,000,000 төгрөг орсон нь нотлогддог. Дараагийн асуудал нь Ё.А****, Б.У**** нар хамтраад экскаватор түрээслээд явуулж байгаа үйл баримт байдаг. Өөрөөр хэлбэл “...танай компаниас мөнгөө авах гэсэн боловч өгөхгүй байна, тийм учраас экскаваторыг чинь түрээслээд мөнгөө авъя, хэн аль нь хохирол төлбөрийн асуудлыг төлье” гэдэг зүйл яригдсан үйл баримт байгаа. Уг түрээсийн мөнгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч манай хохирол гэж ярьж байгаа ташаа ойлголт гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хохирол, хор уршгийн хэмжээг заасан байдаг. Өөрөөр хэлбэл энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эд хөрөнгө хүний эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан. Тэгэхээр тухайн түрээсийн орлогыг компанийн олох ёстой байсан орлого гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв манай компанийн олох ёстой байсан орлого гэж үзвэл гэрээгээ гаргаж өгөх ёстой. Гэрээ контракт байгаа тохиолдолд эдний компанийн олох ёстой орлого гэж үзнэ. Хэрвээ шүүх үнэхээр үзэж байгаа тохиолдолд хууль бусаар олсон орлого гэж үзээд улсын орлого болгох асуудал яригдана үзэж байна. Миний үйлчлүүлэгчтэй холбоотой тээврийн хэрэгслийн эд ангиуд үрэгдсэн, солигдсон, алга болсон 12 үйл баримт яригддаг. Үүнээс 5 дугуйны асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогдож байгаа учраас хууль зүйн үндэслэлтэй байна. Бусад 9 үйл баримт нь тогтоогдоогүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Улсын яллагчийн зүгээс тухайн эд ангиудаа ойлгож байгаа юм уу? ямар үүрэг, үйл ажиллагаатайг мэдэж байгаа юм уу гэдэг байдлаар ярьж байна. Өмгөөлөгч миний хувьд мэдэхгүй, мэдэх ч үүрэг байхгүй. Бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг ярьж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж дүгнэлтээ гаргана. Тэрнээс биш машины эд анги ямар үүрэгтэйг мэдэх албагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг нотлох үүрэг нь мөрдөгч, прокурорт хуулиар бол олгогдсон. Өөрөөр хэлбэл гэмт хэргийг хэн, хаана, яаж үйлдсэн юм, Эрүүгийн хуульд заасан бусад үндэслэл нь юу байгаа юм, гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр болон Эрүүгийн хуульд заасан яллагдагч оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгааныг тогтооно. Миний үйлчлүүлэгчид холбогдуулаад байгаа үйлдлүүд тогтоогдохгүй байна. 3 удаагийн үйлдлээр 5 ширхэг дугуй авсан үйл баримт нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Эрүүгийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан. Тэгэхээр энэ үүргийнх нь хүрээнд хараад үзэхээр А**** гэдэг хүн манаачаар ажиллаж байсан байж болох ч эдгээр эд зүйлүүдийг хариуцуулаад өгсөн зүйл хаана байгаа юм. Анх хэдэн тооны машин, эд ангийг хариуцуулаад өгсөн юм. Энэ баримтаа гаргаж өгөөгүй талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө удаа дараагийн хурал дээр хэлж байна шүү дээ. Огт баримт байхгүй нотлогдохгүй байхад хэрэг гарсан цаг үеэр машин тэрэгтээ үзлэг нэгжлэг хийгээд ийм юмнууд нь дутуу байсан гэж яриад байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасан. А****25 ширхэг дугуй, бусад эд ангиудыг авсан гэдэг үйл баримт хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй нотлогдохгүй байгаа учраас тухайн үйл баримтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түрээсийн 19 сая гаран төгрөг чинь хохирол биш шүү. Хас үнэлгээний газраас гаргасан үнэлгээгээр 11,940,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж гарч байгаа. Гэхдээ миний зүгээс тэр бүх эд ангиудыг миний үйлчлүүлэгч А**** авсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа учраас 5 ширхэг дугуйны хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж орж байгаа өмгөөлөгчийн зүгээс энийг ярьж байгаа гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүндэтгэлтэйгээр хүлээж авах нь зөв болов уу гэж бодож байна. Түрээсний мөнгөний хувьд У**** нь А**** руу цалин гээд хийгээд байдаг. Та бүхэн хоёр шүүгдэгчийн хувийн байдлыг ч гэсэн харсан. А**** хувьд мэдлэг чадварын хувьд дутмаг, бичиг үсгийн чадвар муутай, өөрөө тайлан тооцоо байдаггүй, данс байдаггүй учраас У****т ашиглуулж байгаа юм болов уу гэж бодлоо. Өөрөө бол авчихсан юм шиг байна гэж мэдүүлж байгаа боловч дансны хуулгаар харахад цалин гээд өгөөд байна. Гэтэл У**** гэдэг хүн А**** тээврийн хэрэгсэл бариулж ажил төрөл хийлгэдэг талаарх баримтаа гаргаж өгөөгүй шүү дээ. Өөрөө бол нэлээн яриа хэл сайтай хүн учраас цалинжуулж байсан, цалин гэдгээр өгч байгаа гэж тайлбарлаж байгаа болохоос биш А**** ажиллуулж байсан талаарх баримтаа гаргаж өгөөгүй. Өмнөх хурал дээр манай үйлчлүүлэгч бэлнээр 6,000,000 төгрөг л авсан гэж мэдүүлдэг. Гэтэл өнөөдрийн тэр баримтыг хараад нээрээ орчихсон юм байна, над руу өгчихсөн юм байна гэж байгаа. Бүх юман дээр цалин гэж харагдаж байгаа. Үүнийг шүүх харж үзээч ээ. Анхны гаргасан саналаа дэмжиж байна.
Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Ё.А**** 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүхээс 2025 оны 05 сарын 06-ны өдөр завсарлага авсан. Завсарлага авсны дараа миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М**** ярилцаад, компанийн дансыг аваад, хохирол төлбөр төлөх талаар идэвхтэй үйлдэл хийсэн. Өмгөөлөгчийн зүгээс үлдэгдэл 20,000,000 төгрөгийг сард 2,000,000 төгрөгөөр 10 сарын хугацаанд төлөх саналыг гаргасан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М**** захирал зөвшөөрөөгүй гэх мессеж ирсэн байсан. Хохирол төлбөр төлөхөө илэрхийлнэ гэдэг бол шүүгдэгч талын гаргаж байгаа байр суурь юм. Уг байр суурийг хохирогч тал хүлээж авах эсэх нь тухайн хүмүүсийн хүсэл зоригийн асуудал гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлстэй болсноо нотлох зорилгоор хөдөлмөрийн гэрээ болон нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх баримтаа өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн санал болгож байгаа 5,000,000 төгрөгийн торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар сарын 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Үлдэгдэл хохирол болох 20,000,000 төгрөгийг миний үйлчлүүлэгч өөрийн боломж бололцооны хүрээнд сард 2,000,000 төгрөгөөр 10 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж байгаа.
Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг 2016 онд ял шийтгүүлж байсан гэдэг байдлаар тайлбар гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан суурь зарчим бидэнд үйлчилнэ. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн өмнө нь ямар хэрэг үйлдэж байсан нь өнөөдрийн шүүх хуралдаанд ямар ч хамааралгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох боломжтой байх тул миний үйлчлүүлэгчийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн учруулсан бодит хохирол төлөгдөөгүй буюу 20,000,000 төгрөг үлдсэн байгаа. Үүн дээр 5,000,000 төгрөгөөр торгохоор 25,000,000 төгрөг болох учраас миний үйлчлүүлэгчийг 3,000,000 төгрөгөөр торгох өгнө үү. 20,000,000 төгрөгийн хохирлыг өөрийн боломжийн хэмжээгээр сард 2,000,000 төгрөгөөр нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Сая хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирлоо бөөнд нь авъя гэдэг байр суурийг илэрхийлж байна. Нэгэнт хүн боломж бололцоо муутай байгаа учраас шүүхийн шийдвэр гараад гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэнэ. Энэ үед Ё.А**** цалин орлого, хөрөнгөтэй эсэх асуудал харагдана. Өөрийн олж байгаа орлогынхоо 80-90 хувиар төлж, хохирлоо барагдуулахаа илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан тул торгуулийн ялыг сард 300,000-500,000 төгрөгөөс хэтрэхгүй байдлаар тогтоож өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “ Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбаруудаас үзэхэд тухайн хэрэг нь гэмт хэрэг биш гэсэн дүгнэлтэд хүрч байна. Прокурорын газраас шүүгдэгч Б.У**** Ё.А**** бүлэглэн “**** ****” ХХК-ийн КАТ 336 экскаваторыг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ашиг олох зорилгоор 19 хоног бусдад түрээсэлж, түрээсийн орлогыг хувьдаа завшсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн байна. Тухайн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хөрөнгө завших гэмт хэргийг хуульчилсан бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө эрхийг завшсан бол гэж хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Тухайн кемпэд байгаа эд хөрөнгө, тоног төхөөрөмж, машин техникүүдийг Ё.А**** болон У**** хариуцуулж өгсөн гэсэн гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчийн зүгээс тайлбар гаргаж байна. Яг итгэмжлэн хариуцуулсан юм уу гээд үзэхээр зөвхөн У***** хөдөлмөрийн гэрээ байгуулаад, цалин хөлс олгож нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд явж байсан. Харин Ё.А**** хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авсан тушаал байхгүй, нийгмийн даатгал төлсөн баримт байхгүй, цалин олгодоггүй. Ажлаас чөлөөлсөн гээд байгаа боловч чөлөөлсөн тушаал нь У***** нэрээр гарсан байдаг. Уг үйлдлээ А**** дансгүй, дансанд нь мөнгө хийхээр хүүхдийн тэтгэлэг авчихдаг гэж тайлбарладаг бөгөөд энэ нь зөвхөн шүүгдэгчийн өөрийнх нь тайлбар юм. Үүнийг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хоёр хүний дунд нэг гэрээ байгуулчхаад үүнийгээ Ё.А**** хөрөнгө итгэмжлэн хариуцуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал шийдвэр гаргаад, эд зүйл хүлээлгэж өгснөө бүртгэж, тэмдэглэж хөтөлсний үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан гэж үзнэ. Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглах, бусдын эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлнэ. Тэгэхээр тухайн Катыг түрээсэлсэн асуудлыг өөрийн болгож захиран зарцуулсан гэж үзэхгүй. Түрээслээд буцаагаад авчраад тавьсан буюу эд хөрөнгө завшсан үйлдэл байхгүй. Улсын яллагчийн зүгээс түрээсийн орлогыг завшсан гээд байгаа. Ямар тохиолдолд түрээсийн орлогыг завшсан гэж үзэх вэ гэхээр “**** ****” компани нь түрээслэгч компанитай тохиролцоод, тээврийн хэрэгслээ түрээслүүлээд мөнгийг нь авахаар болчихсон байсан бол түрээсийн орлогыг Ё.А****, Б.У**** хоёр хувьдаа завшсан гэж үзнэ. “ **** ” ХХК-ийн хувьд түрээслэгч компанитай ярьж тохиролцсон зүйл байхгүй. Магадгүй мөнгө төгрөг авахгүйгээр түрээслүүлээд явуулчихсан ч байх боломжтой шүү дээ. Завших гэмт хэргийн шинж бүрэн хангагдахгүй байна. Иргэний хуульд зааснаар түрээсийн орлогоо нэхэмжлэх эрх нь байгаа. Энэ бол гэмт хэрэг биш, Иргэний хуульд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар иргэний журмаар шийдэгдэх асуудал. Иргэний хуульд заасан харилцаа үүссэн байхад гэмт хэрэг гэж үзэж хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүгдэгч У****г А**** бүлэглэн экскаватор түрээсэлж, түрээсийн орлогыг завшсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Түрээсийн төлбөрт 17,272,728 төгрөг авсан болох нь шүүгдэгчийн тайлбар болон дансны хуулгаар нотлогддог. Шүүгдэгч Б.У**** нь засварын мөнгө болон аккумляторын мөнгө гээд нийт 2,500,000 төгрөг авч үлдсэн, бусад мөнгийг бүгдийг нь А****д өгсөн гэдгээ тайлбарладаг. Энэ нь хавтаст хэрэгт дансны хуулгаар бүрэн нотлогдож байгаа. Шүүгдэгч А**** нь 6,000,000 төгрөг бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үүнээс хойш 18,186,000 төгрөгийг 2-3 сарын дотор олгосон байгаа. Гүйлгээний утгыг цалин гэж олгоод байгаа боловч түрээсийн орлогоо бүгдийг нь А**** руу шилжүүлсэн гэдгийг нотлох баримт юм. 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хохирол төлбөрийг бүгдийг нь Ё.А**** руу шилжүүлсэн.
Тухайн гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших үйлдэл юм. Завших гэдэг нь юу юм гэхээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцааж өгөх зорилгогүйгээр өөрийн өмчлөлдөө авч, захиран зарцуулах боломжийг бий болгож байгаа ойлголт. Тэгэхээр тухайн тээврийн хэрэгслүүдийг завшчихсан юм байхгүй шүү дээ. Түрээсэлчихсэн л асуудал байгаа. Түрээсэллээ гээд завших гэсэн ойлголт болохгүй. Хууль тогтоогчийн зүгээс зөвхөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол гэмт хэрэг болно гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хуульчилсан. Хэрэв эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түрээсэлснийг гэмт хэрэг гэж үзэх гээд байгаа бол Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гээд хуульчилсан. Тухайн тээврийн хэрэгслийг завших санаа зорилго байгаагүй, түрээслэх зорилгоор эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад түрээслүүлсэн асуудал байгаа. Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэж өөрчлөх боломжтой. Ингэвэл гэм буруутайд тооцох эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас аль аль үндэслэлээр У**** холбогдуулан үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналаа дэмжиж байна. Мөн тухайн тээврийн хэрэгслүүдийг хариуцуулсан боловч түрээсийн орлогыг итгэмжлэн хариуцуулсан зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг бүгдийг нь шинжлэн судлахад А**** нь тухайн эд хөрөнгүүдийг хариуцаж байсан гэсэн нотлох баримт байхгүй байсан. Эхнэртэй нь манаачийн гэрээ хийгээд, нийгмийн даатгал шимтгэлийн төлөөд, цалин мөнгийг нь өгөөд явсан асуудал байгаа. Иймд итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.
Шүүхээс миний үйлчлүүлэгч Б.У**** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гэж үзэн гэм буруутайд тооцсон байгаа. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруугийн зарчмын дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь гарцаагүй. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үздэг. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүхээс тогтоосон хохирлын 8,636,364 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан нөхцөл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М**** нь компанийнхаа машиныг засуулсан хөлсөө өгөөгүйн улмаас энэ гэмт хэрэг гарсан байдаг. Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Улсын яллагчийн гаргасан торгуулийн ялын саналыг дэмжиж байгаа. Тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Иймд дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хамгийн багаар буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн гаргасан саналыг дэмжиж байна. Хуульд гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой гэж үзэж байгаа. Улсын яллагчийн зүгээс Б.У**** тухайн компанийн техникийг түрээслэхээр өөр компанитай гэрээ байгуулан, нотариатаар батлуулсан гэх зүйл ярьж байна. Ийм зүйл байхгүй, буруу ойлгосон байх. Мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл дээр нэмж хэлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал мөн хамаарна гэж үзэж байна. Учир нь Ё.А**** нь тухайн тээврийн хэрэгслийг түрээслээд, таны өрийг даръя гэж Б.У**** хэлээд, цаашаа компанийнхаа хүнтэй утсаар ярьсан байдаг. Хэнтэй ярьсан бэ гэж асуухаар Батжаргал гэх хүнтэй ярьсан гэдэг. Үүнийг манай үйлчлүүлэгч Б.У**** нь компанийнхаа эрх бүхий хүнтэй яриад, зөвшөөрөл авсан гэж ойлгосны улмаас тухайн тээврийн хэрэгслийг түрээслүүлсэн байдаг. Нөхцөл байдлыг буруугаар ойлгож, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 7 нөхцөл байдлыг зааснаас миний үйлчлүүлэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 4 нөхцөл байдлыг бүрэн хангаж байна. Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хамгийн багаар тогтоох боломжтой. Миний үйлчлүүлэгчийн хувьд багийн даргаар 4 жил, сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр 3 удаа нийт 12 жил ажилласан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан торгуулийн ялыг хамгийн багаар тогтоож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “**** ****” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.М**** нь гаргасан тайлбартаа: “Манай компанид ажиллаж байсан А**** гэх залуу 2023 оны 06 сард над руу яриад “...миний барьж байсан танай компанийн Кат-336 экскаватор Ханги мандлын зам дээр ажил хийгээд энд явж байна” гэж хэлэхээр нь би “...Кат-336 экскаватор монголд зөндөө байгаа, наадах чинь манайх биш байх” гэж хэлээд ерөнхийдөө итгээгүй орхисон. Тэгээд ганц нэг хүн амьтнаас сураглаад тодруулаад ирсэн чинь түрээсэлсэн зүйл яригдаад байхаар нь улсын баяр наадмын дараа А**** шууд тулгаад та яагаад техник түрээслээд байгаа юм бэ гэсэн чинь хэд хоног түрээсэлчихсэн юмаа, уучлаарай ахын дүү, би буцаагаад кемп дээр авчирч байна, ганцхан экскаватор түрээсэлсэн, өөр юм түрээслээгүй гэж ярьж байсан. Компанийн удирдлагаас яаралтай очиж арга хэмжээ ав гэж үүрэг өгсний дагуу очоод үзэхэд экскаватор ажиллуулсан нь тодорхой байсан. 3, 4 жил тавьчихсан экскаваторын төмөр эд ангиуд зэврээд өнгө нь хувирчихсан байдаг. Тэгэхэд манай экскаваторын шанага дөнгөж саяхан ажил хийж байсан бололтой ямар ч зэвгүй байсан. Үүнээс харахад экскаваторыг ажиллуулсан нь тодорхой байсан. Мөн индүү бас ялгаагүй зэв нь арилчихсан өөр харагдаж байсан. Техникээ хүлээж авахаар очиход А****архи уучихсан согтуу, ойлголцоход хэцүү байсан. Тэгээд согтуу хүнтэй юу ярих вэ, техникээ хүлээлцье гэхэд шөнө дахиж согтуу ирээд тоног төхөөрөмж хүлээлцэх боломжгүй байсан. Мөн үүрээр Б.У**** бас согтуу ирээд агсан согтуу тавьж асуудал үүсгэсэн. Тэгээд би шууд тэр чигээрээ яваад өгсөн. Б**** хүлээж аваад үзсэн чинь маш их тоног төхөөрөмжийн сэлбэгүүд солигдчихсон, алга болсон, дугуйнууд нь солигдсон, алга болсон байсан. Ерөнхийдөө шинэвтэр гайгүй дугуйнууд байсан боловч бүгд солигдсон байсан. Нийт 25 ширхэг дугуй солигдсон байна гэсний дагуу Улаанбаатар хотоос комисс гаргаад, мэргэжлийн механик инженер хүмүүсийг аваачиж үзлэг хийлгэсэн. Үзлэг хийлгэхэд энэ дурдагдаад байгаа олон машинуудын дугуй сэлбэгүүд алга болсон байсан. Тэгээд бид цагдаагийн байгууллагад хандаж, хууль журмын дагуу өнөөдрийг хүртэл ингээд шүүх дээр явж байна. А****ын хувьд тавхан дугуй авсан гэж яриад байгаа нь худлаа. 25 ширхэг дугуй солигдсон, алга болсон талаар комисс дүгнэлт гаргаад, хэргийн материалд хавсаргагдсан байгаа. Би мөрдөн байцаагчийг бол сайн ажилласан гэж үзэж байгаа. Цогтцэций, Ханбогд гээд говийн бүсэд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг 20,000 гаруй жолооч ажиллаж, амьдарч байна гэсэн тоо байдаг юм байна лээ. Энэ олон хүмүүсээс холбогдох хүмүүсийг олоод, дугуй авсныг нь нотолж байгаа. Нотлогдоогүй зүйлс байгаа боловч тэр олон мянган хүнээс дугуй зарсан гэдгийг тодруулахад хэцүү байсан байх. Гэхдээ бас тодорхой хэмжээнд сайн ажиллаад, хэд хэдэн хүнийг олоод мэдүүлэг аваад дугуй зарсан гэдгийг нотолсон байгаа. Тэр олон мянган хүнээс олно гэдэг хэцүү байсан байх. Тэгэхээр мэдээж энэ 5 дугуйгаар тогтохгүй бусад дугуйнууд солигдчихсон байгаа. Энэ машинууд бүгд ажил хийж байгаад бүтэн дугуйтай, бүтэн сэлбэгтэй ирээд зогссон байдаг. А**** гэж хүнийг ажиллаж байхад дундуур нь огт манаач солигдоогүй. Хэдэн хүн засвар хийчхээд буцсан. Тухайн үед А**** өөрөө хамт байсан, сайн мэдэж байгаа. А**** эхнэр У**** гэж хүн цалингаа тогтмол авч байсан. Сар болгон цалингаа авч байсан болох нь дансны хуулгаараа хэргийн материалд авагдсан байгаа. Хоёрдугаарт, Б.У**** гэж хүн машин зассан гэж яриад байгаа. Тэрийг бол би дуудаж А****ах бид хоёр уулзахад замын зардал 500,000 төгрөг хэрэгтэй гэхээр нь шилжүүлсэн. Тэр машиныг засаад асуудалгүй болгоно гэсэн боловч түр аргацаагаад машин дээр гаргаад Манлай суманд байх манай кемп дээр авчирч тавьсан. Тэгээд үргэлжлүүлээд засаагүй, түр аргацаагаад ачиж ирээд, Манлай суманд ачаатай чигээр нь орхиод явсан. Тэр даруйдаа гүйцэт засаад дуусгах ёстой байсан боловч ажлаа хийгээгүй болохоор мөнгө төгрөгийг нь гаргах боломжгүй байсан. Би бол мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Гол нь засаж дуусгах ажлаа хийгээгүй, зүгээр машин дээр нь ачиж ирээд тэр чигээр нь тавьчихсан. Тэр 1,200,000 төгрөг авна гээд байгаа асуудал бол мэдээж засвараа дуусаагүй. Хэрэв үнэхээр нэхээд байсан бол иргэний шүүхээр хуулийн дагуу асуудлаа шийдүүлэх ёстой байтал компанийн техникийг түрээсэлж байгаа нь болчимгүй үйлдэл байна. Тэгээд өөрсдөө асуудалд ороод орчихсон байгаа. Цаад санаа нь өөрсдөө ашиг олох байсан. Тэрнээс биш 1,200,000 төгрөгийн асуудлаа шийдэх гээд тэр том үнэтэй техникүүдийг түрээсэлж байгаа нь байж боломгүй асуудал. Тухайн техникүүд өдрийн түрээс нь бараг 1,000,000 төгрөг байдаг. Тийм байхад бараг 20 хоног авч явчхаад тэрийгээ 1,200,000 төгрөг авах гэж байсан гэж ярьж байгаа нь мөнгөө авах гэсэн асуудал биш, зүгээр ашиг олох гэж байгаа тодорхой харагдаж байна. Манаач бол ерөөсөө солигдоогүй. Өмнөх шүүх хуралдаан дээр манаачаар 2 хүн ажиллаж байсан гэж хэлээд шүүх тэдгээр хүмүүсээс мэдүүлэг авъя гэж байсан. Өөрөө учир байдлаа олохгүй, өөрөөсөө өмнөх асуудлыг яриад байгаа. Шүүгчийн яриад байгаа цаг хугацаанд буюу 2020 оны 08 сараас 2023 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэл А****, У****гэж хоёр хүн л манаачаар ажилласан.
Энэ хэргийг санаачилж экскаваторыг түрээслэх санааг гаргасан хүн нь Б.У**** гэж хүн байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр А**** 6,000,000 төгрөг авсан, өөр мөнгө аваагүй гэж ярьж байсан боловч өнөөдөр болохоор түрээсийн мөнгөө авсан гэж ярьж байна. Энэ хоёр маань хооронд үгсэн хуйвалдсан юм байлгүй. Бодвол А**** ятгасан юм байлгүй дээ, түрээсээ авсан гэж яриад байна. Мөн А****ыг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдэг асуудал нэлээн яригдаж байна. Шүүх хуралдаанд А**** өөрөө манаачаар ажиллаж байсан, эд хөрөнгө хариуцаж авч үлдсэн хүн нь гэдгээ нэлээн хэдэн удаа хэллээ. Өөрөө амаараа хэлээд байхад хөдөлмөрийн гэрээ заавал шаардлагагүй байх. А**** хувьд анхандаа дугуй огт аваагүй гээд байдаг байсан. Тэгээд дугуй худалдаж авсан гэрч нарын мэдүүлэг гараад ирэхээр 5 ширхэг дугуй зарсан гэдэг. Мөрдөгч говийн бүсэд ажиллаж, амьдарч байгаа 20 мянга гаруй жолооч нараас гурван хүн олж мэдүүлэг аваад баталгаажуулсан байгаа. Мөрдөгч маш сайн ажилласан. Мэдээж энэ 5 ширхэг дугуйгаар тогтохгүй бусад бүх дугуй, сэлбэгийг зарсан байгаа. Бид хүнийг гүтгэж, хүнээс илүү юм авах гээгүй. Хохирсон хохирлоо л нэхэмжилж байгаа. Манайд онц хэмжээний их хохирол учирсан. Сэлбэг нь зарагдчихсан машинуудыг ахиж угсарч, засах сэлбэг нэмж авах асуудал гарна. Үүнээс гадна маш их үр дагавар үүсэж байгаа. Жишээлбэл засварчин очно, хүн хүч ажиллана. Тэр зардал болгоныг бид нэхэмжлэх хэцүү болохоор ярилцаагүй. А****той хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас А**** энэ компанитай хамаагүй шахуу л юм ярьж байна. Хэрэв хамаагүй хүн тэндээс экскаватор аваад түрээсэлбэл хөрөнгө завших биш бүр 700,000,000 төгрөгийн үнэтэй экскаватор, 100,000,000 төгрөгийн индүүг хулгай хийгээд, баригдах болоод ирэхээр буцаад авчирч өгсөн асуудал болно. Иймд индүү түрээсэлсэн 2,000,000 төгрөг, алдагдсан сэлбэг, дугуйны хохирол гээд нийт 19,940,000 төгрөгийг А****оос, Экскаватор түрээсэлсэн 11,272,728 төгрөгийг У**** гаргуулах хүсэлттэй байна. Мөн улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Хохирогч талаас бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах саналтай байна. Манай компанид ноцтой их хэмжээний хохирол үүссэн. Алдагдсан болон солигдсон эд ангиас гадна завсар, цалин мөнгө, замын зардал гээд бусад үр дагавар их байгаа. Цагдаагийн мөрдөгчийг дуудахад хүртэл 5-6 удаа очиж мэдүүлэг өгсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна.
Энэ хэргийн талаар 2023 оны 07 сард цагдаад гомдол гаргасан. Мөрдөгч бүтэн жил гаруй ардаас нь хөөцөлдөж, олон хүнээс мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тээврийн хэрэгслийн дугуйнуудын төлбөрийг нь аваад алга болгочихжээ, дугуй нь солигдчихсон байна гэдгийг мөрдөгч тодорхойлоод өгчихсөн. Түрүүнд улсын яллагчийн хэлсэнчлэн хариуцаж байгаа манаач гэх хүн л энэ бүхнийг зарж ийш тийш болгоно уу гэхээс энд байгаа би очоод тэрийг аваад зарах боломжгүй.
Б.У****н хувьд хохирол төлбөрөө нөхөн төлсөн. Ё.А**** үлдэгдэл хохирол 20,000,000 төгрөгийг олон сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломжгүй байна. Иймд нэн яаралтай төлүүлэх саналтай байна. Эрүүгийн хариуцлагын тухайд улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М**** “...Би 2023 оны 06 дугаар сарын сүүлээр Манай ажиллаж байсан А***** гэх залуу над руу залгаад" Ах аа танай компани кат-3-36 дугаартай экскаватор Өмнөговь аймгийн Манлай сумын Ханги- Мандалын зам дээр ажил хийгээд явж байна гэж хэлсэн "тэгээд би тухайн машин тоног төхөөрөмжөө А****, У**** нарт хариуцуулж үлдээсэн болохоор наад чинь манай компанийн экскаватор биш байх өө гээд итгээгүй 2023 оны 7 дугаар сарын 17-нд наадмын дараа хотод байх компанийн оффис дээрээ очоод би ажил дээр А**** манаач руу залгаад Та яагаад машин түрээслээд байгаа юм бэ? Гээд хэлсэн чинь за ахыгаа уучлаарай хэд хоног түрээсэлсэн юм одоо кемп дээр авчирч байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 117-119 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б**** “2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгөн мэдүүлэгт" Би Өмнөговь аймгийн ***** суманд оршин суудаг. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 28-нд Манлай сумын төвд машиндаа юм хийгээд засаж байхад манай хашаан дээр улаан өнгийн мотоцикл унасан нэг эрэгтэй хүн ирээд том тэрэгний дугуй авах уу гэж хэлсэн. Тэгэхээр машины дугуй муу байсан болохоор тухайн хүнээс дугуй авахаар болсон. Тэр үед тухайн хүнтэй танилцахад нэрээ Н.А**** гэж байсан тэгэхэд л танилцсан. Тэгээд дугуй хаана байгаа талаар Н.А**** гэх хүнээс асуухад сумаас урагшаа кемп дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд Н.А**** гэх хүн мотоциклтой урд зам заагаад би араас нь портер машинтай дагаад явсан. Тэгээд Манлай сумаас урагш 30 орчим км газар яваад Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын урд талд олон тооны том тэрэг, ковш зэрэг машин механизмууд байсан бөгөөд машинуудын хаалга хэсэгт ““**** ****” гэсэн наасан бичигттэй байсан. Тэгээд тухайн кемп дээр очиход А**** гэх хүний эхнэр бололтой нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд байрлаж байгаа гэрийн хажуу талд 3 ширхэг том тэрэгний дугуй байсан. А**** тухайн 3 ширхэг дугуйнаас нэг дугуй заагаад энэ дугуйг ав нөгөө 2 ширхэг дугуй нь муу дугуй гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд тухайн дугуйны төлбөрөө яаж хийх талаар А****гэх хүнээс асуухад нэг данс өгөөд ийшээ 300.000 /гурван зуун мянган төгрөг/ хийчих гэж Би өөрийн **** төгрөг /**** дугаарын данс руу шилжүүлсэн" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Н**** "... Би А**** гэх хүнийг танин аа манай компани түрээсийн машины жолооч хийж байсан... Манай компана 2023 манай дугаар сарын сүүлээр 4 дамп /Самсовал/ машин У**** гэх хүнээс түрээсэлж байсан. Хүмүүс Дэгээ гэж дууддаг. 4 дамп манай компанид түрээслүүлж байсан. У**** гэх хүн энд нэг ойрхон экскаватор байна. Танайх түрээслэх үү гэж хэлсэн тэгэхээр нь тухайн үед амаар яриад түрээсэлсэн. Тухайн экскаватор нь 2023 оны 06 дугаар сарын 21 ний өдрөөс манай компани дээр газар шорооны ажил хийж эхэлсэн. Яг ирсэн өдрөө бол ажил хийгээгүй засвартай байсан. Нийт тухайн экскаватор 20 хоног байснаас 19 хоног манай компани дээр ажилласан. Манай компани ажилласан цагаар нь бодож мөнгө олгодог учир нягтлан дээр бүх бичиг баримт нь байгаа. Тэгээд нийт 19 хоног ажилласан цагийн мөнгө болох 17,272,728 төгрөг бодогдон орсон. Тухайн мөнгийг манай компаниас 2023 оны 07 дугаар сарын 08-ний өдөр кат экскаваторын урьдчилгаа мөнгө болох 9,500,000 төгрөг **** дугаартай Ө. Ж***** гэх хүний данс руу хийсэн. Тэгээд сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үлдэгдэл ажилласан цагийн мөнгө болох 7,743,727 төгрөг Т**** Дампны эзэн рүү шилжүүлсэн гэсэн. Нийт төлбөр төлсөн Е баримт нь Манай компанид кат экскаватор түрээсэлсэн У**** гэх хүний нэр дээр гарсан. Бүх мөнгө шилжүүлсэн баримт нь байгаа...." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 176-177 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Х****: "... Би А**** гэх хүнийг танина аа. Манай ***** ХХК Ханги-Манлай-Тавантолгой чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил 2023 оны 03 дугаар сараас эхлэн одоог хүртэл авто замын ажил гүйцэтгэж байна. 2023 оны 06 дугаар сарын 26-ний өдөр Манай ***** ХХК-нд замын индүү хэрэг болоод тэгээд би түрээсийн индүү хайсан. Тэгээд манай кемпийн ойролцоо олон техниктэй компани байсан болохоор тэр компани дээр очиж А**** гэх хүнтэй анх удаа уулзсан. Би А**** танай энэ техник төхөөрөмжийг хариуцаж байгаа хүн нь байна уу? Надад ийм индүү хэрэгтэй байгаа юм аа гэж хэлсэн. Тэгэхэд А**** би хариуцаж байгаа хүн нь байна индүү түрээсэлж болно харин индүү барих жолооч бол байхгүй та өөрөө жолоочоо гаргаад түрээсэлж болно гэж надад хэлсэн. Тэгээд А**** гэх хүнтэй нэг сараар түрээслээд индүүний ажилсан цагаар түрээсээ өгий гэж хэлээд гэрээ байгуулаагүй амаар харилцан тохиролцсон. Тэгсэн А**** урьдчилгаа мөнгө хийгээд индүүг эндээс аваад яв аа гэж хэлэхээр нь Би А**** эхнэр М.У**** данс руу **** гэх өөрийн компани данснаас 2,000,000 /хоёр сая/ төгрөг индүүний урьдчилгаа мөнгө гэж шилжүүлсэн. Тэгээд би индүүг нь замаар явж байсан Трайлер дээр ачуулаад **** кемп дээр байрлуулаад тос масло сольж үйлчилгээг нь хийгээд 2023 оны 06 дугаар сарын 27 өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 04-ний хүртэл 8 хоног ажилласан. амралт эхлэх гэж байна би индүүг чинь **** кемп дээрээ байлгаж байгаад наадмын дараагаас эхлэн түрээсээ үргэлжлүүлээд явуулах уу гэж хэлсэн чинь үгүй буцаагаад Манай **** кемп дээр авчирч өг өө тэгээд наадмын амралт дуусахаар түрээсээ үргэлжлүүлээд явуулъя гээд хэлсэн. Тэгэхээр нь би за тэгье гэж хэлж тохироод наадмын амралт дуусаад А**** руу залгаад одоо Индүүнийхээр тохирч үргэлжлүүлэх үү гэж хэлсэн чинь А**** үгүй ээ би ажлаасаа гарч байгаа гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа мөнгө гэж 2сая төгрөг өгсөн болохоор индүүний 8 хоног ажилсан мөнгийг урьдчилгаа мөнгөнд оруулаад тохирсон өөр мөнгө өгөөгүй. Тэрнээс хойш индүү түрээслээгүй.... Манай компани Индүү л түрээсэлсэн. Өөр зүйл түрээсэлж авсан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.У**** ".... У**** мөнгө нэхээд хэцүү байсан учраас А**** У**** мөнгийг чинь энэ эксковаторыг түрээслээд нь түрээслээд чи эндээс мөнгөө гаргаж ав би ч гэсэн өр ширээ дарая гэж хэлээд тэр хоёр түрээсэлсэн. Яг хэд хоног түрээсэлж хэдэн төгрөг авсан талаар сайн мэдэхгүй байна. А**** У****н 2023 оны 04 сараас эхлэн зарим өдрөө амраад үе үе Дампыг нь барьдаг байсан болохоор А**** цалин, эксковаторын түрээсийн мөнгө миний данс руу ордог байсан. Яг хэдэн төгрөг авсан талаар сайн санахгүй байна. Дараа нь замын кемпэд А**** индүүг хэд хоног ярьж түрээсэлсэн. Индүүний түрээсийн урьдчилгаа гэж миний данс руу 2.000.000 төгрөг орсон өөр мөнгө ороогүй бас индүүг хэд хоног түрээсэлсэн талаа сайн мэдэхгүй байна. Нэг өдөр түрээсэлж байсан компани ажилчид Манай **** кемп дээр авчраад өгсөн. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бид хоёр кемп дээрээ байхад Улаанбаатар хотоос М****, Б**** хоёр ирээд экскаватор яагаад дур мэдэн түрээсэлж байгаа юм бэ? Гээд уурлаад байсан. Бид хоёр Б***** ахад манаачийн ажлаа хүлээлгэж өгөөд орой нь М****, А**** хоёр экскаваторын асуудлын талаар ярьж байгаад гэрээс гарч түрээсэлж байсан экскаваторыг асааж бүх юм нь зүгээр байгаа шүү гэж М**** хүлээлгэж өгсөн" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Ц**** "...Би таньсан гэх шинж тэмдэг экскаваторын дотор талын цонхон дээр унжсан улаан юм, шанаганы хэлбэр байдал, арьсанд байсан **** гэх лого буруу талын арьс сэвтэй, шанаганы шүдний буйл 5 ширхэг байдаг тэгтэл энэ эксковаторын захын шүдний буйл өөр загварын гэдгийг мэдээд таньсан." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.О***** "Хово машины дугуй эдэлгээ бол хэвийн байсан, намайг унаж байхад хэвийн ажиллагаатай дугуйнуудтай, хэвийн ажил үүрэг гүйцэтгэж байсан юм." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Батжаргалын "... Тэгэхэд тухайн тээврийн хэрэгслүүдийн дугуй дунд зарим нь 90 орчим хувьтай байсан. Тээврийн хэрэгслүүдийг хөлөөр нь байршуулсан байсан учир хагарсан дугуй байгаагүй. Тухайн үед миний унадаг байсан трайлер, түлшний машинд ямар нэгэн эвдрэл байгаагүй мөн Хово, Норт маркийн тээврийн хэрэгслүүдийн эд ангиуд бүрэн бүтэн байсан. би “**** ****” ХХК-ийн менежер М**** Манлай сумын Өгөөмөр баг дээр 2023 оны 08 сард эргэлтээр ирэхэд миний болон манай жолооч нарын байршуулсан Хово, Норт, Кама, Маятитай кран, Бонго зэрэг тээврийн хэрэгслүүдийн эд ангиуд ихэнх нь солигдсон байсан." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 131 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Б***** "Миний жолоодон шороо зөөж байсан Хово маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйны 6 ширхэг дугуй нь сайн дугуй байсан үлдсэн 4 ширхэг дугуй дунд зэргийн дугуй байсан. Шинэ дугуй байгаагүй бүгд л хуучин дугуй байсан" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Ч*****: "Би ажиллаж байхдаа евро Норд **** УНХ, евро Норд **** УНХ улсын дугаартай 2 том тэрэг барьж байсан. тухайн 2 машины дугуйны хувийг би сайн санахгүй, ямар ч байсан шинэ дугуй байсан мөн эд ангиуд ч бас эвдрэл гэмтэлгүй байсан." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 135 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Г***** "Намайг ажиллаж байх үед дугуйнууд нь бол муу байгаагүй. Тэвш дээрээ ачаагаа ачаад явахад бол асуудалгүй ажлын замыг туулчихдаг байсан. мөн намайг ажиллаж байхад Кроп нь муу мултраад байдаг байсан." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ж*****: "Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Цогтцэций суманд гэртээ байж байхад манай нөхөр Ч.Н***** нутгийн ах гээд Б***** гэх хүн над руу утсаар яриад "ах нь Ханги-Мандал-Тавантолгой чиглэлийн нүүрс тээврийн зам дээр явж байгаад дугуйгаа шатаачихлаа. Миний дүү хаан банкны ***** дугаарын данс руу 300.000 /гурван зуун мянган төгрөг/ шилжүүлээд өгөөч. Ах нь дансны дугаарын мессежээр явуулъя гэсэн" тэгээд би тухайн хүний данс руу дугуйны мөнгө болгож 300,000 мянган төгрөг гүйлгээний утган дээр нь "duqui" гэж бичээд шилжүүлсэн. Тухайн дансыг хийж үзэхэд Т.У***** гэдэг хүний эзэмшлийн данс байсан." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Б***** “ Тэгээд тухайн үед Тавантолгойгоос гараад 120 км явж байхад гуанзан дээр зогсоод байж байтал нэг үл таних 40-45 орчим насны, 160- 165см орчим өндөртэй намхандуу, махлагдуу биетэй, шар царайтай, ноосон малгайтай эрэгтэй хүн ирээд Хово машины 3 дугуй байна худалдаж авах уу гэхээр нь би тэгье гээд худалдаж авсан. Тэр үед чиргүүлтэй явж байсан хол замд дугуй хагараад байсан тул худалдаж авсан. Тухайн надад дугуй зарсан хүнийг одоо харвал танин. Тэр үед би яг 3 ширхэг дугуй авсан, 2 дугуй нь 12*20 хэмжээтэй усан хээтэй, төмөр обудтай худалдаж авсан, 1 дугуйг нь обудгүй авсан. Тухайн үед авахдаа мөнгийг нь би найз Б.Б***** ***** луу залгаад би 3 ширхэг дугуй байна авах гэж асууж ярилцаж байгаад Б.Батбаатар луу дансыг нь явуулаад төлбөрийг нь төлж байсан. Яг хэд шилжүүлснийг мэдэхгүй байна миний санаж байгаагаар 1,000,000 төгрөг шилжүүлж байсан шиг санагдаж байна." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ***** дугаартай “...Нийт 11,940,000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 191-195 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ё.А****, Б.У**** нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж заажээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч Ё.А**** нь 2020 оноос 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “**** ****” ХХК-ийн манаачаар ажиллахдаа тус компанийн итгэмжлэн хариуцуулж өгсөн кат-3-36 дугаартай экскаваторыг Б.У****бүлэглэн эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 08-ныг хүртэл 19 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завшсан,
Мөн тэрээр тус компанийн өмчлөлийн зам индүүний машиныг зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 27 өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 04-нийг хүртэл 8 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завшсан,
Ё.А**** нь итгэмжлэн хариуцуулж өгсөн Хьюндай Маяти маркийн **** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуй, 1 ширхэг стартер, Кама маркийн **** УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, Хьюндай Маяти Цестерн маркийн **** УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, Хюндай маяти цистерн маркийн **** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг стартер, 1 ширхэг динам, Хово самосвал маркийн **** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, Хово самосвал маркийн **** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, Хово самосвал маркийн **** УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, Хово самосвал маркийн **** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 6 ширхэг дугуй 1 ширхэг стартер, Хово самосвал маркийн **** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 5 ширхэг дугуй, 1 ширхэг тоормосны мембраны татуурга, Хово самосвал маркийн **** УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 5 ширхэг дугуй, Хово самосвал маркийн **** УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, Нордбенз маркийн **** УНХ усны машины 1 ширхэг тоормосны мембраны татуурга зэрэг эд ангийг сольж зарж үрэгдүүлэн хувьдаа завшсан,
Б.У**** нь Өмнөговь аймгийн Манлай суманд үйл ажиллагаа явуулдаг “**** ****” ХХК-д манаачаар ажилладаг Ё.А****той бүлэглэн кат-3-36 дугаартай экскаваторыг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 08-ныг хүртэл 19 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завшсан буюу нийт 31,212,728 төгрөгийг завшсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нарын мэдүүлэг, хохирлын талаарх шинжээчийн дүгнэлт, хөдөлмөрийн гэрээ, дансны хуулгууд, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс (300,000 төгрөг) дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
“Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс итгэлцлийн үндсэн дээр өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосныг, “хөрөнгө завших” гэж гэм буруутай этгээдэд итгэмжлэн олгогдсон эд хөрөнгө хууль ёсоор шилжиж, хууль бус хэлбэрээр буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, бусдад худалдах, бэлэглэх, өрөнд шилжүүлэх, түрээслүүлэх гэх мэт хэлбэрээр бусдад шилжиж, гэмт этгээд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн өмч мэт ашигласан, захиран зарцуулсан үйлдлийг тус тус ойлгоно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нар нь 2020 оноос 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “**** ****” ХХК-ийн манаачаар ажиллахдаа тус компанийн итгэмжлэн хариуцуулж өгсөн кат-3-36 дугаартай экскаваторыг Б.У**** бүлэглэн эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 08-ныг хүртэл 19 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завшсан,
Мөн тэрээр тус компанийн өмчлөлийн зам индүүний машиныг зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 27 өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 04-нийг хүртэл 8 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завшсан,
Шүүгдэгч Б.У**** нь Өмнөговь аймгийн Манлай суманд үйл ажиллагаа явуулдаг “**** ****” ХХК-д манаачаар ажилладаг Ё.А****той бүлэглэн кат-3-36 дугаартай экскаваторыг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасанд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.У****, Ё.А**** нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
Иймд, шүүхээс шүүгдэгч **** овогт Б**** У****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч **** овогт Ё**** А**** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүгдэгч Б.У**** нь хохирогч “**** ****” ХХК-ийн хохирол төлбөрт 8,636,364 /найман сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Ё.А**** нь хохирогч “**** ****” ХХК-ийн хохирол төлбөрт 2,576,364 /хоёр сая таван зуун далан зургаан мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /3-р хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
Хавтаст хэрэгт авагдсан хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А**** 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч “**** ****” ХХК /РД:*******/-д олгохоор шийдвэрлэлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Б.У****, Ё.А**** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А**** 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У**** 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М**** “Байхгүй” гэх саналыг,
Шүүгдэгч Б.У**** өмгөөлөгч Н.Энхтөрөөс “...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хамгийн багаар буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэх саналыг,
Шүүгдэгч Ё.А**** өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгээс “...Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн санал болгож байгаа 5,000,000 төгрөгийн торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар сарын 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх саналыг,
Шүүгдэгч Ё.А**** “Намайг 3,000,000 төгрөгөөр торгож өгнө үү. Би ажилдаа ороод 3, 4 сар л болж байгаа.” гэв.
Шүүгдэгч Б.У**** “Нэгэнтээ шүүхээс шийдэгдсэн шийдвэрийг дагуу явна.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Б.У**** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 214 дэх тал/
Шүүгдэгч Ё.А**** үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.У**** үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон тэдгээрийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У**** 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А**** 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У****2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
-Шүүгдэгч Ё.А**** 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоов.
Шүүгдэгч Б.У****, Ё.А**** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт Б**** У**** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч **** овогт Ё**** А****Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У**** 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А**** 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У**** 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
-Шүүгдэгч Ё.А**** 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А**** 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч “**** ****” ХХК /РД: ******/-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.У****хохирогч “**** ****” ХХК-ийн хохирол төлбөрт 8,636,364 /найман сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Ё.А**** хохирогч “**** ****” ХХК-ийн хохирол төлбөрт 2,576,364 /хоёр сая таван зуун далан зургаан мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.У****, Ё.А**** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ