Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2023/03356

 

 

 

 

 

 

 

                               2023        07          03

                   101/ШШ2023/03356

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “А” ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.С /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 558,962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “А” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 11083287 тоот “Цахим зээлийн эрх нээх гэрээ”- г байгуулж, зээлийн гэрээгээр үндсэн зээл 360,000 төгрөг, сарын 5%-ийн зээлийн хүүтэй, 12 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр байгуулсан байдаг. Хариуцагч нь зээлийн гэрээ болон “Ард апп”-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үүргээ ноцтой зөрчсөн болно. Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн хариуцагчаас 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 11083287 тоот “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний үндсэн төлбөр 360,000 төгрөг, үндсэн хүүд 198,962 төгрөг, нийт 558,962 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү.

1а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх саналтай. Хариуцагчтай удаа дараа холбогдсон. 2021 онд авсан зээл юм. Зээлийн хүү бодогдоод явж байгааг удаа дараа хэлсэн боловч зээлийг огт төлөөгүй. Иймд нэхэмжлэл гаргасан. Анх 360 000 төгрөгийн зээл авсан. Зээлээс төлөлт хийгдээгүй. Үндсэн зээл 360,000, хүү 198,962, нийт 558,962 гаргуулна гэв.

 

2.         Нэхэмжлэгчээс шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн цахим зээлийн эрх нээлгэх гэрээний хуулбар /хх5-7/, харилцагчийн дансны хуулга /хх9-11/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “А” ХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 558,962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй.

 

4.         Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагчид хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

5.         Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэсэн нэртэй гэрээ байгуулжээ. /хх5-7/

5а. Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх8/

Иймд гэрээний гол нөхцөлийг зохицуулсан хавсралт 1-д зааснаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. /хх7/

5б. Нэхэмжлэгч ББСБ нь банктай ижил төлбөр тооцоо хийх тусгай зөвшөөрөлгүй, өөрөөр хэлбэл, харилцагчийн хүсэлт буюу даалгавраар түүний мөнгөн хөрөнгийг бусад этгээдэд шилжүүлэх замаар төлбөр тооцоо хийх эрхгүй. Улмаар нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон байх тул гэрээний 1.4-т Иргэний хуулийн 445-453 дугаар зүйлд зааснаар зохигчдын хооронд үүссэн харилцааг зохицуулна гэж заасан нь үндэслэлгүй.

 

6.         Зээлийн гэрээний хавсралтын 1.2.2, 1.3.2, 1.5.2-т зааснаар зохигчид 100,000-2,000,000 төгрөгийн хэмжээд зээл олгох, эхний сард хүү төлөхгүй бөгөөд 2 дахь сараас эхлэн сарын 5 хувийн хүү төлөхөөр тохиролцож, гэрээг 12 хүртэлх сарын хугацаагаар байгуулсан байна.

 

7.         Хэдийгээр хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.

 

8.         Нэхэмжлэгч нь харилцагчийн дансны хуулга нэртэй баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд дээр дурдсанаар төлбөр тооцооны эрхтэй холбоотойгоор энэ нь нэхэмжлэгчийн дотоод хэрэгцээнд зориулагдсан хуулга бөгөөд өөрөөр хэлбэл, зээл, хүүгийн тооцооллын хүснэгт гэж үзэхээр байна. Хариуцагч нь энэхүү тооцоололтой танилцсан боловч түүнд дурдагдсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй тул зөвшөөрсөн гэж үзнэ.

8а. Энэхүү зээлийн тооцооллын хүснэгтээс үзэхэд зээл буюу зээл авах гэсэн утгаар нийт 13 удаагийн гүйлгээгээр тус бүр өөр өөр үнийн дүнгээр зээл олгогдсон байна. Улмаар зээл тус бүрд шимтгэл тооцож тухайн бүр буцаан суутгал хийж байжээ.

Зээл гэдэг нь зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хариу төлбөртэйгөөр ашиглуулах, зээлдэгч нь зээлийг хариу төлбөр буюу хүүгийн хамт буцаан төлөх харилцаа юм. Иймд олгогдсон гэх зээлийн мөнгөн дүнгээс суутгасан шимтгэлийг хасаж бодитоор олгосон зээлийг тооцож, уг дүнгээс хүү бодогдох учиртай.

8б. Гэвч нэхэмжлэгч нь арилжааны банк дахь зээл олгосон өөрийн дансны хуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу ирүүлээгүй. Иймд шүүх зээл тус бүрд гэрээний дагуу хариуцагчид үүссэн үүргийг тооцох боломжгүй юм. Тодруулбал, зээлийн хүүг шимтгэл хасагдаагүй дүнгээс тооцсон нь үндэслэлгүй.

Харин буцаан төлсөн төлбөрийн мөнгөн дүнгийн талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгчийн тодорхойлсноор тооцно.

 

9.         Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн тооцооллоос үзэхэд 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн байдлаар олгосон зээл буюу орлого, төлсөн төлбөр буюу зарлага нь тэнцэж зээлийн үлдэгдэлгүй гэжээ.

Энэхүү байдлын талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тайлбарлаж чадаагүй, улмаар манай эдийн засагч гаргасан тооцоо бөгөөд энэ талаар мэдэхгүй гэж тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэгчийг өөрийн гаргасан баримтын дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадаагүй гэж үзлээ.

 

10.       Дээрх үйл баримт буюу зээлийн хүүд шимтгэлийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж чадаагүй бөгөөд түүний гаргасан тооцооллоор зээл буцаан төлөгдөж дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Харин илүү төлөгдсөн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

           ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ц.Сд холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 360,000 төгрөг, хүү 198,962 төгрөг, нийт 558,962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,500 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 81 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.Г