2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2461

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Л.Солонго,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408003830004 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт О-ийн Т, Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *** тоотод оршин суудаг гэх,  регистрийн дугаар: ***, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 22 жилийн хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1054 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар 8 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Т нь хохирогч Н.Г-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч О.Т нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, *** дугаар буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Г-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, уруулд шарх, хоёр зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, баруун чих, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

- Хохирогчийн Н.Г-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо *** дугаар буудлын орчимд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр явж байхад манай ойролцоо амьдардаг юм шиг байна лээ, өмнө ганц нэг удаа харж байсан Т гэж дууддаг 40 орчим насны залуу согтуу явж байгаад араас дуудахаар нь би алхаад явсан. Тэгтэл араас хавсарч унагаад газар унасан байхад миний нүүр рүү хөлөөрөө өшиглөөд хувцаснаас заамдаад цохисон миний уруул сэтэрсэн, доод үүдэн нэг шүд хөдөлсөн, зүүн нүд хөхөрсөн бусад хэсэгт зулгарч цус гарсан. Уг гэмтлийг Төмөрчөдөр гэх залуу согтуу намайг цохиж үүсгэсэн...Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 17 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1075 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Н.Г-ийн биед хамар ясны хугарал, уруулд шарх, хоёр зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, баруун чих, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

- Шүүгдэгч О.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...Би таньдаг хүнийхээ талаар ярьж байтал Г нь бас таньдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г-т хандаж чиний таньдаг хүнийг хүнийг би бас таньдаг байж болохгүй юу гэхэд Г нь миний толгой руу 2 удаа цохиод намайг түлхээд байсан тул бид хоёр маргалдаж эхэлсэн. Би танихгүй айлд байж маргалдаж болохгүй гээд гадаа гарч маргалдсан. ...Би Г-ийн уруул орчим гараараа 2 удаа цохиод 1 удаа өшиглөөд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1075 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Г-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч О.Т-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.Г-той хамт архидан согтуурч, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцов.

Шүүгдэгч О.Т-ын хохирогч Н.Г-ийн биед халдаж, цохиж зодсон үйлдэл, хохирогчийн биед учирсан “хамар ясны хугарал, уруулд шарх, хоёр зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, баруун чих, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч О.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч О.Т хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болно.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Хохирогч Н.Г нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Т-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Н.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “ ... шүүгдэгч О.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялаас хасч тооцуулах саналтай байна...гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч бусдад төлөх төлбөргүй, гэм буруу дээрээ маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 30 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 2008.11.25-ны өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 71-74 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002.05.15-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 76 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.28-ны өдрийн 2020/ШЦТ/1054 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 77-80 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч О.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ын цагдан хоригдсон 35 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон хасч түүнийг ял эдэлсэнд тооцов.  

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч О.Т-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х овогт О-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ын цагдан хоригдсон 35 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон эдлэх ялаас хасаж түүнийг ял эдэлж дууссанд тооцсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч О.Т-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хохирогч Н.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР