| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2022/00433/И |
| Дугаар | 155/ШШ2023/00365 |
| Огноо | 2023-03-30 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2023/00365
| 2023 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2023/00365 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д
Хариуцагч: Х.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд сэргээлгэж, сэтгэл санааны хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2022/00433/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, иргэдийн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцлоо.
Хариуцагч Х.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Днь хариуцагч Х.Тд холбогдуулан нэр төр, алдар хүнд сэргээлгэж, сэтгэл санааны хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иймд нэр төр, алдар хүндээ сэргээлгэж, сэтгэл санаанд учруулсан хохиролд 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Т нь “Рашаант сумын нэгдсэн групп” фэйсбүүк хаяг, “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар мэдээ”, “Рашаант сумын шуурхай зар мэдээ” зэрэг группуудэд Б.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, байшингийн зургийг байршуулахдаа үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байна, ичиж амьдрах хэрэгтэй гэх зэргээр бичсэн байсан. “Хөвсгөлийн нэгдсэн зар мэдээ”-нд байршуулсан нийтлэл дээр 4,700 хүн хандалт авсан бөгөөд нутгийн иргэдээс 18-24 хүн “дэндүү их мөнгө нэхэж байна. Цагдаагаар шийдүүлээд сурчихсан юм байна. Ингэж мөнгө авбал өөрт нь л муу даа. Эд хөрөнгө нь юу ч болохгүй дээ. Шүүх, цагдаагаар яваад гаршчихсан юм биш үү. Хүний шунал гэж. Одоохондоо өөрт нь байж болох ч ирээдүйд өөрт нь ирэх нүгэл, хилэнцийг ухаарч хүмүүстэй эв зүйгээр хэл амаа ололцох нь яадаг байна аа” гэх зэргээр сэтгэгдэл бичсэн байсан. Мөн гэгээнтэн хүүгийнхээ нэрийг баастсан, шүүхэд хандах ёсгүй байсан гэх байдлаар хандаж байгаа. Эдгээр байдлаас болж Б.Днь сэтгэл санаагаар маш их хохирч, даралт ихэсч, зүрх нь өвдөж, сэтгэл санаа тогтворгүй болсон. Рашаант сумын хүмүүс бүгд бие биенээ таньдаг болохоор өөрийнх нь тухай юу ярьж байгаа бол гэхээс санаа нь зовдог болсон. Хариуцагч Х.Т хариу тайлбартаа олон нийтийн сүлжээнд зураг, мэдээлэл тавьсан нь үнэн гэсэн байсан. “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар мэдээ” дээр байсан нийтлэлийг шүүхэд гаргаж өгсөн. Нөгөө 2 группэд тавьсан зарыг устгасан байна. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан. Б.Днь нэр төр, алдар хүнд, сэтгэл санаагаараа хохирсон тул шүүхэд хандсан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар сэтгэл санааны хохирлоо 10,000,000 төгрөгөөр үнэлж байгаа. Одоо Б.Д-ийн анх шүүхэд гаргасан нэр төр, алдар хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Мөн сэтгэл санааны хохиролд өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, Улаанбаатар хот руу ирж, очсоны зардал 2,800,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,150 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,455,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг гаргуулахаар багасгаж байна.
Иймд “Рашаант сумын шуурхай зар мэдээ”, “Рашаант сумын нэгдсэн групп”, “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар мэдээ”-нд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч Б.Д-ийн нэр төр, алдар хүндийг гутаасан сөрөг мэдээ мэдээллийг цахим сүлжээнд тавихгүй байхыг Х.Тд даалгаж, сэтгэл санааны хохирол 5,000,000 (таван сая) төгрөгийг хариуцагч Х.Тгаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Д*д олгож өгнө үү гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Д-ншүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгч нь “өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг олон нийтийн сүлжээнд тавьснаар өөрийнхөө нэр төр, алдар хүндэд халдлаа, сум орондоо миний олж авсан ажил хэргийн нэр хүнд, ажиллаж амьдрах орчин нөхцөлгүй болгож хүмүүст шуналтай нэгэн болж харагдаж байгаа болов уу гэж бодогдон, орох байх газраа олж ядан амьдрах боллоо...хүмүүс намайг буруугаар ойлгож байгаа бол...” гэжээ. Иргэн Б.Д-ншүүхэд гаргасан өмнөх нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болж байсан удаатай. Одоо шүүхэд гаргасан “...нэр төр, алдар хүнд сэргээлгэж, эдийн бус гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах” шаардлага нь илтэд хууль бус байна. Нэхэмжлэгч нь өөрөө өөрийнхөө бодлыг хариуцагч Х.Тд шууд тулгаж, түүгээрээ 10,000,000 төгрөг авах гэсэн нь шударга биш бололтой. Иргэний хуульд...ийм заалт байгаа ч ийм нөхцөлд үйлчлэхгүй. Нэхэмжлэл нь үндэслэл муутай, 10,000,000 төгрөг үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ойлгосонгүй гэжээ. (хавтаст хэргийн 29 дэхь тал)
4. Хариуцагч Х.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Д-н нэхэмжлэл нь шударга биш байна. Би тухайн үед байшинтай холбоотой нэхэмжлэлийг нь сумын нэгдсэн группт тавьсан. Гэхдээ энэ нэхэж байгаа зүйл арай хэрээс хэтэрчээ. Тухайн үед миний мөргөж гэмтээсэн байшин харагдах байдлаасаа ч бусад зүйлээрээ ч хэвийн байсан. Би тухайн үед тэр эвдсэн гээд байгаа зүйлээ засаад янзлаад хэвийн болгоод өгсөн. Байшин нь бүтэн байхад бараг бүтэн байшингийн хэмжээний материал нэхэхээ боль гэсэн зүйл бичсэн. Харин эсэргээрээ миний болон гэр бүлийн хувьд маш их сэтгэл санааны хүнд байдалд байна. 2021 оны 11 дүгээр сараас хойш байнга 10,000,000 төгрөг нэхээстэй. Одоо хүртэл бидэнд маш хүнд байна. Үндэслэлгүй удаа дараа нэхэмжлэл гаргаж байгаад харин ч хүлээцтэй хандаж байгаа. Миний хувьд маш их хохирсон, машин тэрэг болон гэр бүлийн эрүүл мэнд ч хохирсон. Эсэргээрээ би маш их гомдолтой байгаа. Уг байшинг зөвшөөрөлгүй газар барьсан юм байна. Урд өмнө нь машин араас нь орж байсан. Тэр байшингаа холдуулахгүй байсаар одоо хүртэл алдаа гаргасан хүнээс шантаажилж аваад сурсан гэж нутгийн хүмүүс хэлдэг гэжээ.
5. Иргэдийн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Цахим сүлжээнд хязгаарлалт тавих нь зүйтэй. 5,000,000 төгрөгийн хувьд зохих баримтыг үндэслэн гаргуулах нь зөв гэж дүгнэж байна гэв.
6. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 248 дугаар албан бичгийн хуулбар, Б.Д, Х.Т нарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-ний хуулбар, www.facebook.com олон нийтийн сүлжээнд байрлах “Т Х” нэрээр “Рашаант сумын шуурхай зар мэдээ”, “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар мэдээ” групп дээр тавьсан гэрэл зургууд, тайлбарын хамт, дээрх зургийн тайлбарт бичсэн иргэдийн сэтгэгдэлүүд зэрэг баримтын хуулбарууд, Л.Цт олгосон итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-10, 48-51, 82 дахь тал)
7. Хариуцагчаас: Б.Бд олгосон итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 24 дэхь тал)
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Днь хариуцагч Х.Тд холбогдуулан нэр төр, алдар хүнд сэргээлгэж, сэтгэл санааны хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нь 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Б.Д-ннэр төр, алдар хүндийг гутаасан сөрөг мэдээ мэдээллийг цахим сүлжээнд буюу “Рашаант сумын шуурхай зар мэдээ”, “Рашаант сумын нэгдсэн групп”, “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар мэдээ”-нд тавихгүй байхыг Х.Тд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, сэтгэл санааны хохирол 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулна гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг 5,000,000 (таван сая) төгрөгөөр багасгаж байна.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
4. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Байшинг мөргөж эвдсэн Х.Т нь “Рашаант сумын нэгдсэн групп”, “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар мэдээ”, “Рашаант сумын шуурхай зар мэдээлэл”-д “Т X” гэх цахим хаягнаас миний шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл, өмч хөрөнгө болох байшингийн зургийг байршуулж, ичиж амьдар, шуналтай этгээд гэх мэтээр бичснийг олон хүн үзэж, сөрөг сэтгэгдэл бичсэн байна. Ингэж миний нэр төр, алдар хүндэд халдаж, сум орондоо олж авсан ажил хэргийн нэр хүнд, ажиллаж амьдрах орчин нөхцөлгүй болгож байна. Анх шүүхэд гаргасан нэр төр, алдар хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, “Рашаант сумын шуурхай зар мэдээ”, “Рашаант сумын нэгдсэн групп”, “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар мэдээ”-нд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн миний нэр төр, алдар хүндийг гутаасан сөрөг мэдээ мэдээллийг цахим сүлжээнд тавихгүй байхыг Х.Тд даалгаж, сэтгэл санааны хохирол 5,000,000 (таван сая) төгрөгийг түүнээс гаргуулж авна гэж тайлбарлалаа.
5. Хариуцагч дараахь тайлбар гаргасан. Үүнд: Би тухайн үед байшинтай холбоотой нэхэмжлэлийг нь сумын нэгдсэн группт тавьсан. Гэхдээ энэ нэхэж байгаа зүйл арай хэрээс хэтэрчээ. Тухайн үед миний мөргөж гэмтээсэн байшин харагдах байдлаасаа ч бусад зүйлээрээ ч хэвийн байсан. Би тухайн үед тэр эвдсэн гээд байгаа зүйлээ засаад янзлаад хэвийн болгоод өгсөн. Байшин нь бүтэн байхад бараг бүтэн байшингийн хэмжээний материал нэхэхээ боль гэсэн зүйл бичсэн. Харин эсэргээрээ миний болон гэр бүлийн хувьд маш их сэтгэл санааны хүнд байдалд байна. 2021 оны 11 дүгээр сараас хойш байнга 10,000,000 төгрөг нэхээстэй. Одоо хүртэл бидэнд маш хүнд байна. Үндэслэлгүй удаа дараа нэхэмжлэл гаргаж байгаад харин ч хүлээцтэй хандаж байгаа. Миний хувьд маш их хохирсон, машин тэрэг болон гэр бүлийн эрүүл мэнд ч хохирсон гэж тайлбарласан байна.
6. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.
Хариуцагч Х.Т www.facebook.com олон нийтийн сүлжээнд байрлах “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар мэдээ”-нд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Б.Д ичиж амьдар, чиний байшин бүтэн байгаа шүү...” гэх бичилтийн дор тус шүүхэд Б.Д-ншүүхэд гаргасан нэхэмжлэл, байшингийн зураг байршуулсан байх бөгөөд тус нийтлэлийг “Рашаант сумын шуурхай зар мэдээ”-нд дамжуулан тавьсан, байршуулсан нийтлэл дээр иргэд сөрөг сэтгэгдлүүд бичсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд “Рашаант сумын нэгдсэн групп”-т дээрх мэдээ мэдээллийг тавьсан эсэх талаар тодорхойгүй байна. (хавтаст хэргийн 6-7, 48-51 дахь тал)
7. Хариуцагч Х.Т www.facebook.com олон нийтийн сүлжээнд байрлах дээрх группт Б.Д-н шүүхэд гаргасан нэхэмжлэл, байшингийн зураг байршуулсан талаар маргаагүй. (хавтаст хэргийн 30 дахь тал)
8. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 511 дүгээр зүйлийн 511.1-т “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.
9. Гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, иргэн, хуулийн этгээдийг хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, иргэн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсаныг ойлгоно. Цахим сайт, мэдээллийн хуудсанд гарсан зүйлийг үнэн бодит мэдээ, мэдээлэл гэж шууд үзэх боломжгүй тул тухайн мэдээлэл тарсан гэдэг нь хангалттай бус, харин тухайн мэдээлэл үнэн зөв байх эсэх нь мэдээ, мэдээлэл тараагчийн гэм буруутай эсэхийг тогтоох шалгуур болох тул мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хариуцагчид хамаарна.
10. Хариуцагч Х.Т дээрх нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч Б.Д-ннэр төр, алдар хүндийг гутаасан сөрөг мэдээ мэдээллийг цахим сүлжээнд тавихгүй байхыг Х.Тд даалгах нь зүйтэй гэж үзэв.
11. Харин нэхэмжлэгч Б.Днь сэтгэл санааны 5,000,000 (таван сая) төгрөгийн хохирол учирсан болохоо нотолж чадахгүй байх бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.Б нэхэмжлэгч Б.Д-ннэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангах саналтай гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Иймд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи хугацаанд нэхэмжлэгч Б.Д-ннэр төр, алдар хүндийг гутаасан сөрөг мэдээ мэдээллийг цахим сүлжээнд буюу “Рашаант сумын шуурхай зар мэдээ”, “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар мэдээ”-нд тавихгүй байхыг хариуцагч Х.Тд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгов.
11. Хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 248 дугаар албан бичгийн хуулбар, Б.Д, Х.Т нарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-ний хуулбар, байшингийн дотор гадна талын гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтууд тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул нотлох баримтад үнэлээгүй болно. (хавтаст хэргийн 4-5, 8-10 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи хугацаанд нэхэмжлэгч Б.Д-ннэр төр, алдар хүндийг гутаасан сөрөг мэдээ мэдээллийг цахим сүлжээнд буюу “Рашаант сумын шуурхай зар мэдээ”, “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар мэдээ”-нд тавихгүй байхыг хариуцагч Х.Тд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА
ШҮҮГЧИД Н.БЯМБАСҮРЭН
Б.МӨНХТУЯА