| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/2213/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2509 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Д.Хонгорзул,
хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд,
шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505006791629 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Ж-ы Н, Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, номын санч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Н нь хохирогч Б.О-ээс 2 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.Н нь хохирогч Б.О-ийг Баянгол дүүргийн 33 дугаар хороо, *** сургуульд ажлын байран дээрээ байхад нь “савны тунгалгийн булчирхайн хавдартай болсон, 5 хоногийн хугацаатай хүүтэй мөнгө зээлээч” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5030**** дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дэх тал),
- Хохирогч Б.О-ийн “...Би 2022-2023 онд 130 дугаар бүрэн дунд сургуульд Ж-ы Н гэх хүнтэй хамт ажиллаж байсан. Би бага ангийн багшаар ажиллаж байсан. Н номын санч байсан. Найз нөхдийн холбоотой байсан. Тэрнээс хойш би 1 жил Япон улсад ажиллаж амьдарч байсан. Монгол улсад 2024 оны 10 дугаар сард ирээд Н эгчтэй холбогдоогүй. 2024 оны 11 сарын 30-ны өдөр фейсбүүк чатаар холбоо барьсан. Тэгээд "мөнгө зээлэх хүн байна уу” гэж найзуудын групп чатад юм бичсэн. Тэгээд ямар хэрэг гарсан яасан бэ гэж асуухад хувь чатаар "сайн уу, сайн явж ирсэн үү” гэж бичиж орж ирсэн. "Мөнгө зээлэх боломжтой юу эгч нь савны тунгалгийн булчирхайн хавдартай болсон ажилдаа явахгүй байгаа 2024 оны 12 сарын эхээр Турк руу эмчилгээнд явна тэр болтол зээлэх мөнгө байна уу” гэсэн "хэдэн төгрөг юм бэ” гэхэд "5 сая төгрөг 5 хоногийн хугацаатай 10% хүүтэй зээлээч" гэхээр нь "хугацаандаа өгөөрэй” гээд Н эгчийн Хаан банкны 5030**** дугаарын данс руу би өөрийн Хаан банкны 5311**** дугаарын данснаас 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрний дараа "үнэнийг хэлэхэд дансанд 23,000,000 төгрөг байршуулах шаардлагатай таны өгсөн мөнгийг нэмээд 18,000,000 төгрөг болсон байгаа. Дахиад 5,000,000 төгрөг зээлэх боломж байна уу, тэгвэл эмчилгээний байршуулах мөнгө нь болох гээд байна” гэсэн би "та хугацаандаа өгөөрэй" гээд 5 хоногийн хугацаатай 10% хүүтэй 10,000,000 төгрөг хоёр хувааж шилжүүлсэн. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр чат бичээд "хугацаа болсон та мөнгөө энэ данс руу хийгээрэй" гээд өөрийн дансыг өгсөн чинь хариу өгөөгүй хэдэн өдөр чат бичсэн. 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр данс түгжигдчихлээ хоёр дахь өдөр хүртэл хүлээчих өдрийн хүүг 500,000 төгрөг бодож өгнө гэж хэлсэн. Тэгээд би "та явах чинь үнэн юм уу, та худлаа яриад байгаа юм биш үү" гэхэд эгч нь яг үнэнээ хэлье гадаадаас 300,000,000 төгрөгийн санхүүжилт орж ирнэ тэрийг хүлээж байна гээд алга болсон. Миний мөнгийг юунд зарцуулснаа хэлээгүй гадаадаас мөнгө орж ирэх тухай л ярьсан ямар учиртай мөнгө болох талаар мэдэхгүй. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл чат бичихэд мөнгө хайгаад байна гээд нэг бол хариу бичихгүй байсан. Тэгээд мөн 130 дугаар сургуульд хүүхдээ хүргэж өгнө гэдгийг мэдээд ээжийн хамт хүлээхэд хүүхдээ хүргэж өгч ирэхдээ таарч уулзахад санхүүжилт орж ирэхийг хүлээж байна гэсэн ямар учиртай мөнгө болох талаар огт хэлээгүй 7 хоногийн дотор ороод ирнэ гэсэн бид хоёр 7 хоног хүлээж чадахгүй 3 хоног дотор мөнгө олж өг гээд хэлээд явсан. Тэрнээс хойш 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр санхүүжилт ороод ирсэн данс руу бол орж ирээгүй байна гэсэн. 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрт нь очиж уулзахад Н эгч гэрээсээ гарах гээд байсан. Би гаргахгүй гээд зогсож байсан чинь нөхрийнх нь хамаатны эгч гээд О нь "хар өглөө айлд орж ирж мөнгө нэхлээ” гээд уурласан сүүлдээ тэр эгч өвчтэй зовлонтой нь үнэн би өөрөөсөө 100 сая төгрөг гаргаж эмчилгээний зардалд нь тусгасан гэж хэлсэн. Тэгээд санхүүжилт орж ирэх нь үнэн 300-500 сая төгрөг орж ирнэ гэж хэлсэн. 2 талын аав, ээжтэй нь уулзаад ах дүү нартай нь холбоо бариад өнөөдөр багтааж мөнгийг чинь өгье бүр болохгүй бол талыг нь өгье гэсэн, Н эгч утсаа авахгүй, одоог хүртэл мөнгийг маань өгөхгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
- Гэрч Б.Б-ийн “...Манай охин Б.О нь өөрийн эзэмшлийн 10 сая төгрөгийг цуг ажилладаг эгч Н-д 7 хоногийн хугацаатай зээлсэн гэж надад 2024 оны 12 дугаар сарын эхээр хэлж байсан тэр үед би юу болсон талаар асуух үед 7 хоногийн хугацаатай нэг дансанд оруулаад гаргаад буцаагаад өгнө гэж хэлээд надаас авсан ээж гээд надад охин маань хэлсэн. Би тэгээд одоо хүртэл тухайн хүн чинь мөнгийг чинь өгөхгүй байгаа юм уу гээд асуух үед тиймээ гээд би охинтойгоо Н гэх эмэгтэйдээ уулзахаар 130 дугаар сургуулийн гадаа 07 цагийн үед очиж хүлээсэн. Манай охин О 130 дугаар сургуульд багш хийдэг Н-ийн хүүхдүүд тэр сургуульд сурдаг болохоор мэдэж байсан тэгээд би охинтойгоо хүлээж байх үед өвлийн куртиктэй малгайтай цамц өмссөн эмэгтэй хүүхдүүдээ хүргэж өгөх үед анх уулзсан. Тэр үед О та надаас авсан 10 сая төгрөгөө өгчхөөч гээд тэр үедээ гуйгаад би Н-той миний дүү мөнгөө авъя охин маань байранд орох зорилгоор цуглуулж байсан мөнгөө чамд өгсөн байна. Энэ мөнгийг одоо ашиглах хэрэгтэй байна гээд тайлбарлаж хэлэх үед Н заа эгчээ удахгүй өгнө гэж хэлээд одоог хүртэл мөнгийг нь өгөөгүй. А.Н-той би 130 дугаар сургуулийн гадна уулзсаны дараа мөнгөө өгөхгүй дахиж 2 сар болсны дараа О-ээс Н-ийн гэрийг асууж байгаад ганцаараа очих үед гэрт Н, түүний нөхөр нь хамаатны эгч нь хүүхдүүд нь байсан. Би Н-ийн нөхөртэй уулзаж 10 сая төгрөгийг асуух үед нөхөр нь би тантай уулзъя гэж бодож байсан юм. Манай хамаатны эгч байшингаа ББСБ-д барьцаанд тавьж охины тань мөнгийг гаргаж өгье гэж би хэд хөөцөлдөж байгаа, байр нь болохоор гэрчилгээ гаргах дээр удаад байгаа юм гэж хэлэх үед би 2025 оны 03 дугаар сарын эхээр цагаан сар болно оо тэрнээс өмнө охины маань мөнгийг өгөөрэй гэхэд цаанаас Н өө эгчээ асуудалгүй та харин бид нарт 40 гаруй хоногийн хугацаа өглөө ашгүйдээ баярлалаа гээд хэлэх үед заа эгч нь та хэдтэй муудалцаагүй аргадаж зөвөөр шийдэх гэж байна ядаж эгчдээ цаас нь дээр 2025 оны 03 дугаар сарын эхээр 10 сая төгрөгийг буцааж өгнөө гэдэг утгатай зүйл бичээд өг гээд хэлэх үед Н заа гэж хэлээд цаас нь дээр бичиж өгсөн тэр үед цагдаагийн байгууллагад О хандсан байсан тэгээд би цаас хэрэг болохгүй байх гээд Н-ийн бичиж өгсөн 2025 оны 03 дугаар сарын эхээр төлнө гэх утга цаасыг хаясан. Тэр үед би Н болон нөхөртэй нь хэрүүл маргаан хийгээгүй бид нар эвээр яриад өнгөрсөн би хүмүүстэй хэрүүл маргаан хийж явдаггүй 2 хүүхдээ өсгөж том болгож байгаа өрх толгойлсон эх байгаа юм. Тэрний дараа нь 2025 оны 03 дугаар сарын эхээр Н-ийн нөхөртэй ярих үед нөгөө байшин барьцаанд байгаа юм байна лээ бүтэхгүй болсон гэдэг зүйлийг хэлсэн. Тэрнээс хойш заримдаа залгах үед утсаа авна тэр үедээ ажил хөөцөлдөөд байна бүтвэл өгнө гэж хэлээд өнөөдрийг хүрлээ. Манай охин ажил хийж цуглуулж байгаад тусдаа гарч байр авах гэж байсан мөнгө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
- Шүүгдэгч Ж.Н-ийн Хаан банкны 5030**** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 75, 77-78 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, хуульд заасан аргаар хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор төгссөнд тооцогдоно.
Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Ж.Н нь хохирогч Б.О-ээс “савны тунгалгийн булчирхайн хавдартай болсон, 5 хоногийн хугацаатай хүүтэй мөнгө зээлээч” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ж.Н нь хохирогч Б.О-ийн эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, бодит байдлыг нуух замаар хуурч шилжүүлэн авсан үйлдэл нь хууль бус болох нь илэрхий, тэрээр өөрийн идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ж.Н-д “хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н-оос хэргийн зүйлчлэл, гэм буруу, хохирол төлбөрийн тухайд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.О-т гэмт хэргийн улмаас 10,000,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтаар хохирогчид 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Н-оос 9,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч Ж.Н-оос хохирлыг төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулж, улмаар хохирогч Б.О-т 9,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүхээс шүүгдэгч Ж.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай, хязгаарлалтыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн хэмжээнд тогтоох байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Ж.Н-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудал
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ж-ы Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-д 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан торгох ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц. АМАР