Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/26

 

П.Г, А.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэн, Б.Тэнгис /цахимаар/,

Нарийн бичгийн дарга: М.Хүрэлбаатар нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаар цагаатгах тогтоолтой, цагаатгагдсан этгээд П.Г, А.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор В.Төгсбаярын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, ам бүл 4,

Монгол Улсын иргэн, эмэгтэй, ам бүл 4,

Шүүгдэгч П.Г, А.Т нар нь бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь шүүгдэгч П.Г, А.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч П.Г, А.Т нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, П.Г, А.Т нарыг цагаатгаж, П.Г, А.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г, А.Т нарт холбогдох эрүүгийн 1929001070077 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1236,25 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц П.Г, А.Т нарт буцаан олгож, П.Г, А.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчдээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчдийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, цагаатгах тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор В.Төгсбаяр нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: ...Шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ яллах дүгнэлтэд бичигдсэн бөгөөд шүүгдэгч нарыг буруутгаж байгаа үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй мөн эсэхийг бүрэн дүгнээгүй, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл тус бүрийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой дурьдалгүйгээр, өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийж, илт үндэслэлгүй шийдвэр гаргасан ба шийдвэртээ “гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдлаа улсын яллагч нотолж чадахгүй байна” гэх хуульд заагаагүй үндэслэл дурьдан хэргийг шийдвэрлэсэн.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хууль буюу түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн /зохих зөвшөөрөлгүй аваагүй/ үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсдөг, өөрөөр хэлбэл хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.

Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно" гэж заасан.

Шүүгдэгч П.Г, А.Т нарт тухайн ургамлын үндсийг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээнд хэрэглэх зорилготой байсан талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд мэдүүлээгүйгээс гадна харьяалах нутаг дэвсгэрийн Засаг даргын зохих зөвшөөрлийг аваагүй болох нь хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон.

Гэтэл шүүх нь дээрх нөхцөл байдлыг буруу тайлбарлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06/1775 дугаартай “....Байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу зохих зөвшөөрлөөр түүж бэлтгэсэн байгалийн ургамлыг зарж борлуулах, худалдан авахад тус яамнаас зөвшөөрөл олгодоггүй болно” гэсэн албан бичгийг үндэслэл болгосон нь буруу байна.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт: “....П.Г, А.Т нарыг байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүүг Б.М-с худалдан авсан үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинж нь хэдий ч хэлбэрийн төдий байдлыг шалгаж, бүрэн тогтоогоогүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3, 4-т заасныг зөрчиж, яллах дүгнэлт үйлдсэн...” гэж хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, ойлгомжгүй дүгнэлтийг хийхдээ уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн иргэн Б.М-с ховор ургамлыг түүж бэлтгэсэн үйлдэлд “гэмт хэргийн шинжтэй эсэх, тухайн иргэн нь зохих зөвшөөрөлтэй эсэх” талаарх нотлох баримтуудыг дурьдан, улмаар эдгээрийг хэргийн оролцогч П.Г, А.Т нарт холбогдох хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл болгосон нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэж, нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримттай харьцуулан дүгнэнэ гэсэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.

Шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлийг дурдьсан боловч “Тогтоох” хэсэгтээ прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн гэмт хэргийн зарим шинж буюу “тээвэрлэсэн” гэх үйлдлийг нь орхигдуулан, зөвхөн “худалдан авсан, хадгалсан” үйлдлийг дурьдаж, улмаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 Ингэхдээ шүүгдэгч нарыг цагаатгасан үндэслэл тодорхойгүй, цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй байна.

Шүүх нь цагаатгах тогтоолыг "шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр гаргаагүй, холбогдох шийдвэрийг хүчингүй болгоогүй атлаа хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцээгүй, эд мөрийн баримтыг шийдвэрлэхдээ мөн хуулийн “36.9 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг” гэж бичсэн зэрэг нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэсэн зөрчилтэй байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 34 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Прокуророос ховор ургамлын үндсийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс цагаатгахдаа бэлтгэсэн, түүсэн гэх хуульд байхгүй зүйл, заалтыг үндэслэж улсын яллагч уг гэмт хэргийг нотолж чадахгүй байна гэж үзээд цагаатгасан.

Энэ гэмт хэрэг нь захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Иргэн хүн тухайн ховор ургамлыг хэрэгцээндээ зарцуулах, ашиглахын тулд тухайн шатны Засаг даргын зөвшөөрөл шаардлагатай. Цагаатгагдсан этгээдүүд мэдүүлэхдээ хятад хүнд бэлтгэж өгөх гэж байсан. Хадгалах гэж байсан гэдэг байдлаар мэдүүлдэг. Хамгийн сүүлд худалдан борлуулж ашиг олох гэж байсан гэх байдлаар тайлбар гаргасан. Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаас бусад хэлбэрээр буюу худалдан борлуулах, тээвэрлэх, хадгалах нь хууль зөрчсөн болно. Гэтэл шүүх хэргийн нөхцөл байдлыг буруу тайлбарлан хэргийг цагаатгасан. Ингэхдээ Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд зохицуулснаар ховор ургамлыг түүхэд Байгаль орчны яам зөвшөөрөл олгохгүй гэсэн үндэслэл тайлбарладаг.

Худалдаж авсан үйлдлийг хэлбэрийн төдий шалгасан, бүрэн тогтоолгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Мандахнар ховор ургамал түүж бэлтгэсэн нь гэмт хэргийн шинжтэй эсэх, зөвшөөрөлтэй эсэх талаар нотлох баримтыг дурдан цагаатгасан. Гэтэл энэ хэргийг түүж бэлтгэсэн биш тээвэрлэсэн, хадгалсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд тус бүрдээ өөр өөр гэмт хэргийн шинжийг агуулсан байдаг. Түүсэн, бэлтгэсэн, худалдсан гээд гэмт хэргийн шинж болгоныг таслал тавьж ялгаж өгсөн. Үүний дагуу шүүхэд хэргийг шилжүүлэхдээ хадгалсан, тээвэрлэсэн гэдэг нь тусдаа гэмт хэргийн шинжийг хангаж байна. Хэрэв цагаатгагдсан этгээдүүд Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар зөвшөөрөл авч тээвэрлэсэн бол өөр хэрэг. Гэтэл зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, хадгалсан, зарсан. Зөвшөөрөл шаардахгүйгээр дураараа байгалийн ургамлыг түүж, зарж, тээвэрлэж болно гэвэл Байгалийн ургамлын эсрэг гэмт хэргийг хуульчлах шаардлага байна уу. Ховор ургамлыг хэн дуртай нь түүж, тээвэрлэж, худалдаж болохгүй. Иймээс түүж, бэлтгэсэн гэж цагаатгасан нь буруу байна. Цагаатгах тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй. Эрүүгийн хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Эсэргүүцэлдээ Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасныг үндэслэлээ. Энэ нь хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Байгалийн ургамлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг хангаж, нотлох баримтууд нь прокурорын эсэргүүцлийн эсрэг няцаагдаж байна. Анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд худалдах, тээвэрлэх гэх зүйл байхгүй. Зөвхөн ахуйн зориулалтаар зөвшөөрлөөр ашиглаж болно гэж заасан. Гэтэл энэ хуулийг буруу тайлбарлаж буй нь хэр үндэслэлтэй вэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийг байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэснээс үүссэн үр дагавар нь худалдан авах, худалдсан, зарсан, тээвэрлэсэн асуудал яригдана. Нэгэнт эх сурвалж нь хууль ёсны байвал худалдан авсан, тээвэрлэсэн асуудал яригдахгүй. Яам, тамгын газруудаас зөвшөөрөл олгохгүй гээд тодорхой заачихсан байгаа. Дээрх дурдсан нотлох баримтууд нь цагаатгах тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд байгаа. Иймээс шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан. Шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудал, нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөд цагаатгасан. Прокурорын эсэргүүцэлдээ дурдсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор В.Төгсбаярын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бичсэн 12 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь яллагдагч П.Г, А.Т нар нь бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ./1хх-188-191/

Цагаатгах тогтоолыг хянахад /2хх-62/  “ ...улсын яллагч зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваагүй учраас тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэж мэтгэлцдэг ч энэ талаар эрх бүхий байгууллага болох Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06/1775 дугаартай “Байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу зохих зөвшөөрлөөр түүж бэлтгэсэн байгалийн ургамлыг зарж борлуулах, худалдан авахад тус яамнаас зөвшөөрөл олгодоггүй болно” гэж албан бичигт тодорхойлсноор шүүгдэгч П.Г, А.Т нар нь Д аймгийн Х сумын “Б” ХХК-ийн захирал ажилтай Б.М-с худалдан авсан нь хууль зөрчөөгүй, тухайн гэмт хэргийн шинжийг хангахгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна” гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байдлыг бий болгосон.

Мөн цагаатгах тогтоолд  “...харин худалдсан Б.М тухайн ховор ургамлыг түүж бэлтгэхдээ эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрлийг авсан болох нь хэрэгт авагдсан Д аймгийн Х сумын засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/102 дугаартай “Зөвшөөрөл олгох тухай”,  “...тус суманд ховор ургамлын төрөлд багтах дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэх, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны Б-17.003 дугаар зөвшөөрлийн бичигтэй Д аймгийн Х сумын харъяат “Б” ХХК-д 2 тонн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахыг зөвшөөрсүгэй” гэсэн захирамж /1хх-107/, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-17.003 дугаартай байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүүг 2 /хоёр/ тонныг түүж, бэлтгэх зөвшөөрөл /1хх-108/, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Халх гол сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Г-н “...Б-17003 дугаартай эрхийн бичигтэй “Б” ХХК-д дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 2000 кг-ыг Б газраас Байгалийн ургамал, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг /1хх-111/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь ховор ургамлыг түүж бэлтгэж, худалдсан гэх Б.М-н үйлдлийн талаар дүгнэлт хийгээд шүүгдэгч П.Г, А.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Яллах дүгнэлтэд П.Г, А.Т нар нь бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэж бичигдсэн байхад анхан шатны шүүх дээрх бүлэглэн, байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл бүрийг  цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн о/43 дугаар тушаалаар Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүг /Saposhnikovia divaricate (Turz.) Schischk./ устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосон байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, эрхийн бичгээр ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар бэлтгэх ашиглах эрхтэй гэж заажээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байна.” гэж заасан байна.

П.Г, А.Т нар нь төрийн өмч болох байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг бусдаас худалдан авсан, хадгалсан, Д аймгаас Өмнөговь аймагт тээвэрлэж ирсэн үйлдэл нь ямар хуулийн хэм хэмжээгээр зөвшөөрөгдөж зохицуулсан шаардлагад нийцсэн эсэхэд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...” шүүгдэгч П.Г, А.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн” гэмт хэргийн шинжгүй, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч тухайн зүйл хэсэгт заасан гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх  нь зүйтэй.” гэж анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийг П.Г, А.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлээгүй гэж дүгнэв.

Хяналтын прокурор В.Төгсбаярын “уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн иргэн Б.М-с ховор ургамлыг түүж бэлтгэсэн үйлдэлд гэмт хэргийн шинжтэй эсэх, тухайн иргэн нь зохих зөвшөөрөлтэй эсэх талаарх нотлох баримтуудыг дурьдан, улмаар эдгээрийг хэргийн оролцогч П.Г, А.Т нарт холбогдох хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл болгосон нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэж, нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримттай харьцуулан дүгнэнэ гэсэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх, шалгах журмыг зөрчсөн” гэсэн эсэргүүцлийн үндэслэлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Иймд хяналтын прокурор В.Төгсбаярын “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр  дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. П.Г, А.Т нарт холбогдох 1929001070077 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол П.Г, А.Т нарт урьд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                              Г.ТЭГШСУУРЬ