Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/27

 

А.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

         Шүүгдэгч А.Г /цахимаар/

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Г-д холбогдох 2028001770190 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярням, шүүгдэгч А.Г нарын давж заалдах гомдлоор 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, ам бүл 5,

Шүүгдэгч А.Г нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны орой 23 цаг 30 минутын үед Өмнөговь аймаг, Даланзадгад суманд Д.Б-г тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж гар утас, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч, улмаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, хохирогчид хүч хэрэглэн зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь А.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч А.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, бусдын эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д 240  цагийн нийтэд тустай ажилтай хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2  сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30  хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1  жил 2  сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялд тус тус нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 3  жил 8  сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-т 355,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-н сэтгэл санааны хохирол болох 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт автомашиныг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Д.Бадамхандад, эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн бугуйвч 1 ширхэг, “Самсунг гранд макс” загварын гар утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Г-д тус тус буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс бусдын эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож оногдуулсан ялын бусдын эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тухай мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтад өгсөн миний мэдүүлгийг үнэлж үзээгүй. Би хохирогчид хүч хэрэглэн дээрэмдээгүй. Үүнд: хохирогч машинд орж ирж жаахан сууж байгаад халууцсан уу яасан юм цамцаа тайлаад хойш нь шидсэн.

Маргааш өглөө нь Улаанбаатар хот руу буцах гээд хөнжил, гудсаа ачиж байхад хойд талын шалавчин дээр цагаан өнгийн гар утас байна гээд Б.Б надад өгсөн. Би гайхаад урд хайрцагт хийсэн.

Би хийсэн хэрэгтээ гүнээ харамсаж байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгээс улсын яллагч: “гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн", гэрч С.Г “40 орчим насны эмэгтэй хэр согтуу байсныг сайн мэдэхгүй, ямар ч байсан архи үнэртэж байсан, ...хүчиндэх гэж байсан, арай хүчиндүүлсэнгүй”, хохирогч “тухайн үед архи уучихсан нэлээд согтуу байсан”, хохирогчийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ “хэчнээн архи уучхаад гудамжаар алхаж байсан ч гэсэн...” гэж согтуу байсныг нь хүлээн зөвшөөрсөн, миний өмгөөлөгч: “хэргийн зүйлчлэлийн хувьд эргэлзээ маш их байгаа, хохирогч хавтаст хэргийн хүрээнд 3 удаа мэдүүлэг өгсөн, энэ мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, цаг хугацааны хувьд дэс дараалалгүй, машинд яаж суусан нь тодорхойгүй” гэсэн тайлбаруудаас дүгнэлт хийж, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд нь миний хэрэгтэй холбоотой эсэх, хэргийг шалгах явцад зарим зүйлийг дутуу шалгаж, хэргийн нотлох баримтын бүрдэл бүрэн хангагдаагүйгээс би хохирч өнөөдөр ялтан болж байна гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нягтлан үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцаан дахин шалгуулах, хэргийн зүйлчлэл болон бодит байдалд үнэн зөв дүгнэлт өгч, хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярням давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хуулийн  2,1 дүгээр зүйл, гэмт хэргийн хэргийн ойлголт, шинж

1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл,эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.

2. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсныг гэмт хэрэгт тооцно.

3. Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл эс үйлдэхүй, хохирол, хор уршиг гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашиг бодит хохирол хор уршиг учруулаагүй эс үйлдэхүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэсний дагуу дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

       - хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б-н /хх 17-20/ мэдүүлгээр цамцаа өөрөө тайлж машины арын суудал руу шидсэн, тухайн үед цамцны халаасанд нь гар утас болон 40000 төгрөг байсан гэх мэдүүлэг

        - хх 58-60 яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн А.Г-н мэдүүлгээр хохирогч согтуу байсан бөгөөд цамцаа өөрөө тайлсныг тогтвортой удаа дараа мэдүүлдэг.

          - хх-45 авагдсан эд зүйлийн үнэлгээгээр самсунг гранд маркын гар утсыг 110000 төгрөг, цахилгаантай хуучин ноосон цамцыг 15000 төгрөг хасагдаад 190000 төгрөг хасагдаад дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан дээрх зүйл заалтыг зөрчиж байгаа тул гомдол гаргаж байна” гэжээ.             

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтыг цуглуулсан. Өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан тайлбарын хувьд үндэслэлгүй байна. Шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хохирогчийг машиндаа суулгаад дээрэмдэх, булаах үйлдэл хийснийг хохирогч мэдүүлдэг. Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Ганц бугуйвч, ганц гар утас дээрэмдснийг тооцохгүй гэж үзэж болохгүй.

Шунахайн сэдэлтэй байсан эсэх, хэдэн зүйл дээрэмдсэн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хохирогч мөнгөн бугуйвч дээрэмдсэн гэдгийг мэдүүлсэн. Шинжээчид хууль сануулсны үндсэн дээр тусгай мэдлэгийн шинжээчээр дүгнэлт гаргуулсан тул эргэлзээтэй зүйл байхгүй байна.

Гэмт хэрэг үйлдээд Улаанбаатар хот явсан ба эрэн сурвалжлах ажиллагааны явцад олж, яллагдагчаар татсан болно. Анх мэдүүлэг өгөхдөө хүчиндүүлсэн талаараа мэдүүлээгүй. Хохирогчийн нас 50 гарсан. Хүмүүсээс санаа зовсон учир мэдүүлээгүй гэж мэдүүлдэг. Ганхүү 2 удаа хүчиндсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэрч  Ганхуяг өөрийн харсан байдлаар мэдүүлсэн. Хөхрөлт шууд гардаггүй. Илт үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтэд байхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанаар Баярням хэргийн материалтай танилцаагүй гэсэн тайлбар гаргаагүй.

Г-н мэдүүлгийг үнэлэх боломжгүй. Байнга өөрчлөгддөг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч өөрийн биеэр, өмгөөлөгчийн хамт, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар бүгд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч А.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс нийт 11 нотлох баримтыг үнэлж намайг гэмт хэрэг хийсэн гэж дүгнэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Би шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Баярнямын хэл гэсэн болгоныг хэлсэн. Хүчиндсэн болон гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Харин өнөөдрийн байдлаар хохирогчийн зүүн шанааны няцралт гэсэн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Бусад гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын 1-9 хүртэлх заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надад холбогдох хэргийг прокурорын газарт буцааж, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү.

Хэргийн зүйчлэл болон болсон бодит байдлыг үнэн зөвөөр шийдвэрлээгүй гэж давж заалдах гомдол гаргасан. Учир нь намайг мөнгөн бугуйвч болон гар утсыг дээрэмдэж авсан гэж дүгнэсэн. Би дээрэмдэж аваагүй. Хохирогч авсан гэж мэдүүлдэг. Би тухайн үед хохирогчийг мөнгөн бугуйвчтай байсан эсэхийг би мэдэхгүй байна. Хохирогч намайг гүтгэж байна гэж үзэж, үүнийг шалгуулах хүсэлтэй байна.

Гар утасны тухайд хохирогч машинд орж ирээд өөрөө цамцаа тайлж шидсэн. Тэгэхэд нь гар утас унасан гэж үзэж байна. Гэрч Б мэдүүлэхдээ өглөө нь миний машинаас гар утсыг олоод надад өгөхөд би гайхсан царай гаргасан гэдгийг мэдүүлсэн. Би гар утсыг авсан, зарах, ашиг хонжоо олох санаатай байсан бол би сим картаа хийгээд хэрэглэх боломж байсан. Гэхдээ би тэгээгүй. Хүнд өгсөн байсан. ингэхдээ худалдаж ашиг хонжоо олох боломж байсан ч тэгээгүй болохыг Б мэдүүлдэг. Үүнээс үзэхэд намайг дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолж байна.

Хүчиндсэн гэх тухайд өмгөөлөгч Б.Баярням надад хүчингийн гэмт хэргийн талаар тайлбарлахдаа энэ гэмт хэрэг нь хохирогчийн мэдүүлгийн дагуу шийдвэрлэдэг тул нотлох шаардлагагүйгээр ялладаг. Иймээс чи ял авах нь ойлгомжтой учир хийгээгүй байсан ч хийсэн гэж хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгснөөр бага ял авах боломжтой гэж зөвлөсөн.

Харин сүүлд Ц.Баярмаа өмгөөлөгч надад чи гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байж одоо надаар яах гэсэн юм бэ гэхэд нь би Баярням өмгөөлөгчөөс болоод хэргээ хүлээж, худал мэдүүлэг өгсөн гэдгээ хэлсэн. Тэгээд Баярмаа өмгөөлөгч надад холбогдох хэргийн талаар үнэн зөвөөр тайлбарлаж ойлгуулсан. Ингээд өмгөөлөгч Баярням надад хуулийг буруу ташаа ойлгуулсны улмаас хийгээгүй хэргээ хүлээж өөрийнхөө эрх зүйн байдлаа дордуулсан байна.

Би өө сэвгүй хүн биш. Энэ гэмт хэрэгт миний гэм буруутай үйлдэл байдаг. Энэ үйлдэлдээ гэмшиж, харамсаж байгаа ч хүчингийн болон дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: А.Г-н давж заалдах гомдлыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хуулийн зарчимтай зөрчилдөж байна. Яллах дүгнэлтэд бүрэн дүүрэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын 9-12 дугаар хуудсанд авагдсан гэм буруугийн асуудлыг дүгнэхдээ 14 төрлийн нотлох баримтаар гэм буруутай байна гэж дүгнэсэн. Үүнийг хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Бүрэн дүүрэн нотлоогүй байна. Хохирогчоос машинд хэрхэн суусан талаар мэдүүлэх авахад би санахгүй байна гэж мэдүүлдэг. А.Ганхүүгийн яллагдагчаар болон гэрчээр асуусан мэдүүлэгтээ хохирогчийн машинд хэрхэн суусныг тайлбарлан мэдүүлдэг.

Тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгасан гэдгийг ялгаж салгаж дүгнэлт хийгээгүй. Өмгөөлөгчийн зүгээс хүч хэрэглэн суулгасан гэдэг няцаагдаж байна гэж үзэж байна.

Дээрэмдсэн гэх эд зүйл хохирогчид байсан эсэх, ямар нотлох баримтыг үнэлсэн нь ойлгомжгүй. Няцаах үндэслэл харагдаж байна. Хохирогчийн 3 удаагийн мэдүүлэг байгаа боловч гэмт хэргийг хэдийд, хэрхэн, хаана үйлдэгдсэнийг тогтоогоогүй гэж үзэж байна. Хохирогч гар утсыг хэрхэн дээрэмдүүлсэн талаар мэдүүлээгүй. Харин шүүгдэгч машин асаалттай, паар тавьсан. Тэгэхэд хохирогч өөрөө цамцаа тайлж шидсэн гэж мэдүүлдэг. Үүнээс харахад хохирогч цамцаа шидэхэд унасан байх магадлалтай байна. Энэ талаар Батжаргал, Баатархүү нарын мэдүүлгээр батлагдаж байна.

Мөнгөн бугуйвч байсан эсэхийг шалгаагүй. Хохирогч бугуйвч байсан гэж мэдүүлдэг. Өөрөөр нотлох ажиллагаа хийгдээгүй. Машинаа цэвэрлэж байтал суудлын доороос мөнгөн бугуйвч гарч ирсэн гэж шүүгдэгч мэдүүлдэг. Гэхдээ тухайн бугуйвч хохирогчийнх гэдгийг нотлоогүй. Мөн хохирогчоос таны бугуйвч мөн үү гэж асуухад биш гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ талаар нотлоогүй, шүүх дүгнэлт хийлгүйгээр эрх зүйн байдлыг нь дордуулан шийдвэрлэсэн.

Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргуулсан. Гэхдээ тухайн бугуйвч нь хохирогчийнх эсэхийг нотлоогүй байж хөрөнгийн үнэлгээ хийсэн нь эрх зүйн үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны шаардлагыг дагуу гаргах ёстой. Гэтэл 1 хуудас хөрөнгийн үнэлгээ гаргасан. Элэгдэл, хоргодлыг тооцоогүй. Өөрөөр хэлбэл хуульд заасан шаардлагыг хангаагүй, хуульд нийцээгүй байна. 313 000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн. Хохирогчийн биеэ хянах боломжгүй байсан гэх нөхцөл байдлын улмаас хохирогч өөрөө хохирол учруулсан байх магадлалтай. Тэгэхээр энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Монетон ээмэгний өрөөсөнг эд мөрийн баримтаар хурааж аваагүй. Иймд хөрөнгийн үнэлгээ хуульд нийцээгүй буюу үнэлэх боломжгүй байна. Дахин хөрөнгийн үнэлгээ гаргуулах шаардлагатай. Тухайн ашиглаж байсан хугацааны элэгдэл, хоргодлыг үнэлж харьцуулсан үнэлгээ гаргах нь зүйтэй.

Хохирогчийн мэдүүлгээс өөр хүчиндсэн гэдгийг нотолсон зүйл байхгүй. Мөрдөгч хохирогчоос хүчирхийлсэн зүйл байна уу? гэж асуухад хүчирхийлсэн, хүчиндсэн зүйл байхгүй. Гэхдээ тийм хандлага байсан.

Үрийн шингэн Ганхүүгийнх мөн эсэхийг тогтоогоогүй. Хохирогчийн мэдүүлгээр шийдвэрлэж болохгүй. Давхар нотлох ёстой.

Гэмтэл учруулсан тухайд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт нотлох баримтыг ялган зааглаж дүгнэсэн зүйл байхгүй. Гэрч Ганхуягаас асуухад тухайн үед хацар нь хавдчихсан байсан. Өөр гэмтэл байгаагүй гэж мэдүүлдэг. Шинжээч мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ Шүүх шинжилгээний хүрээлэнгийн тухай хуульд заасан шинжлэх ухааны үндсэнд дүгнэлт гаргаагүй байна. Шинжээч дүгнэлт гаргахдаа шинжилгээний естийн дүрмийг баримталдаг. Эдгээрээс харахад хөнгөн гэмтэлд хамаарахгүй. Тухайн бэртэл, гэмтэл тус бүрээр тогтоолгүйгээр ерөнхий байдлаар гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байсан. Баярнямд хавтаст хэргийн материалыг танилцуулаагүй нь мэтгэлцэх зарчмыг хангаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хэрэв хүчингүй болгохгүй гэж үзвэл шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Шийтгэх тогтоолын 1, 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийг хавтаст хэргийн хүрээнд хангалттай нотлогдоогүй байгаа тул хэрэгсэхгүй болгож, энэ талаар дүгнэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Мөн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг өөрөө хүлээн зөвшөөрсөн тул гэм буруутай гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна. Хөнгөн хохирол учирсан үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 01 дугаар тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгосон. Энэ тогтоол нь хүчин төгөлдөр болсон учир А.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эрүүл мэндийн байдлын талаар нотлох баримтыг гаргаж өгсөн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Тиймээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Г-н 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бичсэн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

“Шүүгдэгч А.Г нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны орой 23 цаг 30 минутын үед Өмнөговь аймаг, Даланзадгад сумын нутагт Д.Б-г тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах явцад гар утас, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч, улмаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б /хх-19-20/, гэрч Д.Д /хх-25-26/, О.Г /хх-30-31/, Б.Б /хх-32-33/, Б.Б /хх-34/, Б.От /хх-35/, С.Г /хх-36-37/, Ж.Д /хх-38/, И.П /хх-39/, Н.С /хх-40-41/, Д.Б /хх-42/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 376 дугаартай шинжээчийн Д.Б-н биед тархины доргилт, хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, баруун хацар, зүүн шууны цус хуралт, баруун хацрын зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт, “Х” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 757 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, “Х” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 031 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна” гэж  анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Г-н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч А.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, бусдын эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д 240  цагийн нийтэд тустай ажилтай хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  жил 2  сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30  хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1  жил 2  сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялд тус тус нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 3  жил 8  сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс А.Г-д оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч А.Г-н давж заалдах гомдолд /хх-171/ “...Шүүхээс бусдын эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож оногдуулсан ялын бусдын эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үндэслэл нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-н 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...би ухаан ороод машинаас буух гэсэн чинь машины хаалга түгжээтэй байсан. Тэгээд тэр залуу миний зүүн гарын бугуйнд байсан мөнгөн бугуйвчийг хүчээр гараас салгаж авах гэхээр нь би тэр залууд хандаж миний ханий хийж өгсөн бугуйвч байгаа юм битгий аваач гэсэн чинь гарнаас хүчээр мулт татаад авсан, ...миний бугуйвчийг хүчээр дээрэмдэж гараас салгаж авсан бусдыг нь би зугтахдаа машинд хаяад явсан байх гэж бодож байна /хх-22/, гэрч Д.Б-н 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...Би машинаас гарах гэтэл машинаа дотроос нь түгжсэн байсан. Намайг нэлээн хэд цохисон. Миний гарт байсан 1 лан 2 цэнтэй мөнгөн бугуйвч байсан түүнийг авах гээд нэлээд зодолдож байгаад булааж авсан /хх-23/, гэрч И.П-н 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...өглөө босоход Батчимэгийг шөнө хүнд зодуулсан гэлүү, утсаа алдсан гэлүү тиймэрхүү юм манай эхнэр ярьж байсан /хх-39/, шүүх хуралдаанд хохирогч Д.Б-н өгсөн “...Бугуйвчийг бол яалтач үгүй мулталж авсан. Гар утас гадуур хувцасны хармаанд байсан. Ойчих ямарч боломжгүй гүнзгий хармаатай байсан. Нэг мэдэхэд нүцгэн сууж байсан. Зодуулаад машинд сууж байгаагаа мэдсэн. Гадуур цамцыг яаж тайлж авсан талаар мэдэхгүй байна. Бугуйвч тайлж авахад гадуур хувцасгүй байгаагаа мэдсэн гэсэн мэдүүлгүүдээр /хх154/ няцаагдаж байна.

“Дээрэмдэх” гэдэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, итгэмжлэн хариуцсан, хамгаалах үүрэг бүхий хүнээс өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг.

“Хүч хэрэглэж” гэдэг нь гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч А.Г нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны орой 23 цаг 30 минутын үед Өмнөговь аймаг, Даланзадгад сумын нутагт Д.Б-г тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж толгой руу нь цохиж зодохдоо түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, гарт нь байсан бугуйвчийг хүчээр авсны дараа хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн тээврийн хэрэгсэл дотор болон гадна талд 2 удаа хүчиндсэн үйл баримт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчийн гар утас, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн А.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь А.Г-н үйлдлээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул дээрх хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тайлбар, саналыг гаргасан боловч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, тайлбарыг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь үндэслэлгүй гэж дүгнэв.

Ялтан А.Г нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн өргөдөлдөө “...А.Г миний бие өмгөөлүүлж байсан өмгөөлөгч Баярням, Сундуй нараас татгалзаж, өмгөөлөгч Ц.Баярмаагаар өмгөөлүүлэх болсныг мэдэгдэж байна” гэж өмгөөлөгчөөсөө татгалзсанаа мэдэгдсэн.

Шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд өмгөөлөгч авах нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх хэдий ч  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өмгөөлөгч ...шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол сольж болно” гэсэн зохицуулалт нь шүүгдэгч нь өмгөөлөгчөө шүүх хуралдааны явцад өөрийн хүсэлтээр солих боломжгүй, гагцхүү цаашид шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй шалтгаан өмгөөлөгчөөс өөрөөс нь хамаарсан тохиолдолд өмгөөлөгчийг солих агуулгыг илэрхийлж байна. А.Г-н өмгөөлөгчөөс татгалзсан хүсэлтийн үндэслэл нь хуулийн энэ ойлголтод хамаарахгүй байна.

Хавтас хэргийн 136 дугаар талд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярням нь А.Г-н хууль ёсны эрх ашгийг хамгаалж Өмнөговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцох тул түүнд холбогдох эрүүгийн хэргийн материалыг онлайнаар танилцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байсан боловч анхан шатны шүүх шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн материалтай танилцуулаагүй нь эрх зөрчигдсөн талаар тайлбар, санал гаргаж байгаагүй байна.

Иймд шүүгдэгч А.Ганхүүгийн “хэргийг мөрдөн байцаалтад буцаан дахин шалгуулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Г-н “хэргийг мөрдөн байцаалтад буцаан дахин шалгуулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Г-н 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрвөн/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                          Ш.ТӨМӨРБААТАР