Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0324

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х*******ын Э******* /РД:/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Маргааны төрөл: “Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалтаар өндөр насны тэтгэвэр тогтоон олгохоос татгалзсан нийгмийн даатгалын байгууллагын татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлт гаргасан хугацаанаас тэтгэвэр тогтоон олгохыг даалгуулах” тухай маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Туяа нарыг оролцуулав.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэр тогтоон олгохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хариуг хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалтаар өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг даалгуулах.

        Хоёр. Маргах үндэслэл болсон үйл баримтын хувьд.

1. Нэхэмжлэгч Х.Э******* нь Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаснаар Монгол Улсын ерөнхий прокурорын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/711 дүгээр тушаалаар мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас  чөлөөлөгдсөн.

2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүсэлтээ гаргахад Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заагаагүй” үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан гэх хариуг тухайн өдөр өгсөн.

3. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хариуг эс зөвшөөрч шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Маргаж буй үндэслэл.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1972 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Одоо 53 настай. 1991 онд Хууль цаазын дунд сургууль төгсөөд Эрдэнэт хотын шүүхэд нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгчээр анх ажилд орж байсан. Улмаар ажиллаж байгаад Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуульд элсэн орж суралцсан. 1996 онд төгсөөд Булган аймгийн Сум дундын шүүхэд шүүгчээр 2 жил ажиллаад, 1998 онд Орхон аймгийн Сум дундын шүүхэд шүүгчээр томилогдон ажиллаж, нийтдээ 11 жил шүүгч хийсэн. 2007 онд өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөөд 2008 онд Улаанбаатар хотод шилжин ирээд 2008-2010 он хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд ажиллаж байгаад 2010 оноос Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажилласан. 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Багануур дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсон. 2018 оноос Хан-Уул дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байгаад, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс Баянзүрх дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор тус тус ажилласан.

Улмаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаад Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 711 дүгээр тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний хувьд төрийн албанд 24 жил 2 сар ажилласан байна.

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасны дагуу миний тэтгэвэрт гарах хүсэлтийг хүлээн авч чөлөөлсөн.

Ийнхүү тушаалаа аваад Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр очиход “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтыг зөрчиж байгаа учраас таны тэтгэврийг тогтоох боломжгүй, та шүүхээр тогтоолгох нь зүйтэй” гэдэг хариуг өгсөн.

Иймээс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн ажил хийгээгүй, тэтгэвэр тогтоолгоогүй 4 сар болсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т тухайн маргааныг тусгайлан зохицуулсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ гэж заасны дагуу Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоох боломжтой гэж үзэж байна” гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Х*******ын Э******* нь нэхэмжлэлдээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь "Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэсэн заалтыг үндэслэн тэтгэвэр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул Х.Э*******д ажилласан хугацаагаар 60 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Э******* нь “Өндөр насны тэтгэвэр тогтоож олгохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хариуг хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэврийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тогтоон олгохыг хариуцагчид даалгах” шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, холбогдох хуулийн төслийг хэлэлцсэн тэмдэглэлүүдийг үнэлээд, хууль тайлбарлан хэрэглэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Х.Э******* нь 1970 оны 7 дугаар сарын 12-нд төрсөн, 52 настай, эмэгтэй, тэрээр 1991-2007 онд шүүх, 2013-2022 онд прокурорын байгууллагад, төрийн албанд нийт 24 жил 2 сар ажилласан, тодруулбал, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Багануур дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор, 2018 оноос Хан-Уул дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаснаар Монгол Улсын ерөнхий прокурорын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/711 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас  нь чөлөөлжээ.

Тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүсэлтээ гаргасан гэх бөгөөд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1 дүгээр сарын 03-ны өдөр “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заагаагүй” гэх, 1 дүгээр сарын 10-ны өдөр “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай зөрчилдөж байгаа” гэх үндэслэлүүдээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан байх бөгөөд Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг үндэслэж шийдвэр гаргахгүй, өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу дараах үндэслэлээр хууль бус болжээ.

Түүний ажилласан байдал болон шимтгэл төлсөн жил, нас, хүйс, тэтгэврийн хэмжээний талаар талууд маргаагүй, харин Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 6-д заасныг хэрхэн тайлбарлаж хэрэглэх, тодруулбал Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж зааснаар прокуророор ажиллаж байсан эмэгтэй хүн өөрөө хүсвэл 55 насанд хүрэхээс өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй эсэх талаар хууль хэрэглээний хувьд маргаж байгаа болно. 

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.” хэмээн прокурорын нийгмийн баталгааг буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх хугацааг “тэтгэвэрт гарах насны дээд хязгаар”-аар болон мөн насаар /хүйсийн хувьд ялгамжтай/, эсхүл ажилласан жилээр нь нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор тухайлан заасан байна.

Уг хуулийн төслийг хэлэлцсэн хууль тогтоох байгууллагын хуралдааны тэмдэглэлүүдэд энэ зүйл, хэсгийг хэлэлцсэн агуулга, санал хураалтаар дэмжигдсэн томьёоллоос үзвэл 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийн агуулгыг үгчлэн тайлбарлан хэрэглэж болохоор тодорхой томьёолжээ.

Тэрээр хуулийн энэ зүйл, хэсгийн “50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэх зохицуулалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ гаргасан байх бөгөөд Улсын ерөнхий прокурорын тушаалаар энэ зүйл, хэсгийг болон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө” гэсэн заалтыг баримтлан төрийн албанаас “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” үндэслэлээр чөлөөлсөн, ингэснээр мөн өдрөөс тэтгэвэр тогтоолгох эрх болон үр дагавар үүсгэсэн байна.    

Прокурорын тухай хууль нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтоох бөгөөд бие даасан байдлыг хангах эрх зүйн үндэст прокурорын эрх зүйн байдал буюу прокурорын хараат бус байдал, улс төр, нийгэм, эдийн засгийн баталгааг нарийвчлан зохицуулсан, тухайлбал нийгмийн баталгаанд ийнхүү тэтгэвэрт гарах нас, нас харгалзахгүйгээр прокуророор ажилласан жилийг харгалзуулан тогтоосноос гадна, прокурор ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан бол олгох буцалтгүй тэтгэмж, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас гадна эдлэх ээлжийн амралтын хугацаа зэргийг тухайлан зааж, уг хуульд зааснаас бусад нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулахаар тусгажээ.

Өөрөөр хэлбэл прокурорын эрх зүйн байдал, баталгааг нарийвчлан тусгасан энэ хуулиар тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарыг 60 насаар тогтоосон бөгөөд эмэгтэй прокурорын тэтгэвэр тогтоолгох насыг 50 гэж “тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг” нарийвчлан заасан, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг, тэр дундаа төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлийг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх” заалттай уялдсан байна.

Ер нь төрийн алба хаах насны дээд хязгаарыг хуульд өөрөөр заагаагүй бол 65 байхаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т, харин Прокурорын тухай хуульд “прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас” гэж дээрхээс өөрөөр зааж, үүнээс гадна мөн насаар хүйсийн хувьд ялгамжтай байдлаар эмэгтэй прокурор 50 нас, эрэгтэй прокурор 55 нас хүрсэн бол, эсхүл ажилласан жилээр нас харгалзахгүйгээр буюу прокуророор 25 жил ажилласан бол хүсэлтээ гаргаж тэтгэвэр тогтоолгож болохоор тухайлан заасан, улмаар төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нь, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь албанаас чөлөөлөх үндэслэл болохоор хуульчилсан байна.   

Харин хариуцагчийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д заагаагүй” гэж тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэлээ болгон тайлбарлаж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд дээр дүгнэснээр тэтгэвэр авах эрх үүсэх харилцааг ийнхүү нарийвчлан зохицуулсан өөр хуулийг хэрэглэхээс татгалзах, хэрэглэхгүй байх эрх захиргааны байгууллагад олгоогүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.

Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заагаагүй тул тэтгэвэр авах эрх үүсэхгүй хэмээх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг татгалзсан хариу хууль бус байна. 

Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон албанаас чөлөөлөгдөн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тэтгэвэр тогтоолгох өргөдөл, материалаа өгсөн боловч тэтгэврийн байцаагч нь татгалзсан хариу өгсөн байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн олгохоор” зааснаар тэрээр тэтгэвэр тогтоолгох өргөдөл, материалаа өгөхөөр хандсан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч байгууллага тэтгэвэр тогтоон олгох үүрэг үүссэн байх тул “2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагчид даалгах” шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 60 дугаар зүйлийн 60.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Э*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг татгалзсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариуг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс тогтоон олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА