Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 303

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч А.Намдаг,

хохирогч Н.Сайханчимэг,

гэрч Т.Баасантулга

шүүгдэгч Н.Эрдэнэ-Ундрах,

шүүгдэгч Т.Отгонзаяа тэдгээрийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн шүүгдэгч:                 

 

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 06-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газарт бүлгийн цагдаа ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 48-334 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, Нэгдсэн Үндэсний байгууллагын Энхийн төлөө медаль, Киокушшинкай Каратэгийн мөнгөн медальт, регистрийн дугаар ЛЮ88020630, Хатгин овгийн Намхайн Эрдэнэ-Ундрах,

 

2.Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 23-нд Сэлэнгэ аймаг Сүхбаатар хотод төрсөн, 31 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газарт бүлгийн ажилтан ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 2-1 тоотдо оршин суух, урьд ял шийтгэл үгүй, Нэгдсэн Үндэсний байгууллагын Энхийн төлөө медаль, байлдааны самбо дэлхийн аварга, гардан тулааны дэлхийн аваргын  мөнгөн медаль, гардан тулааны олон улсын хэмжээний мастер, Байлдааны самбо-н олон улсын хэмжээний мастер, Бие хамгаалах Монгол улсын спортын мастер цолтой, регистрийн дугаар МЮ86012397 Тайчууд овгийн Төртогтохын Отгонзаяа нарт холбогдох 201726020250 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-нд өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Яллагдагч Н.Эрдэнэ-Ундрах нь согтуургаар 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсахуй” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Т.Сайханчимэг, Б.Төгсжаргал нарт хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан,

мөн танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн тус баарны хамгаалагч Т.Сүх-Эрдэний тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэх гэмт хэргүүдэд, 

 

Яллагдагч Т.Отгонзаяа нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсахуй” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн тус баарны зохион байгуулагч Т.Энх-Өсөх, хамгаалагч Т.Сүх-Эрдэнэ нарт хүч хэрэглэж иргэн Т.Энх-Өсөхийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 Шүүгдэгч Н.Эрдэнэ-Ундрах шүүхийн хэлэлцүүлэгт:  Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

Шүүгдэгч Т.Отгонзаяа шүүхийн хэлэлцүүлэгт:  2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 04 цагийн үед “Дурсахуй” бааранд орсон. Бид бааранд ороод 1 ширээнд суутал Эрдэнэ-Ундрах, Мөнх-Эрдэнэ нар тусдаа ширээнд суусан. Би Эрдэнэ-Ундрах, Мөнх-Эрдэнэ нарыг хамт нэг ширээнд сууя гэсэн боловч ирээгүй. Манай ажлын хүмүүс баарнаас гарах талаар ярилцаад байж байхад хойд талын ширээ нь дээр шил хагарах чимээ гарсан. Би Эрдэнэ-Ундрах, Мөнх-Эрдэнэ нар дээр очоод юу болсон талаар асуугаад асуудлыг зохицуулах гэж байтал энгийн хар хувцастай өндөр залуу ирээд над руу дайраад байсан. Би тухайн энгийн хар хувцастай өндөр залууд юу болсон талаар тайлбарлаж байгаад хүмүүсийг баарнаас гаргаж байтал гарах хаалга нь дээр Эрдэнэ-Ундрахийг тус баарны хамгаалагч боож байсан. Би хамгаалагч нарт хандаж асуудал дууссан одоо эвлэрээд бид нар гарлаа гэж хэлтэл Энх-Өсөх гээд хамгаалагч залуу бид нарыг гаргахгүй гээд утсаар яриад байсан. Би хохирогч Сайханчимэгийн гар нь зүсэгдсэн болохоор нь эмнэлэг хамт явах гээд гарч байтал хамгаалагч миний хойноос ирээд 2-3 удаа цохихоор нь би эргэж хараад хамгаалагчийг цохьсон. Миний хувьд олон нийтийг үл хүндэтгэсэн зүйл огт байгаагүй гэв.

Хохирогч Т.Сайханчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих 01 цагийн үед “Дурсахуй” бааранд 2 найзтайгаа орсон. Бид гурав бүжгийн талбай дээр бүжиглэж байтал Мөнх-Эрдэнэ гээд залуу Төгсжаргал дээр ирээд үсдээд бүжиглээд байсан. Бид нар ширээ нь дээр сууж байхад Мөнх-Эрдэнэ араас дагаж ирээд манай ширээ нь дээр суусан. Н.Эрдэнэ-Ундрах, Мөнх-Эрдэнэ нарыг Төгсжаргал таньдаг юм шиг байсан. Н.Эрдэнэ-Ундрах, Мөнх-Эрдэнэ нар нилээн согтолттой тоглоод байгаа нь мэдэгдэхгүй Төгсжаргалыг үсдээд байсан болохоор нь би Н.Эрдэнэ-Ундрах, Мөнх-Эрдэнэ нарт хандаж болиоч гэж хэлээд намайг тоохгүй болохоор нь би пивыг нүүр рүү нь цацсан. Н.Эрдэнэ-Ундрах миний намайг үсдээд доошоо дарахаар нь би гарт баригдсан зүйлээ эхлээд авч шидсэн боловч оноогүй дахиад ширээ нь дээрээс 1 зүйл барьтал хагархай бакал таараад би өөрийн гараа зүссэн. Тухайн үед баарны зохион байгуулагч ирж салгаад намайг тусдаа өрөөнд оруулж миний гарыг боосон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Гэрч Т.Баасантулга шүүхийн хэлэлцүүлэгт:  “... Баар луу ороход Эрдэнэ-Ундрах хохирогч цугтаа сууж байсан. Би найзууд юм байна гэж би ойлгосон цаана Отгонзаяатай нэг ширээн дээр сууж байсан нэг мэдэхэд шилэн ширээ хагарсан тэгээд нэг их ойшоохгүй байж байтал Эрдэнэ-Ундрах Отгонзая бид хоёрын сууж байсан ширээн дээр ирсэн. Ирэхдээ толгойноосоо цус гоожуулчихсан ирсэн. Яагаад толгойноосоо цус гаргачихав яав ийв гэтэл нэг юм яриагүй хамт явж байсан бүсгүйтэйгээ маргалдсан юм шиг байна лээ. ...Отгонзаяагийн хувьд бааранд танхайрах бусадтай зүй бус үйлдэл гаргасан юм байхгүй. Хохирогч бүсгүй гараа гэмтээчихсэн байсан эмнэлэг авч явъя гэж байтал хамгаалагч нар ирээд шууд хөөсөн. Тэгэхдээ Отгонзаяаг өшиглөсөн. ...Ер нь хамгаалагч нар бол дээрэлхүү хандсан. Асуудлыг шийдье гэхэд өшиглөсөн түлхсэн байдал гаргасан. Хамгаалагч нар бид нар дээр ирээд та нар юм эвдчихлээ хагалчихлаа зайл гээд бид нар хаалгаар гарахад цохисон өшиглөсөн түлхсэн байдалтай байсан. Отгонзаяагийн хувьд юм эвдэлсэн хагалсан үйлдэл гаргаагүй” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор

Т.Отгонзаяагийн ажил байдлын тодорхойлолт /1хх-ийн 196/, /тээврийн хэрэгслийн лавлагаа 1хх-ийн 203/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 214/, ял шалгах хуудас /1хх-ийн 221/, шагнал урамшууллын хуулбарууд /1хх-ийн 227-228, 239, 241-250, 2хх-ийн 1-47/, бакалаврын дипломын хуулбар /1хх-ийн 237/,

 

Н.Эрдэнэ-Ундрахын ажил байдлын тодорхойлолт /1хх-ийн 199/, цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал /1хх-ийн 205/, /1хх-ийн 210/, ял шалгах хуудас /1хх-ийн 217/, шагнал урамшууллын хуулбар /1хх-ийн 229-236, 2хх-ийн 48-50/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

            Мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох:

         

        хохирогч Н.Сайханчимэгийн “...Бааранд Төгсжаргалын хамт сууж байхад сүүлд бааранд орж ирсэн Мөнх-Эрдэнэ, Эрдэнэ-Ундрах нар ирээд манай ширээн дээр суусан. Манай найз Төгсжаргалыг хальт таньдаг юм шиг байсан. Тэгээд Төгсжаргалтай хоорондоо юм ярьж байхдаа нэг л эвгүй харьцаад гичий, пизда минь чи энд юу хийж яваа юм гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлоод байсан. Намайг нэг хартал өөрийгөө Эрдэнэ-Ундрах гэж танилцуулсан залуу Төгсжаргалын үснээс зулгаагаад ширээн дээр толгойг нь дарсан байхаар нь чи болиоч гээд хэлээд болихгүй байхаар нь ширээн дээр байсан пиво нүүр лүү нь цацтал “чи муу яах гээд байна” гэж хэлээд миний үснээс зулгаагаад мөн ширээн дээр дарсан. Энэ үед би гарыг нь тавиулах гээд ширээн дээр байсан пивоны шил аваад шидсэн боловч оноогүй. Намайг орилох чимээнээр баарны хамгаалагчид болон ажилчид ирээд салгасан. Тэгээд намайг баарнаас гарах гээд үүдэнд зогсож байтал Эрдэнэ-Ундрах нь ирээд чи муу гичий гээд дахиад доромжлоод байхаар нь миний уур хүрээд мөн хэрэлдсэн. Энэ үед Эрдэнэ-Ундрах нь орилж ирээд миний гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн. Мөн толгой руу минь гараараа зөндөө цохисон...Эрдэнэ-Ундрах, Мөнх-Эрдэнэ нар надтай муудалцаад намайг зодож байхад ирж салгасан баарны хамгаалагч нартай муудалцсан. Ер нь салгасан гэж уурлаад зодолдсон. Надтай муудалцаад намайг зодож байхад намайг ирж салгасан баарны ажилчид болох хамгаалагч залуу мөн менежер гээд хоёр хүнтэй маргалдаад муудалцсан, энэ үед баарны менежер залуу ирээд намайг зааланд оруулаад суулгасан юм. Би сандал дээр сууж байгаад нэг мэдсэн ухаан алдсан байсан. Нэг сэргээд хартал зааланд хамгаалагч залууг оруулаад ирсэн, тэр залуу ухаангүй газар хэвтээд таталт өгч байсан. Менежер залуугийн нүд нь хөхрөөд хавдсан байдалтай Эрдэнэ-Ундрах найзуудынхаа хамт зодсон гээд яриад байж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55-56-р хуудас/  

 

хохирогч Т.Сүх-Эрдэний “...Эрдэн-Ундрах Сайханчимэг нар юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг заалны үүдэнд зогсож байтал Энх-Өсөх ах дуудахаар нь яваад очтол цаад ширээн дээр хүмүүс маргалдаад байна очоод зохицуул гэхээр нь тэр ширээн дээр яваад очтол Сайханчимэг, Эрдэнэ-Ундрах нар хоорондоо муудалцаад бие биенийгээ цохиод байж байхаар нь дундуур нь ороод салгасан Эрдэнэ-ундрах нэлээн согтуу хийж байгаа үйлдлээ ухамсарлах чадваргүй согтсон байсан. Сайханчимэгийн хувьд бага зэргийн согтолттой байсан чи яагаад намайг зодож байгаа юм гээд орилоод байсан намайг амжиж очоогүй бол Эрдэнэ-Ундрах Сайханчимэгийн толгойг пивоны шилээр цохих байсан.

...Ер нь Эрдэнэ-Ундрах нь ганцаараа бааранд танхайраад салгах гэж очсон хүн болгонтой муудалцаад байсан...Эрдэнэ-Ундрах, Сайханчимэг хоёр зааланд муудалцаад бие биенийгээ цохиж байхаар нь дундуур нь ороод салгаж заалнаас аваад гарч байтал коридорт Сайханчимэгийг Эрдэнэ-Ундрах хөлөөрөө 2 удаа өшиглөхөөр нь би Эрдэнэ-Ундрахыг хүзүүнээс нь татаад хойш нь болготол хойшоо эргэж хараад 2-3 удаа миний нүүрэн тус газар цохиосон. Тэгээд би Эрдэнэ-Ундрахаас арай гэж салчихаад зааланд орж гадуураа өмсөж байсан куртикээ тайлчихаад баарнаас гарч цагдаа дуудах гэж байтал Отгонзаяа нь намайг дагаж гарч ирээд “чи цагдаа дууддаг хэн бэ” гээд шууд миний нүүр болон гэдэс рүү нэг нэг удаа өшиглөхөд нь ухаан алдсан...Бааран дотор Эрдэнэ-Ундрах танхайраад хүн болгонтой муудалцаж байхад Отгонзаяа нь уг хэрүүл маргааныг зохицуулаад яваад байсан юм. Тэгээд би Отгонзаяад хандаад та одоо энэ хүмүүсээ баарнаас аваад гар гээд хэлтэл “чи муу намайг хөөдөг хэн бэ” гэж хэлээд намайг цохисон. Мөн цагдаа дуудлаа гэх шалтгаанаар зодсон. Эрдэнэ-Ундрах Отгонзаяа хоёроос өөр хүн цохиогүй...” /1хх-ийн 59-60-р хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

хохирогч Т.Энх-Өсөхийн“...Тэгээд удалгүй баарны зааланд хүмүүс орилолдоод байхаар нь эргээд хартал сүүлд орж ирээд гурван эмэгтэйтэй хамт суусан залуучуудын нэг залуу нь хамт сууж байсан хүүхнийхээ үснээс нь зулгаагаад ширээ мөргүүлээд толгой дээр нь ууж байсан пиво асгаж байхаар нь би Сүх-Эрдэний хамт нөгөө ширээн дээр очоод маргалдаж байгаа хүмүүст нь та нар боль эндээс одоо гар битгий зодоон үүсгээд бай гэж хэлтэл нөгөө хэдэн согтуу залуучууд үгэнд орохгүй та нарт хамаагүй бид нар өөрсдөө шийднэ гээд агсраад байсан.

...заалны үүдэн дээр би гар утсаараа яриад зогсож байтал нэг залуу ирээд /Отгонзаяа/ чи хэнийгээ дуудаад байгаан бид нар энэ асуудлыг чинь шийддэг хүмүүс байна гэхээр нь хэнийг ч дуудсан яадаг юм чамд ямар хамаатай юм гэж хэлтэл анх бааранд орохдоо гуйж байсан залуу хүрээд ирэхээр нь чи анх хоёулаа орно гэж хэлчихээд орохдоо 10 гаран залуучууд дагуулж орж ирж суучихаад сүүлдээ хэрүүл маргаан хийгээд байхдаа яадаг юм одоо та нар гар гэж хэлтэл Отгонзаяа нь хажуугаас “чи ер нь хэн болчихоод бид нарыг гар гээд тушаагаад байгаа юм” гэхээр нь би энэ баарыг хариуцдаг хүн байна. Та нарыг би гуйж оруулаагүй шүү гэж хэлчихээд баарнаас гарах гэж байтал нөгөө залуучуудын зарим нь миний урд гараад зарим нэг нь хойд талд явж байгаад Отгонзаяа нь надаас хэрүүл өдөж маргалдаад баарны хаалгаар гарах гэж байхдаа Отгонзаяа нь намайг цохих гээд байхаар нь би хойш нь түлхээд хаалгаар гартал эргэж хараад миний нүд болон толгой руу цохихоор нь би эргээд баарлуу орсон. Тэдгээр залуучуудтай Сүх-Эрдэнэ хамт гарсан юм...гэсэн мэдүүлэг ” /1хх-ийн 64-р хуудас/

 

гэрч Б.Төгсжаргалын ...Сайханчимэг бид хоёр бүжиглэж байгаад миний танил Эрдэнэ-Ундрах, Мөнх-Эрдэнэ хоёртой таараад мэнд мэдчихээд бүжгийн талбайгаас буугаад ширээн дээрээ ирж суухад Эрдэнэ-Ундрах, Мөнх-Эрдэнэ хоёр хойноос дагаж ирээд хамт нэг ширээн дээр суусан. Тэгээд юм яриад сууж байтал Эрдэнэ-Ундрах нь согтчихоод надтай нэг л эвгүй харьцаад гичий гэх мэт бүдүүлэг үг хэлээд байсан. Тухайн үед нь би үгийг нь нээх их тоохгүй инээж хөхрөөд сууж байтал гэнэт л миний үснээс зулгаагаад ширээн дээр доош нь дарсан. Тэгтэл хажуунаас Сайханчимэг болиоч гээд Эрдэнэ-Ундрах руу пиво цацтал Эрдэнэ-Ундрах нь бас Сайханчимэгийн үснээс нь зулгаасан тэгээд бөөн орилоон чарлаан болоход баарны хамгаалагч болон ажилчид ирээд бид нарыг салгасан. Тэгтэл Сайханчимэгийн гарнаас нь цус гараад тогтохгүй байсан...намайг нэг харахад баарны хамгаалагч залуу ухаан алдсан байдалтай хоёр залуу хоёр талаас нь дамжлаад баарны заал руу аваад орж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 90-р хуудас/

 

 гэрч Ш.Арвинбаярын “...архи ууцгаагаад сууж байтал хажуу талын ширээн дээр шил хагарах чимээ гарахаар нь хойшоо эргээд хартал Эрдэнэ-Ундрах цуг ширээн дээрээ сууж байсан нэг хүүхэнтэй маргалдаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 71-р хуудас/

 

        гэрч Э.Даваажаргалын “...хамтдаа нэг ширээн дээр суугаад баарнаас нэг шил 0.75 литрийн архи авч хүн, хүнд хундгалж өгөөд бид нар бүгд босоод Отгонзаяа ах үг хэлтэл цаад талын ширээн дээр хүн орилоод шил хагарах чимээ гарахаар нь эргээд хартал Эрдэнэ-Ундрах нь толгойгоо бариад куртик нь норчихсон хамт сууж байгаа хүүхэнтэйгээ маргалдаад нөгөө хүүхэн нь Эрдэнэ-Ундрахыг бүдүүлэг новш вэ гээд орилоод байсан...би Мөнх-Эрдэнийг аваад баарнаас гарч ирэхэд Эрдэнэ-Ундрахыг Баттулга хойноос авч гарч ирээд бид нар автобусны буудал дээр зогсож байтал. Удалгүй Нарантогтох гарч ирээд “Отгонзаяа ах баарны хамгаалагч залууг цохитол нөгөө залуу нь газар уначихаад босч ирэхгүй байна” гэж хэлтэл Нарантогтох, Мэнх-Эрдэнэ, Эрдэнэ-Ундрах тэр гурав хамтдаа баар луу орсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76-78-р хуудас/

 

гэрч Э.Энхбаярын “...ажлынхаа залуучуудын ширээн дээр очоод авсан архинаас нэг хундагыг уугаад ярилцаад сууж байтал эмэгтэй хүний орилох чимээтэй хамт шил хагарах чимээ гарахаар нь эргээд хартал Эрдэнэ-Ундрахын ширээн дээр хэрүүл маргаан болж байхаар нь ширээн дээр нь очиход Эрдэнэ-Ундрахын дух хэсгээс цус гарсан, ширээн дээрээ сууж байсан хүүхэнтэй хэрүүл хийгээд зогсож байсан. Энэ үед тус баарны хамгаалагч гээд нэг хар хувцастай залуу ирээд Эрдэнэ-Ундрахыг ар талаас нь хоолойг нь боогоод ширээнээс холдуулж байсан. Отгонзаяа ах ирээд нөгөө хамгаалагч залуутай маргалдаад Эрдэнэ-Ундрахыг өмөөрөөд салгаж аваад ширээ рүүгээ дагуулаад явсан...эхлээд бол Эрдэнэ-Ундрах нь зааланд Сайханчимэгтэй маргалдаад бие биенийгээ цохисон. Дараа нь баарны коридорт Эрдэнэ-Ундрах нь хамгаалагч залуутай маргалдаад зууралдаад байсан. Тэрний дараа Отгонзаяа ах тэр баарны хамгаалагч залуутай маргалдаж байхад нь би баарнаас гараад автобусны буудал орж Эрдэнэ-Ундрах, Мөнх-Эрдэнэ хоёртой уулзчихаад буцаад бааранд орж ирэхэд Отгонзаяа ахтай муудалцаж байсан баарны хамгаалагч нь зодуулсан байдалтай зааланд хэвтэж байсан. Тэрнээс хэрүүл зодоонд Эрдэнэ-Ундрах, Отгонзаяа ах хоёроос өөр хүн оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 93-95-р хуудас/

 

гэрч Д.Мөнхтуяагийн “... тухайн үед би цэвэрлэгээ хийгээд 00-д байхад хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаад байх шиг байхаар нь би 00-ын өрөөнөөс гараад хартал баарны коридорт хэдэн залуучууд хоорондоо маргалдаад зогсож байсан. Энэ үед хамгаалагч Сүх-Эрдэнэ голд нь ороод тэдгээр хүмүүсийг хоёр тийш нь салгаж байсан. Тэдгээр хүмүүс нь баарнаас гараад явсан. Сүх-Эрдэнэ нь хойноос нь дагаж гараад удалгүй зодуулсан байдалтай хоёр хүнээр хоёр талаасаа өргүүлээд орж ирсэн. Мөн Энх-Өсөх нүдэндээ цохиуллаа гээд коридорт явж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99-100-р хуудас/

 

гэрч Б.Энхбатын “...Энх-Өсөхийг гар утсаа гаргаж иртэл “чи яагаад гар утас гаргаж ирээд бариад байгаан бичлэг хийгээд байгаа юм уу” гэж хэлтэл Энх-Өсөх нь би гар утсаараа гэрлүүгээ ярьж болдоггүй юм уу гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёр дээр очоод “Энх-Өсөхөө хоёулаа гаръя гээд” үүдээр гарах гэж байтал Отгонзаяа нь Энх-Өсөхийг цохих шиг болтол Энх-Өсөх “яая” гэж хэлээд доошоо суутал хойноос ирж байсан хүмүүст түрэгдээд бөөнөөрөө баарнаас гарч ирсэн. Баарнаас гарч иртэл Отгонзаяатай цуг явж байсан хоёр залуу миний хоёр талаас бариад авахаар нь би “яах гээд намайг барьж байгаан” гээд маргалдаад зогсож байтал цаад талд Сүх-Эрдэнэ цохиулаад газар унаж байсан. Тэгээд нөгөө хоёр залуу намайг тавихаар нь баарлуу орсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 104-106-р хуудас/

 

Г.Ганбатын сэжигтнээр өгсөн мэдүүлэг “...Эрдэнэ-Ундрах гараа зүсүүлдэг хүүхэнтэй маргалдаад, тэр хүүхний үснээс нь зулгаахад зөрүүлээд тэр хүүхэн пивоны шилээр Эрдэнэ-Ундрахын толгойруу нь цохиж байгаа харагдсан. Энэ үед хамгаалагч залуу ирээд салгасан. тэгээд бид нар нэмэгдэж очоод Эрдэнэ-Ундрах, Мөнх-Эрдэнэ нарыг эндээс гар гэсэн боловч гарч байхад нь нөгөө хүүхэн араас нь очоод Эрдэнэ-Ундрахтай дахиж маргалдахад Эрдэнэ-Ундрах тэр хүүхний гэдэс рүү хөлөөрөө өшиглөж байх шиг байсан. Энэ үед хамгаалагч залуу дундуур нь ороод салгатал Эрдэнэ-Ундрах уурандаа мөн хамгаалагч залуутай зодолдоод эхлэхлээр нь би дундуур нь орж салгасан би тэгээд баарны заалруу ороод өөрийнхөө гадуур хувцсыг авч коридорт хүлээж байсан Отгонзаяа ах дээр очиход баарны хамгаалагч залуутай мөн маргалдаад зогсож байсан тэгээд би баарнаас түрүүлж гарч явахад миний хойноос Отгонзаяа ах баарны хамгаалагч залуутай хоорондоо барьцалдаад гарч ирж байсан. Намайг нэг эргээд хартал баарны хамгаалагч залуу газар уначихсан байхаар нь яваад очтол ухаан алдсан байсан. Хажууд нь хөндлөнгөөс харж байсан хүмүүс Отгонзаяа ахыг баарны хамгаалагч залууг цохиод ухаан алдуулчихлаа гэж байсан. Мөн баарны хамгаалагч залууг ажилчид нь өргөөд оруулахад баарны менежер гээд байгаа залуу нүдэндээ цохиулчихлаа гээд гараараа нүдээ дараад явж байсан ...”  гэсэн /1хх-ийн 160-р хуудас/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 885 дугаартай: Н.Сайханчимэгийн биед зүүн сарвууны 3 дугаар хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир, үзүүр зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /1хх-ийн 107/ гэсэн дүгнэлт,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 884 дугаартай: Т.Энх-Өсөхийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /1хх-ийн 108/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 51-52/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас, 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсахуй” бааранд шүүгдэгч Н.Эрдэнэ-Ундрах согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Т.Сайханчимэг, Б.Төгсжаргал нарт хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан,

мөн танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн тус баарны хамгаалагч Т.Сүх-Эрдэний тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэж дүгнэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт,   мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт заасан гэмт  хэрэгт,

 

        шүүгдэгч Т.Отгонзаяаг дээрх цаг хугацаанд тус газарт иргэн Т.Энх-Өсөх, хамгаалагч Т.Сүх-Эрдэнэ нарт хүч хэрэглэж иргэн Т.Энх-Өсөхийн биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

мөн танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцсэн гэж дүгнэн 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Н.Эрдэнэ-Ундрах, Т.Отгонзаяа нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад ирүүлсэн бөгөөд уг хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж буй Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь хүнлэг, энэрэнгүй зарчимд нийцэх  бөгөөд

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “танхайрах  гэмт хэрэг“ мөн гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх гэдэг ойлголт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул Н.Эрдэнэ-Ундрахын холбогдсон хэргээс догшин авирлаж танхайрсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

Харин шүүгдэгч Т.Отгонзаяагийн холбогдсон хэргээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “догшин авирлаж танхайрсан” гэмт хэрэг нь  шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон боловч түүний дээрхи үйлдийн улмаас  хохирогч Т.Энх-Өсөхийн биед хөнгөн гэмтэл учирсныг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт дүйцүүлэн зүйлчилж тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Эрдэнэ-Ундрах, Т.Отгонзаяа нарын тус тусдаа холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт заасан “...танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж”  үйлдсэн гэх гэмт хэрэгт тэдгээрийг улсын яллагч шүүх хуралдааны явцад яллахаас татгалзсаныг шүүх хүлээн авч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

        Шүүхээс шүүгдэгч Т.Отгонзаяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт  заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж Т.Отгонзаяад торгох ял оногдуулав. 

 

            Шүүгдэгч Т.Отгонзаяа хохирогч Т.Энх-Өсөхөд 700.000 төгрөг, хохирогч Н.Сайханчимэгт 400.000 төгрөг төлсөн ба хохирогч Т.Сүх-Эрдэнэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол нэхэмжлээгүй бөгөөд  хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.   

            Шүүгдэгч Н.Эрдэнэ-Ундрах, Т.Отгонзаяа нарт хилийн хориг тавьсныг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тэдгээрт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах  нь зүйтэй.

            Шүүгдэгч Н.Эрдэнэ-Ундрах, Т.Отгонзаяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд хэрэгт хураагдаж ирсэн  бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт үлдээхээр шийдвэрлэлээ.  

           Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокурорын газраас Хатгин овогт Намхайн Эрдэнэ-Ундрах, Тайчууд овогт Төртогтохын Отгонзаяа нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагч яллахаас татгалзсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Н.Эрдэнэ-Ундрахад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Отгонзаяад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дүйцүүлэн өөрчлөн зүйлчилсүгэй.

 

  1. Тайчууд овогт Төртогтохын Отгонзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Отгонзаяаг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосныг 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Отгонзаяад мэдэгдсүгэй.
  2. Т.Отгонзаяа, Н.Эрдэнэ-Ундрах нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг  дурдсугай.
  3. Хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт үлдээсүгэй.
  4. Хатгин овогт Намхайн Эрдэнэ-Ундрах, Тайчууд овогт Төртогтохын Отгонзаяа нарт мөрдөн байцаалтын шатанд авсан хилийн хоригийг  тус тус цуцалж тэдгээрт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
  5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ