Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/01295

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01375 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

 

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхон, 65Б байрны 31 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлтэй, М ХХК-ийн орон сууцны ашиглалтын зардалд 1 633 050 төгрөгийг Д.Уээс гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт М ХХК-ийн барьж байсан орон сууцны Да хүрээ хотхоны 65 Б байрнаас 31тоотод 22 м.кв 1 өрөө байр сонгон сууцны үнэ 17 472 000 төгрөгийг төлсөн.Гэрээгээр 1 м.кв талбайн үнэ 780 000 төгрөг, нийт 17 472 000 төгрөгийн урьдчилгаа 5 000 000 төгрөгийг 2011.07.04-ний өдөр 28,6 хувь болох 5 000 000 төгрөгийг 2011.07.07-ны өдөр, 5 000 000 төгрөгийг 2011.07.28-ны өдөр  бэлнээр, 2 472 000 төгрөгийг дансанд 2012.01.05-ны өдөр төлсөн.

Гэрээнийхээ үүргийг биелүүлсэн тул орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахаар М ХХК-д удаа дараа хандсан боловч НӨАТ-ын татвар болон ашиглалтын зардал нэхсэн. Үүнийг зөвшөөрөөгүй учраас миний байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтыг гаргаж өгөөгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээгүй 6-7 жил хохирч байна. Гэрээнд орон сууцыг хэзээ хүлээлгэж өгөх талаарх хугацааг тохиролцоогүй.

Иймд Баянзүрх дүүргийн 17-р хороо, Да хүрээ хотхон, 65б байрны 31 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг Мануул трэйвэл ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.У 2011 оны 07сарын 04-ний өдөр М ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээгээр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Да хүрээ хотхоны 65 Б байрны 31 тоотыг захиалсан.Д.У 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцыг ашиглалтад хүлээн авахдаа М ХХК-тай хэлцэл байгуулж, эзэмшилдээ авсан.

Тухайн цаг үед Улаанбаатар хотын хэмжээнд улсын комисс түр хугацаагаар ажиллахгүй, барилгыг хүлээн авахгүй байсан тул дээрх нэмэлт хэлцэл талуудын хооронд байгуулагдаж, байрыг улсын комисс хүлээж автал байрны ашиглалтын зардлыг буюу Д.Уийн өөрийнх нь хэрэглэсэн цахилгаан, цэвэр ус, бохир ус, дулаан, дундын цахилгаан, хог тээврийн төлбөрийг төлөхөөр тохирсон.

Орон сууцны барилгыг 2014.02.26-ны өдөр улсын комисс ашиглалтад авсан. 2012.01.27-ны өдрөөс 2014 оны 04 сарын хугацаанд Д.У өөрийн байранд оршин сууж байсан.

Гэвч тэрээр дээрх хугацааны ашиглалтын зардлыг төлөөгүй бөгөөд ашиглалтын зардлыг Мануул трэйвэл ХХК өмнөөс нь  төлсөн. Улсын комисс барилгыг хүлээж авсан боловч улсын комиссын акт гарахгүй 2 жил гаруй хугацаанд хойшилсон явдалд компани буруугүй, энэ нь компанийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй. Компанийн зүгээс улсын комиссын актын талаар удаа дараа холбогдох байгууллагад хандаж байсан. Д.Уийн амьдарч байгаа орон сууцны 2012-2014 оны ашиглалтын зардал болох халаалт, цэвэр ус, бохир ус, хог, цахилгааны төлбөрийг Мануул трэйвэл ХХК төлсөн бөгөөд тэрээр энэхүү төлбөрийг төлөхгүй байгаа тул түүнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авах бичиг баримт олгогдох боломжгүй юм.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У нь 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай компанитай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхонд 65 Б байрны 31 тоот орон сууцыг захиалсан.Д.У 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцыг ашиглалтад хүлээн авахдаа  хэлцэл байгуулсан. Хэлцэлд орон сууцанд орсны дараа хэрэглэсэн цахилгаан, цэвэр ус, бохир ус, дулаан, ус халаалт, дундын цахилгаан, дундын дулаан, дундын ус, хог тээврийн төлбөрийг төлнө гэж бичээд Д.У гарын үсэг зурсан.Түүний амьдарч байгаа 65 Б байрны 31 тоотын 2012 оны 02 дугаар сараас 2013, 2014 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны орон сууцны ашиглалтын зардал болох халаалт, цэвэр ус, бохир ус, хог, цэвэрлэгээ, цахилгааны төлбөр 1.633.050 төгрөгийг манай компани төлсөн юм.

Мануул трэйвэл ХХК нь 2012 оны 01 дүгээр сараас 2014 оны 05 сар хүртэлх хугацаанд Ус сувгийн удирдах газарт 39.000.000 төгрөг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д 42 сая төгрөгийн төлбөр төлсөн байдаг.

Төрийн банкнаас ирүүлсэн төлбөр төлсөн баримтын жагсаалтын 261-ээс 287 дугаарт 2012.02 дугаар сараас 2014.04 дүгээр сар хүртэлх хугацааны Д.Уийн ашиглалтын төлбөрийг төлсөн болох нь тусгагдсан.Тиймээс түүний орон сууцны ашиглалтын зардлыг компани төлсөн гэдэг нь Төрийн банкнаас ирүүлсэн баримт болон бусад газраас ирүүлсэн баримтаар батлагдаж байна. Мөн Мануул трэйвэл ХХК-ийн өөрийнх нь санхүүгийн баримт болон Төрийн банкнаас гаргаж өгсөн төлбөр төлсөн тухай жагсаалт хоорондоо зөрдөггүй, таардаг.

Иймд Д.Уээс орон сууцны ашиглалтын зардал 1 633 050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Уээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Мануул трэйвэл ХХК-ийн нэхэмжилж байгаа ашиглалтын зардал 1 633 050 төгрөг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Д.Ут төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна. Д.Уийн өмнөөс түүний хэрэглэсэн гэх ашиглалтын зардлыг Мануул трэйвэл ХХК төлсөн тухай санхүүгийн баримт байдаггүй. Төрийн банкинд жагсаалтаар төлбөр гарч болох боловч уг баримт нь компанийн баримттай таарч байгаа гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь сөрөг нэхэмжлэлийг нотлох үндэслэл болохгүй.

Нэхэмжлэхийг дараа нь нөхөж хийсэн байдаг. Мануул трэйвэл ХХК-ийн утас, шуудангийн хаяг, банкны нэр, дансны дугаар, гэрээний дугаар нь тодорхойгүйгээс гадна гүйлгээний утга нь дэлгэрэнгүй мэдээлэлгүй, зөвхөн үнийн дүн бичсэнээс эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Д.Уээс ямар тоолуурын ямар заалтыг үндэслэж халаалт, халуун хүйтэн ус, цахилгааны төлбөрийг тооцож гаргасан нь тодорхойгүй, ямар ч тоо хэмжээ, нэгжийн үнэ байхгүй, тамга дарсан хэдий ч гарын үсэг нь хэнийх болох нь тодорхойгүй, хэн зурсан нь тодорхойгүй баримтыг шүүхэд ирүүлжээ.

Мануул трэйвэл ХХК нь санхүүгийн ямар баримтыг үндэслэн ашиглалтын зардлын картыг гаргасан нь тодорхойгүй мөртлөө уг картаа үндэслэн ашиглалтын зардал нэхэмжлээд байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, 19 дүгээр зүйлийн 19.2-т улсын комисс хүлээж аваагүй байрыг цахилгаан, дулаан, халуун хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад хүлээлгэж өгөөгүй бол цахилгаан, дулаан, усаар хангахыг хориглоно гэж заасан байдаг. Мануул трэйвэл ХХК орон сууцыг цаг хугацаанд нь улсын комиссод хүлээлгэж өгөөгүй тул үүнээс гарах үр дагавар буюу энэ хугацааны ашиглалтын зардлыг өөрөө хариуцах ёстой.

Мөн ашиглалтын зардлын талаарх тооцоог тодорхой хэлж тайлбарлахгүйгээр Д.Уээр 2015 онд гарын үсэг зуруулсан баримтыг үндэслэн 1 633 050 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Энэ хугацааны ашиглалтын зардлыг бодитойгоор бөгөөд айл өрхийн тарифаар тогтоосон бол өөр хэрэг гэж үзэж байна.Хэрэв ашиглалтын зардлын талаарх нэхэмжлэх өгвөл төлнө гэж бодож байсан боловч энэ талаар нэхэмжлэх өгч байгаагүй. Тус байрныхан 2015.05.01-ний өдөр СӨХ байгуулж, СӨХ-өөс ирүүлсэн санхүүгийн баримтаар банкинд ашиглалтын зардлаа төлж байгаа болно. Тэгээд ч Мануул трэйвэл ХХК нь улсын комисс хүлээн аваагүй барилгынхаа ашиглалтын зардлыг аж ахуйн нэгжийн тарифаар тооцож, иргэнээс нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Д.У /РД:ЕП86092511/-т Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхон, 65Б байрны 31 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч М ХХК /РД:2587203/-д даалгаж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.Уээс ашиглалтын зардалд 1 633 050 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ут олгож, хариуцагч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 29.121 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан М ХХК-д олгож, үлдэх 41.079 төгрөг, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төрийн банкны төлбөрийн баримтын жагсаалтын 261-287 дугаарт Д.Уийн орон сууцны 2012, 2013, 2014 оны 05 дугаар сар хүртэлх ашиглалтын зардлыг “М” ХХК төлсөн болох нь тогтоогдсон. Хариуцагчийн нэхэмжлэх, санхүүгийн баримт болон Төрийн банкнаас гаргаж өгсөн төлбөрийн баримт хоорондоо таарч байхад шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх боловч давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхоны, 65Б байрны 31 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь 31 тоот сууцны 2012 оны 02 дугаар сараас 2014 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны ашиглалтын зардалд 1 633 050 төгрөгийг Д.Уээс гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч “М” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдөр №1/31 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, М ХХК нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхоны, 65Б байрны 31 тоот орон сууцыг барьж, хариуцагчийн эзэмшилд  2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн, орон сууцыг Улсын комисс 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2014/127 тоот актаар ашиглалтад хүлээн авсан, нэхэмжлэгч орон сууцны үнэ 17 472 000 төгрөгийг гэрээний хугацаанд бүрэн төлж үүргээ гүйцэтгэсэн үйл баримт тогтоогджээ./хх-7-9, 11 /

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих юм. Талуудын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9-д захиалагч төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд байрыг түүний өмчлөлд шилжүүлэн өгөх бөгөөд үүнтэй холбоотой шаардлагатай бичиг баримтыг түүнд саадгүй гарган өгнө гэж заасан. Нэхэмжлэгч орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлж төлбөрөө төлсөн тул хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.  Хэргийн баримтаас үзэхэд  хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй, орон сууцыг нэхэмжлэгчийн зөвхөн эзэмшилд шилжүүлээд байгаа нь тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох тул өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч гаргуулан авахад шаардагдах бичиг баримтыг хариуцагч гаргаж өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч М ХХК нь дээрх орон сууцны ашиглалтын зардал 1 633 050 төгрөгийг  төлөөгүй тул орон сууцыг өмчлөлд авахтай холбоотой бичиг баримтыг Д.Ут гаргаж өгөхгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг, ашиглалтын зардал хоёр нь тусдаа асуудал бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэг заасан агуулгаар татгалзах эрхгүй юм.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг. Нэхэмжлэгч Д.У нь  2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 65Б байрны 31 тоот орон сууцыг бодит эзэмшилдээ хүлээн авч 2012 оны 02 дугаар сараас 2014 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд халаалт, цэвэр ус, бохир ус, хог, цэвэрлэгээ, цахилгааныг ашигласан үйл баримт тогтоогдсон. Уг үйл баримтыг хариуцагч үгүйсгэж чадахгүй байна. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөөг хамгаалах, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ. Дээрх зарчимтай холбоотойгоор иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хэн ч байсан үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй юм. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох юм.  Талууд 2012 оны 1 дүгээр сарын 27-нд  65 Б байрны 31 тоот орон сууцны эзэмшлийг хүлээлцэх үед орон сууцанд орсоны дараа холбогдох төлбөр зардлыг Д.У хариуцах агуулгатай бичгийн баримт үйлджээ.

 

Хариуцагч нь 31 тоот сууцны 2012 оны 01 дүгээр сарын 27-ноос 2014 оны 05 дугаар сар хүртэлх ашиглалтын зардалд 1 633 050 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн гэж тайлбарлаад зардлын карт, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, гэрээ, хэрэглэгч нар дээр гарсан зардлын задаргаа, 1 633 050 төгрөгийн ашиглалтын зардлыг төлөхийг зөвшөөрч хариуцагчид нэхэмжлэгчийн бичиж өгсөн бичгийн баримт зэрэг нотлох баримтууд гаргасныг нэхэмжлэгч няцаагаагүй.  /52,63,81, 87,108-114,123-127/

 

Д.У нь орон сууцны ашиглалтын зардалд “М” ХХК хэдэн төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй, улсын комисс хүлээн аваагүй байрыг эзэмшүүлсний үр дагаврыг хариуцагч хариуцна гэж маргасан.

 

Анхан шатны шүүхээс Барилгын тухай хуулийн /2008 оны/ 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д ашиглалтад хүлээлгэж өгөөгүй барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад хүлээн аваагүй барилга байгууламжийг цахилгаан, холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно гэсэн заалтуудыг тухайн маргааны шаардах, татгалзах эрхэд хамаарахгүй байхад буруу тайлбарлан хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгожээ.

 

Анхан шатны шүүх “ талууд барилгыг ашиглалтад оруулах улсын комисс хүлээж аваагүй байхад эзэмшсэн, улмаар ашиглалтын зардлыг төлөхөөр тохиролцсон нь дээрх заалтыг зөрчсөн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй “гэж дүгнэсэн нь буруу болжээ. Улсын комисс хүлээж аваагүй байхад орон сууцыг эзэмшсэн үйл баримтад талууд маргаагүй. Түүнчлэн  ашиглалтын зардал гарсан, ашиглалтын үр шимийг бодитойгоор хүртсэн этгээд нь сууц эзэмшигч Д.У болох тухайд талууд маргаагүй. Маргааны зүйл нь бодитой гарсан зардлыг хэн хариуцаж төлөх тухай асуудал юм. Хэргийн 12-р талд авагдсан баримтаас үзэхэд Д.У нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар ашиглалтын зардлыг хариуцахаар үүрэг хүлээсэн. Харин энэ үүргийг хариуцагч өмнөөс нь гүйцэтгэж холбогдох байгууллагуудад төлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болдог. Иймд нэхэмжлэгч Д.Уээс  1 633 050 төгрөгийг гаргуулж хариуцагч “Мануул трейвел” ХХК-нд олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Уээс ашиглалтын зардалд 1 633 050 төгрөг гаргуулж хариуцагч “М” ХХК-д олгосугай” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ут олгож,  нэхэмжлэгч Д.Уээс 41 079 төгрөг гаргуулж, хариуцагч М ХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 29 121 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан М ХХК-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоо гүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД