2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2160

 

 

 

 

 

 

 

 

   2025        09         15                                       2025/ШЦТ/2160

 

 

                                     

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг

          Улсын яллагч М.Бамбадорж

          Орчуулагч Б.Отгонбаяр

          Хохирогч ************, түүний өмгөөлөгч Б.Бадамханд

          Шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овогт ************ холбогдох эрүүгийн “2506001570489” дугаар 1 хавтас хэргийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүнд машин механизмын засварчин ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ************ тоотод оршин суудаг, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

************ овогт ************ /РД: ************/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ************ нь 2024 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ************ тоотод оршин суух Америкийн нэгдсэн улсын иргэн ************-н зуслангийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллах дүгнэлтэд намайг үнэт эдлэл хулгайлсан хэмээн дурдсан байсан. Үнэт эдлэл гэдэг нь одоо бурхан ч юм уу тийм зүйлийг хэлэх байх. Манай гэрт бол ямар ч үнэт эдлэл байдаггүй байсан. За яахав өөрийн гэсэн хэрэгцээтэй зүйлсийг бол авсан. Үнэт эдлэл бол аваагүй. Хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ************ мэдүүлэхдээ: “Гэрээс хулгайд алдагдсан зүйлсийн жагсаалтыг гаргаж өгсөн. Хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаар буюу иргэн худалдан авах үнээр үнэлсэн байна. Эд зүйлсийн өөрийн үнэ, цэнийг үнэлээгүй. Өөрөөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Хэргийн хувьд бүхэлд нь авч үзэхэд хохирлоос гадна надад гомдолтой байна. Тухайн алдагдсан зүйлсийг хэрхэн иргэн байршуулах талаар гомдолтой байна. Цахилгааны эд зүйлсийг гэмтээсэн байгаа үүнийг хэрхэн эргээж сэргээх вэ? гэдэгт гайхаж байна.” гэжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-19 дүгээр тал/, хохирогч ************-н мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-41 дүгээр тал/, шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2024 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ************ тоотод оршин суух Америкийн нэгдсэн улсын иргэн ************-н зуслангийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-19 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ************-н өгсөн: “Миний ************ тоот зуны байшиндаа 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 15:00 цагийн үед очсон. Би байшингийнхаа хаалгыг онгойлгох гээд түлхүүрээ эргүүлсэн чинь онгойхгүй байхаар нь байшингаа тойроод халаалтын өрөөний цонх хагарсан байхаар нь тухайн цонхоор нь ороод хаалгаа онгойлготол дотроос түгжсэн байсан. Тэгээд халаалтын өрөөнд байсан худагны насос, худагны мотор, 2 ширхэг паар, сангийн хоолойнууд алга болсон байсан. Үргэлжлүүлээд 2 давхарт гараад өрөөгөө шалгатал миний 4100 долларын үнэтэй эртний Noritaki-н үнэт эдлэл, 1000 долларын үнэтэй 14 ширхэг хийцтэй 4-5 хийл, 200 долларын үнэтэй ваар, 1000 долларын үнэтэй 14 ширхэг сувинер, 700 долларын үнэтэй бөс торго, түгжигддэг 150 долларын 3 ширхэг чемодан, 1500 долларын үнэтэй бэлгэнд өгөхөөр бэлдсэн шинэ жилийн тоглоом, бэлгүүд, хонины үстэй 500.000 төгрөгийн үнэтэй дээл, бичиг баримтууд, 600 долларын үнэтэй микроскоп комоор, хувцасны жижиг шүүгээ, чемодан, шуба, хувцасны жижиг шүүгээ, үлээвэр хөгжим, халаадаг гудас, нурууны массаж хийдэг төхөөрөмж зэрэг алга болсон байна. Одоогоор санаж байгаа зүйлүүд эдгээр зүйлүүд байна. Манай гэрээс хулгай хийхдээ гэр дотор эд зүйлүүдийг эмх замбараагүй болгоогүй, бүх зүйл цэвэрхэн хэвийн байсан. Тухайн эд зүйлүүд энд байгааг мэдэж байгаа юм шиг хулгай хийсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************ өгсөн: “Би хамтран амьдрагч ************ нь АНУ-н иргэн ************-н байшин руу хууль бусаар нэвтрэн орж худгийн мотор болон байшингийн халаалтын паар зэрэг эд зүйлс аваад гэрт орж ирэхийг нь мэдсэн. Тэгээд би хаанаас юм авсан талаар асуухад ************-н эмээгийн байшингаас авсан гэхээр нь яаж байгаа юм бэ? гай болно шд ээ гэхэд “гайгүй байх аа би өөрөө аргална аа” гэхээр нь би орхисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “... Шинжилгээний объектын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 4.978.100 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /хх-ийн 36-41 дүгээр тал/,

Шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ************ нь 2024 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ************ тоотод оршин суух Америкийн нэгдсэн улсын иргэн ************-н зуслангийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт

Хохирогч ************-н өмгөөлөгч Д.Бадамхандын зүгээс: “Хавтаст хэргийн 28 дугаар талд гэрч ************ “... ************нь АНУ-н иргэн ************-н байшин руу хууль бусаар нэвтрэн орж худгийн мотор болон байшингийн халаалтын паар зэрэг эд зүйлс аваад гэрт орж ирэхийг нь мэдсэн. Тэгээд би хаанаас юм авсан талаар асуухад ************-н эмээгийн байшингаас авсан гэхээр нь яаж байгаа юм бэ? гай болно шд ээ гэхэд “гайгүй байх аа би өөрөө аргална аа” гэхээр нь би орхисон” хэмээн мэдүүлсэн бөгөөд хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтаар шүүгдэгч ************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан буюу 4.978.100 төгрөгөөр тооцож хохирогчид гаргуулах хүсэлтэй байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх шинжийг заажээ.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтэрснийг ойлгоно.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ************ нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ************-н 4.978.100 төгрөг / “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан/ нэхэмжилсэн тул үүнийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч Rhoades Beverly-д олгож шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ************ гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэх санал,

Хохирогч ************-н өмгөөлөгч Д.Бадамхандын зүгээс: Хохирогч ************ нь Монгол Улсад олон жил ажиллаж амьдарч байгаа. Шүүгдэгч ************ бага наснаас нь буюу 2 наснаас хойш өсгөж хүмүүжүүлсэн. Шүүгдэгчийн зүгээс өөрийг нь өсгөж хүмүүжүүлсэн хүний гэрээс эд зүйл хулгайлж байгааг үнэхээр ёс зүйгүй үйлдэл гэж бодож байна. Хохирогчид хохирол төлбөр төлсөн зүйлгүй, мөн түүнээс уучлалт ч хүсээгүй. Иймд улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэх дүгнэлтийг гаргасан бол хохирогч, шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/ гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 66 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67 дугаар тал/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 68 дугаар тал/, эрүүл мэндийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 69-70 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ************ “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ************ 4.978.100 төгрөгийг гаргуулж хохирогч ************ олгосугай.

5. Хохирогч ************ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС