| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 194/2025/2005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2364 |
| Огноо | 2025-10-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2364
2025 10 13 2025/ШЦТ/2364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг
Улсын яллагч Д.Ундармаа
Шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 442 дугаар шийтгэх тогтоолоор 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 572 дугаар шийтгэх тогтоолоор 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1882 дугаар шүүгчийн захирамжаар 8 сар 18 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
************ /РД: ************/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ************ нь 2025 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ************ тоот ************ эзэмшлийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч iPhone 16, iPhone 16 pro загварын 6.800.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
2025 оны 5 дугаар сарын 03-наас 4-нд шилжих ************ тоотоос ************ өмчлөлийн Redmi 12 загварын гар утас болон ************ iPhone 15 pro max загварын гар утаснуудыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.700.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар тал/, хохирогч ************ мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/, гэрч ************ мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-23 дугаар тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 49-50 дугаар тал/, хохирогч ************ мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-70 дугаар тал/, эд зүйл /мөнгө, баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 71 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
1. 2025 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ************ тоот ************ эзэмшлийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч iPhone 16, iPhone 16 pro загварын 6.800.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ************ өгсөн: “Би өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цаг 50 минут хүртэл өрөөндөө компьютероор тоглоом тоглож байгаад унтсан ба 04 цаг 05 минутын үед манай гэрийн хаалгыг онгойлгож хүн орж ирсэн чимээ гарсан. Тухайн үед би аав, ээж орж ирж байхдаа гэж бодоод юм бодолгүй хэвтэж байсан. Тэгтэл гарч ороод яваад байсан болохоор нь босоод хартал хар өнгийн куртиктэй 170 см орчим өндөр, 20 орчим настай эрэгтэй хүн зугтаж гарсан. Тэгээд би хувцсаа өмсөөд гэрээс гарч гудамж руу гарах үед байхгүй болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манайх унтахдаа гэрийнхээ хаалгыг түгжиж унтдаггүй юм. Байнга онгорхой байж байдаг. Учир нь манай аав, ээж хашаанд хамт байдаг болохоор орж гардаг. Хашааны хаалганы түгжээ нь эвдэрчихсэн. Манай байшингаас унтлагын өрөөнд байсан iPhone 16, iPhone 16 pro загварын 2 ширхэг гар утас алга болсон байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. iPhone 16 загварын гар утсыг 2024 оны 10 дугаар сард Юнителээс 4.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би find my phone хайж үзэхэд 04 цаг 19 минутын үед Хасбаатарын гудамжны ойролцоо зааж байсан. iPhone 16 загварын утсанд ************, iPhone 16 загварын гар утас нь цэнхэр өнгөтэй, саарал өнгийн кейстэй, сэв зураасгүй гар утас байгаа. iPhone 16 pro загварын гар утас нь цагаан өнгөтэй ба тунгалаг өнгөгүй кейстэй. Миний зүгээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Хулгай хийсэн хүнд хуулийн хариуцлага тооцуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************ өгсөн: “Тухайн өдөр би нөхөр хүүгийн хамт гэртээ байж байгаад 22 цагийн үед унтчихсан байсан ба манай нөхөр том өрөөнд компьютер тоглож шөнийн 03 цаг 50 минут хүртэл суусан. Шөнө унтаж байхад манай гэрийн хаалгаар хүн орж ирж гал тогооны өрөөнд явж байсан. Би тухайн үед хадам аав, ээж хоёр орж ирсэн байх гэж бодоод босоогүй. Тэгтэл гарч ороод яваад байсан болохоор хулгайч орж ирсэн байх гэж бодоод үүдний өрөө рүү орж, гэрэл асаасан ба тухайн үед үл таних 170 см орчим өндөртэй, 20 орчим настай, туранхай цайвар, царайтай эрэгтэй хүн манай гэрээс зугтаад гарсан ба манай нөхөр араас нь хөөж гүйцээгүй. Тэгээд нөхөр ************ бид хоёр гэр орноо шалгахад нөхрийн iPhone 16, iPhone 16 pro загварын гар утас алга болсон байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрт цагдаа нар ирж, хэргийн газрын үзлэг хийж, мэдүүлэг авч явсны дараа нөхрийн гар утасны байршил онлайн заагаад байсан болохоор нь нөхөртэйгөө хамт байршлаар нь хайсан. Тэгээд 2025 оны 5 дугаар сарын 4-ний өглөө 06 цаг өнгөрч байхад “************” худалдааны төвийн орчимд гар утасны байршил ассан. Нөхөр ************ бид хоёр “************” худалдааны төвийн гадна очиход манай гэрт орж ирж хулгай хийсэн эрэгтэй хүн Prius 41 маркийн машин дотор сууж байсан. Тэгээд нөхөр бид хоёр хулгайчийг барьж авах гээд машин руу ойртох үед манай гэр рүү орсон хулгайч манай нөхрийн гар утсыг гартаа барьж гүйж байгаад шидчихсэн. Тэгээд нөхөр ************ өөрийнхөө гар утсыг авчхаад, нөхөр бид хоёр хулгайчийн сууж байсан машинд нь очиход манай гэрээс алдагдсан iPhone 16 pro загварын гар утас арын суудалд байсан. Тухайн машины жолооч нь таксины жолооч байсан. Мөн “************” гадна хулгайчтай хамт ирсэн гэх ************ гэх залуутай уулзахад манай найзыг ************ гэдэг өнөөдөр өглөө 05 цагийн үед манайх руу ирж, хамт “************” орж гар утас зарчхаад ирье гэж намайг дагуулж явсан гэж хэлсэн. Манайх хаалгаа түгжээд байдаггүй. Хадам аав, ээж хоёр орж гардаг болохоор. Тухайн 2 ширхэг гар утсаа бүрэн бүтэн олж авсан. Тухайн өдөр манай байшингаас 2 ширхэг гар утас хулгайлсан хүний царайг харсан ба 170 орчим өндөртэй, туранхай биетэй, цайвар царайтай, хар үстэй 20 орчим настай эрэгтэй хүн байсан. Би тухайн хүнийг “************” худалдааны төвийн гадна очиход харсан ба нөхөр бид хоёроос зугтаад явчихсан. Би тухайн хүний царайг дахин харвал танина. Тухайн хулгай хийсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-23 дугаар тал/ зэрэг болно.
2. 2025 оны 5 дугаар сарын 03-наас 4-нд шилжих шөнө ************ тоотоос ************ өмчлөлийн Redmi 12 загварын гар утас болон ************ iPhone 15 pro max загварын гар утаснуудыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.700.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 49-50 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ************ өгсөн: “... өчигдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 03-наас 04-ний өдөрт шилжих шөнө хамт амьдардаг найз ************ болон бид хоёр гэртээ амарч өнжсөн. ************ орой 00 цаг орчмын үед унтсан ба би араас нь урд айлдаа хөзөр тоглож байгаад гэртээ орж ирээд 02 цаг орчмын үед унтсан юм. Тэгээд өглөө 07 цаг орчмын үед сэрээд өөрийн гар утсаа хайхад миний гар утас байхгүй болчихсон байсан. Тэгээд би ************ тоглоод авчихсан юм байх гэж бодоод сэртэл нь хүлээгээд байж байгаад сэрэхээр нь гар утсаа асуусан чинь манай найзын гар утас бас байхгүй болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ************ өгсөн: “... 2025 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хамт амьдардаг манай найз ************ болон бид хоёр гэртээ амарч өнжсөн. Тэгээд би орой 00 цаг орчмын үед сэрээд өөрийн гар утсаа хайгаад олдохгүй болохоор нь ************ асуусан чинь тэрний утас нь бас байхгүй байсан. ************ орой унтахдаа бас над шиг дэрнийхээ хажууд тавьж үлдээгээд унтсан гэсэн. Тэгээд бид хоёр хүний утаснаас өөр өөрсдийнхөө дугаарт залгах үед холбогдох боломжгүй байсан. Миний алдсан гар утас олдоогүй би гар утасны төлбөр болох 2.700.500 төгрөгийг гаргуулж аваад энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна.” гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-70 дугаар тал/,
Эд зүйл /мөнгө, баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 71 дүгээр тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ************ нь 2025 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ************ тоот ************ эзэмшлийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч iPhone 16, iPhone 16 pro загварын 6.800.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
2025 оны 5 дугаар сарын 03-наас 4-нд шилжих шөнө ************ тоотоос ************ өмчлөлийн Redmi 12 загварын гар утас болон ************ iPhone 15 pro max загварын гар утаснуудыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.700.500 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх шинжийг заажээ.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтэрснийг ойлгоно.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ************ нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ************ нь 6.800.000 төгрөг, хохирогч ************ нь 2.532.500 төгрөг, хохирогч ************ нь 168.000 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ************ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ************ нарт гар утсыг биет байдлаар нөхөн төлсөн тул шүүгдэгч ************ 2.532.500 төгрөгийг гаргуулж хохирогч ************ олгож шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ************ гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхээс шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт эдлэх ялыг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч ************ нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах”,
“Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутай тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх ялыг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ************ 2.532.500 төгрөгийг гаргуулж хохирогч ************ олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС