Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 148/шш2023/00330

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 148/ШШ2023/00330

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Шаамар сум Охиндийн 2 дугаар багт оршин суух Дарь овогт Баатархүүгийн ******* /РД: НО87080362/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Ф.*******д холбогдох

Шаамар сумын Засаг даргын 2023 оны 01 сарын 19-ний өдрийн Б/01 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байсан хугацааны цалингийн нэмэгдэл, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрхэмбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Эрүүл мэндийн төвд 2013 онд анх их эмчээр ажилд орж 2016 онд Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон. 2019 онд жирэмсний амралтаа аваад 2022 оны 10 сард ажилдаа орсон. Тэгсэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Ф.******* нь манай ажилчдын хурал дээр орж ирээд чиний нөхөн үржихүйн асуудал надад хамаагүй, төрөөд ирж байгаа болохоор ажилд чинь авч байна, түүнээс чамайг ажилд авмааргүй байна гэж хэлсэн. Ер нь зүй бус харилцаа үүсгэж, миний үндсэн цалин болоод бусад нэмэгдэл цалинг үндэслэлгүйгээр хасаж эхэлсэн. Ингээд ажлаа хийж байтал 2023 оны 01 сарын 19-ний өдөр Б/01 тоот Ажлаас чөлөөлөх тухай хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан байсныг 20-ны өдөр надад Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхзаяа танилцуулсан. Энэ өдрөөс би ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Би дээрх тушаалыг эс зөвшөөч доорх нэхэмжлэлийг гаргаж байна. нэхэмжлэлийн шаардлага:

1. Шаамар сумын Засаг даргын 2023 оны 01 сарын 19-ний өдрийн Б/01 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байсан хугацааны цалингийн нэмэгдэл, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна...гэх.

 

Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Шаамар сумын эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байсан жирэмсний амралттай байж байгаад 2022 оны 10 дугаар сард ажилдаа орсон. Ажилдаа ороод 3 сарын дараа үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Тэр явцдаа сэтгэлзүйн болон ажлын дарамттай байдаг байсан. Ажилдаа ороод ажилчдын хурал зохион байгуулна гээд ажилчдын хурал дээр хүүхэд гаргахаас өөр ажил хийдэггүй, амралттай байгаа болохоор чинь л ажилд авсан тэрнээс бол ажилд авах шаардлага байхгүй гэж хэлсэн. Дараа нь дахин тэгж хэсэн. Бүхэл бүтэн байгууллагын даргыг ажилчдынх нь дэргэд тэгж хэлээд сэтгэлзүйн хувьд маш их дарамттай байсан. Хэвийн ажлаа хийж байхад ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан. Одоо буцаад ажилдаа ормоор байна. Манай нөхөр эсрэг намыг хүн болохоор засаг дарга намайг үл тоомсорлож өрөөнөөсөө гаргадаг байсан. Тиймээс эвлэрэхгүйгээр шүүхээр асуудлаа шийдвэрлүүлмээр байна. Ажилдаа эргэж ороод ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж авмаар байна. 1 дүгээр сарын 20 өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаагүй үеийг даатгалаа нөхөн төлүүлмээр байна гэх.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 22 дугаар тал/ ...Тус сумын ЭМТ-ийн даргаар ажиллаж байсан Б.******* нь анх ЭМТ-ийн даргаар томилогдсоноос хойш бодитой үр дүн гараагүй, ажил хийж эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулаагүй, сумын Эрүүл мэндийн төвийн албан хаагчдын санал гомдол ирсэн зэргийг үндэслэн сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумын ЭМТ-ийн дарга оролцож үйл ажиллагаагаа тайлагнасан боловч гүйцэтгэл муу, зарим нэгжийн үйл ажиллагаа, тоо баримтыг мэдэхгүй зэрэг зөрчлүүд гаргаж байсан.

ЭМТ-ийн их эмч Б.*******г ажлаас чөлөөлсөн үндэслэл: Б.******* эмчтэй хамтран ажиллаж чадахгүйгээ илэрхийлсэн 7 албан хаагчийн гарын үсэгтэй гомдол Монгол улсын стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 сарын 19-ний өдрийн дугаар тогтоолоор батлагдсан сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS5081:2013 стандартын 6 дугаар зүйлийн 2 дахь заалтын удирдлага хэсгийн 6.2.2 дахь хэсэгт сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн дарга нь өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн, эрүүл мэндийн удирдлагын сургалтад хамрагдсан байна гэж заасан.

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар тухайн шатны нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар эрүүл мэндийн газартай зөвшилцөх, заалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн ЭМГ-ийн даргад хүсэлт уламжлахад татгалзах зүйлгүй гэсэн учир дээрх шийдвэрийг гаргасан гэх.

 

Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Нэхэмжлэгчийн хэлж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Эмнэлгийн ажилчдын нэг хүсэлт байдаг. Энэ хүнтэй хамтран ажиллаж чадахгүй гэдэг хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасан. Манайхаас энэ асуудалд маргахаас илүүтэй зөвшилцмөөр байна. Манай тал маргах зүйлгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Шийдвэр гарсан асуудал дээр маргахгүй, тушаалын үндэслэлд тайлбар хэлэхэд сум тосгоны эрүүл мэндийн төв бүтэц үйл ажиллагааны тухай стандартыг барьж шийдвэр гаргасан. Мөн ажилчдын санал гомдол сонсох ажиллагааны тайланг үндэслэсэн. Сум дундын эрүүл мэндийн дарга нь өрхийн анагаахын ухааны зэрэгтэй байх хэрэгтэй. Б.*******г эргүүлэн ажил албан тушаалд нь авахад татгалзах зүйлгүй. Нийгмийн даатгалыг нь нөхөн төлөхийг зөвшөөрч байна гэх.

 

Б.*******н шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч түүний төлөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******н шүүхэд гаргасан ... Шаамар сумын Засаг даргын 2023 оны 01 сарын 19-ний өдрийн Б/01 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байсан хугацааны цалингийн нэмэгдэл, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: тус сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/01 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар ... Б.*******гийн мэргэжил нь шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэл зааж эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлсөн боловч энэ тухай албан ёсоор тухайн байгууллагын болон салбарын мэргэжил ур чадварын түвшин тогтоох эрх бүхий мэргэжлийн байгууллага / аттестатчиллын комисс зэрэг / - аас шалгаж тогтоосон тогтоол, шийдвэр гараагүйгээс гадна, ажил олгогчоос гаргасан дээрх захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан / ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон /-ыг баримталсан боловч энэ тухайг шалган тогтоосон зүйлгүй, ийм баримт хэрэгт алга байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Засаг даргын Б/01 тоот захирамж үндэслэлгүй гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй гэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Б.*******г тус сумын эрүүл мэндийн төвийн даргын үүрэг албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар түүний ажилгүй байсан хугацааны цалинг хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн цалингийн тодорхойлолтыг үндэслэн тус сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс гаргуулж олгох, мөн энэхүү баримтын дагуу уг албан тушаалтны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг тус сумын Засаг даргын тамгын газарт даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, мөн 7,584,042 төгрөгд ногдох улсын тэмдэгтийн хураамж 136,295 төгрөгийг гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар Баатархүүгийн *******г Шаамар сумын эрүүл мэндийн төвийн даргын албан тушаал /үүрэгт ажилд/-д эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тамгын газар / санхүүгээс/ -аас нийт 7,584,042 төгрөг гаргуулан Б.*******д олгож, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг тус сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

 

3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, мөн 7,584,042 төгрөгд ногдох улсын тэмдэгтийн хураамж 136,295 төгрөгийг гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН