| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 135/2015/0254/И |
| Дугаар | 001/ХТ2016/00692 |
| Огноо | 2016-06-14 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2016/00692
З.Бадралын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 254 дүгээр шийдвэртэй,
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр магадлалтай,
З.Бадралын нэхэмжлэлтэй
А.Баттогтуур, Д.Бямбацогт нарт холбогдох
Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Д.Бямбацогт түүний өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ганц гишүүнтэй 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай “Элит хөгжил” ХХК-ийг үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Манай компани нь 2009 онд Дархан-Уул аймагт анх удаагаа хот доторх нийтийн тээвэрт том оврын автобусны үйлчилгээ явуулж туршиж үзсэн. 2013 оны эхээр А.Баттогтуур, Д.Бямбацогт нар нь манай компанид хөрөнгө оруулж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх талаар цаашид хамтарч ажиллахаар тохирсон. 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би А.Баттогтуур, Д.Бямбацогт нартай хувьцаа бэлэглэх гэрээ байгуулж уг гэрээгээр “Элит хөгжил” ХХК-ийн хувьцааны 33.3 хувь буюу 333 000 төгрөгийн хувьцааг тус тус бэлэглэсэн. Хувьцаа бэлэглэснээр А.Баттогтуур, Д.Бямбацогт нар нь тус бүрдээ компанийн 33.3 хувийн хувьцаа эзэмшигч болж 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Элит хөгжил” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Компани 3 гишүүнтэй болсноор тус компанийн өмнө нь явуулж байсан том оврын автобусны үйлчилгээг сэргээхээр ярилцаж тохирон намайг гүйцэтгэх захирлаар томилсон. 2013 оны 09 дүгээр сард би үнийн 50 хувийг төлж үндсэн мөнгийг дараа төлөхөөр том оврын автобусны гараашийг худалдан авсан. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 12 ширхэг автобус зээлээр Худалдаа хөгжлийн банкнаас 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 500 000 000 төгрөгийн зээл компанидаа авсан. Гарааш анх худалдан авах засахаас эхлээд би компанийн үйл ажиллагааг хөл дээр нь зогсоохын тулд нойр хоолгүй цалин мөнгө ч байхгүй өнөөдрийг хүртэл зүтгэж ирсний хүчинд манай компани хэдийгээр санхүүгийн хувьд алдагдалтай байгаа ч гэсэн үйл ажиллагаа тогтворжсон. Иймд А.Баттогтуур, Д.Бямбацогт нарт “Элит хөгжил” ХХК-ийн хувьцааг бэлэглэхээр байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь компанид хөрөнгө оруулахаар тохиролцсон хэлцлийг халхавчилсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д хүчин төгөлдөр бус хэлцэл, 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулж байх тул нэхэмжлэл гаргасан. 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А.Баттогтууртай байгуулсан “Элит хөгжил” ХХК-ийн хувьцааны 33.3 хувь буюу 333 000 төгрөгийн хувьцааг хувьцаа бэлэглэх гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Д.Бямбацогттой байгуулсан “Элит хөгжил” ХХК-ийн хувьцааны 33.3 хувь буюу 333 000 төгрөгийн хувьцааг бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино.” гэж тайлбарлан хэрэглэгддэг. Харин ноцтой төөрөгдсөн болон хууран мэхлэж хийсэн талаарх асуудлыг мэргэжлийн хуульч болон өмгөөлөгчийн туслалцаа авах байдлаар дэлгэрэнгүй хууль зүйн үндэслэлтэй тайлбар өгөх нь зүйн хэрэг. З.Бадрал төөрөгдөх хүн биш. А.Баттогтуур, Д.Бямбацогт нар өөрсдийн хөрөнгөө түүнд өгч мөн өөрийн хөрөнгөө барьцаанд тавьж банкнаас их хэмжээний зээл авч уг хөрөнгөөр өнөөдрийн яриад байгаа нийтийн тээврийн үйлчилгээг явуулж байгаа байдал нь З.Бадралыг хууран мэхэлсэн байдал хэр зэрэг үнэнд нийцэх вэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 254 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.1, 59 дугаар зүйлийн 59.1, 59.2-т зааснаар нэхэмжлэгч З.Бадралын хариуцагч А.Баттогтуур, Д.Бямбацогт нарт холбогдуулан гаргасан 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгөөс 20 534 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 49 666 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд олгохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. З.Бадрал нь 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ганц гишүүнтэй, 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай “Элит хөгжил” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус компани 2009 онд Дархан-Уул аймагт анх удаагаа хот доторх нийтийн тээвэрт том оврын автобусны үйлчилгээ явуулж туршиж үзсэн. 2013 оны эхээр А.Баттогтуур, Д.Бямбацогт нар нь манай компанид хөрөнгө оруулж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх талаар цаашид хамтран ажиллахаар тохиролцсон. Тохиролцооны гол үндэслэл нь хүн тус бүр компанид 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж компанийн хувьцааг тэнцүү хэмжээгээр эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцсон ба энэ талаар зохигчид маргадаггүй. 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр талууд “Элит хөгжил” ХХК-ийн хувьцааны 33,3 хувь буюу 333 000 төгрөгийн хувьцааг тус тус бэлэглэснээр хариуцагч нар тус бүрдээ компанийн 33,0 хувийн хувьцаа эзэмшигч болж, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “ Элит хөгжил” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Харилцан тохиролцсоны дагуу хүн тус бүр 30 000 000 төгрөгийн хөрөнгө компанийн үйл ажиллагаанд оруулсан. Компанидаа зээлээр авсан 12 ширхэг автобус болон гараашийн төлбөр, бусад үйл ажиллагаанд зарцуулсан төлбөрөө төлөхийн тулд Худалдаа хөгжлийн банкнаас 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 500 000 000 төгрөгийн зээл компанидаа авсан талаар зохигчид маргадаггүй. Нэхэмжлэгч нь их хэмжээний алдагдалтай ажиллаж байсан компанийн үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд бусдаас өөрийн нэр дээр өндөр хүүтэй зээл авч эрсдэлийг өөрөө авч, ажилласны үр дүнд хэдийгээр их хэмжээний өр зээлтэй боловч компанийн үйл ажиллагааг тогтворжуулж, 2015 оноос Дарханы нийтийн тээвэрт нөхөн олговор улсаас авдаг болгосон. Гэтэл түүний хүч хөдөлмөрөөр орж ирэх энэхүү нөхөн олговрын сургийг сонсонгуутаа хариуцагч нар нь З.Бадралыг компаниас зайлуулах ажиллагааг хийж эхлэн, З.Бадрал нь компанийг эд хөрөнгөөс 800 000 000 төгрөг завшсан гэж үндэслэлгүйгээр цагдаад гомдол гаргаж шалгуулах, Компанийн үйл ажиллагааг зогсоочихгүйн тулд бусдаас зээлж авч компанийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг З.Бадрал өөрөө хариуцах ёстой, компанид хамаагүй гэх, компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг нь хууль бусаар булааж авах зэргээр З.Бадралыг ямар ч хамаагүй аргаар компаниас зайлуулах гэж хийсэн нь нотлох баримтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагаа жигдрэнгүүт З.Бадралыг компаниас зайлуулахаар анхнаасаа төлөвлөсөн байсан нь тодорхой болсон тул хариуцагч нарт “Элит хөгжил” ХХК-ийн хувьцааг бэлэглэсэн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь компанид хөрөнгө оруулахаар тохиролцсон хэлцлийг халхавчилсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулж байх тул уг бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Анх зохигчид компанид хүн тус бүр тэнцүү хэмжээний хөрөнгө оруулах, хөрөнгө оруулсныхаа төлөө компанийн хувьцааг тэнцүү хэмжээгээр эзэмших тухай тохиролцсон талаар маргадаггүй байдлаас үзэхэд маргаан бүхий бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д зааснаар хийгдсэн нь тодорхой. Учир нь бэлэглэлийн гэрээ нь нэг талын гэрээ байдаг тул бэлэг хүлээн авагчийн зүгээс ямар нэгэн үүрэг хүлээдэггүй. Гэтэл дээрх тохиолдолд хариуцагч нар нь хувьцааны оронд хөрөнгө оруулах үүрэг хүлээснээс үзэхэд дээрх гэрээ нь бэлэглэлийн гэрээний гол шинжийг агуулсан хариу төлбөргүй гэрээ биш болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл бэлэг хүлээн авагчид үнэ төлбөргүй хувьцаа бэлэглэх үр дүнг бий болгох хүсэл эрмэлзэлгүйгээр хэлцэл хийж бэлэглэлийн гэрээний гадаад илэрхийллийг бий болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан хэлцлийн шинжийг агуулж байна. Дээрх хэлцлээр бэлэг хүлээн авагч нь хөрөнгө оруулах үүрэг хүлээж байгаагаас үзэхэд талуудын хооронд бодит байдал дээр хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн байх ба талуудын аль аль тал нь компанийн хувьцааг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх хүсэл зориггүйгээр, зөвхөн хөрөнгө оруулалтыг баталгаажуулан хувьцааг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ ямар нэгэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийи 56.1.3-д зааснаар хийгдсэн буюу хөрөнгө оруулалтын гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ байна. Өөрөөр хэлбэл халхавчлуулж буй хэлцэл нь хөрөнгө оруулалтын гэрээ, халхавчилж буй хэлцэл нь бэлэглэлийн гэрээ байгаа нь дүр үзүүлэн хийсэн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн шинжийг агуулдаг. Бэлэглэлийн гэрээгээр хувьцааг шилжүүлэхдээ З.Бадрал нь хариуцагч нартай хамтран ажиллаж компанийн эрх, үүргийг хамтран ажиллах, ашиг, эрсдлийг хамтран хариуцахаар төсөөлсөн байдаг ч хамтын ажиллагааны үйл ажиллагааны явцад компанийн үйл ажиллагаанд зориулсан зээл болон эрсдлийг зөвхөн З.Бадралд хариуцуулж, хөрөнгө оруулагч нар нь ямар ч үүрэг хүлээхгүйгээр ашиг орлогыг нь авахаар улайран дайрч байгаагаас үзэхэд дээрх маргаан бүхий гэрээ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг давхар агуулж байна.
Хувьцаа бэлэглэснээс хойш Д.Бямбацогт анх компанид 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч буцаагаад /анх оруулсан 30 000 000 төгрөгөөс гадна 18 000 000 төгрөг нэмж авсан/ 48 000 000 төгрөг болгоод авчихсан боловч компанийн үйл ажиллагаа хүндрэлтэй байгаа энэ бүх хугацаанд, уг өр төлбөрөө барагдуулахын оронд З.Бадралыг компаниас зайлуулах, эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулах ажиллагаануудыг хийж байгаа үйлдлээс үзэхэд Д.Бямбацогт нь анхнaacaa “хөрөнгө оруулах”, хамтран ажиллах санаа зорилгогүй, харин компанийн үйл ажиллагаа жигдэрсэн тохиолдолд компанид эзэн суух санаа зорилготой байсныг нотолж байх тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх хангалттай үндэслэл байна. Дээрх байдлаар хэлцэл хийхийн өмнө зохигчдын хооронд хийгдсэн “хөрөнгө оруулах” тухай тохиролцоо нь тэдний хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээнүүд нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болж байгаа ба хэлцэл хийснээс хойш бэлэг хүлээн авагчдын бэлэглэгчийн эсрэг хийсэн үйлдлүүд нь бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий бэлэглэлийн гэрээнүүд нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн аль алиных нь шинжийг хангаж байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн хууль хэрэглээний алдааг залруулсангүй. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, агуулга нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж байгаа ч 2013 оны эхээр А.Баттогтуур, Д.Бямбацогт нар нь манай компанид хөрөнгө оруулж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх талаар цаашид хамтарч ажиллахаар тохирч, хувьцааны оронд хөрөнгө оруулах үүрэг хүлээсэн гэснийг тодруулалгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхой бус байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Эрх зүйн үүднээс дээрх тодорхой бус байдлыг дүгнэвэл нэхэмжлэгч нь хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хүчин төгөлдөр тооцуулахыг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн. Сум дундын 7-р шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 789 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар З.Бадралын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцээд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 31-р “Гомдол хэлэлцсэн тухай” шүүхийн тогтоолоор “...урьд нь тус шүүх З.Бадралын нэхэмжлэлтэй “Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцээд, зөвхөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд тухайн хэрэгтэй холбоотой ч өөр үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй.” гэсэн дүгнэлтийг хийж, З.Бадралын гомдлыг хүлээж авч тус хэргийг шийдвэрлэх болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой, талуудын хооронд 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн “Элит хөгжил” ХХК-ийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасантай нийцсэн. Магадлалын хянавал хэсэгт дурдсан асуудлууд нь баримтад гарын үсэг зуруулсан ч огноог нь бичээгүй, гомдлыг хуульд заасан хугацаанд давж заалдах шатны шүүхэд хүргүүлээгүй, хүсэлт шийдвэрлээгүй, шүүх хурлын товыг талуудад мэдэгдээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчил нь шийдвэрийг хүчингүй болгох, дахин хэлэлцэх үндэслэл боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.3-т заасныг үндэслэж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч З.Бадрал нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А.Баттогтуур, Д.Бямбацогт нартай тус бүртэй нь байгуулсан “Элит хөгжил” ХХК-ийн хувьцааны 33,3 хувийг /нийтдээ 66,6 хувийг/ бэлэглэсэн бэлэглэлийн хоёр тусдаа гэрээг “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, хуурч мэхлэн хийсэн хэлцэл” гэсэн үндэслэл зааж, бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Зохигчид маргааны зүйл болох хоёр бэлэглэлийн гэрээ нь бодит байдалд байгуулагдаагүй, харин өөр хэлцэл буюу хуулийн этгээд байгуулж, хамтран ажиллахаар тохирсон үйл баримтын талаар маргаагүй байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл мөн боловч А.Баттогтуур, Д.Бямбацогт нарын “Элит хөгжил” ХХК-ийн хувьцааг эзэмших эрх халхавчлагдаж буй хэлцэл болох хамтран ажиллах гэрээнд үндэслэсэн тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн ч хэлцлийн үр дагавар буюу компанийн хувьцааг буцааж өгөх асуудал шийдвэрлэгдэх боломжгүй, тийм учраас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ.
Өөрөөр хэлбэл А.Баттогтуур, Д.Бямбацогт нарт хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр “Элит хөгжил” ХХК-ийн хувьцааны 33.3 хувийг тус тус эзэмших эрх үүссэн хэдий ч агуулгын хувьд хөрөнгө оруулж, хамтран ажиллах талуудын тохиролцоо байсан үйл баримт тогтоогдсон байхад хэлцлийн хэлбэрийн шаардлагыг шийдвэрлэх нь ач холбогдолгүй, нэхэмжлэгч нь хувьцаагаа буцааж авах зорилгодоо хүрэхгүй юм.
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй анхан шатны шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна. Харин иргэний хэрэг үүсгэх шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулах, шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулахыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн тухай баримтуудыг танилцуулахдаа огноо бичээгүй, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх хугацааг хэтрүүлсэн зэрэг зөрчил нь шийдвэрийг хүчингүй болгох зөрчилд хамаарахгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Д.Бямбацогт, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Д.Бямбацогт, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын 70 200 төгрөг, хариуцагч Д.Бямбацогт, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА