Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 122/2017/0011/з |
Дугаар | 101 |
Огноо | 2018-03-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 101
Х.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар
аймгийн Засаг даргын тамгын газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” А/10 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 13 дугаарт Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар У.Амарзаяаг томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын 1 дэх заалтын У.Амарзаяаг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож, хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах”
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0796 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Х.Э-, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун,
Хариуцагч Ч.Энхцэцэг,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, өмгөөлөгч Л.Очбаяр,
Гуравдагч этгээд У.Амарзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Х.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 13 дугаарт Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар У.Амарзаяаг томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын У.Амарзаяаг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, Х.Э-ийг өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0796 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Гуравдагч этгээд У.Амарзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0796 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д “Монгол улсын иргэн..., өөрийгөө өмгөөлөх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй” байхаар заасан.
5. Миний бие ажлын шаардлагаар анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх миний шүүх хуралд биечлэн оролцох эрхийг минь зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.
6. Миний хувьд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байгаа нь Монгол Улсын хуулийн хүрээнд хийгдсэн ажиллагаа ба хуулиар олгосон боломж буюу субъектив эрх минь гэж бодож байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогч болох гуравдагч этгээд миний шүүх хуралдаанд оролцох эрхийг минь хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.
7. Иймд, уг хэргийг бүхэлд нь хянаж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0796 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв үнэлж, дүгнэн тухайн маргаанд хамаарах Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр “...шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн...” гэх гуравдагч этгээд У.Амарзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
10. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр болох анхан шатны шүүх хуралдааны товыг шүүх, хэргийн оролцогчдод хуульд заасан журмын дагуу 08 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн, энэ талаар буюу хуралдааны товын тухайд гуравдагч этгээд У.Амарзаяа нь маргаагүй байна.
11. Харин У.Амарзаяагийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ноос 09-ний өдрүүдэд Дарьганга суманд ажиллах 3 хоногийн албан томилолтын хуудас, Сургалтын хөтөлбөр зэрэг баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлж, үүнийг үндэслэн гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд байлцуулах, хойшлуулах хүсэлтийг мөн хариуцагч гаргасныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж, хуралдааныг үргэлжлүүлсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, үүнийг гуравдагч этгээд У.Амарзаяагийн зүгээс “...хойшлуулах хүсэлтийг хангаагүй, ....хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа...” гэж үзжээ.
12. Анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр урьдчилан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг анх 06 дугаар сарын 08-ны өдөр товлосноос хойш хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх боломжийг хангах зорилгоор нэхэмжлэгч, хариуцагч нарын өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан байна.
13. Мөн гуравдагч этгээд У.Амарзаяагийн саналаар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр болох шүүх хуралдааны хугацааг товлосныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгажээ.
14. Түүнчлэн маргааны үйл баримттай хамааралтай нотлох баримтууд хэрэгт хангалттай цугларсан, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар бүрэн авагдсан, гуравдагч этгээд хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс нэхэмжлэгч нь түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “... гуравдагч этгээд ...шүүх хуралдаанд ирээгүй..., нэхэмжлэгч... хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг зөрчөөгүй болно.
15. Хяналтын шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...хуралдааны товыг 1 өдрийн өмнө мэдэгдсэн,...эрх, үүргийг тодорхой тайлбарлаагүй, баримтыг зохих журмын дагуу үйлдээгүй, хэргийн материал танилцуулаагүй, ...өмгөөлөх эрхээр хангаагүй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, эдгээр нь “...шүүхийн шийдвэрт нөлөөлөх”-өөр алдаанд тооцогдохооргүй гэж үзнэ.
16. Үүнээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдэд гардуулсан, давж заалдах гомдлыг түүнд танилцуулсан, давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан хэргийн оролцогч байхгүй нь тэмдэглэлд тусгагдсан зэрэг нотлох баримтууд хэрэгт байна.
17. Иймд, “...эрх, үүргийг тайлбарлаагүйн улмаас давж заалдах журмын талаар мэдээгүй, ...шүүх хуралдаанд оролцож чадаагүй...” гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол мөн үндэслэлгүй.
18. Дээр дурдсаныг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0796 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд У.Амарзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ