Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2022/03505/И |
Дугаар | 181/ШШ2023/01521 |
Огноо | 2023-05-19 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2023/01521
2023 05 19 181/ШШ2023/01521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: МҮЭХ ҮЭБ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МҮЭАЭНХ ГҮТББ -д холбогдох,
Гэрээний үүрэгт 27,617,168 төгрөг гаргуулах, оффисын зориулалттай 322, 325 тоот өрөөг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МҮЭХ МҮЭ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МҮЭАЭНХ ГҮТББ нь 2021.01.20-ны өдөр манай байгууллагатай №04 тоот Байрны түрээсийн гэрээ байгуулж, тус холбооны өмчлөлийн төв ордны 3 давхрын 322 тоот оффисын зориулалттай 21 мкв талбайг нэг сарын төлбөрт 1 мкв талбайг 30,000 төгрөгөөр тооцож, 630,000 төгрөгөөр, мөн 2021.01.20-ны өдөр манай байгууллагатай №05 тоот Байрны түрээсийн гэрээ байгуулж, тус холбооны өмчлөлийн төв ордны 3 давхрын 325 тоот оффисын зориулалттай 26,5 мкв талбайг 1 мкв 30,000 төгрөгөөр тооцож 795,000 төгрөгөөр тус тус түрээслэхээр тохирч гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор нийт 28,395,584 төгрөг төлөхөөс 18,411,429 төгрөгийн төлөлт хийгдэж 2022.08.31-ний өдрийн байдлаар 9,984,155 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Дээрх гэрээнүүдийн 5.3-т заасны дагуу түрээслэгч нь түрээсийн төлбөрийн хугацаа хожимдуулбал төлбөрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар бодож алданги ногдуулан үндсэн төлбөрийн хамт түрээслэгч авна гэсний дагуу алданги тооцож, үндсэн төлбөр болох 9,984,155 төгрөг, алданги 4,992,078 төгрөг, нийт 14,976,233 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь түрээсийн төлбөрөө барагдуулахгүй, байгууллагын ажилтнуудтай ёс зүйгүй харьцаж, хэл амаар доромжилж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар удаа дараа 322, 325 тоот оффисын өрөөнүүдийг чөлөөлөх албан тоот өгсөн боловч чөлөөлж өгөхгүй байх тул албадан чөлөөлж өгнө үү. Мөн 2022.09.01-2022.12.31-ний өдрийг дуустал 322 тоот офиссын түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг, алданги 756,000 төгрөг, нийт 2,856,000 төгрөг, 325 тоот офиссын түрээсийн төлбөр 2,610,000 төгрөг, алданги 939,600 төгрөг, нийт 3,549,600 төгрөг, бүгд 6,405,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид эвлэрэх саналыг удаа дараа тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Манай байгууллагын хувьд 2022 оны 7 сараас түрээсийн төлбөрийг нэмэгдүүлсэн. Хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ нь офиссын өрөөнүүдийг чөлөөлж өгөхгүй байгаа тул олох байсан орлогоороо хохирч тул 2023.01.01-2023.03.28-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр болох 4,275,000 төгрөг, алданги 1,960,335 төгрөг нийт 6,235,335 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.
Иймд хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ-иас түрээсийн төлбөр, алданги, хохирол нийт 27,617,168 төгрөгийг гаргуулж, оффисын 322, 325 тоот өрөөг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан заалтуудыг зөрчсөн. Түрээсийн гэрээг заавал Улсын бүртгэлд бүргүүлсэн байх ёстой ба бүртгүүлээгүй түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Нэхэмжлэгч нь Ахмадын тухай хуульд зааснаар тухайн байгууллага орлогынхоо 3 хувийг Ахмадын үйл ажиллагаанд заавал зарцуулна гэх заалтыг байгуулагдсанаасаа хойш огт биелүүлээгүй хууль зөрчсөн болох нь тогтоогдсон. МҮЭАЭНХ ГҮТББ-ыг хавчин гадуурхаж, түрээс нэхэх хэлбэрээр үйл ажиллагааг зогсоох зорилготой дарамт үзүүлэхдээ шүүхийг ашиглаж байгаа нь хууль бус юм.
Нэхэмжлэгч нь бусад адил чиглэлийн МҮЭ-ийн байгууллагуудаа хавчин гадуурхаж, үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай Монгол улсын хуулийг зөрчиж өмч хөрөнгийг түрээслэж ашгийн байгууллага болгон хувиргаж ТББ-ын тухай хууль зөрчиж байна.
Нэхэмжлэгч байгууллага нь өөрийн бий болгосон нэг ширхэг хөрөнгөгүй ТББ ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь илэрсэн. Нэхэмжлэгч нь ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд олон нийтийн өмчийг дур мэдэн түрээслэх хэлбэрээр ашиг олж ТББ-ын тухай хууль, үндсэн дүрмээ зөрчиж байна. 100 жилийн түүхтэй Монголын Үйлдвэрчний эвлэлийн өмч хөрөнгийг хууль зөрчин өөрийн болгож улмаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн чиглэл зорилгыг алдагдуулж, түрээсийн байгууллага болгон хувиргаж хууль бус ашиг олохыг завдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас 2021.01.22-ний өдрийн №05 дугаар Байрны түрээсийн гэрээ, Түрээслэгч аж ахуйн нэгж, байгууллагын удирдах, хариуцлагатай ажилтны анкет, МҮЭАЭНХ ГҮТББ-ийн 2021.01.01-2022.08.31-ний өдрийн хооронд түрээсийн төлбөр, төлөлтийн тооцоо, МҮЭХ МҮЭ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2021.01.22-ний өдрийн №04 дугаар Байрны түрээсийн гэрээ, МҮЭАЭНХ ГҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.12.30-ны өдрийн Нэхэмжлэх №4072, МҮЭАЭНХ ГҮТББ-ийн 2022.09.01-2022.12.31-ний өдрийн хооронд түрээсийн төлбөр, төлөлтийн тооцоо, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.03.27-ны өдрийн төлбөрийн тооцолол, өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэл, фото зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас МҮЭАЭНХ ГҮТББ-ийн МҮЭ-ийн холбоо ТББ-ын хууль зөрчсөн баримт мэдээлэл, 2022.08.02-ны өдрийн №1/11 дугаар МҮЭ-ийн холбоо ТББ-ын Ерөнхийлөгчид хандсан хууль бус холбооноос татгалзах тухай албан бичиг, МҮЭ холбооны 2021.06.11-ний өдрийн 07/179 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Нэхэмжлэх 171/2022, МҮЭАЭНХ ГҮТББ-ийн 2022.1.11-ний өдрийн №147 дугаар МҮЭ-ийн холбоо ТББ-ын Ерөнхийлөгчид хандсан Эвлэлдэн нэгдэх тухай албан бичиг, МҮЭАЭНХ ГҮТББ-ийн 2022.01.19-ний өдрийн МҮЭ-ийн холбооны хяналтын хороонд хандсан Байрны тухай албан бичиг, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022.06.06-ны өдрийн 02/263 тоот/, 2022.06.07-ны өдрийн 02/264 тоот албан бичгүүд, Нэхэмжлэх №171/2022, Нэхэмжлэх 82/2022, зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар МҮЭАЭНХ ГҮТББ-ийн дүрмийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МҮЭХ МҮЭ нь хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ-д холбогдуулан гэрээний үүрэгт 27,617,168 төгрөг гаргуулах, оффисын зориулалттай 322, 325 тоот өрөөнүүдийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөөгүй, түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг буцааж өгөөгүй гэх үндэслэлээр түрээсийн төлбөр, алданги, хохирол гаргуулах, түрээсийн зүйлийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, МҮЭ-ийн холбоо нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, хууль зөрчсөн гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. МҮЭХ МҮЭ нь МҮЭАЭНХ ГҮТББ-тай 2021.01.20-ны өдөр №04 тоот, №05 тоот Байрны түрээсийн гэрээ-нүүдийг байгуулж, өөрийн өмчлөлийн төв байрны 3 давхарын 322 тоот 21 мкв талбайг, 325 тоот 26,5 мкв талбайг тус тус оффисын зориулалтаар, сарын түрээсийн төлбөрийг 1 мкв талбайг нь 30,000 төгрөгөөр тооцож, сард 322 тоотыг 630,000 төгрөг, 325 тоотыг 795,000 төгрөг тус тус түрээслүүлэх, түрээслэгч МҮЭАЭНХ ГҮТББ нь түрээсийн зүйл болох 322, 325 тоот өрөөг офиссын зориулалтаар ашиглаж, түрээсийн төлбөрийг сар бүр төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 4-7, 28-31 хуудас/
МҮЭАЭНХ ГҮТББ-д үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж офиссын 322 тоот, 325 тоот өрөөг түрээслэсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээг байгуулагдсан байна.
1.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 318.4-д Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зохицуулсан. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн зарим хэсэг буюу бие даасан хөрөнгийн бүртгэлийн эрхээр тодорхойлогдохгүй өрөө тасалгааны хувьд хийгдэж байгаа түрээсийн гэрээг энэ зохицуулалтад хамааруулж ойлгох нь учир дутагдалтай. МҮЭХ МҮЭ нь өөрийн оффис, үйлчилгээний зориулалттай 3,936.5 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө /хавтаст хэргийн 85 хуудас/-ийн оффисын 322 тоот 21 мкв талбайг, 325 тоот 26,5 мкв талбайг тус тус хэсэгчлэн түрээслэсэн тул гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2. Байрны түрээсийн гэрээ-нүүдийн 2.2-д Түрээслэгч нь түрээсийн байрыг оффис зориулалтаар 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээслэнэ гэж, мөн 2.3-д Талуудын аль нэг нь энэхүү гэрээний 2.3-т заасан хугацаанаас өмнө нөгөө талдаа гэрээ дуусгавар болж байгаа тухай бичгээр мэдэгдээгүй тохиолдолд уг гэрээг цаашид дээрх хугацаагаар сунгагдсанд тооцно гэж талууд гэрээний хугацааг тохиролцжээ.
Талууд гэрээний хугацаа дуусч байгаатай холбогдуулан гэрээг дуусгавар болгох тухайгаа аль нэг талдаа бичгээр мэдэгдээгүй байх тул гэрээний 2.3-д заасны дагуу гэрээний хугацаа сунгагдсан байна.
1.3. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн З-д Төрийн бус байгууллагын орлогын эх үүсвэрийг дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого байхаар тодорхойлсон.
МҮЭХ МҮЭын дүрмийн 37.1.4-д холбооны аж ахуйн үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлого нь холбооны өмч хөрөнгө байхаар тодорхойлсон байх тул өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг бусдад түрээслүүлж орлого олсныг дүрэм болон хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийн МҮЭ-ийн холбоо нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, хууль зөрчсөн гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ...хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
2.1. МҮЭХ МҮЭ нь түрээслэгчид оффисын 322, 325 өрөөг хүлээлгэж өгсөн талаар зохигч маргаагүй.
2.2. Түрээслэгч МҮЭАЭНХ ГҮТББ нь гэрээний 5.1, 5.2-д заасны дагуу түрээсийн сарын төлбөрийг тухайн сарын 5-ны дотор төлөх үүрэгтэй байсан боловч төлбөрийн хуримтлал үүсгэж бөөнд нь төлөх байдлаар төлбөрийг төлж байсан болох нь нэхэмжлэгчийн 2021.01.01-2022.08.31-ний өдрийн хооронд түрээсийн төлбөр, төлөлтийн тооцооллоос харагдаж байна. /хавтаст хэргийн 15 хуудас/
2.3. Гэрээний 5.6, 5.7-д түрээслэгч хугацаандаа төлбөрөө төлөлгүй нэг сарын хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлбөрөө төлөхийг сануулсан мэдэгдэл хүргүүлж, мэдэгдэл хүргүүлснээс хойш 1 сарын дотор хариу өгөөгүй тохиолдолд түрээсийн гэрээг түрээслүүлэгч талын санаачлагаар шууд цуцалж, түрээслэсэн талбай /өрөө/-г хүлээн авахаар заажээ.
МҮЭХ МҮЭ-ын 2022.06.06-ны өдрийн 02/263 тоот албан бичгээр тус холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 2022.06.02-ны өдрийн 43 дугаар тогтоолоор 7 сараас эхлэн мкв-ын үнийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан тул гэрээгээ 2022.06.30-ны өдрийн дотор шинэчлэн байгуулахыг мэдэгдсэн. Мөн 2022.06.07-ны өдрийн 02/264 тоот албан бичгээр гэрээний төлбөрийн үлдэгдэл 6,969,155 төгрөгийг 2022.06.10-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдэж, 2021.06.11-ний өдрийн 07/179 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр гэрээг цуцалж өрөөг суллаж өгөхийг мэдэгджээ. /хавтаст хэргийн 64, 69, 71 хуудас/
Түрээслэгч МҮЭАЭНХ ГҮТББ нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, түрээсийн өрөөний мкв-ын үнийг нэмэгдүүлэх шийдвэрийн дагуу гэрээг шинэчлэн байгуулаагүйгээс талуудын хооронд байгуулагдсан Байрны түрээсийн гэрээ-нүүд 2022.06.30-ны өдөр цуцлагдснаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
2.4. Түрээслэгч МҮЭАЭНХ ГҮТББ нь гэрээний дагуу 2022.06.30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 25,980,584 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүрэгтэйгээс 18,411,429 төгрөгийг төлж, түрээслүүлэгчээс 1,425,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, үлдэгдэл 6,144,155 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.
3. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу МҮЭАЭНХ ГҮТББ нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь буюу сар бүрийн 5-ны өдөр, 2 өрөөний 1,425,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч уг үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Байрны түрээсийн гэрээ-нүүдийн 5.8-д Түрээслэгч нь түрээсийн төлбөрийн хугацаа хожимдуулбал төлбөрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар бодож алданги ногдуулан үндсэн төлбөрийн хамт түрээслүүлэгч авна гэж талууд тохиролцсон байх тул гэрээнд заасан төлбөр төлөх үүрэг үүссэн хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд төлөгдөөгүй төлбөр 6,144,155 төгрөгөөс алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ-иас 3,072,078 төгрөгийн алдангийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
4. Байрны түрээсийн гэрээ-нүүд 2022.06.30-ны өдөр цуцлагдснаар дуусгавар болсон тул Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу МҮЭАЭНХ ГҮТББ нь түрээсийн зүйл болох оффисын 322, 325 өрөөг МҮЭХ МҮЭ-д буцааж өгөх үүрэгтэй.
Хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ нь оффисын 322, 325 өрөөг буцааж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч МҮЭХ МҮЭ нь хохирол буюу олох ёстой байсан орлогыг хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрөөр тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж заасантай нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгч МҮЭХ МҮЭ-ын хохирлыг хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрөөр тооцвол, 2022 оны 07 сараас 2023 оны 03 дугаар сарыг дуустал нийт 9 сар х 1,425,000 төгрөг /сард 322 тоот 630,000 төгрөг, 325 тоот 795,000 төгрөг/ = 12,825,000 төгрөг байна.
4.1. Хохирлоос алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэгчийн дээрхи хугацаанд алданги тооцож нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Дээрхи үндэслэлээр хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6,144,155 төгрөг, алданги 3,072,078 төгрөг, хохирол 12,825,000 төгрөг, нийт 22,041,233 төгрөг төлөх үүрэгтэй байна.
6. Байрны түрээсийн гэрээ-нүүдийн 5.4-д заасны дагуу хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ нь барьцаанд 1,295,454.55 төгрөгийг МҮЭХ МҮЭ-ын дансанд байршуулсан тул дээрхи 22,041,233 төгрөгөөс барьцааны 1,295,455 төгрөгийг хасаж, 20,745,778 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
7. Хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ нь оффисын 322, 325 тоот өрөөг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд гэрээ дуусгавар болсноор хууль ёсны эзэмшлийн эрх зүйн үндэслэл үгүй болсон.
Хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ-д оффисын 322, 325 тоот өрөөг чөлөөлж өгөх үүрэг үүсч, түүний эзэмшил хууль бус болсон байх тул нэхэмжлэгч МҮЭХ МҮЭ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ-ын хууль бус эзэмшлээс оффисын зориулалттай 322, 325 тоот өрөөнүүдийг албадан чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ-иас 20,745,778 /хорин сая долоон зуун дөчин таван мянга долоон зуун далан найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МҮЭХ МҮЭ-д олгож, нэхэмжлэлээс 6,871,390 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар МҮЭХ МҮЭ-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 хороо, Бага тойруу /15160/ Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж 9 байр МҮЭХ-ны А порпусын оффисын 322 тоот 21 мкв талбай бүхий өрөө, 325 тоот 26,5 мкв талбай бүхий өрөөг тус тус хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч МҮЭХ МҮЭ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535,186 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МҮЭАЭНХ ГҮТББ-иас 331,879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МҮЭХ МҮЭ-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА