Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2023/01520

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 19 181/ШШ2023/01520

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ВФ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Г-д холбогдох,

Гэрээний үүрэгт 212,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ВФ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Г нь Хийморь нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй хүнсний бараа худалдан авдаг. 2022.06.29-ний өдрөөс 2022.10.03-ны өдрийг дуустал хугацаанд авсан барааны тооцоо нийлэхэд 889,720 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүртээ шаардаж байсан ба манайд 677,320 төгрөгийн төлөлтийг хийж үлдэгдэл 212,400 төгрөгийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүлйийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч ... хөрөнгө, ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч О.Гаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл 212,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдэлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 2022.10.03-ны өдрийн ВФ ХХК -д зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх хүсэлт, О.Гын иргэний үнэмлэхний лавлагаа, зарлагын баримт №115867, №120463 зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ВФ ХХК нь хариуцагч О.Гад холбогдуулан гэрээний үүрэгт 212,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч ВФ ХХК нь хариуцагч О.Гыг Хийморь нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд дэлгүүртээ дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэйгээр 2022.06.29-ний өдрөөс 2022.10.03-ны өдрийг дуустал хугацаанд хүнсний бараа /ундаа, ус/ авч, 3 падааны тооцоо нийлэхэд 889,720 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан гэж тайлбарласан. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар ВФ ХХК -иас Зарлагын баримт-аар Хийморь дэлгүүр /О.Г/ нь 2022.07.28-ны өдөр 7 төрлийн 104ш Гоё жүүс ундаа, 2 нэр төрлийн 64ш цэвэр ус зэрэг нийт 227,120 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа хүлээн авсан, 2022.08.10-ны өдөр 212,400 төгрөгийн үнэ бүхий 6 нэр төрлийн 128ш ундааг хүлээн авсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө ...худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

3.1. ВФ ХХК -ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр Хийморь дэлгүүрийн эхний үлдэгдэл 2022.07.21-ний байдлаар 668,800 төгрөг байх бөгөөд 2022.07.28-ны өдөр 227,120 төгрөгөөр, 2022.08.10-ны өдөр 212,400 төгрөгөөр тус тус нэмэгдэж нийт 1,108,320 төгрөг болсноос 2022.09.22-ны өдөр 218,600 төгрөг, 2022.10.20-ны өдөр 450,200 төгрөгийн хасалт хийгдэж, 439,520 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болсон байна.

Тооцооны үлдэгдлийн баталгаа-гаар талууд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийг дуустал хугацаанд өгч, авалцсан бараа материалаа нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн нийлж үзэхэд 3 падааны төлбөр 889,720 төгрөг төлөх үлдэгдэлтэй гарсныг харилцан баталсан нь тогтоогдож байна.

Хариуцагч О.Г нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ВФ ХХК -д хандаж 889,720 төгрөгийг 3 хувааж, 10 сарын 3-нд 450,200 төгрөг, 10 сарын 05-нд 227,120 төгрөг, 10 сарын 08-нд 212,400 төгрөг тус тус төлж барагдуулах хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нь тооцоо нийлснээс хойш 677,320 төгрөгийг О.Г нь төлж, үлдэгдэл 212,400 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.

 

Иймд О.Гаас худалдан авсан барааны үнийн үлдэгдэл 212,400 төгрөгийг гаргуулж ВФ ХХК -д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч О.Г нь нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гардан авсан боловч хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1зааснаар хариуцагч О.Гаас 212,400 /хоёр зуун арван хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ВФ ХХК -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн .1.1-д зааснаар ВФ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,022 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Гаас 7,022 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ВФ ХХК олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА