| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0184/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/183 |
| Огноо | 2025-10-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/183
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч О.Мөнхтуяа,
хохирогч М.Б*******,
өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******, түүний өмгөөлөгч Ж.Ариунжаргал,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ч******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т*******т холбогдох эрүүгийн 2515002360170 дугаартай, 304/2025/0184/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х******* овогт Ч*******ын Т*******, Булган аймгийн Х******* суманд 2007 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, Булган аймгийн Х******* сумын 4 дүгээр баг Х******* тосгонд оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч, ам бүл 4, өвөө, ээж, ахын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 17 настай, эрэгтэй, /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Өсвөр насны шүүгдэгч Ч.Т******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Булган аймгийн Х******* сумын Х******* тосгонд байрлах Спорт цогцолборын гадна хохирогч М.Б*******г өөрийн төрсөн ах Ч.Т*******тэй үл ялих зүйлээс болон маргалдаж байхад нь морьтой ирж, гарт байсан ташуураараа хохирогчийн толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “зулайд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2515002360170 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ч.Т******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Булган аймгийн Х******* сумын Х******* тосгонд байрлах Спорт цогцолборын гадна хохирогч М.Б*******г өөрийн төрсөн ах Ч.Т*******тэй үл ялих зүйлээс болон маргалдаж байхад нь морьтой ирж, гарт байсан ташуураараа хохирогчийн толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “зулайд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ийн өгсөн: Өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б*******гийн өгсөн:2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Х******* тосгоны шоугаар найзуудтайгаа очсон. Тэгсэн Т******* ирснээ чи Орхон аймгийнх уу гээд дайрсан гэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ч*******ын өгсөн: Хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
4. Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
5. Ташуурт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-11 дэх тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Б*******гийн өгсөн: “...“...2025 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 01 цаг өнгөрч байхад Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны түүхт 50 жилийн ойн баяр наадмын шоу үзэхээр ирээд 02 цагийн орчимд Х******* тосгоны спорт цогцолборын гадаа машинаа тавьсан газраа очоод Эрдэнэт рүү буцах гээд нэг сургуульд 12 дугаар анги төгссөн хэсэг хүүхдүүдтэй ярилцаад зогсож байхад морь унасан хэсэг залуучууд явсан. Дараа нь харахад толгойгоо боосон залуу бас явж харагдсан. Тэгээд бид нар дээр ирээд намайг “хаанахынх юм бэ” гэж асуусан. Тэгэхээр би “Эрдэнэтийнх” гэсэн чинь “машиндаа сууж байгаа хүмүүсээ буулгаад ир” гэсэн ба “Эрдэнэтийн хар Шинээ гэдэг залууг асуусан” бид нар “тийм хүн энд байхгүй” гэж хариулсан боловч “байгаа та нар буулгаад ир, нуугаад байна та нар” гэж тэр морьтой залуу хэлсэн. Тэгэхээр би “хэрүүл, маргаанаар яах вэ” гээд машинд сууж байсан хүмүүсээ буулгасан. Тэгээд нэг танихгүй залуу гүйж орж ирээд зодоон эхлүүлсэн. Тэгтэл морьтой нэг хүн нь ташуурдаад тэгээд морьтойгоо зугтсан. Дараа нь тухайн морь унасан хүнийг Т******* гэдгийг мэдсэн. Тухайн үед надтай хамт явсан охидуудад ярихдаа “би зодоон салгасан” гэсэн боловч надтай тухайн Т******* уулзахдаа “би зодоон эхлүүлсэн юм, за уучлаарай ахынх нь буруу юу юуг нь ойлгоогүй байж” гэж хэлсэн. Эхлээд Т******* түрүүлж зодоон эхлүүлж миний нүүр хэсэг рүү цохисон, дараа нь Т******* морьтой ирээд миний толгой руу ташуураар цохисон. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд морьтойгоо зугтаасан. Миний биед зүүн шанаа хөндүүртэй, баруун хөмсөг хөндүүртэй, толгой хуйх дотор шалбархай үүссэн. Нэхэмжлэх зүйл байна. Эмнэлгийн үзлэг, нааш цаашаа явахад гарсан зардлыг төлүүлнэ. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
7. Гэрч П.Аы өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд найзуудаараа бид нар Х******* тосгонд болж байсан тоглолт үзнэ гээд Орхон аймгаас гарсан. Тэгээд Х******* тосгонд 21 цагийн орчимд ирсэн тэр үед би 2 эмэгтэй, 1 эрэгтэй найзтайгаа байж байсан. Тэгээд манай эрэгтэй найз болох Б******* утсаар холбоо бариад 23 цагийн орчимд бид нарын араас ирсэн. Тэгээд манай найзын машинд 2 эмэгтэй, 3 эрэгтэй хүүхэд ирсэн байсан. Тэгээд бид тоглолт үзэж байгаад шөнийн 01 цаг өнгөрөөгөөд тоглолтоос гараад машин дээрээ очсон. Бид машиндаа суусны дараа Б******* гэх найз маань тэр морьтой хүмүүс дээр очсон байсан. Тэнд Б*******гийн таньдаг найзууд нь бас байсан. Гэнэт толгойгоо цагаан зүйлээр боосон хүүхэд манай найз Б******* руу дайраад би очоод “боль” гээд Б*******г машин руу аваад явсан. Тэгээд явах гэж байсан чинь толгойдоо боолттой байсан хүүхэд ирээд хэрүүл өдөөд, араас нь цэнхэр футболктой ах ирээд шууд дайраад байсан. Би “цаашаа бай, бид нар явлаа” гэсэн чинь толгойдоо боолттой хүүхэд “хар Шинээ” гэх хүүхэд хайгаад байсан. Машинд байсан хүүхдүүдийг бүгдийг нь гаргаж ирээд “Хар Шинээ гэх хүүхэд байхгүй” гээд харуулсан. Тэгээд бид байж байтал толгойдоо боолттой хүүхдийн ах нь гэсэн тэр ах шууд ирээд манай найз Б*******г зодоод эхэлсэн. Тэгээд манай эмэгтэй найзууд ойртох гэхээр 2 морьтой хүүхэд мориороо хаагаад ойртох гэхээр ташуурдаад байсан болохоор бид ойртож чадахгүй байсан. Хажуугаас харж байсан охин цагдаа дуудсан байсан. Эргээд харахад 2 цагдаа ирж байсан. Цагдаа ирээд бид машиндаа суугаад эмнэлэг явсан. Хаалттай байсан болохоор бид Орхон аймаг руу явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
8. Гэрч Б.Нийн өгсөн: “...Б******* машинаасаа буугаад тэр морьтой хүмүүс дээр очсон. Тэгээд байж байхад гэнэт манай найз руу толгойдоо боолттой байсан хүн дайраад байсан. Манай эмэгтэй найзууд очих гэхээр морьтой хүмүүс бид нарыг ойртуулахгүй байсан. ...Цагдаа нар ирсэн даруйд зодож байсан морьтой хүмүүс бас явган хүмүүс тараад зугтаасан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
9. Насанд хүрээгүй гэрч М.Аы өгсөн: “...Би 2025 оны 07 дугаар сарын 09-ний орой 02 цаг өнгөрч байхад Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны түүхт 50 жилийн баяр наадмын шоуны арга ирж үзээд явах гээд Х******* тосгоны спорт цогцолборын гадна машинд суугаад хөдлөх гэж байхад морьтой хүүхдүүд ирээд бид нарыг “хаанаас ирсэн” талаар маань асуухаар нь бид нар “Эрдэнэтээс ирсэн” гэж хэлэхэд тухайн морь унасан хүүхдүүд дундаас Ч.Т******* гэдэг хүүхэд “Эрдэнэтийн Хар Шинээ” гэдэг нэрийг асуугаад байсан. Тэгэхээр бид нар “энд тийм нэртэй хүн байхгүй” гэсэн боловч “та нар нуугаад байна машинаасаа гаргаад ир” гээд байсан. Тэгэхээр бид нар “иргэний үнэмлэх шалга аа, бид нарын дунд тийм Хар Шинээ гэдэг хүн байхгүй” гэсэн. Тэгсэн чинь машинаасаа буугаад байж байтал цаанаас нь бас танихгүй өндөр туранхай ах гүйж ирээд хамт байсан найз М.Б*******г нүүр рүү шууд цохиод авсан. Дараа тэнд байсан морьтой хүүхэд манай найз М.Б*******г ташуураар олон удаа цохиж, нуруу, мөр, толгой руу нь цохиод зугтаад явчихсан. Сүүлд нь цагдаа дуудахад тухайн манай найз М.Б*******г ташуураар цохисон хүүхдийг тэнд байсан хүүхдүүд Т******* гэж дуудаж байсан. Тэгээд морьтой ташуур барьсан Т******* цагдаа ирэхээр зугтаад явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
10. Насанд хүрээгүй гэрч Б.Хгийн өгсөн:“...Манай найз М.Б*******г тэр Ч.Т******* гэдэг морь унасан хүүхэд толгой хэсэг рүү нь 2 удаа ташуураар цохисон. Мөн тэр Ч.Т*******ийн ах гэх хүн найз М.Б*******гийн зүүн шанаа руу 1 удаа цохисон. Тэгээд дараа нь хавдаад, ташуурдсанаас нь болоод толгой нь хагарч цус гарсан. Бид нар буцаад Эрдэнэт рүү явж байхад бас машин дотор толгойноос нь цус гараад тогтохгүй байсан. Бид нар дараад арчиж явсаар Эрдэнэт орсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
11. Насанд хүрээгүй гэрч Э.Ны өгсөн: “...М.Б*******г цохидог Ч.Т*******ийн ах гэх туранхай өндөр бор царайтай ах ирээд М.Б*******г нүүр лүү шууд цохиод авсан. Дараа нь тэнд байсан морьтой Ч.Т******* гэдэг хүүхэд манай найз М.Б*******г ташуураар 2-3 удаа цохиж, нуруу, мөр, толгой руу нь цохиод зугтаад явчихсан. Манай найз М.Б*******г морь унасан Ч.Т******* гэдэг хүүхэд толгой хэсэг рүү нь ташуураар 2 удаа цохисон. Бас Ч.Т*******ийн ах гэх хүн нүүр рүү нь нэг удаа хүчтэй цохисон. Тэрнээс болж зодоон эхэлсэн. ...ташуурдсанаас нь болоод толгой нь хагарч цус гарсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дах тал/,
12. Насанд хүрээгүй гэрч Г.Сгийн өгсөн: “...Орхон аймагт байдаг Б******* гэх залууг ташуураараа ташуурдаад авсан. тэгээд удаагүй цагдаа нар гарч ирээд Т******* цаашаа морио унаад зугтаасан би тухайн газраа байж байгаад гэр лүүгээ явсан. Би тухайн үйл явдлыг 10 орчим метрийн зайнаас харсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дах тал/,
13. Шинжээч эмч Б.Эын өгсөн: “...магадлуулагч М.Б*******гийн биед үзлэг хийж 223 дугаартай дүгнэлт гаргасан. Тухайн үзлэгийн үед магадлуулагч ямар нэгэн эмнэлгийн баримт бичиг үзүүлээгүй. Хэсэг газрын үзлэгээр духны дээд зулай хэсэгт 3х0,1 см бор өнгийн тав тогтсон шархтай байсан. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх учир ташуур болон хатуу мохоо зүйлээр үүссэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
14. Ч.Т*******ийн нас тоолсон “...2007 оны 12 сарын 19-ны өдөр төрсөн байна. ...2025 оны 07 сарын 08-ны өдөр 17 нас 6 сар 19 хоног, 2025 оны 07 сарын 09-ны өдөр 17 нас 6 сар 20 хоног ...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
15. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн БУЛ0725/223 дугаартай “...М.Б*******гийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. М.Б*******гийн биед хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
16. Хохирогч М.Б*******гийн Булган аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...сэтгэл санааны хор уршиг тогтоолгохгүй, эмчилгээний зардал 3,500,000 төгрөг авсан болно. ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 60 дахь тал/,
17. Өсвөр насны яллагдагч Ч.Т*******ийн өгсөн: “...тогтоолтой уншиж танилцлаа. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд х*******ттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Өсвөр насны шүүгдэгч Ч.Т******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Булган аймгийн Х******* сумын Х******* тосгонд байрлах Спорт цогцолборын гадна хохирогч М.Б*******г өөрийн төрсөн ах Ч.Т*******тэй үл ялих зүйлээс болон маргалдаж байхад нь морьтой ирж, гарт байсан ташуураараа хохирогчийн толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “зулайд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Б*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн өсвөр насны шүүгдэгч Ч.Т******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
Өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч М.Б******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэтгэл санааны хор уршиг тогтоолгохгүй, эмчилгээний зардал 3,500,000 төгрөг нэхэмжилсэнээс өсвөр насны шүүгдэгч Ч.Т******* нь 3.100.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэглэл 400.000 төгрөгийг түүнээс гаргуулж, хохирогч М.Б*******д олгохоор шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Б******* сэтгэцэд учирсан хор уршгийн шинжилгээ хийлгэхгүй талаар хүсэлтээ илэрхийлсэн болохыг дурдъя.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ийг Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 3, 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн албадлагын арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох албадлагын арга хэмжээ хэрэглэх гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал шүүхэд гаргасан саналдаа: Өсвөр насны шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж өгнө үү гэх саналыг,
Өсвөр насны шүүгдэгч Ч.Т******* нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан ялыг 2 дахин багасгаж 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ийг Булган аймгийн Х******* сумын Хялгалант тосгоны нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
Хавтаст хэргийн 100-104 дүгээр талд авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрсөний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Ч.Т******* нь Булган аймгийн Х******* сумын 4 дүгээр баг Х******* тосгонд оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч, ам бүл 4, өвөө, ээж, ахын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 82 сантиметр урттай, 2,5 сантиметр диаметртэй, 48 сантиметрийн урт суран оосортой, үзүүр хэсэгт 28 сантиметр урт хар өнгийн булигаараар бүрсэн, 2 талдаа цагаан өнгийн 2.5 сантиметрийн диаметртэй цагаан тавтай, модон ташуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгаж, өсвөр насны шүүгдэгч Ч.Т******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгтэд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Х******* овогт Ч*******ын Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан ялыг 2 дахин багасгаж 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ийг Булган аймгийн Х******* сумын Хялгалант тосгоны нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Ч.Т******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн 82 сантиметр урттай, 2,5 сантиметр диаметртэй, 48 сантиметрийн урт суран оосортой, үзүүр хэсэгт 28 сантиметр урт хар өнгийн булигаараар бүрсэн, 2 талдаа цагаан өнгийн 2.5 сантиметрийн диаметртэй цагаан тавтай, модон ташуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад тус тус даалгасугай.
7.Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ээс хохиролд 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Б*******д олгож, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Өсвөр насны шүүгдэгч Ч.Т*******ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ