Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/188

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч П.Шижирту*******,

хохирогч М.Э

шүүгдэгч Э.Д******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д*******ид холбогдох эрүүгийн 2515002420189 дугаартай, 163/2025/0186/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А******* овогт Э*******ын Д*******, Булган аймгийн Р******* суманд 2003 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, С******* дүүрэг 6 дугаар хороо,  *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 22 настай, эрэгтэй, /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Д******* нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Р******* сумын Х нэгдүгээр баг “Э” гэх газарт хохирогч М.Эыг явуулын кофе шоп ажиллуулахаар байрлуулсан байх үед нь “эндээс яв” гэж хэрүүл, маргаан  үүсэж, улмаар хохирогч М.Эыг “түлхэх”, нүүрэн тус газарт нь цохиж  биед нь “зүүн хоншоор ясны урд хананд зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун сарвууны долоовор хуруунд зулгаралт”  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515002420189 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Д******* нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Р******* сумын Х нэгдүгээр баг “Э” гэх газарт хохирогч М.Эыг явуулын кофе шоп ажиллуулахаар байрлуулсан байх үед нь “эндээс яв” гэж хэрүүл, маргаан  үүсэж, улмаар хохирогч М.Эыг “түлхэх”, нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн хоншоор ясны урд хананд зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун сарвууны долоовор хуруунд зулгаралт”  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Д*******ийн өгсөн: Тухайн өглөө цохьсон нь үнэн. Э бид 2 маргалдаад би утсыг булаагаад авсан. Гинж тасдаад ороолгоод байхаар нь үсийг зулгааж, салах гэхдээ цохьсон гэв.

2. Шүүх хуралдаанд хохирогч М.Эын өгсөн:  Булган аймгийн Р******* сумын Х нэгдүгээр баг Э гэх газарт би явуулын кофе шоп ажиллуулаад бараг 2 жил болж байна. Миний ажиллуулдаг кофе шопын ард ""-ын хариуцсан эзэн гэх Дагвацэндийн дүү гэх залуу нь найз гээд бас нэг залуугийн хамтаар ирсэн. Тэгээд намайг чи эндээс яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би Байгаль орчны газарт төлбөрөө төлөөд зөвшөөрөл авч орж ирсэн гэж хэлсэн чинь би чамайг яв гээд байгаа юм биш үү? гээд эхлээд миний зүүн гар руу цохихоор нь би чи *******гаад байгаа юм гэж хэлсэн чинь шууд дайраад миний ажиллуулдаг кофе шоп руу ороод ирсэн. Тэгэхээр нь би гар утсаа аваад нөхөр рүүгээ ярих гэхэд Д******* миний гар утсыг булааж аваад намайг 2 удаа түлхсэн. Тэгэхээр нь би гинжнээс нь бариад авсан чинь тавь гээд чанга дуугаар орилж хашхираад байсан. Би гар гээд хэлсэн чинь Д******* гарахгүй байсан. Тэгээд Д******* миний зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон хажууд хамт явж байсан найз нь салгахгүй байсан мөн миний гар утсыг Д******* өгөхгүй байсан. Тэгээд би удалгүй гар утсаа аваад нөхөр рүүгээ залгаад Элсэн тасархай дээр хурдан хүрээд ир миний нүд өвдөөд байна гэж хэлсэн. Манай нөхөр удалгүй ирсэн. Мөн Д*******ийн ах Дагвацэнд удалгүй араас нь ирээд би чамд олон удаа хэлсэн шүүдээ нэг бол түрээс төлөөд хойшоо орж зогс гэж хэлсэн биз дээ гэж хэлж байсан. Тэгээд удалгүй би нөхөртэйгөө Р******* сумын эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. Д*******ид цохиулснаас хойш миний зүүн нүд зовуурьтай харахад хүндрэлтэй байгаа. Би Д*******ийг надтай уулзаад миний эмчилгээний мөнгийг өгчих байх гэсэн боловч одоо болтол миний хохирлыг барагдуулахгүй надаас уучлалт гуйхгүй байсан учраас шүүхэд хандсан. Би маш их гомдолтой байгаа. Миний нүд байнга өвддөг. Би нүдний хагалгаанд орох гэсэн боловч Монголд хагалгаа хийх боломжгүй. Солонгос улсын эмнэлгээс асуухад 20,000,000 төгрөгөөс эхэлж байсан. Би хагалгаанд орох мөнгөө гаргуулмаар байна мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Хохирогч М.Эын өгсөн: “...Булган аймгийн Р******* сумын Х нэгдүгээр баг Э гэх газарт би явуулын кофе шоп ажиллуулаад бараг 2 жил болж байна. Миний ажиллуулдаг кофе шопын ард ""-ын хариуцсан эзэн гэх Дагвацэндийн дүү гэх залуу нь найз гээд бас нэг залуугийн хамтаар ирсэн. Тэгээд намайг чи эндээс яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би Байгаль орчны газарт төлбөрөө төлөөд зөвшөөрөл авч орж ирсэн гэж хэлсэн чинь би чамайг яв гээд байгаа юм биш үү? гээд эхлээд миний зүүн гар руу цохихоор нь би чи *******гаад байгаа юм гэж хэлсэн чинь шууд дайраад миний ажиллуулдаг кофе шоп руу ороод ирсэн. Тэгэхээр нь би гар утсаа аваад нөхөр рүүгээ ярих гэхэд Д******* миний гар утсыг булааж аваад намайг 2 удаа түлхсэн. Тэгэхээр нь би гинжнээс нь бариад авсан чинь тавь гээд чанга дуугаар орилж хашхираад байсан. Би гар гээд хэлсэн чинь Д******* гарахгүй байсан. Тэгээд Д******* миний зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон хажууд хамт явж байсан найз нь салгахгүй байсан мөн миний гар утсыг Д******* өгөхгүй байсан. Тэгээд би удалгүй гар утсаа аваад нөхөр рүүгээ залгаад Элсэн тасархай дээр хурдан хүрээд ир миний нүд өвдөөд байна гэж хэлсэн. Манай нөхөр удалгүй ирсэн. Мөн Д*******ийн ах Дагвацэнд удалгүй араас нь ирээд би чамд олон удаа хэлсэн шүүдээ нэг бол түрээс төлөөд хойшоо орж зогс гэж хэлсэн биз дээ гэж хэлж байсан. Тэгээд удалгүй би нөхөртэйгөө Р******* сумын эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. Д*******ид цохиулснаас хойш миний зүүн нүд зовуурьтай харахад хүндрэлтэй байгаа. Би Д*******ийг надтай уулзаад миний эмчилгээний мөнгийг өгчих байх гэсэн боловч одоо болтол миний хохирлыг барагдуулахгүй надаас уучлалт гуйхгүй байсан учраас би энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлье гэж бодоод цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,

2. Гэрч Б.Дэгийн өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би Булган аймгийн Р******* сум Х нэгдүгээр баг Элсэн тасархайн ар булан шилүүстэйн гол гэх газарт гэртээ байж байхад манай найз охин 11 цагийн үед залгаад Д******* хүмүүстэйгээ намайг зодчихлоо хурдан ирээрэй гэж хэлсэн. Би удалгүй Элсэн тасархай дээр найз охиныхоо ажиллуулдаг кофе шоп дээр ирэхэд манай найз охин сандарсан байдалтай зүүн нүд нь хөхөрсөн хамар болон амнаас нь цус гарсан байдалтай байсан би болсон асуудлын талаар найз охиноосоо асуухад Дагвацэндийн ажилчин гээд 2 залуу эхлээд ирээд эндээс яв гээд дайраад байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь манай найз охин гар утсаараа над руу залгах гэхэд гар утсыг нь булааж аваад нүд рүү нь цохисон гэж хэлсэн. Би Дагвацэндийг танина манай сумын залуу байгаа юм ямар нэгэн төрөл садан хамаатан биш дүүг нь бол танихгүй. Намайг очиход манай найз охины баруун гараас нь цус гарсан байдалтай мөн хамар амнаас нь цус гарсан зүүн нүд нь хөөсөн хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

3. Гэрч Ц.Агийн өгсөн: “...Би Булган аймгийн Р******* сумын эрүүл мэндийн төвд 2025 оны 04 дүгээр сараас эхлэн их эмчээр ажиллаж байна. Би 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Р******* сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр ажиллаж байсан. 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Р******* сумын эрүүл мэндийн төвд Э гэх эмэгтэй өдөр ирж үзүүлсэн. Эын биеийг үзэхэд зүүн нүд нь хөхөрсөн хавдсан харааны талбай хязгаарлагдсан нүд хөдөлгөх үед өвдөх зэрэг өвчний оноштой байсан. Э нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авч байхдаа хүнд цохиулсан талаараа надад хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

4. Насанд хүрээгүй гэрч С.Мы өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би Булган аймгийн Р******* сумын Х 1 дүгээр баг Элсэн тасархай гэх газарт би гадаа их халуун өдөр байсан болохоор ундаа авах гээд Э эгчийн ажиллуулдаг кофе шопын хажууд явж байхад хүмүүс муудалцаад байх шиг байсан. Манай сумын Д******* ах Э эгчтэй маргалдаад байх шиг байсан.Тэгээд намайг Э эгчийн ажиллуулдаг кофе шопын хажуугаар явж байхад Д******* ах Э эгчийг цохиж байгаа нь харагдсан. Э эгч Д******* ах руу ундааны сав шидэж байгаа харагдсан. Тэгээд би ундаагаа авах гээд цаашаа явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

5. Гэрч Р.Эын өгсөн: “ ... Би 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Р******* сумын Х 1 дүгээр баг элсэн тасархай гэх газарт аялал зугаалгаар яваа иргэдэд тэмээ унуулж байсан юм. Намайг тэмээ унуулж байхад хүмүүс ойрхон маргалдаад байх шиг байхаар нь би Эын ажиллуулдаг кофе шопын хажуугаар явж байхад Э, Д******* хоёр нь хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд намайг очиход Э, Д******* намайг цохисон гээд нүд нь хөхөрчихсөн байсан. Мөн Э, Д******* ирээд хэрүүл маргаан үүсгээд намайг цохичхоод явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

6. Гэрч М.Дгийн өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 86850540 утасны дугаараас Р******* сумын иргэн Э нь миний дугаарын гар утас руу залгаад Элсэн тасархай гэх газарт бусдад зодуулчихлаа гээд дуудлага өгсөн. Тухайн дуудлага дээр би дуудлага өгснөөс хойш 30 минутын дараа очсон. Намайг очиход Эын баруун нүдний дээд хэсгээр хөхрөлт үүссэн байдалтай байсан Тэгээд би болсон асуудлын талаар Эаас тодруулж асуухад Д******* гэх залуу миний үйл ажиллагаа явуулдаг явуулын кофе шоп дотор орж ирээд миний нүд рүү баруун гараараа цохисон гэж хэлсэн. Тэгээд би Д*******оос болсон асуудлын талаар асуухад Эыг би зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа явуулаад байна гэж хэлтэл бид хоёрын хооронд үл ойлголцол үүсээд хэрүүл маргаан хийгээд тухайн үедээ миний уур хүрээд Эын толгой хэсэг рүү гараараа цохих гэхэд нүдийг нь оносон гэж хэлсэн. Тэгээд би Д*******ийг цагдаагийн тасаг руу авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

7. Насанд хүрээгүй гэрч Б.Бийн өгсөн: “...Булган аймгийн Р******* сумын Элсэн тасархай гэх газарт 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Э гэх эмэгтэй нь явуулын кофе шопоо зогсоолын ойролцоо тавьсан байсан. Тэгэхээр нь би Д******* гэдэг  таньдаг ахтайгаа тэр өдөр таараад Э гэх эмэгтэйн ажиллуулдаг кофе шоп дээр очсон. Д******* ах Э гэх эмэгтэйд кофе шопоо холдуул гэж хэлж байх шиг байсан. Тэгсэн чинь Э гэх эмэгтэй Д******* ахтай маргалдаад байсан. Э гэх эмэгтэй Д******* ах руу нэг удаагийн цаасан аяга шидэж байгаа харагдсан. Тэгээд Э гэх эмэгтэй кофе шоп дотроосоо гарч ирээд тэр хоёр ахиад маргалдаад байсан. Тухайн үед Э гэх эмэгтэй нь Д******* ахын гинжнээс татаж байгаа харагдсан. Тэгэхээр нь Д******* ах гинжээ авах гэхэд Э гэх эмэгтэйн үсэнд гинж нь орооцолдсон байсан. Тэгэхээр нь би салгах гээд очсон би Д******* ахыг Э гэх эмэгтэйгээс холдуулсан Э гэх эмэгтэй нь Д******* ахтай хэрүүл маргаан үүсгэх гээд байсан учир Д******* ах уурандаа толгой хэсэг рүү нь гараа далайхад нүүрийг нь оносон. Мөн Э гэх эмэгтэйн үс нь нэлээн зулгарч унасан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

8. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх дүрс оношилгооны шинжилгээний лабораторийн ахлах шинжээч эмч цагдаагийн хошууч Ц.Бадралын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн М.Эын биед зүүн хоншоор ясны урд хананд зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун сарвууны долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-оос доошгүй удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Э.Д******* нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Р******* сумын Х нэгдүгээр баг “Э” гэх газарт хохирогч М.Эыг явуулын кофе шоп ажиллуулж байхад нь “эндээс яв” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан  үүсгэж, улмаар хохирогч М.Эыг  түлхэж нүүрэн тус газарт нь цохиж  эрүүл мэндэд нь “зүүн хоншоор ясны урд хананд зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун сарвууны долоовор хуруунд зулгаралт”  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдов.

Шүүгдэгч Э.Д*******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагдсан, учруулсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Д*******ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Э.Д*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн Э.Д******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Э.Д*******ийн бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт хуульчилсан.

Хохирогч М.Э эмчилгээний зардалд 1.010.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаараа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн боловч хавтаст хэргийн 56-57 дугаар хуудсанд 200.000 төгрөгийн баримтыг хэрэг хавсаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад 7 / долоо/ хуудас баримтыг шинээр гаргаж өгсөн. Шүүх эмчилгээ болон бусад зардалтай холбоотой  давхардаагүй 280.110 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын баримтыг хангаж, шүүгдэгч Э.Д*******оос нийт 480.110 төгрөгийг гаргаж хохирогч М.Эд олгохоор шийдвэрлэв.

Хохирогч М.Э нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад  эмчилгээний зардалд 10,000,000 төгрөгөөс дээш мөнгө нэхэмжилсэн боловч цаашид зайлшгүй хийгдэх эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын эх сурвалжийг нотолсон холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эмчилгээний зардлыг тогтоох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Д*******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 83, 91-95 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Д******* нь Улаанбаатар хот, С******* дүүрэг 6 дугаар хороо, *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүгдэгч Э.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Э.Д******* нь тусгайлан гаргах саналгүй гэх саналыг тус тус   шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Э.Д*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Д*******ид нь цагдан хоригдсон хоноггүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А******* овогт Э*******ын Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д*******ийг 6 / зургаа/ сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д*******ийг оршин суугаа газраас буюу Улаанбаатар хотын С******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих талаар  сануулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Э.Д******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д*******оос 480,110 төгрөгийг гаргуулж хохирогч М.Эд олгож, цаашид хийлгэх эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Э.Д*******оос гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ