| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 144/2020/0066/Э |
| Дугаар | 2021/ДШМ/29 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/29
Ц.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр /онлайнаар/,
Шүүгдэгч Ц.Т /онлайнаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр /онлайнаар/,
Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Т-д холбогдох 2029000020036 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн нутагт иргэн Г.М-н өмчлөлийн 2 тооны хээлтэй ингэн тэмээг хулгайлж бусдад 5 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Ц.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Шүүгдэгч Ц.Т-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №76 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах, талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг тус тус хүлээлгэсүгэй” гэсэн 2 дахь заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Т-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №76 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын хүчингүй болгож оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан 1 /жил/6/зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-н цагдан хоригдсон 93 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйл болон эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж шаалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн) гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:
Уг хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэж, 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Т-д нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосон.
Шүүгдэгчид “хэт хөнгөн ял оногдуулсан” үндэслэлээр прокурор эсэргүүцэл бичсэний дагуу Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, 203/МА2021/00018 дугаартай магадлалаар шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг байгаа зэрэгт дүгнэлт хийгээгүй зөрчлүүдийг дурьдан, “хэт хөнгөн ял оногдуулсан” үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Гэтэл тус Ханбогд сум дахь Сум дундын шүүх нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хэргийг дахин хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан мөн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ээс 1.7-д заагаагүй буюу “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон зэргээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, урьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудын хэмжээг зөрүүлж, нэмж нэгтгэн, дахин 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана”, мөн зүйл, хэсгийн 3.1-д: “хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж заасан хуулийн шаардлагыг хангаж гараагүйг дурьдаж байна.
Хоёр. Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдал, гэм бурууд тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
Тодруулбал шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тогтоох хуульд заасан зарчмыг баримтлаагүй, мал хулгайлах гэмт хэрэгт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэснээс хойш 2 жил, 2 сар орчмын дараа, нэг ижил сэдэлт, зорилго, арга хэрэгслээр мал хулгайлсан гэмт хэрэгт шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, үндэслэл, дүгнэлт тодорхойгүйгээр 1 жилийн хорих ялыг тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн бага хэмжээгээр буюу 6 сар, 6 сарыг 1 жил болгон тус тус өөрчилж, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сараас хэтрүүлэхгүйгээр тогтоож шийдвэрлэснийг хэргийн бодит байдалд болон тодорхой үндэслэлд тулгуурлаагүй, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохироогүй, хэт хөнгөн ял оногдуулсан гэж үзнэ.
Гурав. Бусад асуудлын талаар: Шүүх шийдвэртээ Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тус хуулийн зохицуулалтад нийцээгүй. Тогтоолын 6 дахь заалтад “....цагдан хоригдсон 93 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “....баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасантай нийцээгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.“ гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.Т-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасны дагуу эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор нь Ц.Т-г 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн нутагт иргэн Г.М-н өмчлөлийн 2 тооны хээлтэй ингэн тэмээг хулгайлж, бусдад зах зээлийн ханшаар 5 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж, үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж хуульд заасан журмын дагуу цугларч, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг үйлдсэн газар арга, хугацаа зэргийг нотлон тогтоож, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа тул Ц.Т-г гэм буруутай талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Энэ хэрэгт мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Ц.Т-г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээд тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Т-д холбогдох эрүүгийн хэргийг өмнө нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд 18 дугаартай магадлалаар /2хх-11хуу/ 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 тоот шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, үүний улмаас ял тохирсон эсэхэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг байгаа зэрэгт дүгнэлт хийгээгүй зөрчлүүдийг дурьдан, “хэт хөнгөн ял оногдуулсан” үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Хэргийг дахин шийдвэрлэж ирүүлсэн энэ хэргийн хувьд ял оногдуулсан үндэслэлийн талаар тодорхой заасан, хохирол төлбөрт 5 000 000 төгрөгийг төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд өмнөх магадлалыг биелүүлээгүй гэх прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.
Харин шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт цагдан хоригдсон хугацааг эдэлсэн ял оруулан тооцох гэж хуульд зааснаар өөрөөр бичснийг өөрчлөх тухай эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авч шийтгэх тогтоол өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “эдэлсэн хугацаанд” гэдгийг “эдлэх ялд” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-н шийтгэх тогтоол гарснаас хойш магадалал гарах хугацаанд цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ц.ОТГОНЦЭЦЭГ