Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0215

 

 

 

 

 

 

   2023          03          13                                    128/ШШ2023/0215         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Б” ХК,

            Хариуцагч: “Э” ХК хоорондын тендер сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ж.Д, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гэрч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: ““Э” ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/ дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Уурхайн хүнд машин механизмын даатгалын гэрээ байгуулахыг “Э” ХК-д даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн үйл баримт:

2.1. Нэхэмжлэгч “Б” ХК нь “Э ХК-иас зарласан “Даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгох” тендерийн сонгон шалгаруулалтын Багц-3-т оролцон шалгарч, “Э” ХК-ийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот албан бичгээр “Б” ХК-д гэрээ байгуулах эрх олгосон.  

 2.2. “Э” ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/ дугаар “Тендер шалгаруулалтын тухай” албан бичгээр тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон байх тул хуульд заасан хугацаанд багтаан гэрээ байгуулах боломжгүй байгааг мэдэгдсэн.

3. Процессын хураангуй:

3.1. Нэхэмжлэгч нь дээрх захиргааны актыг эс зөвшөөрч тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2022/10095 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон буцаасан.

3.2. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан дахин нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10588 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

3.3. Дээрх захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/ШТ2023/0070 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

3.4. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2023/1221 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

4. Нэхэмжлэгч “Б” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

4.1. “Б” ХК нь “Э” ХК-ийн ******* дугаартай “Даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалт”-д оролцож Багц3-т хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгарсан. 

4.2. “Э” ХК-ийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр “хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу Багц3-т гэрээ байгуулах эрх олгож байгааг үүгээр мэдэгдэж байна” хэмээн манай компанид гэрээ байгуулах эрх олгосон болно. “Б” ХК нь эрх олгох тухай албан бичгийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Гүйцэтгэлийн баталгааг захиалагчид хүргүүлсэн бөгөөд гэрээний төслийн тендерийн материалын хамт илгээсэн.

4.3. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр захиалагч компанийн ажилтан Ч.С “Уул уурхай хүнд машин механизмын гэрээний төсөл танайхаас бэлтгэгдэх ёстой. Танай төсөл дээр манайхаас саналаа өгнө” гэсний дагуу манай байгууллагын даатгалын мэргэжилтэн Г.Б уг гэрээний төслийг Я.С /*******, Г.Э /******* нарт тухайн өдөрт нь цахим шуудангаар хүргүүлсэн байна. Ийнхүү манай байгууллагын ажилтнуудын зүгээс захиалагч талтай байнга холбогдож, гэрээг баталж байгаа эсэх талаар лавлаж байсан боловч энэ хугацаанд хариуцсан ажилтан Я.С нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Солонгос улсад байна, 10 дугаар сарын 04-ний өдрөөс ажилдаа орно гэж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс мөн сарын 14-ний өдрийн хооронд чөлөөтэй гэж, мөн манай талаас илгээсэн гэрээний төслийг “Э” ХК-ийн гэрээний загварт хөрвүүлэх шаардлагатай, гүйцэтгэх захирал чөлөөлөгдсөн тул гарын үсэг зурах боломжгүй гэх зэргээр гэрээ байгуулах ажиллагааг удаа дараа хойшлуулсаар ирсэн.

4.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан. Тодруулбал, захиалагч нь гэрээ байгуулах эрх олгох тухай ******* дүгээр албан бичгийг манай компанид 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн бөгөөд дээр хуулийн дагуу гэрээ байгуулах эрх мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нээгдсэн болно. Харин тендерийн хүчинтэй хугацаа нь захиалагчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 05/ тоот “тендерийн баталгааны хугацаа болон үнийн саналын хугацааг 15 хоногоор сунгаж ирүүлнэ үү” гэх албан бичгийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгагдсан болно. Иймд даатгалын гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд байгуулах нөхцөл боломж бүрэн байсан.

4.5. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Я.С нь гэрээний батлагдаагүй төслийг цахим шуудангаар ирүүлээд, 99073523 дугаараас “гэрээний эхний төсөл 09 сарын 27-ны өдөр ирсэн байна. Тэгсэн хүчинтэй хугацаа нь 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байдаг” гэх утга бүхий мессеж ирүүлсэн. Захиалагч нь ийнхүү гэрээ байгуулах хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тендерийн хүчинтэй хугацааг хэтрүүлэн гэрээний төслийг илгээж, гэрээг баталгаажуулахгүй байгаа нь хууль бус юм.

4.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 болон 106.3.4-т тус тус заасны дагуу хариуцагчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/ дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай эрх олгох шийдвэрийн дагуу гэрээ байгуулахыг “Э” ХК-д даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

5. Хариуцагч “Э” ХК-с шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

5.1 “Даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай тендер шалгаруулалтыг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зарлаж, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нээхэд Багц3-т нийт 5 компани /А ХХК, Бодь даатгал ХХК, Н ХХК, М ХХК, П******* ХХК/ тендерийн материал ирүүлсэн.

5.2 Үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу захиалагчийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 05/1776 дугаар албан бичгээр Багц3-т оролцсон “Н” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон. “П*******” ХХК, “М” ХХК нараас захиалагчийн дээрх шийдвэрт гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03/6064 тоот албан бичгээр захиалагчийн шийдвэрийн хэрэгжилтийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, мөн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах тухай зөвшөөрлийг олгосон. Түүнчлэн Сангийн яамнаас дээрх гомдлыг хянан үзээд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/6259 дүгээр албан бичгээр захиалагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэний дагуу тендерт оролцогчдын тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль холбогдох бусад журмын дагуу үнэлж дүгнэн, Үнэлгээний хорооны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр Багц3-т оролцсон “Б” ХК-ийн ирүүлсэн тендерийг захиалагчийн шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, захиалагчаас 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлсэн.

5.3 Гэвч тендерийн хүчинтэй хугацаан 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсны улмаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасны дагуу гэрээ байгуулах боломжгүй болсон тул энэ талаар Захиалагчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/ дугаар албан бичгээр “Б” ХК-д мэдэгдсэн болно.

5.4 Иймд тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон байхад тус компанитай гэрээ байгуулах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг зөрчих тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Б” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “Б” ХК-иас “Э” ХК-д холбогдуулан ““Э” ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/ дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Уурхайн хүнд машин механизмын даатгалын гэрээ байгуулахыг “Э” ХК-д даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, “Э” ХК нь “Даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай” ******* дугаартай цахим тендер шалгаруулалтыг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зарласан байх бөгөөд тендерийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нээсэн, тус тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр тендерийн Уул уурхайн машин, механизмын даатгалын Багц-3-т “Н” ХХК-г шалгаруулж, захиалагчаас 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 05/1776 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн боловч оролцогчдын гомдлоор Сангийн яам гомдлыг шийдвэрлэж, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 03/6259 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн.

3. Үнэлгээний хороо нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дахин үнэлгээ хийж Багц-3 Уул уурхайн машин, механизмын даатгалын тендерт нэхэмжлэгч “Б” ХК-г шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсний дагуу захиалагчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр “Б” ХК-д гэрээ байгуулах эрхийг олгож, гэрээний үнийн дүнгийн 3%-тай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг ирүүлэхийг мэдэгдсэн байна.

4. Нэхэмжлэгч “Б” ХК-с дээрх мэдэгдлийн дагуу тендерийн гүйцэтгэлийн баталгааг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр захиалагчид хүргүүлсэн.

5. Улмаар захиалагч “Э” ХК нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “...тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон байх тул хуульд заасан хугацаанд багтаан гэрээ байгуулах боломжгүй байгааг үүгээр мэдэгдье” гэх 01/ дугаар албан бичгийг “Б” ХК-д хүргүүлсэн  үйл баримтууд тогтоогдож байна.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр батлагдан, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Төрийн мэдээлэл эмхэтгэлийн №25 /1223/ дугаарт нийтлэгджээ.

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг нэмэлт, өөрчлөлт орохын өмнөх зохицуулалтын дагуу зохион байгуулж дуусгана” гэж заажээ.

8. Иймд тухайн маргаан бүхий тендер нь дээрх хуулиуд хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зарлагдсан тул хуулийн өмнөх зохицуулалтыг хэрэглэхээр байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

9. Хуулийн өмнөх зохицуулалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж тус тус заажээ.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, маргаан бүхий тендерийг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нээсэн байх бөгөөд тендер хүчинтэй байх 30 хоногийн хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дуусахаар байна.

11. Захиалагчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 05/1860 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлт гаргасны дагуу Сангийн яамнаас 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгож, тус хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах өдрөөс тоологдохыг анхаарах талаар дурджээ.

12. Ийнхүү тендерийн хүчинтэй байх хугацааг Сангийн яамнаас хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа  15 хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу 15 хоногоор сунгаж, тендерийн хүчинтэй хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 22-нд өдөр дуусахаар байх бөгөөд энэ хугацаанд багтааж, захиалагч нь тендерийг зохион байгуулж дуусгах ёстой байна.  

13. Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сангийн яамнаас гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тендерийн хүчинтэй байх хугацаа зогссон гэж тайлбарлан маргах боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг дараах тохиолдолд түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно гэж заасан нь тендер шалгаруулалтын шийдвэр, үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх эрхийг захиргааны байгууллагад олгосон болохоос тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг түдгэлзүүлэх, зогсоох эрхийг Сангийн яаманд олгоогүй байна. /хуулийн 55 дугаар зүйлийн 55.10-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэх хугацаанд энэ хуулийн 29.1-д заасан хугацаа түр зогсоно.” гэж нэмэлт орохоос өмнөх зохицуулалтаар/

14. Иймд Сангийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн *******7 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг зогссон гэж үзэх үндэслэлгүй.

15. Гэтэл захиалагч хуулиар тогтоосон хугацаандаа багтаан гэрээ байгуулах зэрэг холбогдох ажиллагааг хурдан шуурхай явуулах үүргээ биелүүлээгүй, тодруулбал захиалагчаас 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 05/ дугаар албан бичгээр “Б” ХК-д Багц 3-т ирүүлсэн тендерийн баталгааны хугацаа болон үнийн саналын хугацааг 15 хоногоор сунгаж ирүүлэх талаар мэдэгдсэний дагуу “Б” ХК-иас Үнийн саналын задаргаа, хугацааг 15 хоногоор сунгасан тухай маягтыг захиалагчид хүргүүлсэн.

16. Үнэлгээний хороо нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тендерийг дахин үнэлэх ажиллагаа явуулж, “Б” ХХК-г шалгаруулан захиалагчаас 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлснээс үзэхэд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасанчлан гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад “Б” ХХК-иас 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгэлийн баталгааг хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр захиалагч компанийн ажилтнаас гэрээний төслийг ирүүлэх талаар и мэйлээр харилцаж байсан, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 01/ тоот албан бичгээр хуульд заасан хугацаанд багтаан гэрээ байгуулах боломжгүй байгааг нэхэмжлэгчид мэдэгдсэн нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд “...үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасан болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй, нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.  

17. Уг маргааны хувьд тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь нэхэмжлэгч компаниас шалтгаалаагүй, хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байх тул түүний “...тендер хүчинтэй байх хугацаа дуусчихсан байхад захиалагч гэрээ байгуулах боломжгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

18. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 он, 2023 оны эхний саруудын төсвийг өмнөх гэрээ байгуулсан компанид шилжүүлсэн тул уг хугацааны төсөв байхгүй, уг асуудлыг нэхэмжлэгч зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулахыг даалгах боломжтой гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас уг хугацаанд хамаарах төлбөрийн талаар хэлэлцэн тохирох боломжтой гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, мөн тус тендер шалгаруулалтыг дахин зарласан нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ...үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримталнагэж заасан зарчимд нийцнэ гэж үзлээ.

19. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Э” ХК-ийн гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр болох 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/ дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б” ХК-тай Багц-3 Уурхайн хүнд машин механизмын даатгалын гэрээ байгуулахыг хариуцагч “Э” ХК-д даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2 /2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх зохицуулалт/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасныг тус тус үндэслэн “Б” ХК-иас “Э” ХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э” ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/ дугаартай албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б” ХК-тай Багц-3 Уурхайн хүнд машин механизмын даатгалын гэрээ байгуулахыг “Э” ХК-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Б” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ