Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/189

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Л.У*******,

шүүгдэгч О.Э******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э*******д холбогдох эрүүгийн 2515000000134 дугаартай, 304/2025/0188/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д******* овогт О*******ийн Э*******, Хөвсгөл аймгийн А******* суманд 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, Хөвсгөл аймгийн А******* сумын 5 дугаар баг “*******” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, дасгалжуулагч мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт амьдардаг, 25 настай, эрэгтэй,

урьд Сонгино-Хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгүүлж байсан, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Э******* нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Т******* сумын нутаг дэвсгэр Харгал 2 дугаар баг “*******” гэх газарт хохирогч Л.У*******д “нэг кг  ноолуурыг 137.000 төгрөгөөр худалдаж авна сүлжээтэй газар очоод мөнгийг нь шилжүүлье” гэж хэлэн, Л.У*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж 85 кг ноолуурыг залилан  авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515000000134 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Э******* нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Т******* сумын нутаг дэвсгэр Харгал 2 дугаар баг “*******” гэх газарт хохирогч Л.У*******д “нэг кг ноолуурыг 137.000 төгрөгөөр худалдаж авна сүлжээтэй газар очоод мөнгийг нь шилжүүлье” гэж Л.У*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж 85 кг ноолуурыг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.У*******ын өгсөн: 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ноолуурыг минь авсан. Мөнгөө авъя гэхээр өгдөггүй. 1 удаа 2,000,000 төгрөг өгсөн. Хүнээр ямаагаа самнуулчихаад нөгөө хүмүүсдээ мөнгөө өгч чадахгүй байна. 9,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Л.У*******ын өгсөн: “...2025 оны 05 сарын эхээр манай нөхөр Э.Б хүү Ттэй утсаар яриад Тариаланд ямааны ноолуур хэдтэй байна өндөр үнээр авч байгаа хүн байна уу? гэж асуулгасан юм байсан. Тэгсэн манай хүү над руу залгаад ээж манай Тариалан сумын ЕБ-ийн биеийн тамирын багш дасгалжуулагч Э******* багш ноолуур авч байгаа 1 кг нь 137000 мянгаар авч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр Э.Бт Тариалан сумаас Тий багш гээд нэг хүн ярьж байна өндөр үнээр авч байгаа юм  байна очоод авья гэж байна гэж нөхөр Э.Бт хэлсэн. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Э******* гэх хүнд ноолуураа зарахаар болоод Т******* сумын Харгал 2 дугаар баг *******д 14 цагийн үед уулзсан. Тэгээд бид хоёр 85 кг ямааны ноолуурыг 1 кг 137000 мянган төгрөгөөр бодоод нийт 11 сая 500000 мянган төгрөг болсон. Э******* гэх хүнээс мөнгө яаж авахын гэхэд асуухад буцах замдаа сүлжээ оруулаад шилжүүлэг хийе гээд яваад өгсөн. Тухайн өдрийн орой өөрийн 90077166 дугаараас 86120757 дугаар луу залгахад одоо мөнгийг чинь хийлээ гээд одоог хүртэл худлаа яриад мөнгө өгөхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

2. насанд хүрээгүй гэрч Б.Тгийн өгсөн:“.. “...2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай сургуулийн багш О.Э******* гар бөмбөгийн бэлтгэл хийж байхад ноолуур зарах хүн байна уу? гэж асуусан. Тэгэхээр нь би аав, ээжээсээ асуугаад хэлье гэж багшдаа хэлсэн. Тэгээд би ээж У*******аас манай биеийн тамирын багш О.Э******* ноолуур авна гэж байна манайх ноолуураа зарах юм уу? гэж асуусан. Ээж У******* ноолуур хэдээр ямар үнээр авч байгаа юм бэ? гээд асуухаар нь би багшдаа ээжийнхээ 90077166 дугаарыг өгсөн. Тэгээд манай багш О.Э******* ээж У*******тай утсаар яриад байсан. Ярьж дууссаныхаа дараа ээж чинь 85 кг ноолуур надад зарна гэнэ 1 кг нь 135000 авахаар болсон гэж байсан. Тэгээд 2025 оны 05 сарын 10-ны өглөө 09 цагийн үед Тариалан сумын төвд уулзсан.Тэгээд би ээж аавтайгаа Тариалан сумаас Т******* сум руу багш О.Э******* багштай хамт явж байна гэж хэлсэн. Тэгээд 12 цагийн үед Т******* сумын Эгийн гүүр гараад аав Б, Ээж У******* нартай уулзсан. Тэгээд ээж, аав хоёр ямааны ноолуураа 5 ширхэг шуудайнд хийсэн жинлэж үзэхэд 85 кг болж байсан. Тэгээд нийт 11 сая 475000 мянган төгрөг болсон мөнгийг сүлжээ орохоор шилжүүлье гээд байсан. Би тэгээд багш О.Э*******тай хамт буцаад Тариалан сум руу явсан. Явах замдаа энэ ноолуурыг Мөрөн хот авч явна ноолуураа зарчхаад ээж, аавын чинь мөнгийг өгнө гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

3. Гэрч Э.Бын өгсөн:“.. “...Би Булган аймгийн Т******* сумын Далан 3 дугаар багт эхнэр У******* хоёр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Манай том Т Хөвсгөл аймгийн Тариалан суманд 11-р ангид суралцдаг. Удахгүй ЕБ-ийн сургуулиа төгсөх гэж байгаа болохоор Тариалан сумаас Т******* сумын ЕБ-ийн сургуульд шилжүүлж ирээгүй тэнд нь төгсгөх гээд дотуур байранд амьдран сурч байгаа. 2025 оны 4 дүгээр сарын эхээр ямаагаа самнаж эхэлсэн. Манайх 500 гаран ямаатай. Би 2025 оны 05 сарын эхээр хүү Ттэй утсаар яриад Тариалан суманд ямаа хэдээр авч байна миний хүү үнэ ханшийг нь хүнээс асуугаад авч байгаа хүн байна уу? гэж асуулгасан. Тэгсэн Манай ЕС-ийн дасгалжуулагч Э******* багш ноолуур авч байгаа гэнэ 1 кг 137000 мянгаар авч байгаа гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 05 сарын 08-ны өдөр багш гэх Э******* гэх хүнтэй утсаар ярихад ноолуур 1 кг 137000 мянган төгрөгөөр авч байгаа очоод авья гэж ярьсан.Би 85 кг ноолуур байна гэж хэлсэн. 2025 оны 05 сарын 10-ны өдрийн 12 цагийн үед Тариалан сумаас Т******* сум руу гарлаа танай хүүтэй хамт гээд өдрийн 14 цагийн Булган аймгийн Т******* сумын Харгал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Буурал аавын доор Тохойд уулзсан. Тухайн үед Э******* гэх хүн би ноолуур цуглуулж яваа 5 тн болгоод хужаад өгөх гэж байгаа юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь 1 кг 137000 мянган төгрөгөөр бодоод 85 кг ноолуур зараад нийт 11 сая 500000 мянган төгрөг болсон. Тэгээд мөнгө хэзээ өгөх юм бэ? асуухад сүлжээтэй газар ороод шилжүүлье гэж хэлээд яваад одоог хүртэл мөнгө өгөөгүй аваагүй явж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-334 дэх тал/,

4. Гэрч С.Хын өгсөн:“.. “...Би Э.Бтай гэр бүлийн найзууд эхнэр Г.Мөнхгэрэл хамт 2025 оны 05 сарын сүүлээр гэр бүлээрээ уулзаж байхад Л.У******* хүү Тгийн биеийн тамирын багш дасгалжуулагч гээд хүнд 85 кг ноолуур өгчхөөд мөнгөө авч чадахгүй байна. Ноолуураа өндөр үнээр авч байна 1 кг 137000 мянган төгрөгөөр өгсөн юм одоо болтол мөнгө аваагүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч О.Э******* нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Т******* сумын нутаг дэвсгэр Харгал 2 дугаар баг “*******” гэх газарт хохирогч Л.У*******д “нэг кг  ноолуурыг 137.000 төгрөгөөр худалдаж авна сүлжээтэй газар очоод мөнгийг нь шилжүүлье” гэж Л.У*******ыг хуурч, 85 кг ноолуурыг өөрийн эзэмшилд шилжүүлэн  авсан үйл баримт тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э*******гийн өгсөн мэдүүлгээр шүүгдэгч О.Э******* нь зам тээврийн осол үйлдэж, ослын улмаас учирсан хохирлыг төлөх зорилгоор урьд өмнө ноолуур авч, худалдан борлуулах ажил хийж байгаагүй атлаа хийж байсан мэтээр хохирогч Л.У*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн байна.

Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгч О.Э******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сүлжээтэй газар очоод мөнгийг шилжүүлнэ гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчийг эрхийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э******* нь гэм буруугийн талаар маргаагүй, өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлтээ илэрхийлсэн болохыг тус тус дурдъя.

Хохирлын талаар:

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.У*******д 10.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч О.Э******* нь хохирогч Л.У*******д 2.000.000 төгрөгийг төлсөн байна.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э*******гаас  үлдэх хохирол болох 8.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.У*******д олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Э*******г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч О.Э******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 82-99 дэх талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, малын А дансны тооллого, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сонгино-Хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1482 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.Э******* нь Хөвсгөл аймгийн А******* сумын 5 дугаар баг “*******” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, дасгалжуулагч мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.Э*******г гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан байдал, шүүгдэгч өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Э******* тусгайлган гаргах саналгүй гэх саналыг тус тус шүүх хуралдаанд гаргажээ.

Шүүх шүүгдэгч О.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  1.000.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч О.Э*******д нь цагдан хоригдсон хоноггүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д******* овогт О*******ийн Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э*******г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч О.Э******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Э*******гаас  8.200.000 /найман сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Т******* сум, 3 дугаар багт оршин суух, хохирогч Гөрөөчин овогт Лхагважавын У******* /РД:РЙ84081907/-д олгосугай.

6.Шүүгдэгч О.Э*******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ