| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0190/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/193 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/193
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч О.Мөнхтуяа,
шүүгдэгч У.О******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.О*******д холбогдох эрүүгийн 2515003090195 дугаартай, 304/2025/0190/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж******* овогт У*******гийн О*******, Завхан аймгийн Б******* суманд 1969 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, Орхон аймгийн Б******* сумын 3 дугаар баг У******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, эмэгтэй, 55 настай, РД:*******,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Шүүгдэгч У.О******* нь 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр Булган аймгийн С******* сумын Ингэт 5 дугаар багийн нутаг “*******” гэх нэртэй газарт байрлах ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг босоо “Шинэс” төрлийн модыг 19 хэсэг 2.236м³ болгон тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид 323,238 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 969,714 төгрөгийн шууд бус хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515003090195 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.О******* нь 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр Булган аймгийн С******* сумын Ингэт 5 дугаар багийн нутаг “*******” гэх нэртэй газарт байрлах ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг босоо “Шинэс” төрлийн модыг 19 хэсэг 2.236м³ болгон тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид 323,238 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 969,714 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ойгоос мод бэлтгэхэд ашигласан бензин моторт хөрөөнд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03/824 дугаартай албан бичиг, иргэний нэхэмжлэгч Б.Бгийн өгсөн мэдүүлэг, гэрч Д.Б, Д.Д нарын өгсөн мэдүүлэг, “Ашидбилгүүн” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ОРХ-913751 дугаартай дүгнэлт, Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн ДАР0325/093 дугаартай дүгнэлт, яллагдагч У.О*******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч У.О******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул мөн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч У.О******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч У.О******* гэм буруутай үйлдлийн улмаас 323.238 төгрөгийн хохирол байгаль орчинд учирсан бөгөөд 3 дахин өсгөж тооцох 969.714 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн тухай баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч У.О*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч У.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч У.О******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн өмчлөлийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн YD-98 загварын, цагаан алаг өнгийн хуучин, хэвийн ажиллагаатай хөрөөний гар хар, манил хэсэг улаан хүрэн өнгөтэй, гинжний хамгаалах таг ягаан өнгөтэй 1 ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох гэмт хэрэг үйлдэж олсон мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн 2 ширхэг босоо “Шинэс” төрлийн 2.236 метр куб буюу 19 ширхэг болгон тайрч бэлтгэсэн модны битүүмжлэлийг хүчингүй болгож модыг тус тус хурааж улсын орлого төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж******* овогт У*******гийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О*******д оногдуулсан 500.000 /таван зуу мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.О*******д сануулсугай.
5.Энэ хэрэгт шүүгдэгч У.О******* нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.О*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2 ширхэг босоо “Шинэс” төрлийн 2.236 метр куб буюу 19 ширхэг болгон тайрч бэлтгэсэн модыг хурааж, улсын орлого болгосугай.
7.Шүүгдэгч У.О*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн YD-98 загварын, цагаан алаг өнгийн хуучин, гар хар, манил хэсэг улаан хүрэн өнгөтэй, гинжний хамгаалах таг ягаан өнгөтэй 1 ширхэг цахилгаан хөрөө 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын төсөвт оруулсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ