2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2539

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Э.Мандуул,

шүүгдэгч *******,

хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505020681106 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны  дүгээр сарын -нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, дэлгүүрт мах бэлтгэгч ачигч ажилтай, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо,  дугаар хорооллын дугаар байрны  тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Дархан-Уул аймгийн Дархан сумын  дугаар баг,  дүгээр хэсгийн  тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, /РД:/, ******* овогт *******ын *******.

                                                           Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь такси үйлчилгээ үзүүлэх явцдаа 2025 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө өөрийнх нь жолоодон явсан тээврийн хэрэгслээр 10 дугаар хорооллоос Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны дэвсгэрт байрлах Хархорин хорооллын гадна шөнийн 04 цаг 40 минутын орчимд хүргүүлсэн Б.*******ыг “таксинд төлөх мөнгө байхгүй тул компанийнхаа нэхэмжлэлийг өгчих, маргааш шилжүүлье” гэж хэлэхэд нь дургүйцэн маргалдаж, хохирогчийг түлхэн унагаж, нүүр толгой, биеийн хэсэгт олон удаа өшиглөж, цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Тухайн хэрэг гардаг шөнө би “UBСаb” такси үйлчилгээнд явж байсан бөгөөд 10 дугаар хорооллын туслах зам дээр зорчигчоо буулгаад буцаад явж байсан. Тэгтэл зам дээр гурван хүн такси барих гээд зогсож байсан бөгөөд голд нь зогсож байсан хүн нэлээн согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээр түшүүлээд гараа өргөөд байж байсан. Тэгтэл нөгөө хоёр хүн нь согтуу хүнээ ганцааранг нь явуулна гэхээр нь би согтолт өндөртэй хүн авч явахгүй ээ, та хоёр хамт явчих эсвэл өөр такси дуудчих гэхэд үгүй ээ ах аа, эхнэртэй нь ярьсан байгаа, гэрийнхээ гадаа хүлээж байгаа, очихоор нь шууд тосоод авна гэж хэлэхээр  нь би машиндаа суулгаад авч явсан. Гэрийнх нь гадаа очоод эхнэрийнхээ дугаарыг өгчих гэж хэлэхэд сүүлд нэрийг нь мэдэх болсон Б.******* нь унтсан юм уу гэхээр унтаагүй, тэгсэн мөртлөө эхнэрийнхээ утасны дугаарыг хэлэхгүй, миний тээврийн хэрэгсэл дотор цэрээ хаясан болохоор нь би тээврийн хэрэгслээсээ чирч буулгасан. Гадаа буугаад жаахан сэргэсэн байдалтай хэн бэ гэхээр нь би таксины жолооч байна гэж хэлсэн. Гадаа сэрүүхэн байсан учир шууд хаяж явж чадаагүй байж байтал намайг нохой, гахай, гуйлгачин гэхчилэнгээр дуудаад байсан учир би тэсээгүй ийм үйлдэл болсон. Шүлсээ хаясны төлөө биш, шүлсээ хаях үед нь би тээврийн хэрэгслээсээ буулгасан. Нэг бол эхнэр рүүгээ ярчих, эсвэл дугаарыг нь өгчих, бүүр болохгүй бол гэрээ заагаад өг гэж хэлсэн. Тэгтэл намайг хэл амаар доромжилж байгаад, түрүүлж гар хүрсэн. Согтолтын зэрэг нь өндөр байсан. Би 2019 оноос хойш такси үйлчилгээнд явж байсан бөгөөд гадаа сэрүүн болсон учир ар гэрт нь хүлээлгэж өгөх эсвэл дулаан газар оруулах арга хэмжээ авах гэж байсан. Би бол нэлээд тэвчсэн. Би сарын 2,000,000 төгрөгийн цалинтай. Дэлгүүрт мах бэлтгэгч хийдэг. Эхнэр хүүхэд Дарханд байдаг бөгөөд саяхнаас Дархан руу нүүсэн. Хохирогч тухайн үед эхнэр рүүгээ залгаад эсвэл, гэрээ заагаад өгсөн бол ийм зүйл болохгүй байсан. Хүний биед хохирол учруулсан нь үнэн. Өөрөөр хэлэх зүйл байхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ “Энэ хүн намайг татаж буулгасан гэдэг нь худлаа. Би өөрөө тээврийн хэрэгслээс буусан байхад энэ хүн тээврийн хэрэгслийг тойрч бууж ирсэн байдаг. Камерын бичлэгээс харвал би гэрээ зааж өгч байгаа байдалтай байсан. Мөн над руу дайраад байгаа бололтой түлхэж байх үед нь би хий түлхээд унасан байдаг. Тэгээд жаахан сэргээд хартал намайг зодож байсан бөгөөд би яагаад тэгж байгаа юм бэ гэж асуухад хохь чинь гэж хэлээд хөдлөөд явахаар нь би эхнэрээ дуудсан. Уг хэргийн улмаас би 3 сар хөдөлж болохгүй гэртээ байсан. Толгой, бөөр өвддөг болсон. Одоо дандаа бөөрний эм уудаг болсон. Эмнэлгийн байгууллагад бол хэвтээгүй. Эм, тариа авсан баримтаа цуглуулаагүй, гэхдээ и баримтаас бол харагдах байх. Эмийн сангаас авсан баримтыг цуглуулаагүй. Би “UBСаb” такси үйлчилгээнд явдаг байсан бөгөөд сард 1.500.000-2.000.000 төгрөгийн орлого олдог байсан учраас олох ёстой орлогоо нэхэмжилнэ. Гомдолтой байна. ” гэв.

Гурав: Эрүүгийн 2505020681106 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******ын хохирогчоор өгсөн: “Би 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хэсэг бүлэг найзуудын хамтаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын орчим үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь мэдэхгүй уушийн газарт сууж архи 2 шил 0,75 литрийн архийг хоёулаа хувааж уугаад би бага зэрэг согтсон тул “UBСаb” нэртэй компанийн дуудлагын таксиг дуудсан. Намайг 2025 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04 цагийн орчимд 10 дугаар хорооллоос ирж аваад Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин хорооллын гадна 04 цаг 40 минутын орчимд хүргэж өгөөд төлбөр 6.000 орчим төгрөг гарсан. Би согтолттой мөнгөө төлж чадахгүй байсан учир компаниараа нэхэмжлэх үлдээлгэчихээ би маргааш эрүүл болоод аппликейшнээр төлчихнө гэж хэлтэл намайг мөнгөө төлж чадахгүй байна гэх үл ялих зүйлээс болж надтай маргалдаад шууд цохиж түлхэж газарт унагаад чирээд дээрээс толгой болон баруун нүд мөн бөөр нуруу хэсгүүд рүү удаа дараа цохиж өшиглөж биед минь гэмтэл учруулсан байсан. Тухайн зодоон болох үеийн хяналтын камерын бичлэг надад байгаа. Би маш их гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг авахаар ирсэн автомашины жолоочийг би огт танихгүй. Дуудлагаар ирсэн таксины жолоочийг харвал шууд танина миний үеийн 45-50 орчим насны эрэгтэй хүн байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн гэрчээр өгсөн: “2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нөхөр Б.******* найзуудтайгаа зааланд тоглохоор 19 цагийн үед гэрээсээ гарсан. 3 дугаар сарын 20-ны үүрээр 4 цаг өнгөрч байх үед манай нөхөр залгаад ярихад “намайг хүн зодчихсон байна, гарч ирж ав” гэж хэлээд утсаа тасалсан 5-10 минутын дараа гараад очсон. Гараад очиход байрны үүдний "Жаргалант” дэлгүүрийн гадаа газар шороон дээр бөхийсөн байдалтай нүүр, гар нь битүү цус болсон нүд нь хавдсан байдалтай тухайн сууж байсан газрын хажууд нь цус асгарсан, өмсөж явсан хувцас нь шороо болсон байдалтай байсан. Би ганцаараа өргөөд дийлэхгүй байсан учраас хүн гуйж гэр рүүгээ оруулсан. Гэр рүүгээ оруулж нүүр гарыг нь цэвэрлээд “хаана яаж байгаад хүнд зодуулчхав, яаж ирсэн бэ” гэхэд тодорхой бус “аан, тийн” гэж хариулаад байсан. Өглөө нь таксины жолоочоосоо асуугаад үзсэн үү гээд асуултал “залгаж үзсэн утсаа авахгүй байна” гэж хэлэхээр нь хэнд, хаана зодуулснаа мэдэхийн тулд камер шүүгээд үз бүүр болохгүй бол цагдаад гомдол гаргаа зүгээр байж байгаад хүнд зодуулна гэж юу байсан юм бэ гэж хэлсэн манай нөхөр тухайн өдрөө цагдаад гомдол гаргасан. Хэсэг хугацааны дараа нөхөртэйгөө холбогдоход "камерын бичлэг шүүгээд явж байна, таксины жолооч зодсон байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0725/4657 дугаартай Б.*******ын биед бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, дээд уруулын салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1756 дугаартай “Бямбажавын ******* /РД: НЩ*******/-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Б.*******ын сэтгэц учирсан хор уршиг нь 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-34 дэх тал)

6. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Баянгол дүүрэг 29 дүгээр хороо Хархорин хорооллын 55/11 дүгээр байрны буланд мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийн баруун хойно буланд хар хувцастай хоёр эрэгтэй зогсох бөгөөд 04.42.26 секундэд зүүн урагшаа харж зогсох малгайгүй залуу баруун гараараа байрны орой хэсэг рүү заах бөгөөд 04.42.26 секундэд малгайгүй залуу малгайтай залууг түлхэх бөгөөд энэ үед малгайтай залуу 04.42.28 секундэд буцааж зүүн гараар нүүр хэсэгт цохих бөгөөд малгайгүй залуу хойш унаж мөнгөлөг өнгөтэй тээврийн хэрэгслийн ард унах үед малгайтай залуу баруун хөлөөр гар хэсэгт өшиглөх үйлдэл хийх ба малгайгүй залууг босож суухад малгайтай залуу баруун гараар нүүр хэсэг рүү заах ба 04.43.01 секундэд малгайтай залуу малгайгүй залуугийн нүүр хэсэгт дахин зүүн гараар нэг удаа цохих үед малгайгүй залуу мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийн ард дахин унав. 04.43.07 секундэд малгайтай залуу, малгайгүй залууг хувцаснаас нь чирч явган хүний зам дээр доош харан хэвтүүлэн 04.43.15 секундэд зүүн хөлөөр нуруу хэсэгт нэг удаа өшиглөж мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийн жолооч талд суух гэж байгаад больж дахин ирж малгайгүй газар хэвтэх залуугийн бие рүү зүүн хөлөөр дахин нэг удаа өшиглөж 04.43.26 секундэд мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэлд суух гэж байгаад больж буцаж очиж 04.43.34 секундэд хоёр гараараа биеэс татаж гудчих үйлдлийг хоёр удаа хийчхээд 04.43.43 секундэд мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийн жолооч талд сууж ухрах үйлдлийн удаа дараа хийж 04.44.36 секундэд уулзварын голд ирэх бөгөөд энэ үед малгайгүй эрэгтэй босож сууж хар өнгийн цүнхийг өөрийн баруун гараар мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийн шил хэсэг рүү 04.44.41 секундэд шидэх бөгөөд 04.44.44 секундэд мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслээс хар малгайтай залуу бууж ирэн тухайн малгайгүй залуутай барьцалдаж аван 04.44.48 секундэд өөрийн баруун тийш татаж хоёр өвдөг дээр нь унагааж үргэлжлүүлэн зууралдаж 04.44.55 секундэд толгой дээр нь хоёр гараараа дарж байгаад 04.45.00 секундэд тухайн залуугийн бие рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж үргэлжлүүлэн толгой дээр нь дарж 04.45.06 секундэд толгой дээр нь дарах үйлдлийг хоёр удаа хийж 04.45.09 секундэд өөр рүүгээ татаж газар малгайгүй залууг биеийн урд хэсгээр нь газар хэвтүүлэн 04.45.18 секундэд мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийн хамар хэсэг дээрээс хар өнгийн цүнхийг авч малгайгүй залуугийн биеийн зүүн хэсэг рүү шидэх үйлдэл хийгээд 04.45.28 секундэд малгайтай залуу баруун гараараа малгайгүй залуугийн нүүр хэсэгт нэг удаа алгадаад 04.45.44 секундэд малгайтай залуу малгайгүй залуугийн биеийн зүүн хэсэг рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж өөд өөдөөсөө харан ярилцаж байгаад 04.46.01 секундэд малгайтай залуу малгүй залуу зүүн гараа өргөн далайж үйлдэл гарган зогсож байгаад 04.46.11 секундэд баруун гараараа малгайгүй залуугийн толгой хэсэг нэг удаа цохиход малгайгүй залуу биеийн баруун тал руу явган хүний зам дээр хоёр гараар тулж дөрвөн мөчөөр тулсан байх үед малгайтай залуу зүүн хөлөөр нэг удаа малгайгүй залуугийн биеийн зүүн хэсэгт өшиглөж үргэлжлүүлэн баруун хөлөөр дахин нэг удаа өшиглөж 04.46.18 секундэд мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл рүү очиж 04.46.22 секундэд жолооч талын суудалд сууж ухрах үйлдэл хийж 04.46.38 секундэд урагшлан төв зам чиглэлтэй хөдөлж явсан байв. Энэ үед малгайгүй залуу явган хүний зам дээр сууж үлдэв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 26-29 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ы яллагдагчаар өгсөн: “Би “UBCab” дуудлагын такси үйлчилгээнд ******* УБЧ улсын дугаартай автомашинаар такси үйлчилгээнд явж байсан. 2025 оны 3 дугаар сарын 19-нөөс 3 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 хорооллын нутаг дэвсгэрт зорчигч буулгачхаад Хаан банкны АТМ орж бэлэн мөнгөө дансандаа хийж байхад таксины дуудлага ирсэн. Ойрхон байсан учраас тус дуудлагыг авч Хаан банкнаас 100 метрийн зайд байрлах туслах зам дээрээс хоёр хүнээр сугадуулсан нэлээн согтолттой эрэгтэй хүн дээр очсон. Тухайн хүнийг таксинд суулгасны дараа хамт явж байсан хоёр хүн нь хамт явах юм байх гэж бодсон тэгтэл таксинд сууж байсан согтуу хүн ганцаар явахаар болсон. Би тэр согтуу хүнийг ганцааранг нь авч явах боломжгүй гэхэд тэр хоёр хүн эхнэр нь мэдэж байгаа тосоод авна гэж хэлээд явуулсан. Тус газраас хөдлөөд Хархорин хорооллын гаднах хаалт дээр нь очоод гэрийн чинь гадаа ирчихлээ эхнэр рүүгээ залга эсвэл дугаарыг нь өг би ярья гэж хэлээд сэрээх гэж 4-өөс 5 минут оролдсон боловч огт сэрэхгүй байсан. Тэгээд тэр залуу гэнэт машин дотор цэрээ нулимж хаясан тэгэхээр нь машины зорчигчийн хаалгыг онгойлгож татаж гаргаж ирээд хөл дээр нь зогсоотол “чи хэн бэ” гэж асуусан би хариуд нь “таксины жолооч байна, гэрт чинь ирчихлээ гэж хэлсэн. Та эхнэр рүүгээ залгаа, эсвэл орцоо заагаад өг би ядаж орц руу чинь оруулаад өгье гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу намайг “гуйлгачин” гэх мэтчилэн хэл амаар доромжлоод миний уруул хэсэг рүү цохисон байсныг сүүлд би мэдсэн. Тэгээд гэнэт миний уур хүрээд зууралдаж унагаагаад нуруу, бөгс хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, толгой нуруу хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэр залууг үлдээгээд машиндаа суугаад ухрах үйлдэл хийж байсан чинь тэр залуу барьж явсан гар цүнхээ машины шил рүү шидсэнийх нь дараа машинаасаа буугаад сууж байх үед нь толгойг нь гадуураа өмсөж явсан хувцаснаас нь барьж босгохгүй гэж бодож доош нь дарж байгаад хэдэн удаа нүүр, цээж хэсэг рүү өшиглөсөн нээх олон удаа бол өшиглөөгүй. Тэр хүнийг тухайн газар үлдээгээд шууд машиндаа суугаад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал)

8. Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 50 дахь тал)

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

******* нь тээврийн хэрэгсэл жолоодон такси үйлчилгээ үзүүлэх явцдаа 2025 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 10 дугаар хорооллоос Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин хорооллын гадна шөнийн 04 цаг 40 минутын орчимд хүргүүлсэн зорчигч Б.*******ыг таксины төлбөр төлөхөөс үүдэлтэйгээр  маргалдаж, хохирогчийг түлхэн унагаж, нүүр толгой, биеийн хэсэгт олон удаа өшиглөж, цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), Б.*******ын хохирогчоор өгсөн: “...2025 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04 цагийн орчимд 10 дугаар хорооллоос ирж аваад Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин хорооллын гадна 04 цаг 40 минутын орчимд хүргэж өгөөд төлбөр 6.000 орчим төгрөг гарсан. Би согтолттой мөнгөө төлж чадахгүй байсан учир компаниараа нэхэмжлэх үлдээлгэчихээ би маргааш эрүүл болоод аппликейшнээр төлчихнө гэж хэлтэл намайг мөнгөө төлж чадахгүй байна гэх үл ялих зүйлээс болж надтай маргалдаад шууд цохиж түлхэж газарт унагаад чирээд дээрээс толгой болон баруун нүд мөн бөөр нуруу хэсгүүд рүү удаа дараа цохиж өшиглөж биед минь гэмтэл учруулсан байсан...Дуудлагаар ирсэн таксины жолоочийг харвал шууд танина миний үеийн 45-50 орчим насны эрэгтэй хүн байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), *******ийн гэрчээр өгсөн: “...Гараад очиход байрны үүдний "Жаргалант” дэлгүүрийн гадаа газар шороон дээр бөхийсөн байдалтай нүүр, гар нь битүү цус болсон нүд нь хавдсан байдалтай тухайн сууж байсан газрын хажууд нь цус асгарсан, өмсөж явсан хувцас нь шороо болсон байдалтай байсан...Хэсэг хугацааны дараа нөхөртэйгөө холбогдоход "камерын бичлэг шүүгээд явж байна, таксины жолооч зодсон байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0725/4657 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1756 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-34 дэх тал), Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26-29 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар, *******ы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...гэнэт миний уур хүрээд зууралдаж унагаагаад нуруу, бөгс хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, толгой нуруу хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэр залууг үлдээгээд машиндаа суугаад ухрах үйлдэл хийж байсан чинь тэр залуу барьж явсан гар цүнхээ машины шил рүү шидсэнийх нь дараа машинаасаа буугаад сууж байх үед нь толгойг нь гадуураа өмсөж явсан хувцаснаас нь барьж босгохгүй гэж бодож доош нь дарж байгаад хэдэн удаа нүүр, цээж хэсэг рүү өшиглөсөн...Тэр хүнийг тухайн газар үлдээгээд шууд машиндаа суугаад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хэргийн хохирогч Б.*******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн хохирогчийг түлхэн унагаах, нүүр толгой, биеийн хэсэгт олон удаа өшиглөх, цохих зэрэг гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Б.*******ын биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хавтаст хэргийн 50 дахь талд авагдсан Med trauma эмнэлэгт бүсэлхий нурууны дүрс оношилгоо (150.000 төгрөг) толгойн тодосгогчгүй дүрс оношилгоо (150.000 төгрөг) нийт 300.000 төгрөгийн баримт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт төлөгдсөн 73000 төгрөгийн баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс 373.000 төгрөг гаргуулж хохирогчийн хохиролд олгохоор шийдвэрлэв.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Энэ хүрээнд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1756 дугаартай “Бямбажавын ******* /РД:НЩ*******/-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Б.*******ын сэтгэц учирсан хор уршиг нь 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлтийг гаргажээ. (хавтаст хэргийн 32-34 дэх тал)

Тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Сэтгэцэд учирсан гэм хорын эмгэгийн нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Иймд Б.*******ын сэтгэцийн хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөгийг 3.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.772.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч нь энэ хэргийн улмаас гурван сарын хугацааны олох ёстой орлогоо шүүгдэгчээс нэхэмжилнэ гэх боловч холбогдох баримтгүйн учир энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив.

Хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 08 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болон үйлдсэн хэргээ шударгаар хүлээж байгаа хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Дээрх нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг  сонгож уг зүйл хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлав.

Камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                  

       ТОГТООХ нь:   

1. ******* овогт *******ын *******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. *******ы зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6Шүүгдэгч  *******аас нийт 3.145.000 төгрөгийг гаргуулж хохиролд 373.000 төгрөг  сэтгэцийн хор уршгийн зардалд 2.772.000 төгрөгийг  хохирогч Б.*******т олгосугай.

7. Хохирогч нь өөрт учирсан хохирол  хор уршигтай холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь  нээлттэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

9. Камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ