Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/03126

 

 

 

 

 

 

 

2023 06 20

101/ШШ2023/03126

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн X-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух Г-т холбогдох,

570,000 юань буюу 291,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхчимэг, хариуцагч М.Г, түүний өмгөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х нь өөрийн найз болох БНХАУ-ын иргэн L-н хүсэлтийн дагуу Монгол улсын Хаан банкин дахь хариуцагч М.Гийн 5124019936 дугаартай БНХАУ-ын юанийн данс руу 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 170,000 юань, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 300,000 юань, 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 100,000 юанийг шилжүүлсэн байна. Энэ үйл баримт холбогдох банкны шилжүүлгүүдээр батлагдахаас гадна Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/01635 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Тухайн үед буюу 2015 оны 2 дугаар сарын 5-наас 2015 оны 3 дугаар сарын 13-ны хооронд хариуцагч М.Г нь нэхэмжлэгч Х-н найз болох L-н хөрөнгө оруулалттай Монгол улсын СХХК-д дэд захирлаар ажиллаж байсан тул компанид хөрөнгө оруулах чиглэлээр М.Гийн хувийн дансаар дээрх мөнгөн шилжүүлгүүдийг хийсэн байна. Хариуцагч М.Г нэхэмжлэгчийн 3 удаагийн шилжүүлгээр явуулсан 570,000 юаниас тодорхой хэсгийг монгол төгрөг болгон тухай бүрд нь солиулаад 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 52,737,402 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 34,472,900 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 40,769,300 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 31,470,000 төгрөг, нийт 159,449,602 төгрөгийг СХХК-д бэлнээр тушаасан байна. Гэтэл ковидын нөхцөл байдлын улмаас мөнгөний жинхэнэ эзэн болох нэхэмжлэгч Ли-г Монгол улсад ирж чадахгүй гэж үзсэн үү, эсвэл зүгээр л хөрөнгө хууль бусаар эзэмдэх гэсэн үү хариуцагч М.Г нэхэмжлэгч Ли-гээс авч СХХК-д тушаасан мөнгөө СХХК-д зээлдүүлсэн мэтээр үйл баримтыг гуйвуулж нэхэмжлэлийн шаардлага гарган Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар шүүх 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/01635 дугаартай шүүхийн шийдвэрээр Ли-г СХХК-д хөрөнгө оруулсан нь тогтоогдохгүй байгаа боловч иргэн М.Гт мөнгө шилжүүлсэн тогтоогдож байна гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ М.Гөөс СХХК-д мөнгө өгсөн тогтоогдож байна гэж үзээд нэхэмжлэлийг хангаж СХХК-иас 159,449,602 төгрөгийг гаргуулж М.Гт олгуулахаар шийдвэрлэсэн юм.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/01635 дугаартай шүүхийн шийдвэрийг мэдээд L нэхэмжлэгчээс 570,000 юанийг шаардаж нэхэмжлэгч тус мөнгийг төлж байгаа. Иймээс нэхэмжлэгч хариуцагч М.Гийн үндэслэлгүй хөрөнгөжсөн хууль бус эзэмшлээс өөрийн шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх, шаардах эрхээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Мөн БНХАУ-ын иргэн Х-д шаардах эрх байхгүй гэдэг тайлбарыг хариуцагч талаас тавьдаг. Тухайн үед ямар үйл баримт болсон бэ гэхээр нэхэмжлэл дээрээ тодорхой бичсэн байгаа. Спейд ХХК-ийн хөрөнгө оруулагчийн аав болох БНХАУ-ын иргэн L-ны хүсэлтийн дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэдгийг БНХАУ-ын иргэн Х тодорхой хэлсэн. Нөхцөл байдал яавал дуусах байсан бэ гэхээр Спейд ХХК нь тухайн хөрөнгийг М.Гөөр дамжуулж аваад ашиглаад дууссан бол энэ харилцаа дуусгавар болох байсан. Гэтэл М.Г тодорхой хугацааны дараа зээл байсан. Буцаж Спейд ХХК-иас нэхэмжлээд шүүх тэрийг нь хангаж шийдсэн учир анх шилжүүлсэн байсан хүсэл зориг нь тодорхойгүй байхгүй болсон. Энэ агуулгаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу бодитоор шүүхэд гаргасан нотлох баримт дээр БНХАУ-ын иргэн Х гэх иргэний нэрээс Монгол улсын хаан банканд тодорхой 3 удаагийн гүйлгээний баримт хийгдсэн. Энэ нотлох баримтын хүрээнд талуудын хооронд энэ нотлох баримтын дагуу огт үүрэг үүсээгүй байхад төлбөр шидсэн учир үүрэг үүсээгүй байхад би болгож авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгөн хөрөнгөө буцааж авъя гэдэг асуудлыг тавьж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа. Хэрвээ энэ мөнгө М.Гөөр дамжаад Спейк ХХК-д шилжсэн байсан бол Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-т заасны дагуу тухайн шилжүүлсэн хөрөнгийг олж авсан гуравдагч этгээд болох Спейд ХХК-д нэхэмжлэлийн шаардлага гаргаад явах боломжтой байсан. Иймд энэ нэхэмжилж байгаа хэсэг нь Монгол улсын хуулиар тодорхой зохицуулсан зохицуулалттай харилцаа байгаа. Мөн хэдийгээр нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Х байхад, хариуцагч нь БНХАУ-ын иргэн L, Спейд ХХК гэдэг энэ тухайлсан иргэний хэрэгт хэргийн орлогч болоогүй этгээдүүдийн талаар ярьдаг. Энэ маргаан нь БНХАУ-ын иргэн Х, М.Г нарын хооронд бодитой баримтаар шилжсэн гүйлгээтэй холбоотой асуудлын тухай ярьдаг. Хэрвээ хариуцагч энэ мөнгийг авах ёстой гэж үзэж байсан бол өнгөрсөн хугацаанд нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх ёстой байх, гэтэл өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нэг ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Хариуцагч нь би урамшуулал авах ёстой байсан. Аман хэлэлцээр гэж хэлээд байна. Энэ тайлбарын хувьд аваад үзэхэд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой үүссэн урамшуулал юм шиг ойлгож байна. Мөн хэдийгээр урамшууллын талаар ярьж байгаа бол энэ хэргийн нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х, магадгүй өөр холбогдох нотлох баримтаа гаргаад, БНХАУ-ын иргэн L гэх хүнийг хариуцагчаар татаад шүүхэд маргаан үүсгээд явах нь өнөөдрийн нөхцөл байдалд нээлттэй. Өөрийнх нь эрхийн асуудал байгаа. Тэгэхээр хариуцагчийн тавиад байгаа хариу тайлбар нь нотлогдохгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна гэв.

Иймд хариуцагч М.Гөөс нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х-гээс шилжүүлсэн авсан 570,00 юань буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Монгол банкны албан ханшид хөрвүүлсэн 293,920,500 төгрөг гаргуулан авах, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,614,300 төгрөгийг тус тус гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

2.Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны шүүх хурал дээр гэрчээр ирж байсан БНХАУ-ын иргэн Х гэх хүн тухайн үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ мөнгө миний биш гэж тодорхой хэлж ,мэдүүлж байсан мөртлөө одоо миний мөнгө гэж хэлээд байгааг нь ойлгохгүй байна.

Анх 2018 оны 1 сард манайх нэхэмжлэл өгч 2019 оны 7 сард хэрэг шийдэгдэж байсан. Түүн дээр олон удаа шүүх хуралдаан болж, шүүх шийдэж байсан. Хэрвээ тэр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол давж заалдах эрх нь байсан.

Би Х гэх хүнийг танихгүй, энэ хүнтэй ямар нэг тохирлцоо байхгүй. Харин БНХАУ-ын иргэн L гэдэг хүнийг танина. Бидний дунд ярьж тохиролцсон зүйл байгаа. Энэ хүн банкны шилжүүлэгтэй холбоотойгоор л мөнгөө БНХАУ-ын иргэн Х гэдэг хүнээр дамжуулдаг байсан. Тухайн үед шүүхээр орж байхад энэ асуудал яригдаж байсан. Спед ХХК-тай яагаад 160,000,000 төгрөг дээр маргаж байсан юм бэ, 570,000 юань гэдэг нь Монгол мөнгөөр 200,000,000 төгрөг болсон. 200,000,000 төгрөгөөс нь надад өгсөн мөнгийг нь би зарцуулж байсан.

Анх БНХАУ-ын иргэн L гэдэг хүн нь 2014 оны 10 сард надтай уулзаж байсан. Ямар учраас уулзаж байсан бэ гэвэл миний эзэмшлийн тусгай хамгаалалтын 3 га газар байсан. 2014 онд Дорнод аймагт А лицензтэй жоншны уурхай байсан. Монгол компаниас худалдаж авсан байдаг. Тухайн үед гүйцэтгэх захирал нь БНХАУ-иргэн Баянбилэг гэж хүн байсан. Над дээр ирж тэр хэсэгт 60,000,000 юань оруулъя. Чи миний уурхайг улсын бүртгэл дээр бүртгүүлж, үйл ажиллагааг нь хэвийн болгоод өг гэсэн тохиолцоо байсан. 2014 оны 12 сард намайг очиход хоосон хашаа байсан. 2015 оны 3 сар улсын комисст хүлээлгэж өгсөн. Дараа нь намайг ямар ч үндэслэлгүйгээр алжаас халсан. Тэр 60,000,000 юань орж ирнэ гэж хэлсэн боловч орж ирээгүй. 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр бүх Монгол ажилчдыг халсан.

L надтай яриж ...чи бичиг баримтыг нь шилжүүлээд ажлаа үргэлжлүүл гэж хэлж байсан. Уурхай жонш дээр хилээр гаргахгүй учир гаргаж өгвөл тонн тутмаас 2,000 төгрөг өгөхөөр тохиролцож, цаашид 4 жил цалин өгч ажилууллах талаар тохиролцсон.

Энэ талаар өмнө нь шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Өөрөөр хэлбэл энэ мөнгийг надад төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.

Өмнөх маргаанд БНХАУ-ын иргэн Х нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө миний мөнгө биш гэдгээ тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын иргэн L гэх хүн Х-ийн дансаар дамжуулж мөнгө хийсэн гэж тайлбар хэлдэг.

М.Гийн хувьд БНХАУ-ын иргэн Х гэх хүнтэй тохиролцоогүй, энэ хүнтэй холбоотой зүйл байхгүй. БНХАУ-ын иргэн иргэн Х болон БНХАУ-ын иргэн L нарын хооронд ямар нэгэн үүрэг үүссэн, яагаад Х гэх хүн энэ мөнгийг шаардаад байгаа нь тодорхойгүй байна.

Тэгэхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжтой юм уу, өөрөөр хэлбэл 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн шийдвэртэй бүхий шүүх хуралдаан дээр БНХАУ-ын иргэн Х гэх хүн гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ миний мөнгө бишээ, би зүгээр дамжуулсан юм, би мэдэхгүй, ямар учиртай ямар мөнгө юм бэ гэхэд мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн.

БНХАУ-ын иргэн L, М.Г гэдэг хүмүүсийн хооронд 4 жил хугацаанд авах ёстой мөнгө нь нэлээд их мөнгө харагдаж байгаа. Үүний урьдчилгаа мөнгө орж ирсэн. Хэрвээ урамшууллын дагуу үйл ажиллагаа явуулж буцааж нэхэх ёстой гэж үзэж байгаа бол БНХАУ-ын иргэн L гэх хүн өөрөө нэхэмжлэл гаргаад явах эрхтэй. Тэгэхээр М.Г гэх хүн урамшуулаа БНХАУ-ын иргэн L гэх хүнээс нэхэх болоод байгаа. Энэ хоёр хүний хороонд болсон процесст БНХАУ-ын иргэн Х гэх хүнд хамаарал байхгүй. Өөрөө нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн үү биш үү гэдгийг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Монгол банкны ханшын лавлагаа, Хятадын үйлдвэр худалдааны банкны мөнгөн гуйвуулгын баримтууд, итгэмжлэл, нотариатын бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 31-ний өдрийн 01635 дугаар шийдвэр, 2022 оны 4 сарын 13-ны өдрийн 05038 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 сарын 26-ны өдрийн 01693 дугаар шүүхийн шийдвэр,

Хариуцагчаас, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 1 сарын 25-ны өдрийн иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, СХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 2 сарын 5-ны өдрийн 2015/02 дугаартай ажилд авах тухай тушаал, 2015 оны 3 сарын 13-ны өдрийн ажлаас халах тухай 15/12 тоот тушаал, Хаан банкны тодорхойлолт, гэрчээр Х.Энхсаруулийг асуусан тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 31-ний өдрийн 1635 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, БНХАУ-ын иргэн XIO Degui-г гэрчээр асуусан тэмдэглэл, М.Гөнхөлөгийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, 2016 оны 7 сарын 01-ний өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, дуу авианд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, Сэжигтэн М.Гийг байцаасан тэмдэглэл, 2015 оны 1 сарын 08-ны өдрийн Орон нутгийн хөжглийг дэмжих, хамтран ажиллах гэрээ, М.Гийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, СХХК-ийн 2015 оны 1 сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөх тхай хувьцаа эзэмшигчийн шийдвэр, ажилд томилох тухай №3 тоот тушаал, итгэмжлэл, 2015 оны 2 сарын 26-ны өдрийн СХХК-ийн Хөх толгой уурхайг байнгын ашиглалтанд хүлээж авах тухай улсын комиссын тэмдэглэл, хохирогчоор тогтоох тогтоол, Х.Энхсаруулыг гэрчээр асуусан тэмдэглэл, Ш.Баянтэнгэрийг хохирогчоор байцаасан тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Гийн эзэмшлийн Хаан банкны хугацаагүй хадгаламжийн хуулгыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х нь хариуцагч М.Гт холбогдуулан 570,000 юань буюу 291,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг компанид хөрөнгө оруулах зорилгоор хариуцагчийн дансанд шилжүүлсэн 570,000 юанийг өөртөө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлж байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг дээрх мөнгийг М.Гийг СХХК-нд зээлдүүлсэн гэж үзэж буцаан гаргуулсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, мөн БНХАУ-ын иргэн L гэх хүнтэй тохиролцсоны дагуу авах ёстой мөнгө гэж маргаж байна.

2.Хэрэгт авагдсан Хятадын үйлдвэр худалдааны банкны мөнгөн гуйвуулгын баримт, М.Гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х-ээс М.Гийн дансанд 3 удаагийн гүйлгээгээр нийт 570,000 юань шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн-ийн 5-12, 114 дүгээр тал/

3.Нэхэмлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд тус нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэлтэй эсэхийг тодорхойлохын өмнө нэхэмжлэгч талд шаардах эрх байгаа талаар дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс БНХАУ-ын иргэн Х би өөрийн найз болох БНХАУ-ын иргэн L-н хүсэлтийн дагуу нийт 570,000 юанийг М.Гийн монгол дахь дансанд шилжүүлсэн гэж, хариуцагчаас Х гэх хүнийг танихгүй, харин L гэх хүнтэй ажил хэргийн холбоотой байсан бөгөөд энэ мөнгийг түүнтэй тохиролцсон тохиролцооныхоо дагуу ажлынхаа хөлсөнд авсан гэж тус тус тайлбарлаж байна.

Мөн нэхэмжлэгч Х нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ ...Хонгконгийн Ли захирлын мөнгийг монгол руу шилжүүлсэн, надад данс өгөөд би шилжүүлсэн, М.Гийг танихгүй, бизнессийн харилцаа холбоо байхгүй, тэр мөнгийг Хонгконгийн Ли-ээс ирээд би тэр мөнгийг Монгол улс руу шилжүүлсэн, Лигийн бүтэн нэр Li maoren, эхний удаа 100 юань, дараа нь 170,000 юань, 300,000 юань шилүүлсэн... гэж мэдүүлжээ. /хх-ийн 65-68 дугаар тал/

Дээрх үйл баримтаас үзэхэд хэдийгээр мөнгөн шилжүүлэг нэхэмжлэгч Х-ийн нэрээр хийгдсэн байгаа хэдий ч талуудын хэн алиных нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн гэрчээр өгч байсан мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх мөнгийг шаардах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт, Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. гэж төлөөлөх эрхийг тодорхойлжээ.

Тус агуулгаар нэхэмжлэгч Х нь хэн нэгэн этгээдийн нэрийн өмнөөс мөнгө шилжүүлэх эрхтэй хэдий ч түүнээс гарах үр дагаварыг бусдаас шаардах нэхэмжлэгчийн эрх эдлэхгүй байна.

Энэ утгаараа нэхэмжлэгч Х нь 570,000 юань буюу 291,270,000 төгрөгийн шаардлага гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагчаас энэ маргааны талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж маргасан.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Хариуцагч М.Г нь СХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 159,449,602 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн СХХК-иас 159,449,602 төгрөгийг гаргуулж, М.Гт олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 24-27 дугаар тал/

Дээрх шүүхийн шийдвэрээр хариуцагч М.Г болон СХХК нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд БНХАУ-ын иргэн Х болон өөр бусад этгээдүүд нь хүчин төгөлдөр шийдвэртэй тухайн хэргийн оролцогч биш этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрх нь нээлттэй байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэсэн дүгнэлтийн дагуу тус нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх асуудалд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна гэж үзэв.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Гөөс 570,000 юань буюу 291,270,000 төгрөг гаргуулах БНХАУ-ын иргэн Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,614,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА