2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2540

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Э.Ууганзаяа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508013081750 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, “*******” ХХК-нд үйлдвэрийн тоног төхөөрөмж хариуцсан инженерийн туслах ажилтай, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо, *******ын  дүгээр гудамжны  тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:УП/, ******* овогт *******ийн *******

                                                     Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ын 44 дүгээр гудамжны ******* тоотод хамтран амьдрагч *******ыг хардалтын улмаас жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлсөн. *******тай нэг жил гаруй хугацаанд хоёр талдаа ирж очоод хамт амьдарч байсан. Би гэмтэл учруулсан. *******д хохирол төлье гэхээр чамаас юу ч авахгүй гэсэн.  Анх чиний хүүхэд гээд бид хоёр хамт эмнэлгээр явж байсан. Намайг ажилтай байх үед нөгөө хүнтэйгээ хамт бас эмнэлгээр явдаг байсан. ******* нь одоо амаржсан байгаа бөгөөд хүүхдээ одоо хамт амьдарч байгаа Баярсайхан гэх залуугаар овоглож, хамт амьдарч байгаа. Ийм зүйл болсон тул харьцахгүй байгаа, гэрийнхэн нь ч мөн уулзуулахгүй байгаа. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2508013081750 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дахь тал)

2. Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 08 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ын өгсөн: “Миний бие 2 жилийн өмнө өөрийн найз залуу гэх *******той чатаар танилцаж байсан бөгөөд 2024 оны 10 дугаар сараас эхэлж албан ёсоор үерхэж эхэлсэн ба бид хоёр гэртээ ээлжилж хамт хонодог байсан. Би түүнтэй дотно харилцаанд орж жирэмсэн болсон бөгөөд надтай үерхэж эхэлснээсээ хойш намайг их олон хүнтэй хардаж эхэлсэн. Юм л бол хамаг муу муухайгаар хараад зүхээд намайг няслах, боож унагаах, цохих зэрэг үйлдлийг хийдэг байсан бөгөөд энэ нь 3-4 удаа бол тохиолдож байсан. Өнөөдөр тэдний гэрт 13 цагийн орчимд би гэрт нь очсон бөгөөд орой 20 цагаас эхэлж өмнө нь миний үерхэж байсан хүмүүстэй намай 13 холбож хардаад над руу орилоод намайг зодож эхэлсэн. Намайг алгадаад заазуур бариад түүгээрээ толгой болон ар нуруу руу цохисон, мөн намайг алаад хаячихъя гээд боож унагаасан. Намайг хамаг хувцсаа тайлахыг шаардаж гэдсэнд байгаа энэ хүүхдийг чинь алаад өгье гээд шөвгөөр миний хүзүү рүү дүрчих гээд байсан. Дарамталж байх үедээ намайг үсдэж чирсэн, гэдэс болон хөл рүү өшиглөх зэргээр намайг гэрээсээ явуулахгүй хаалгаа түгжээд намайг зодсон. Тэгээд 22 цагийн орчимд ******* дэлгүүр явах үед нь би тэдний гэрээс зугтаж эгчдээ хэлээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Мөн ******* нь миний нэр дээр гар утасны болон зээлийн аппликейшнүүдээс нийт 10 орчим сая төгрөгийн зээл авсан байгаа. Мөн манай эмээгийн нэр дээр зээлийн аппликейшнаас 600.000 төгрөгийн зээл авсан байсан. Эдгээр зээлүүдээ мөн төлөөгүй байгаа. Намайг ямар ч шалтгаангүйгээр хардаж зодож цохидог. Элдэв янзаар хэлж, ар гэрийнхнийг чинь ална гэж сүрдүүлдэг. Миний хацар, нүд, хамар, гар, ар дал, хүзүү, чих, гэдэс, хөл гээд бүх биед өвчин орж хавдсан, хөдөлгөөн хийхэд хэцүү байдалтай байна. Ер нь бол намайг явуулдаггүй, явах гэхээр уурладаг. Тэгээд зодож дарамталдаг, цохидог. Энэ үйл явдлууд бол давтамжтай болж байдаг. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ын дахин өгсөн: “Би *******той дотно харилцаанд орж байсан болохоос жирэмсэн болж байгаагүй юм, тухайн үед сандраад тэгээд хэлчихсэн. ******* бид хоёр нэг нэгнийхээ гэрээр хонодог байсан. Манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин тоотод байх гэрт нэг удаа 2024 оны 12 дугаар сарын үед намайг чи хүн рүү найзын хүсэлт илгээсэн байна гэж хардаад миний дух руу няслаад, хоолойг гараараа боож байсан. 2025 оны 01 дүгээр сарын үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитын тойргийн хойно байдаг буудалд намайг хардаад боож унагааж байсан. Би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* намайг хальт уулзъя гэхээр нь би *******ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо толгойт 44 дүгээр гудамж г тоотод байх гэрт нь очсон юм, тэгсэн чинь намайг хардаад зодсон. Би сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоолгохгүй. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ын дахин өгсөн: “ 2025 оны 02 дугаар сарын 18-нд хамтран амьдрагч *******т зодуулж гэмтэл авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Шинэ жилийн дараа намайг зодож байсан, тэр үед би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Ер нь цагдаагийн байгууллагад огт хандаж байгаагүй. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр анх удаа хандсан. 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл нийт 4 сар хамт амьдарсан. Одоо хамт амьдрахаа больсон. 2024 оны 12 дугаар сард ******* намайг зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй, хоорондоо маргалдаж байсан ба гэмтэл учруулсан зүйл байхгүй. Намайг нэг удаа зодож гэмтэл учруулж байсан. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зодож гэмтэл учруулсан. Одоо гээд хүүхдийнхээ аавтай хамт амьдарч байгаа...Одоо биед ямар нэг зовуурь байхгүй. Учирсан хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гийн өгсөн: “Би сүүлд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны үед ээжийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин тоотод байх гэрт нь очиход ******* гэх залуу байж байсан. Тэгээд би *******ын найз залуу юм байна гэж мэдсэн. *******ийн талаар би сайн мэдэхгүй хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй залуу байсан. Манай дүү ******* нь урьд нь гэх залуутай үерхэж байсныг би мэдэж байна. Тэгээд сүүлд ******* гэх залуутай уулзаад байхаар нь би салчихсан юм байна гэж бодож байсан, тэгсэн ******* нь *******ыг зодсон гэдгийг *******ын ээжээс сонссон. Манай дүү ******* бол даруухан зантай хүний өөдөөс дугарч чаддаггүй, эмээтэйгээ хамт амьдардаг хүүхэд байгаа юм. Урьд өмнө маргалдаж зодолдож байсан талаар мэдэхгүй юм. ******* аав ээждээ хэлэхгүй нуугаад байсан юм байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0725/3507 дугаартай “*******ын биед зүүн нүдний гадна булан, хамрын нуруу, зүүн дал, зүүн гарын сарвууны ар хэсэг, зүүн шагайнд цус хуралт, зүүн хацар, эрүү, 2 чихний омог, хүзүү, хэвлий, зүүн өвдөгт зулгаралт, дух, хамар, зүүн даланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

8. Хохирогч *******ын жирэмсний хяналтын баримтууд (хавтаст хэргийн 57-69 дэх тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *******ийн өгсөн: “Тухайн үед би *******тай маргалдаж биед нь халдан гэмтэл учруулсан нь миний буруу, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Хамт амьдарч байхдаа өөр хүнтэй явалдаад жирэмсэн болж хоёр зэрэг явалдаад байсан болохоор маргалдаж зодсон. Жирэмсэн гэдгийг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал)

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, *******ын 44-******* тоотод хамтран амьдрагч 19 долоо хоногтой жирэмсэн болохыг мэдсээр байж *******тай хардалтын улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний гадна булан, хамрын нуруу, зүүн дал, зүүн гарын сарвууны ар хэсэг, зүүн шагайнд цус хуралт, зүүн хацар, эрүү, 2 чихний омог, хүзүү, хэвлий, зүүн өвдөгт зулгаралт, дух, хамар, зүүн даланд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дахь тал), Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 08 дахь тал), хохирогч *******ын өгсөн: “...Миний бие 2 жилийн өмнө өөрийн найз залуу гэх *******той чатаар танилцаж байсан бөгөөд 2024 оны 10 дугаар сараас эхэлж албан ёсоор үерхэж эхэлсэн ба бид хоёр гэртээ ээлжилж хамт хонодог байсан. Би түүнтэй дотно харилцаанд орж жирэмсэн болсон бөгөөд надтай үерхэж эхэлснээсээ хойш намайг их олон хүнтэй хардаж эхэлсэн. Юм л бол хамаг муу муухайгаар хараад зүхээд намайг няслах, боож унагаах, цохих зэрэг үйлдлийг хийдэг байсан бөгөөд энэ нь 3-4 удаа бол тохиолдож байсан. Өнөөдөр тэдний гэрт 13 цагийн орчимд би гэрт нь очсон бөгөөд орой 20 цагаас эхэлж өмнө нь миний үерхэж байсан хүмүүстэй намай 13 холбож хардаад над руу орилоод намайг зодож эхэлсэн. Намайг алгадаад, заазуур бариад түүгээрээ толгой болон ар нуруу руу цохисон, мөн намайг алаад хаячихъя гээд боож унагаасан. Намайг хамаг хувцсаа тайлахыг шаардаж гэдсэнд байгаа энэ хүүхдийг чинь алаад өгье гээд шөвгөөр миний хүзүү рүү дүрчих гээд байсан. Дарамталж байх үедээ намайг үсдэж чирсэн, гэдэс болон хөл рүү өшиглөх зэргээр намайг гэрээсээ явуулахгүй хаалгаа түгжээд намайг зодсон. Тэгээд 22 цагийн орчимд ******* дэлгүүр явах үед нь би тэдний гэрээс зугтаж эгчдээ хэлээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), хохирогч *******ын дахин өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* намайг хальт уулзъя гэхээр нь би *******ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо толгойт 44 дүгээр гудамж г тоотод байх гэрт нь очсон юм, тэгсэн чинь намайг хардаад зодсон. Би сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоолгохгүй. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), хохирогч *******ын дахин өгсөн: “ 2025 оны 02 дугаар сарын 18-нд хамтран амьдрагч *******т зодуулж гэмтэл авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Шинэ жилийн дараа намайг зодож байсан, тэр үед би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Ер нь цагдаагийн байгууллагад огт хандаж байгаагүй. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр анх удаа хандсан. 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл нийт 4 сар хамт амьдарсан. Одоо хамт амьдрахаа больсон. 2024 оны 12 дугаар сард ******* намайг зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй, хоорондоо маргалдаж байсан ба гэмтэл учруулсан зүйл байхгүй. Намайг нэг удаа зодож гэмтэл учруулж байсан. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зодож гэмтэл учруулсан. Одоо гээд хүүхдийнхээ аавтай хамт амьдарч байгаа...Одоо биед ямар нэг зовуурь байхгүй. Учирсан хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), гэрч гийн өгсөн: “...тэгсэн ******* нь *******ыг зодсон гэдгийг *******ын ээжээс сонссон. Манай дүү ******* бол даруухан зантай хүний өөдөөс дугарч чаддаггүй, эмээтэйгээ хамт амьдардаг хүүхэд байгаа юм. Урьд өмнө маргалдаж зодолдож байсан талаар мэдэхгүй юм. ******* аав ээждээ хэлэхгүй нуугаад байсан юм байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0725/3507 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Тухайн үед би *******тай маргалдаж биед нь халдан гэмтэл учруулсан нь миний буруу, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Хамт амьдарч байхдаа өөр хүнтэй явалдаад жирэмсэн болж хоёр зэрэг явалдаад байсан болохоор маргалдаж зодсон. Жирэмсэн гэдгийг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нь хохирогчийг няслах, боож унагаах, заазуураар толгой, нуруу руу цохих зэрэг түүний гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний гадна булан, хамрын нуруу, зүүн дал, зүүн гарын сарвууны ар хэсэг, зүүн шагайнд цус хуралт, зүүн хацар, эрүү, 2 чихний омог, хүзүү, хэвлий, зүүн өвдөгт зулгаралт, дух, хамар, зүүн даланд зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай (хамтран амьдрагч) (жирэмсэн) хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх хэд хэдэн шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг мэдсээр байж” гэх шинжүүдэд хамаарч байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “жирэмсэн болохыг мэдсээр байж” гэсэн, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.

Шүүгдэгч нь хамтран амьдрагч *******ыг бусадтай хардаж хохирогчийг 19 долоо хоногтой жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос  *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.

Хохирогчоос хавтаст хэрэгт хохирол хор уршигтай холбоотойгоор мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт хавсаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Учирсан хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэж мэдүүлсэн байх бөгөөд хэрэгт хохирол хор уршиг нэхэмжилсэн баримтгүйн учир шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл зэрэг нь уур бухимдлаас болж асуудал гарсан байдаг. Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос баримт гаргаж өгөөгүй. Зээлийг нь төлье гэхээр утсаар холбоо авдаггүй, хөөдөг. Эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу (хохирогч ******* нь шүүгдэгч *******той хамтран амьдарч байгаа атлаа урьд нь үерхэж байсан хүнтэйгээ дотно харилцаа холбоотой байсан, түүнээсээ жирэмсэлсэн гэх шалтгаанаар), учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ (хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан) зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл бий болсон нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож уг зүйл хэсэгт зааснаар таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                   ТОГТООХ нь:      

1. ******* овогт *******ийн *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.  

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь  нээлттэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ