Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/02010

 








 

 2023        06           20                                      181/ШШ2023/02010

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СК ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 21,582,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.С ХХК-ийн захирал Ц.Э-тай цахим зараар танилцаж нийт 75,660,000 төгрөгөөр 80 кв.м талбайтай төмөр рам бүхий амины орон сууцыг 30 кв.м талбайтай гаражийн хамт бариулахаар тохиролцож, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр №88.35 дугаар бүхий гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 37,830,000 төгрөгийг СК ХХК-ийн захирал Ц.Э-ын заасан данс буюу эхнэр гэх Н.А-ын Хаан банк дах 5087228043 дансруу 2020.08.26-ны өдөр шилжүүлсэн. Энэ мөнгийг авахдаа ажлын бэлтгэл хангаж материал татна гэсэн.

Тухайн компанийн ажилчид гэх хүмүүс барилгын ажил эхлээд овоо гүйцэтгэлтэй явсан боловч сүүлдээ гэрээнд заасан хоног хугацааг хэтрүүлсэн. Тэр ч бүү хэл ажлын байран дээр тухайн ажлыг удирдан зохион байгуулж байгаа болон хариуцсан ажилтан байхгүй болсон. Зарим үед барилга дээр очиход архидан согтуураад барилгын ажлыг маш чанаргүй хийж байсан.

СК ХХК -ийн захирал Ц.Этай утсаар холбогдож шаардлага тавихад эхлээд бага зэрэг хугацаа алдсан удахгүй дуусгана гэж амлалт өгсөн. 2020.11.10-ны өдөр манай ажилчид байрлаж ажиллах тул нэг мөр үлдэгдэл материалаа авна гээд 10,000,000 төгрөг авсан. Үүнээс хойш барилгын ажилчид байнга солигдож, үр дүн муу байсан. Гүйцэтгэгч нь одоохон ажил дууслаа, ийм материал дутсан, тийм зүйл авна гэж цувуулан гурван удаа нийт 59,830,000 төгрөг авсан. Хамгийн сүүлд дутуу болон доголдолтой зүйлээ засна, цалин тавина гэж хэлээд 2020.12.29-ний өдөр 12,000,000 төгрөгийг мөн л эхнэрийнхээ дансаар авсан.

Ингээд дутуу барьсан барилгаа хүлээлгэж өгөхгүй уулзахгүй байсан тул би өөрөө үзэж танилцаад шаардлага хангахгүй, доголдолтой ажлын жагсаалт бичсэн. Ингээд Гүйцэтгэгч талд шуудангаар захидал хүргүүлсэн. Хариу өгөөгүй. СК ХХК -ийн захирал Ц.Э утсаа авахаа больсон.

Би 2021 оны 01 дүгээр сарын 15-наас эхлэн гэрээг цуцласан. Дээврээс цан цохиж ус орж, тааз нь унах гээд байсан тул арга буюу таньдаг хүнээ гуйж барилгын бригад оруулсан. Тухайн хүмүүс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс доголдолтой барьсан хана хаалга зэргийг буцааж буулгаад шинээр хийсэн, хаалганы рам, наличник зэрэг нь засвар хийх гээд авахад хугарч хог болсон. Маш муу материалаар хийсэн байсан. Бид өөрсдөө шинээр авсан материал нь яг адил өнгө, хийцтэй боловч зузаан чанар сайтай байдгийг олж мэдсэн. Ванны өрөөний шалны плитаг зүгээр л шороон дээр суулгасан, хана нь усны хамгаалалтгүй, рейк мод хэвээрээ байсан. Эдгээр олон ажлыг буулгаж шинээр хийсэн болно.

Ер нь барилгын ажлыг шинээр хийж байгаа биш, буруу доголдолтой зүйлийг салгаж аваад дахин хийж байгаа тул ажлын хөлсний тооцоо өндөр гарч 26,945,000 төгрөгийн дүнтэй гэрээг иргэн Н.Гтай байгуулсан. Иргэн Н.Гын бригадаар гүйцэтгүүлсэн ажлын зургуудыг тухайн бүр фото болон видео бичлэг хийж баримтжуулсан. Хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний урьдчилгаанд нийт 6,500,000 төгрөг шилжүүлсэн байгаа.

Одоо гаражийн болон дундын хаалга гэмтэл согогтой, хана хооронд дулаалга хийгээгүй, тааз нурж унах гээд илт гэмтэлтэй, дээврээс ус гоожиж байгаа, бохирын шугамыг доош гүн суулгах гэх мэт олон ажил дутуу байгаа.

Мөн СК ХХК -ийн хийсэн шалны халаалт байшинг халаахгүй гэмтэлтэй байсан тул арга буюу нам даралтын зуух тавиулж, цахилгааны шугамыг сольж 380-ын хүчдэлтэй холболт шинээр хийсэн. Одоо дулаан орохоор барилгын суурь хэрхэн гэмтэхийг мэдэхгүй байна.

Гүйцэтгэгч тал гэрээний 5.1-5.8 -д заасан эрх үүргээ бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д Гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх; 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх; 350.1.7-д ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материал ын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах; 350.1.8-д өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн тул нэхэмжлэл гаргаж байна.

Би захиалагчийн хувьд үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж байсан. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д Захиалагч доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. 355.2-д .Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж тус тус заажээ.

Дутуу доголдолтой хийсэн ихэнх ажлыг дахин хийлгэхэд худалдан авсан бараа материалын үнийн дүн 8,000,000 орчим төгрөг болсон баримт нь байна. Одоогоор бараа материалын үнэд 3,279,700 төгрөгийг шаардан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. Гэрээг цуцлах хүртэл хугацаанд нийт 52 хоног хугацаа алдсан тул Гэрээний 6.1 дэх заалтыг үндэслэн алдангийг гэрээний нийт үнийн дүнгээс тооцоход 11,802,960 төгрөг болж байна. Одоогоор иргэн Гомбожавын бригадад ажлын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 6,500,000 төгрөгийн тооцоо гарч байгаа. Иймд СК ХХК -иас нийт 21,582,660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч СК ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл, өмгөөлөгч Т.Цэрэндагва нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь иргэн С.Стай 2020.08.26-ны өдөр №88.35 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, захиалагчийн даалгавраар 80 м.кв хэмжээтэй, Амины орон сууц, 30 м.кв хэмжээтэй, 1 автомашины гражийн хамт гачууртад байрлах С.Сын газар дээр барьж өгөхөөр харилцан тохиролцсон.

Мөн энэхүү гэрээгээр дээрх ажлыг 2020.09.25-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд гүйцэтгэх, ажлын хөлсийг нийт 75,660,000 төгрөг байх ба ажлыг хугацаанд нь дуусгавар болгоогүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр тус тус тохиролцож, гэрээнд тусгасан.

Гэвч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ ...ажлын байран дээр удирдан зохион байгуулж байгаа хүн байхгүй, зарим үед ажил дээрээ архидан согтуураад барилгын ажлыг маш чанаргүй хийж байсан, захирал Ц.Э нь утсаа авахаа больсон, хаалганы рам, наличник зэрэг нь засвар хийх гээд авахад хугарч хог болсон, маш муу материалаар хийсэн байсан, ванны өрөөний плитаг зүгээр шороон дээр суулгасан, хана нь усны хамгаалалтгүй, рейк мод хэвээрээ, гражийн болон дундын хаалга гэмтэл, согогтой, хана хооронд дулаалга хийгээгүй, тааз нурж унах гээд илт гэмтэлтэй, дээврээс ус гоожиж байгаа, бохирын шугам доош гүн суулгаагүй, шалны халаалт байшинг халаахгүй, гэмтэлтэй, одоо дулаан орохоор барилгын суурь хэрхэн гэмтэхийг мэдэхгүй... гэх зэргээр огт ор үндэслэлгүй, баримтгүй зүйлсийг дурдаж, шүүхэд буруу ташаа ойлголтыг төрүүлэхээр оролдож байна.

Учир нь хариуцагчийн зүгээс гэрээнд зааснаар ажлыг 2020.09.25-ны өдрөөс эхлэн 2020.10.25-ны өдрийн дотор дуусгаж хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан боловч энэхүү гэрээний хугацааг 2020.11.14-ний өдрийг хүртэл 20 хоног хэтрүүлсэн асуудал байгаа боловч тэр хугацаанд утсаа авахаа больсон, архидан согтуурч, ажлыг чанаргүй гүйцэтгэсэн асуудал байхгүй бөгөөд зохигчид нь харилцан тохиролцож, ажлаа үргэлжлүүлсээр байсан ба 2020.11.14-ний өдрөөс эхлэн цар тахалтай холбоотойгоор улс орон даяар хөл хорионы дэглэм тогтоосон тул ажлыг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул ажил гүйцэтгэгч буюу хариуцагчаас үл хамаарах, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаа хэтрүүлсэнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ ...ажлыг чанаргүй гүйцэтгэсэн, доголдолтой, гэмтэлтэй ... гэх зэргээр дурдсаныг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй ба талуудын хооронд 2020.08.26-ны өдөр байгуулсан №88.35 тоот гэрээний хавсралтаар баталгаажуулсан хийгдэх ажпын тоо хэмжээ, чанарт нийцүүлэн бүх ажлуудаа хийж гүйцэтгэсэн ба ажлын явц нь бидний тооцоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй байхад буюу 2021.01.15-ны өдрөөс нэхэмжлэгч С.С нь гэрээгээ цуцласан гэх үндэслэлээр ажилчдыг маань ажлын талбайд оруулахаа больсон тул ажлаа бүрэн дуусгаж чадаагүй өдий хүрсэн.

Түүнээс хойш нэхэмжлэгч нь манай хийж гүйцэтгэсэн ямар ямар ажлуудыг хэнд хэдэн төгрөгийн хөлс төлж, хэрхэн яаж өөрчилж, эвдэж, хэмхэлснийг мэдэхгүй бөгөөд манай хийж гүйцэтгэсэн ажлууд нь гэрээний хавсралтад заасныг зөрчсөн зүйл огт байхгүй ба энэхүү гэрээ болоод гэрээний хавсралт нь талуудын харилцан тохиролцож, байгуулсан, гэрээний чөлөөт байдлын зарчимд болоод Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцсэн гэрээ болно.

Мөн нэхэмжлэгч нь 52 хоногийн хугацаа алдсан тул энэ хугацаанд алдангийг тооцон 11,802,960 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх ба хэзээнээс хэзээ хүртэл, ямар дүнгээс хэрхэн тооцсон нь тодорхойгүйн зэрэгцээ гэрээний 11.3-т заасан давагдашгүй хүчин зүйлийг тооцоогүй зэргээс үзэхэд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасанд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2020.08.26-ны өдрийн №88.35 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, 2020.08.26-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ажлын гүйцэтгэлийг харуулсан фото зургууд, С.Сын СК ХХК -д гаргасан өргөдөл, 2021.03.03-ны өдрийн 983 дугаар Н.Гтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, Хаан банкны депозит дансны хуулга, зарлагын баримт 16 хуудас, дээврийн ажлын доголдлыг харуулсан гэх фото зургууд, зарлагын баримт 27 хуудас, 1 ширхэг CD зэргийг гаргаж өгсөн. Хариуцагч талаас СК ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар СК ХХК -иас 2020.01.01-ний өдрийн 20/02 дугаар Хөлсөөр ажиллуулах гэрээ, Зарлагын баримт 10 хуудас, Сугар 80 мкв байшин 30 мкв граштай байшингийн өртөг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч СК ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 21 582 660 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагчийг ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, ажлыг дутуу гүйцэтгэн орхиж явсан, гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой гэх үндэслэлээр учирсан хохирол, алданги нэхэмжилснийг хариуцагч СК ХХК эс зөвшөөрч, хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нөхцөл байдлын улмаас ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байсан, нэхэмжлэгч гэрээг цуцалсны улмаас ажлыг дутуу гүйцэтгэсэн, ажлын үр дүн доголдолгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Иргэн С.С нь СК ХХК -тай 2020.08.26-ны өдөр №88.35 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гүйцэтгэгч нь захиалагчийн Гачууртад байрлах газарт 80 м.кв талбай бүхий амины орон сууц, 30 м.кв талбай бүхий автомашины гражийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, барилгын норм, дүрэм стандартад заасны дагуу чанартай хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс, материалын үнэ, тээвэр зэрэгт 75,660,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 6-8 хуудас/

Энэхүү гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ний зохицуулалтад нийцсэн. Гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

 

2. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

2.1. Захиалагч С.С нь гэрээний 3.2-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 37,830,000 төгрөгийг 2020.08.26-ны өдөр гүйцэтгэгчийн дансанд шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр болох 37,830,000 төгрөгийг ажил хүлээлцэх үед төлөхөөр гэрээний 3.2.2-д заасан боловч гүйцэтгэгчийн хүсэлтээр 2020.11.10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020.12.29-ний өдөр 12,000,000 төгрөг тус тус өгч, нийт 59,830,000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 9-11 хуудас/

 

2.2. Гүйцэтгэгч СК ХХК нь гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэсэн боловч ажлын үр дүнг гэрээний 2.2-д заасан 2020.10.25-ны өдөр захиалагчид актаар хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, дутуу гүйцэтгэсэн, захиалагч гэрээг 2021.01.15-ны өдөр цуцалсан талаар зохигч маргаагүй.

 

3. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Гүйцэтгэгч СК ХХК нь барилгын засвар хийх, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-52-54 хуудас/-ээр тогтоогдож байх бөгөөд иргэн С.С нь СК ХХК -ийг амины орон сууц барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчийнх нь хувьд зарын дагуу холбогдож гэрээг байгуулсан байна.

Хариуцагч СК ХХК нь ковидын нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын хил хаалттай бодит нөхцөл байдлыг мэдэж, дээрхи гэрээг байгуулсан тул ажлыг хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй нь БНХАУ-ын хил хаалттай нөхцөл байдал нөлөөлсөн хүндэтгэн үзэх шалтгаан-тай гэж үзэх үндэслэлгүй байна.

 

3.3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2.Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээг нэхэмжлэгч 64% гэж, хариуцагч 80% гэж маргаж байна.

Гүйцэтгэгч СК ХХК нь амины орон сууц барих бизнес эрхлэгч байгууллагын хувьд гүйцэтгэсэн ажлынхаа хэмжээг нотлох үүрэгтэй бөгөөд байшинг барихдаа гаргасан гэх зардлын жагсаалтаа үндэслэн ажлын хэмжээг 80% гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 87-89 хуудас/

Учир нь: талууд гэрээний хавсралт №1-ээр хийгдэх ажлыг тодорхойлсон боловч хариуцагч уг ажлаас хийгдсэн болон хийгдээгүй ажлын хэмжээ, ажлын төсвийг тодорхойлсон нотлох баримтыг шүүхэд гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй.

 

Шүүх гэрээний хавсралт №1-д заасан хийгдэх ажлууд, нэхэмжлэгчийн хийгдээгүй болон доголдолтой ажлуудын жагсаалт, Н.Гтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний хавсралт хийгдэх ажлын жагсаалт, ажлыг доголдолтой гүйцэтгэсэн байдлуудыг харуулсан фото зургууд зэргийг харьцуулан дүгнэж, доголдолтой гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгэсэн ажлын хэмжээнд оруулахгүйгээр хариуцагч СК ХХК -ийг гэрээгээр тохиролцсон ажлын 64%-ийг гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ. /хавтаст хэргийн 12-24, 65-67, 102-107 хуудас/,

 

3.4. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2.Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан. Талууд гэрээний 5.5-д ажлыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандартад заасны дагуу чанартай хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Хариуцагч СК ХХК -ийн гүйцэтгэсэн ажлуудаас байшингийн дээвэр болон дотор хананд дулаалга хийгдээгүй, тааз, ханын рейк модыг ихэнх газар ховилд нь оруулахгүй эгнүүлж, зайтай хадсан, таазанд суулгасан гэрлүүд нь асдаггүй, байшин дотор суулгасан цэвэр бохир усны шугамыг доош шаардлагатай хэмжээнд ухаж суулгаагүй, шууд угсарсан, ванны өрөөний шалны плитаг шороон дээр суулгаж, хананд нь ус нэвтрүүлэхгүй тусгаарлагч хийгээгүй, гараж байшингийн хоорондын ханыг ОСБ буюу зүймэл фанер хавтан хийгээгүйгээс савлаж хөдөлдөг, байшингаас гараж руу ордог бүргэд хаалгыг хазгай суулгаснаас дээд доод түгжээ нь ховилдоо ордоггүй, гаражын хаалганы гадна хүрээ хийгээгүй, гаражын хаалга бетон шаландаа хүрч хаагддаггүй, барилгын дээврийн хайрцагыг барилгын бетон цутгадаг хэрэглэсэн фанераар хийхдээ хагас дутуу хадсан нь хөдөлж унадаг, дээврийг хагархай хавтангаар хийснээс ус гоождог, шалны халаалт нь байшинг халаахгүй гэмтэлтэй зэрэг доголдолтой болох нь нэхэмжлэгч талын тайлбар, доголдлыг харуулсан фото зургууд зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 12-22, 65-67, 96-107 хуудас/

 

Хариуцагч СК ХХК нь энэхүү ажлын үр дүнгийн доголдлыг баримтаар үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 350.1.8-д Өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх гэж тус тус заасныг болон гэрээний 5.2, 5.5-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3.5. Гэрээний 5.7 болон 6.3-д зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн зөвшөөрөлгүйгээр ажлыг туслан гүйцэтгэгчид шилжүүлэхгүй, туслан гүйцэтгэгч оруулахгүй байх үүргийг хүлээсэн байх боловч СК ХХК нь уг үүргээ зөрчсөн болох нь 2020.01.01-ний өдрийн 20/02 дугаар Хөлсөөр ажиллуулах гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 75-77 хуудас/

 

4. Хариуцагч СК ХХК нь ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой, захиалагчийн зөвшөөрөлгүйгээр туслан гүйцэтгэгч оруулахгүй байх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч С.С нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу гэрээг цуцалж, хохирлоо шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч С.С нь СК ХХК -ийг дутуу барьсан барилгаа хүлээлгэж өгөхгүй, уулзахгүй байсан тул барилгыг үзэж танилцаад шаардлага хангахгүй, доголдолтой ажлын жагсаалт бичсэн захидлыг Гүйцэтгэгч талд шуудангаар хүргүүлсэн боловч хариу өгөөгүй, СК ХХК -ийн захирал Ц.Э нь утсаа авахаа больсон гэж тайлбарласан, ажлын гүйцэтгэлийг шаардаж ажлын хөлсийг хэсэгчлэн төлж байсан, 2021.01.15-ны өдрийн байдлаар хийгдээгүй болон доголдолтой ажлуудыг тодорхойлон гэрээ цуцлах саналыг, шилжүүлсэн ажлын хөлсний 50% буцаан олгохыг шаардсан баримт /хавтаст хэргийн 20-21 хуудас/-ын хувийг хэрэгт хавсаргасан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирол гаргуулах шаардлагын тухайд,

5. Хариуцагч СК ХХК нь доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй тул нэхэмжлэгч С.С нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2.доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх гэж заасны дагуу доголдлыг арилгахад гаргасан материалын зардал болон ажлын хөлсийн зардлаа шаардах эрхтэй байна.

 

5.1. Нэхэмжлэгч С.С нь СК ХХК -ийн дутуу гүйцэтгэсэн болон доголдолтой гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгүүлэхээр иргэн Н.Гтай 2021.03.03-ны өдөр 983 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, ажлын хөлс 26,945,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 22-24 хуудас/

 

Нэхэмжлэгч С.С нь СК ХХК -тай амины орон сууц болон гаражийг 75,660,000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохиролцсны дагуу ажлын хөлс 59,830,000 төгрөгийг шилжүүлсэн, СК ХХК -ийн дутуу гүйцэтгэсэн болон доголдолтой гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгүүлэхээр иргэн Н.Гд ажлын хөлс 26,945,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсноор нийт 86,775,000 төгрөгийн зардал гаргах тул барилгын ажлыг гүйцэтгүүлэхэд гарах ёстой байсан 75,660,000 төгрөгийн зардлаас 11,115,000 төгрөгийн зардал илүү гарахаар байна.

 

5.2. Нэхэмжлэгч С.С нь СК ХХК -ийн дутуу доголдолтой хийсэн ажлыг дахин хийлгэхэд худалдан авсан бараа материалын үнэ 3,279,700 төгрөгийг, иргэн Гомбожавын ажлын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 6,500,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч С.С нь 2021.01.19-нээс 2021.03.02-ны өдрийг хүртэл хугацаанд 4,647,500 төгрөгийн бараа материал худалдан авсан, иргэн Гомбожавын ажлын урьдчилгаа төлбөрт 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Н.Гын Хаан банкны депозит дансны хуулга, зарлагын баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хавтаст хэргийн 25-45, 108-135 хуудас/

 

Нэхэмжлэгч С.Сын иргэн Н.Гтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-нд гүйцэтгэгч материалын зардлыг хариуцахаар тохиролцсон боловч материалын үнэ 3,279,700 төгрөг, ажлын урьдчилгаа хөлс 6,500,000 төгрөгийн зардал нь дээрхи бодит зардлаас илүү гарсан /11,115,000 төгрөг/-ийн зардалд багтаж байх тул СК ХХК -иас доголдлыг арилгахад гаргасан материалын зардал болон ажлын хөлс 9,779,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Алдангийн тухайд,

6. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул хариуцагч СК ХХК -ийг барилгын ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Талууд 2020.08.26-ны өдрийн №88.35 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний 6.1-д Ажлыг гэрээний хавсралт №01-д заасан графикийн дагуу хугацаанд нь дуусгавар болгоогүй тохиолдолд ажлыг дуусгаагүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг Захиалагчид төлнө гэж, мөн 7.8-д Гүйцэтгэгч ...ажлыг хугацаандаа хийж дуусгаагүй тохиолдолд хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж тус тус тохиролцжээ. Уг хоёр заалт хоорондоо зөрүүтэй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д илүү нийцэх гэрээний 6.1 дэх заалтыг үндэслэн алданги тооцох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.С нь 2020.10.26-ны өдрөөс хойш 52 хоногийн алдангийг гэрээний нийт үнийн дүнгээс тооцож нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох байтал гэрээний нийт үнийн дүнгээс тооцох үндэслэлгүй, Монгол улсад Ковид-19 цар тахалын улмаас хатуу хөл хорио тогтоосон тул үүрэг гүйцэтгэх боломжгүй давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж маргаж байна.

 

Монгол улсад Ковид-19 цар тахалын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хөл хорио тогтоож, уг хөл хорио нь гэрээг цуцлах хүртэл үргэжилсэн тул хариуцагч СК ХХК -иас 2020.11.12-ны өдрөөс гэрээ цуцлах хүртэл хугацаанд алданги тооцож, гаргуулах үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 136-143 хуудас/

 

Хариуцагч СК ХХК нь ажлын үр дүнг 2020.10.25-ны өдөр хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч хүлээлгэж өгөөгүй хугацаа хэтрүүлсэн тул 2020.10.26-ны өдрөөс 2020.11.11-ний өдрийг хүртэл 17 хоногийн алдангийг гүйцэтгээгүй үүрэг 36% /3.3.-д ажлын 64%-ийг гүйцэтгэсэн гэж үзсэн/ буюу 27,237,600 төгрөгөөс хоног тутам 0,3%-иар тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Алдангийг тооцоолбол: 27,237,600 х 0,3%=81,712 төгрөг, 81,712 х 17 хоног = 1,389,104 төгрөг болно.

 

7. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч СК ХХК -иас хохирол 9,779,700 төгрөг, алданги 1,389,104 төгрөг нийт 11,168,804 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ст олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч СК ХХК -иас 11,168,804 /арван нэгэн сая нэг зуун жаран найман мянга найман зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ст олгож, нэхэмжлэлээс 10,413,856 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч СК ХХК -иас 193,650 /нэг зуун ерэн гурван мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулж С.Ст олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА