| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2020/0113/Э |
| Дугаар | 2021/ДШМ/30 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/30
Г.Ү-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,
Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Г.Ү-д холбогдох 2029000040075 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Г.Ү нь 2019 оны 12 дугаар сарын 25-29-ний өдрийн хооронд Өмнөговь аймагт байрлах иргэн А.Д-н гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мөнгөөр хийсэн далыг хулгайлж бусдад 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Г.Ү-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2029000040075 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Ү-г цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ү-д холбогдох эрүүгийн 2029000040075 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 мм диаметртэй 47.5 см урттай цагаан өнгийн металлд доод хэсэгтээ DO00976-В гэсэн бичигтэй, 6.4 см өндөртэй, 7.2 см өргөн, 13.5 см урттай дунд хэсэгтээ 3.6 см*7.2 см*3.3 см хэмжээтэй зайтай, хар өнгийн будагч бодисоор будсан металл төмөр /1 ширхэг/, 6.5 см*4.5 см хэмжээтэй хар өнгийн металлаар бүрсэн цоож /1 ширхэг/-ийг А.Д-т буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Ү нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, шүүгдэгч Г.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж шаалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:
“Шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар ноцтой зөрчжээ. Тухайлбал:
1. Шүүх шийдвэртээ “....тухайн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байна гэж шүүх дүгнэв” гэжээ. Шүүгдэгч Г.Ү-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдлуудын аль нь ч тогтоогдоогүй байхад шүүх аль зүйл, хэсэгт нь, хэрхэн хамаарч байгаа талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан: “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн зүйл, хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон гэж үзэх үндэслэлгүй”, “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх хуульд заасан бусад үндэслэлүүдийг шийдвэртээ дурьдаж, дүгнэлт хийсэн нь “шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй” гэж үзэх үндэслэл болж байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт: “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэсэн заалттай шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлтүүдийн аль нь ч нийцэхгүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан: “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх үндэслэлд хамаарч байна.
2. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудаст байгаа хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг шинжлэн судалсан ба тэмдэглэлийн эхэнд өөр газарт үзлэг хийгдсэн мэтээр мөрдөгч техникийн шинжтэй алдаа гаргасан талаар улсын яллагч тайлбар хэлсэн. Энэхүү нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулсан гэж үзвэл мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх эрх шүүхэд байна.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн авсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-30-рт/, хохирогч А.Д-н мэдүүлэг /хх-ийн 20-21-рт/, мөн түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 210-211-рт/, гэрчээр С.Сүхбатын өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-рт/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ү-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах гэрт хууль бусаар нэвтэрч үйлдсэн болох нь эргэлзээгүй тогтоогдсон байхад шүүх дээрх нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолд тодорхой дурдаж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3. Шүүх хуульд заасан гурван өөр үндэслэлээр дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэртээ “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэл заагаагүй атлаа хэргийг Прокурорын газарт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалттай нийцээгүй.
4. Цагаатгах тогтоолын 2, 3, 5, 6, 7 дугаар заалтуудаар хэргийг прокурорт буцаах, эд мөрийн баримтыг шийдвэрлэх, шүүгдэгч цагдан хоригдсон эсэх талаар заах болон оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэх, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаснаар шийдвэр хэрхэх гэх мэт тогтоолын тогтоох хэсэгт тусгах асуудлын талаар тус тус заахдаа хуулийн заалтыг огт баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан: “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэл болох тул шүүхийн цагаатгах тогтоол нь бүхэлдээ мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд шүүх гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын талаархи хуулийн заалтыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан гэж үзэж, Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүх энэ хэргийг цагаатгахдаа тухайн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байна гэж үзсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн 4 дүгээр бүлэгт гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал нь аргагүй хамгаалалт, баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах, гарцаагүй байдалд хохирол учруулах, албадлага болон үндэслэл бүхий хэлбэрээр тушаал, даалгавар биелүүлсэн гэх мэт ийм зүйлүүдээр гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал тогтоогддог. Харин энэ хэргийн бодит байдал дээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч дотроос нь эд зүйл хулгайлж байгаа энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан зүйлүүдээс яг алинд нь хамаарч байгаа юм бэ? Тухайлбал аргагүй хамгаалалт гэхээр айлын гэрт хууль бусаар нэвтрээд хулгайлчихсан, эсвэл аливаа баривчилгаа, таслан зогсоох зорилгоор халдаад хулгайлчихсан юм уу, гарцаагүй байдалд ороод хохирол учруулаад хулгайлчихсан юм уу, эсвэл албадлага хэрэглээд хулгайлчихсан юм уу, эсвэл үндэслэл бүхий эрсдэлтэй байдалд хулгай хийчихсэн юм уу, эсвэл тушаал даалгавар биелүүлэх гэж байгаад хулгай хийчихсэн юм уу, яг алинд хамаарч байгаа юм бэ? Ийм зүйлүүдийг үндэслэж дүгнэлт хийхгүйгээр шууд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байна гэж үзэж цагаатгалаа гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан үгүйсгэх нөхцөлд байдалд хамаарах үндэслэл байхгүй. Ямар ч хамааралгүй зүйл заалтаар хэргийг цагаатгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн дээд талын хэсгийг үнэлэхгүй байж болно. Харин доод талыг нь буюу хэргийн гол тэмдэглэл бүхий хэсгийг үнэлэх боломжтой. Гэтэл энэ хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан боломжийг харахгүйгээр шийдвэрлэж байгаа нь буруу байна. Шүүх хуульд гурван өөр үндэслэлээр дүгнэлт хийж энэ хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Үүнд: Гэмт хэрэг нотлогдоогүй гэж дүгнэсэн хэрнээ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байна гэж дүгнэсэн. Тэгсэн хэрнээ Эрүүгийн хуулийг зөрчсөн байна гэж үзсэн. Иймд хууль зүйн үндэслэлгүй, агуулгын зөрчилтэй ийм цагаатгах тогтоол гаргасан нь буруу гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор В.Төгсбаярын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бичсэн 19 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь яллагдагч Г.Ү-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /хх-222-224/
Цагаатгах тогтоолыг хянахад /хх-246-248/ цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэв.
Цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” 2-т “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон гэж үзэх үндэслэлгүй, тухайн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байна гэж шүүх дүгнэв. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ү-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчимд нийцнэ гэж үзэв” гэж тус тус үзэхэд нь Эрүүгийн хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын алинд нь шүүгдэгч Г.Ү-н үйлдэл нь хамаарч байгааг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна.
Иймд хяналтын прокурор В.Төгсбаярын “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.10, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Ү-д холбогдох 2029000040075 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Ү-д урьд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ц.ОТГОНЦЭЦЭГ