Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                              

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,                               

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Г.Хатанцэцэг

шүүгдэгч Б.Баатар Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1965 оны 5 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, халх, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Дөрвөн улирал хотхон С-1-318 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЧИ65052911/ Боржигон Гомбо овогт Буурайн Баатарт холбогдох 201726021007  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Баатар 2017 оны 4 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгын орчим иргэн Г.Энхтайваныг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож Г.Энхтайваны биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүгдэгч Б.Баатар шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

  Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, ял шалгах хуудас /хх-ийн32/ зэргийг шинжлэн судлав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Баатар 2017 оны 4 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгын орчим иргэн Г.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Энхтайваны: ”2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн үед Б.Баатар манай ажил дээр нэг эмэгтэйтэй ирсэн ба надаас мөнгө нэхсэн, би тухайн мөнгийг төлөх боломжгүй, илүү мөнгө байна, дансны хуулгаа авч байгаад тооцоо нийлье гэсэн ... машиндаа суухад тэр эмэгтэй ирээд дугаар чинь хэд вэ, ямар дугаараар холбогдох вэ гэж асуухаар нь гар утасныхаа дугаарыг хэлж байтал гэнэт миний машины түлхүүрийг авахаар оролдсон. Машины голын хайрцагт байсан цахилгаан бороохойг дуугаргасан тэгтэл Б.Баатар намайг машинаас чирч гаргаад зодсон. Миний толгойруу цохьсон, зөндөө цохьсон, би эхнэрийхээ сууж байсан талруу гүйж машиндаа сууж цагдаад дуудлага өгсөн. Намайг Баатар л зодсон, миний толгой хөдөлсөн, эрүү шалбарсан, цээжийг маажсан байсан, гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

гэрч Б.Энхмаагийн: “ ... 10 дугаар хорооллын барилгын ажил дээр очсон ба тухайн барилга дээр Энхтайвантай уулзаад манай дарга Баатар өр ширээ хэзээ өгөх талаар асуухад мөнгө алга байна тэгэж байгаад өгнө ш дээ гэж хэлээд маргаан үүссэн ... явлаа гээд машиндаа суухаар нь би Энхтайван гэх хүнд хандаад та гарын утасныхаа дугаарыг өгчих, маргааш хаана уулзах вэ гэж асуухад яг энд уулзъя 2 талаасаа тооцоогоо тулгая гэж хэлтэл Энхтайван чадахгүй гэж хэлээд ... явах гээд байхаар нь машины түлхүүрийг нь сугалах гээд чадаагүй тэгтэл Энхтайван машин дотор байсан цахилгаан бороохойгоор миний өгзөг хэсэгт нэг удаа цохиулсан ... тэр үед Баатар захирал чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм гэж хэлээд Энхтайваныг машинаас татаж буулгаад бие биенээ цохиод байсан, миний харснаар алгадах шиг болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/

 

гэрч Т.Даариймаагийн: “ 2017 оны 4 дүгээр сарын  20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах доктор засварын гадна 13 цагийн үед манай нөхөртэй уулзах гээд эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирсэн ба би тухайн хүмүүсийг юу ярьж байгааг сонсоогүй ба хүнтэй цаг тохироод уулзах яаралтай явах хэрэг байсан болохоор машиндаа сууж байсан тэгээд удалгүй манай нөхөр машиндаа суугаад машинаа асаасан тэгтэл манай нөхөртэй уулзах гэж ирсэн эмэгтэй манай нөхрөөс гар утасны дугаарыг асуугаад маргааш ажил дээр уулзъя гэж хэлээд машины түлхүүрийг сугалах гээд ноцолдсон тэгтэл манай нөхөр голын хайрцагнаасаа  гар чийдэн шиг хар өнгийн зүйл гаргаж ирээд дуугаргасан тэгтэл тэр эмэгтэйтэй хамт байсан эрэгтэй нь машинаас заамдаад буулгасан манай нөхөр гартаа барьсан зүйлээ тавиагүй нөгөө эрэгтэй толгой хэсэг рүү 8-9 удаа байх тоолж чадаагүй би машинаас буугаад нөхрөө салгаад авсан тэгээд машиндаа суугаад цагдаа дуудсан ... Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт 3 цагийн үед болсон ... Толгой хэсэгт 8-9 удаа цохьсон ... Тэрийг мэдэхгүй байна хар өнгийн зүйл нь чанга л дуугарсан цохиулсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн  30-31 дүгээр хуудас/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5374 дугаартай: Г.Энхтайваны биед тархи доргилт, дагз духны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, уруулд язарсан шарх, хүзүү цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэгээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17 дугаар хуудас/ гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч Г.Энхтайван Б.Энхмааг цахилгаан бороохойгоор цохиулсан зүй бус үйлдэл гаргасны улмаас  шүүгдэгч Б.Баатар  Г.Энхтайваныг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Баянгол дүүргийн Прокурорын газраас Б.Баатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж шүүхэд ирүүлж уг хэрэг тус шүүхэд хянагдах  хуулийн хугацаанд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль  2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

 

         Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж буй Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь хүнлэг, энэрэнгүй зарчимд нийцэх  бөгөөд

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.Баатарын холбогдсон гэмт хэргийн тухайд  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэх зүйл хэсгээр шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзнэ.

     

          Иймд Боржигон Гомбо овогт Буурайн Баатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн Б.Баатарт холбогдох хэргийг “ хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг  баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

             Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Боржигон Гомбо овогт Буурайн Баатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Баатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэгт Б.Баатар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч Г.Энхтайван гомдол саналгүй  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан цахилгаан бороохойг устгасугай.

 

5.  Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баатарт авсан “ гадагш явж болохгүй тухай баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ