| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/02424/И |
| Дугаар | 101/ШШ2023/03124 |
| Огноо | 2023-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2023/03124
| 2023 06 20 | 101/ШШ2023/03124
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт байрлах Ю-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, М,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Т нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 225,792,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэрэнчимэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагч Б.М, хариуцагч Ц.Тийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нар 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй 6 сарын хугацаанд төлөхөөр зээлийн гэрээ байгуулж авсан. Уг зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамж, 21-3 тоот хаягт байрлах 290 м.кв талбайтай хувийн өмчлөлийн орон сууцны зориулалттай хариуцагч нарын дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Барьцааг улсын бүргэлд бүртгүүлсэн байгаа.
Зээлдэгч нар нь эхний 3 сарын хүүг хуваарийн дагуу хийж байсан. 2021 оны 11 дүгээр сараас эхлээд зээлийн хугацааны дагуу төлбөр төлж, хамгийн сүүлд 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр энэ 1,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг төлсөн. Энэ хугацаанаас хойш нэмж зээлийн төлөлт хийгээгүй. Манай зүгээс холбогдох шаардлагыг тавьж байсан боловч хариуцагч нарын зүгээс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 150,000,000 төгрөг, зээлийн хүүнд 65,322,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,475,000 төгрөг, нийт 225,792,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэв.
Хариуцагч Б.Мгийн татгалзалын хувьд хариуцагч нар зээлийн гэрээг манай байгууллагатай байгуулсан. Хоёр хариуцагч авсан зээлээ яаж зарцуулсан нь банкны хувьд мэдэх боломжгүй бөгөөд энэ хүмүүсийн хоорондын асуудал гэж үзэж байна
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Анх 2017 онд Ц.Т гэх хүний нөхөр манайд санал тавьж байсан. Газар дээрээ барилгын компаниар байр бариулж байгаа. Манайх 2 байр авч байгаа. Нэг нь манай эхнэрийн нэр дээр байгаа. Нөгөөх нь н.Ц гэх хүний нэр дээрх байр байгаа. 2017 онд анх уулзаж тэр байрыг нь үзэхэд цемтэн байшин байсан. 2017 онд байшинг нь худалдаж авах гэсэн боловч үнэ дээр тохиролцоогүй тул боломжгүй гэдгээ хэлж байсан. Дараа нь 2020 оны дахин санал тавьж байсан. Бид дахин очиж үзээд анхны гэрээг 2021 оны 6 сард хийсэн. Гэрээ хийснээс хойш бүх заслыг өөрийн мөнгөөр хийсэн. 290 м.кв байрыг хүн амьдрах зориулалтын болгоход манайхаас нийт 280,000,000 төгрөг гаргасан. Зайсан дахь 4 өрөө байраа зарж тэр мөнгөөрөө засварыг нь бүгдийг нь хийсэн. Банк бусын хүн ирж засвар гоё хийсэн байна гэж байсан.
Ингээд Ц гэдэг хүн ирж үзээд ахын дүү наад засвар хийсэн хүмүүсээрээ энэ байранд засвар хийгээд өгөөч гэж хэлсэн. Ах нь мөнгийг нь шийдье, наад хүмүүс чинь нямбай гоё хийсэн байна гэж хэлсэн. 2021 оны 8 сард 2 удаагаа уулзахад өөрийн нэр дээр байгаа байрны засвар хийе. Харин ахын дүү борлуулалт дээр нь туслаад өгөөч, танай нөхөр Хятад хүмүүстэй харьцдаг учир зараад өгөөч гэж хэлсэн. Дараа нь дахин уулзаж банк бусад байрыг барьцаанд тавих гэсэн юм ахынх нь орлого хүрэхгүй байна. Нийгмийн даатгалаараа аваад өгөөч таньдаг банк бусаас зээл авах гэж байгаа талаараа хэлж байсан.
Энэ 150,000,000 төгрөгийг авсан зорилго нь өөрийн байранд засвар хийсэн биш, Ц.Т гэх хүний нэр дээрх байранд засвар хийх гэж авсан мөнгө байгаа. Тухайн байранд очоод үзвэл ямар засвар хийсэн нь харагдаж байгаа. 150,000,000 төгрөг бидэнд хамааралгүй, өөрсдийн байранд засвар хийх гэж авсан. Энэ хүмүүс төлөх боломжгүй байна гэж хэлж байсан. Ингээд намайг өөртөө төлөх зээлээсээ төлж байгаач банк бусын байгууллагаас мөнгө нэхэгдээд байна гэхээр нь эхний төлөлтийг нь бид нар хийж байсан. Ц.Т гэж хүнээс нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа. Банк бус руу шилжүүлж байсан мөнгийг бид нар өөрсдийн боломж бололцоогоороо хийж байсан. Хариуцагчид төлөх ёстой мөнгө байгаа юм чинь түүнээсээ хасаж тооцоод төлөлт хийгээд явж байсан.
Ингээд Ц.Тийн нөхөр Ц гуай нас барснаар бидний асуудал өөр болж ирсэн. Та нар засвар хийсэн мөнгөө өөрсдөө төл, бид нарт өгөх мөнгөө өг дээр нь банк бусаа төл гэж шаардлага тавьж байсан. Үүнээс эхэлж бидний дунд үл ойлголцол эхэлж бид банк бус руу нэг ч мөнгө төлөхгүй юм байна гэж бодсон. Тухайн засвар хийсэн байранд манайх 100 гаруй метрийн цаанаас цэвэр усны шугам, цахилгаан зэрэг бүх зүйлийг нь татсан байгаа. Шавар болон дотор монтаж хийгдсэн байгаа. Маш их хэмжээний зардал гарсан. Хүмүүс нь обойгоо наагаад шалаа хийчихвэл байранд ороход бэлэн болсон байгаа. Энэ зээлийг бид өөрсдийн байранд засвар хийх гэж аваагүй хамтран хариуцагч Тийн байранд засвар хийх гэж авсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
3.Хариуцагч Ц.Т, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах болсон шалтгаан нь Б.М нь 2021 оны 6 дугаар сарын 21-ий өдөр Ц.Т гэх хүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамж, 21-3 тоот хаягт байрлах 290 м.кв амины орон сууцыг грашийн хамт 500,000,000 төгрөгөөр худалдан авахаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулдаг. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 250,000,000 төгрөг, үлдэгдлийг нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийхээр гэрээ хийж байсан. 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэрээний 3.2-т зааснаар тухайн эд хөрөнгийг Ц.Т, Б.М нар нь засвар хийхээр зориулалттайгаар банк бус санхүүгийн байгууллагаас 150,000,000 төгрөгийг зээлж авч өгөхөөр тохиролцов гэж гэрээнд өөрчлөлт оруулж, үүний дагуу 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Ю ББСБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ хийдэг.
Зээлдэгч нь Ц.Т, Б.М нар байдаг. 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ю ББСБ ХХК-иас Ц.Тийн худалдаа хөгжлийн банкны 417024476 тоот дансанд зээлийн төлбөр болох 150,000,000 төгрөг шилжиж орсон. 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ц.Таас 100,000,000 төгрөгийг Б.М гэх хүний хүүхдийн данс руу шилжүүлж байсан. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ц.Т 100,000,000 төгрөгийг н.Дүүрэнжаргал гэх хүний данс руу шилжүүлсэн. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мөн 3,000,000 төгрөг, дахин 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг нийт 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлийн зориулалттай гэрээнд заасны дагуу Ц.Таас худалдаж авсан байрны засварыг хийхэд зарцуулж, үүний дагуу банк бусад сар болгоны хүү 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хэлж төлж эхэлсэн. Ийм зориулалттай зээл төлөгдөж явж байсан. Зээл авсан төлөх нь үнэн.
Харин манай зүгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хэрхэн тооцож гаргаж байгаа дээр эргэлзээтэй байгаа. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хэзээнээс, хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй байна. Зээлийн гэрээний 2.10 дээр зээлийн хүүг төлөх мэдэгдэл өгснөөс хойш буюу мэдэгдэл өгснөөс хойш нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан байгаа. Манайх санхүүгийн чадваргүй болчихлоо 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагад хүсэлт гаргаж байсан. Зээлийн гэрээгээ цуцалж өгөөч, манайх төлбөрийн чадваргүй болсон гэж мэдэгдэл өгсөн. Үүний дагуу банк бус санхүүгийн байгууллагаас хариу мэдэгдэх хуудас өгч, гүйцэтгэх захирал мэдэгдэл өгч байсан тул үүнээс хойш хугацааны нэмэгдүүлсэн хүүг тооцогдох үндэслэлгүй байна. 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцогдохоор байна гэж үзэж байна гэв.
4.Нэхэмжлэгчээс: Зээл болон барьцааны гэрээ, дотоод шилжүүлгийн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зээлийн тооцооллын хүснэгт, зээлийн өргөдөл, 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 1/158 тоот албан бичиг, 2022 оны 6 сарын 02-ны өдрийн 1/68 тоот албан бичиг,
Хариуцагч Ц.Таас : Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2021 оны 6 сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 8 сарын 05-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Ю ББСБ ХХК нь хариуцагч Б.М, Ц.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 225,792,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч Б.М зээлийн зарцуулалтыг Ц.Тийн байрны засварт зарцуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж, Ц.Т нь нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/21/03/019 дугаартай зээлийн гэрээ болон БГ/21/03/019 дугаартай барьцааны гэрээний үүрэгт хариуцагч нараас үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 65,322,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,470,000 төгрөг, нийт 225,792,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулана гэж тодорхойлж байна.
Зохигчдын хооронд 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/21/03/2019 тоот зээлийн гэрээ байгуулагдан 150,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэйгээр зээлдсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээл төлөлтийн график зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8-15 дугаар тал/
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.
3.Зээлийн гэрээний үндсэн төлбөр 150,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 65,322,000 төгрөг, нэмэгдүүлэн хүү 10,470,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 18,958,000 төгрөгийг төлсөн, харин үндсэн зээлийн төлбөрөөс төлөгдөөгүй үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Б.Мгийн хувьд зээлийн гэрээгээр авсан мөнгийг хариуцагч Ц.Тийн байрны засварт зарцуулсан тул төлөх үндэслэлгүй гэж маргаж байх хэдий ч зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэж үзэх бөгөөд, уг зээлийг хэрхэн яаж зарцуулсан нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.
Тодруулбал, иргэний эрх зүйн харилцааг тусгаарлах зарчмын дагуу хариуцагч нарын хооронд үүссэн маргаан нь тэдгээрийн зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар иргэний эрх үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Ю ББСБ ХХК-иас гэрээний зүйл болох 150,000,000 төгрөгийг зээлдэгч Б.М, Ц.Т нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө болон түүний хүүг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Ц.Тийн өмгөөлөгчөөс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.
Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.9-т зээлдэгч үндсэн зээл, хүүг энэхүү гэрээнд заасан хавсралт №1 заасны дагуу хугацаанд нь зохих ёсоор төлж чадаагүй бол зөрчил гаргасан өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг тооцох ба түүний хэмжээ нь 2.5-д заасан хүүгийн 20 хувьтай тэнцүү байна. гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байна.
Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нар нь гэрээгээр тохирсон үндсэн зээл болон зээлийн хүү төлөх үүргээ удаа дараа зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь төлөөгүй үндсэн зээлийн төлбөрөөс хүү тооцож нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна.
Хариуцагч Ц.Тийн өмгөөлөгчөөс гэрээний 2.10-т заасны дагуу мэдэгдэл өгсөн өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлтэй гэж маргасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.10 дахь заалтын агуулгаас үзэхэд энэхүү заалт нь гэрээний 4.3-т заасан нөхцөл байдалд зориулагдсан заалт гэж үзэхээр байх тул нэмэгдүүлсэн хүүг зээл төлөх мэдэгдэл өгсөн өдрөөс хойш тооцуулах талаар хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч буюу Банк бус санхүүгийн байгууллагад үүсэх тул хариуцагч Б.М, Ц.Т нараас үндсэн зээлийн төлбөрт 150,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 65,322,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,470,000 төгрөг, нийт 225,792,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
4.Нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.
Зохигчид хооронд 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр №БГ/21/03/019 дугаар бүхий барьцааны гэрээ байгуулагдаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204096157 дугаарт бүртгэлтэй, №000666711 дугаар гэрчилгээ бүхий Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамж, 21-3 тоот хаягт байрлах 290 м.кв талбай бүхий хувийн сууц, гарааш зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд тус барьцааны зүйл нь хариуцагч Ц.Тийн өмчлөлд бүртгэлтэй байна. /х.х-ийн 10-11, 13 дугаар тал/
Тус гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэг, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Гэрээний үүргийн дагуу барьцаалуулагчаас барьцааны зүйлээр үүргийг хангуулах шаардлага гаргасан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасан зохицуулалт, шаардах эрхэд хамаарч байна.
Иймд барьцааны гэрээний дагуу гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Т, Б.М нараас 225,792,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс биелүүлбэл №000666711 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204096157 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамж, 21-3 тоот хаягт байрлах 290 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,286,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.М, Ц.Т нараас 1,286,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА