| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/2251/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2534 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2534
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Юмжирдулам хөтөлж,
улсын яллагч Тээврийн дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуун,
иргэний нэхэмжлэгч Х.*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Тогоодулам,
шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хавзаанхан овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2503006160964 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Миний сүлжээ" дэлгүүрт кассчин ажилтай, ам бүл 3, өвөө, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хавзаанхан овогт *******ийн ******* /РД: ***/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.******* нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 51 минутын орчимд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, "Тод Петролиум" шатахуун түгээх станцын баруун талын уулзвар дээр Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 15.9-т заасан "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг тус тус зөрчин туслах замаар явж байхдаа гол замаар явж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас Х.******* жолоочтой Toyota Fielder маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар жолооч Х.*******ийн эрүүл мэндэд хөнгөн, зорчигч О.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...25-ны өдөр гэрээсээ гараад Яармаг руу явж байсан ба уулзвар гарч байтал гэнэт нэг машин гарч ирээд мөргөсөн. Тухайн үедээ би амьсгал авч чадахгүй болоод нэг хэсэгтээ шокын байдалд орсон. Удалгүй Онцгой байдлын газар, цагдаа, түргэн тусламж ирсэн ба би Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэгдсэн. Осолд орсноос хойш явж чадахгүй, нэг хэсэг хэвтрийн дэглэмтэй байсан. Бие засаж чадахгүй, явж чадахгүй заавал хүний асрамжид 20 гаран хоног хэцүү байдалтай байсан. Түүний араас 10 гаран хоног 2 суга тагтай явж байгаад дараа нь нэг таягтай болоод одооноос бага зэрэг явж байгаа. Хүнд юм өргөж болохгүй, дасгал хөдөлгөөн хийж болохгүй, хурдан явахаар гуя дагаж өвддөг болсон. Үүнээс болоод сэтгэл гутралын байдалтай нэг хэсэг байсан. Одоо арай дээрдэж байгаа. Би дасгал хөдөлгөөн их хийж, иогт явдаг байсан боловч энэ гэмтлээсээ болоод хөдөлгөөн хийж болохгүй болсон болохоор биеийн жин нэмээд, түүндээ стрессдээд байгаа. Хүмүүстэй хамтарч ажил хийдэг байсан. Одоо очиж чадахгүй байгаа болохоор ажлаа хийж чадахгүй байгаа. Миний оронд өөр хүн авсан тул би ажилгүй болсон. Манайх 3 хүүхэдтэй, хамгийн бага нь одоо 4 настай. 4 дэх хүүхдээ төрүүлье гээд төлөвлөсөн байсан боловч одоо тэр худлаа болж байх шиг байна. Аарцаг ясны хугаралтай учраас хүүхэд тээхэд хүндрэлтэй, ерөнхийдөө боломжгүй гэх зүйлийг хэлсэн гэв.
Иргэний нэхэмжлэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...Тухайн ослоос 2 хавирга цуурсан. Харьцангуй хөнгөн гэмтэл учирсан гэж үзэж байгаа. Цуурсан хавиргаа өөрөөр нь бороолуулж, кальци, барагшуун ууж эдгээсэн. Эмнэлгийн зүгээс дасгал хөдөлгөөн хийж болохгүй гэсэн. Миний хувьд спортоор хичээллэж, тэмцээнд уралдаанд оролцдог байсан. Тогтмол фитнест явдаг байсан нь гэмтлийн улмаас түр зогссон. Хөдөлгөөн хийхгүй болохоор стресс, уур бухимдалтай болж байгаа нь ажил болон амьдралд нөлөөлдөг юм байна. 9 дүгээр сараас Цэцэрлэгт хүрээлэнд гүйгээд гүйж эхэлсэн. Фитнест явж эхлэх гэж байгаа. Эрүүл мэндийн хувьд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл алга. Эд хөрөнгийн хохирлын тухайд манайх нэг л машинтай, 3 хүүхэдтэй. Машин гэдэг бол ар гэрийн болон ажил төрлөө зохицуулах гол хэрэгсэл юм. Машингүй байгаа нь амьдралд маш их нөлөөлж байна. Миний хувьд эхнээсээ ганцхан байр суурьтай байгаа. Шүүгдэгчид осол болсон өдрөөс хойш машины асуудлыг шийдэж өгөөрэй гээд бүх цаг хугацаанд хэлж байсан. Шүүгдэгчид анхнаасаа гомдол санал гэх зүйлгүй, болсон асуудыг хөнгөнөөр хүлээж авч байна. Үүнээс хүнд байдал үүссэн бол асуудалтай байх байсан. Ганц зүйл нь энэ машиныг засаж авна гэж байхгүй, тэгэхээр энэ машинаа шүүгдэгчийг өөрөө аваад бид нарыг яг адилхан ийм машинтай болгоод өгчих гэсэн шаардлагыг тавьж байгаа. Энэ асуудлыг ийм удаан үргэлжилдэг гэж мэдээгүй. Би бодохдоо наадмын үеэр асуудал шийдэгдээд унаа тэрэгтэй болчих юм байна гэж бодоод машинд үнэлгээ хийлгэж байхдаа хүртэл хэлсэн. Энэ асуудал үргэлжлээд наадмын үеэр машин түрээслээд, түүнээс хойш машин түрээслээд явж байна. Энэ асуудлуудаа анхнаасаа хэлж байсан. Би шүүгдэгчид машинтай болгож өгөхгүй бол машин түрээслэхээс өөр аргагүй боллоо шүү гэж 5, 6 дугаар сараас хойш хэлж байсан. 7 дугаар сарын 10ны өдрийг хүртэлх хугацаанд би таксигаар болон скүүтэр унаж ажилдаа явж байсан. Скүүтэртэй явж байгаад гэмтэх шахаад шүүгдэгчид скүүтэртэй явах осолтой байна. Хэрвээ би скүүтэртэй явж байгаад зам тээврийн осолд өртөх юм бол хохирлоо нэхэмжилнэ шүү, өөр арга байхгүй, ийм эрсдэлтэй орчинд ажил амьдарлаа зохицуулж байгаа тул машинтай болгоод өг гэж хэлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байгаа зүйлээ шүүгдэгчид удаа дараа хэлж байсан. Машинаа анх 25 сая төгрөгөөр авч байсан. Миний машин орж ирээд 1 жил болж байгаа, Монгол улсад элбэг байдаг машин биш. Эдэлсэн хугацааны элэгдэлээ тооцоод 21-22 сая төгрөгт үнэлээд хохирлоо барагдуулмаар байна. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслээ гэмтэлтэй чигээр нь шүүгдэгчид өгөөд, шүүгдэгчээс яг ийм машин авхуулах, эсхүл мөнгийг нь өгчих гэсэн байр суурьтай байна. Тухайн машиныг засаж унах боломжгүй болсон. Шүүгдэгчтэй анх ярьж байхад өөрийнхөө эзэмшлийн Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг засаад, худалдан борлуулаад тухайн худалдан борлуулсан мөнгөөрөө хохирлоо барагдуулна гэж хэлж байснаа сүүлд болиод тухайн зарна гэж байсан машин нь өөрийнх нь биш, нөхрийнх нь гэж хэлж байсан. Тэгэхээр нь мөрдөн байцаагчаас зам тээврийн осолд орсон машин журмын хашаанд байдаг уу, өөр хүнд шилжүүлээд худалдан борлуулдаг уу гэж асуухад тийм зүйл байхгүй. Тээврийн хэрэгслийг тэгж дураараа шилжүүлдэггүй юм гэж хэлж байсан. Танд яагаад тэгж хэлснийг мэдэхгүй гэсэн гэв.
Хоёр. Эрүүгийн 2503006160964 дугаартай хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-12 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Хохирогч О.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 23-42 дахь тал/, хохирол төлсөн баримтууд /хавтаст хэргийн 138-141, 163-183 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Х.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаанууд /хавтаст хэргийн 49, 137 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн гаргасан нэхэмжлэл /хавтаст хэргийн 55 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 57 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ЕГ0725/7307, ЕГ0725/7308 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 62-63, 70-72 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0825/2286 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 83-85 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 95-103 дахь тал/,
Автотээврийн үндэсний төв “ТӨҮГ”-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 211 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 113 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргалын гаргасан 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1193 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 114-115 дахь тал/,
Шүүгдэгч А.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 126 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 130 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 131 дэх тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 132 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 133 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 134 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 135 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 136 дахь тал/, ажлын газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 164 дэх тал/ зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч А.******* нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 51 минутын орчимд Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, "Тод Петролиум" шатахуун түгээх станцын баруун талын уулзвар дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 15.9-т заасан "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг тус тус зөрчин туслах замаар явж байхдаа гол замаар явж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас Х.******* жолоочтой Toyota Fielder маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар жолооч Х.*******ийн эрүүл мэндэд нь “зүүн 10,11-р хавирганы гадна ялтсын цууралт, цээж, баруун шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч О.*******гийн эрүүл мэндэд нь “зүүн умдаг ясны дээд, доод салаа, сүүжний тогооны урд ирмэг дайрсан зөрүүгүй, ууц ясны зүүн латерал масс дээд хэсгээр ташуу зөрүүгүй хугарал, зүүн 3-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндий дэх голомтлог хий хуралдалт, зүүн бугалга, ташаа, гуя, шилбэнд цус хуралт, ташаа, хүйс, умдаг, хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол, тус тус учруулсан болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-12 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо нутаг дэвсгэр байрлах “Тод Петролиум” шатахуун түгээх газрын баруун уулзварыг харуулж байна. Бичлэгийн 47:40 секундэд урдаас хойш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр цагаан өнгийн тээврийн хэрэгсэл явж байгаад зүүнээс баруун чиглэлтэй зорчиж буй хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй замын гол хэсэгт мөргөлдөж байгаа харагдав. Хэрэгт өөр ач холбогдол бүхий дүрс үгүй...гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Хохирогч О.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2025 оны 5 сарын 25-ны өдөр 17 цаг өнгөрч байх үед нөхөр *******ийн хамт Яармаг руу явж байсан, нөхөр өөрийнхөө эзэмшлийн Toyota Fielder маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг жолоодоод, би урд зорчигчийн суудал дээр суугаад явж байсан. Тэгээд Хан-Уул дүүрэг Говийн замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад Тод Петролиум шатахуун түгээх газар өнгөрөөд баруун талын уулзвараар нь зүүнээс баруун тийш чиглэлтэй уулзвар нэвтрэх үед замын урдаас хойш чиглэлтэй явж байсан автомашинтай мөргөлдөж осол гарсан. Ослын дараа би амьсгалж чадахгүй, хөдөлж болохгүй хавчуулагдсан байдалтай байсан. Онцгой байдлын алба хаагчид ирж намайг гаргасан, тэгээд ослын газраас түргэний машинтай Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Нөхөр бид хоёр хамгаалах бүс бүсэлсэн байсан. ...Ослын улмаас миний аарцагны яс болон 3-р хавирга хугаралтай гэж эмчийн дүгнэлт гарсан. ...Миний эрүүл мэндтэй холбоотой 2 сая гаруй төгрөгний хохирол зардал гарсан байгаа. ...Би гомдолтой байна, өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ, мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна. Мөн би эмнэлгээр явах үедээ байнга хүний машинд түлшийг нь хийж, эсхүл такси барьж явж байгаа эдгээр зардлыг нэхэмжилнэ...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 23-42 дахь тал/, хохирол төлсөн баримтууд /хавтаст хэргийн 138-141, 163-183 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Х.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би тухайн өдрийн 17 цаг өнгөрч байх үед өөрийн эзэмшлийн Toyota Fielder маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг жолоодоод эхнэр урд зорчигчийн суудал дээр суугаад Яармаг орохоор явж байсан. Ингээд Хан-Уул дүүрэг Говийн замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад Яармагийн шинэ гүүр рүү гарахаар, Тод Петролиум шатахуун түгээх газрын баруун талын зохицуулагддаггүй уулзвараар зүүнээс баруун тийш чиглэлтэй нэвтрэх үед замын урдаас хойш чиглэлтэй явж байсан автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Ослын дараа би дуудлага өгсөн ба дараа нь түргэн тусламж болон цагдаа, онцгой байдлын алба хаагчид ирсэн. ...Би 2010 онд жолоодох эрхтэй болсон, одоо жолоодох эрхийн В,С,Д,Е ангилалтай, хүчинтэй байгаа. ...Би 40 орчим км/цагийн хурдтай явж байсан. ...Эхнэр бид хоёр хамгаалах бүсээ бүсэлсэн байсан. ...Би тухайн машиныг уулзвар нэвтрэх үедээ мөргөлдөх үед л хальт хараад л мөргөлдсөн. ...Би эрүүл мэндтэй холбоотой гарсан зардал болон эд хөрөнгөд учирсан хохирлоо нэхэмжилж байна, би автомашиндаа үнэлгээ хийлгэсэн боловч тухайн автомашиныг засуулаад авах нь надад маш их хохиролтой тийм болохоор өөрийн автомашины адил онтой адилхан автомашиныг, эсхүл мөнгөн дүнг нөгөө машины жолооч талаас нэхэмжилж байна. Би фитнест явдаг төлбөрөө төлчихсөн байгаа, одоо явж чадахгүй байгаа болохоор 3 сарын төлбөр 450.000 төгрөгийг нэхэмжилнэ, мөн спортын төв ордонд бэлтгэлд явдаг байсан бэлтгэлдээ явж чадахгүй байна гомдолтой байна....гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/, түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Toyota Fielder маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаанд: эзэмшигч нь Хишигжаргалын ******* гэх /хавтаст хэргийн 49 дэх тал/,
Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаанд: эзэмшигч нь *******ийн ******* гэх /хавтаст хэргийн 137 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0725/7308 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.*******ийн биед зүүн 10,11-р хавирганы гадна ялтсын цууралт, цээж, баруун шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0725/7307 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.*******гийн биед зүүн умдаг ясны дээд, доод салаа, сүүжний тогооны урд ирмэг дайрсан зөрүүгүй, ууц ясны зүүн латерал масс дээд хэсгээр ташуу зөрүүгүй хугарал, зүүн 3-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндий дэх голомтлог хий хуралдалт, зүүн бугалга, ташаа, гуя, шилбэнд цус хуралт, ташаа, хүйс, умдаг, хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэх /хавтаст хэргийн 70-72 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0825/2286 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.******* нь сэтгэцэд 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна гэх /хавтаст хэргийн 83-85 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэд: Toyota Fielder маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн шууд зардалд 10.580.000 төгрөг, шууд бус зардалд 1.405.000 төгрөг, нийт 11.985.000 төгрөгийн хохирол учирсан гэх /хавтаст хэргийн 95-103 дахь тал/,
Автотээврийн үндэсний төв “ТӨҮГ”-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 211 дугаартай албан бичигт: Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай автотээврийн хэрэгсийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1.6 дахь заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй гэжээ /хавтаст хэргийн 113 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргалын гаргасан 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1193 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэсэлтэй байна. Toyota Fielder маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх /хавтаст хэргийн 114-115 дахь тал/,
Шүүгдэгч А.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би энэ оны 5 дугаар сарын 15-ны өдөр буюу тухайн осол болохын 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэсвэрт байх Яармагийн Фермерүүд захаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэсвэрт байх Миний сүлжээ дэлгүүр рүү өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа явсан. Явах замдаа Яармагийн гүүрнээс уруудаад Тод Петролиум шатахуун түгээх станцын урд замаар урдаас хойш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 50 км/цагийн хурдтай явж байтал 1 дүгээр эгнээгээр автобус хамт явж байсан багөөд түүнийг гүйцэт түрүүлээд хажуугаар нь гартал эсрэг урсгалаас машин орж ирээд миний машины зүүн урд хаалгыг мөргөчихсөн. Мэдсэн чинь түргэн тусламж болон цагдаа ирчихсэн байсан. ...Би өөрийн буруутай үйлдлийг ойлгож, гэмшиж байна, ахиж ийм зөрчил гаргахгүй, надад өөр хэлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 126 дахь тал/, түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3-д “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж тодорхойлж, жолоочийн лавлагаа мэдээллээр А.******* нь 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр №1549612 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй болсон байх ба тэрээр “Toyota Prius” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан тул түүнийг жолооч гэж үзнэ.
Жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих; мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй.
Хохирогч О.*******гийн эрүүл мэндэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0725/7307 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... зүүн умдаг ясны дээд, доод салаа, сүүжний тогооны урд ирмэг дайрсан зөрүүгүй, ууц ясны зүүн латерал масс дээд хэсгээр ташуу зөрүүгүй хугарал, зүүн 3-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндий дэх голомтлог хий хуралдалт, зүүн бугалга, ташаа, гуя, шилбэнд цус хуралт, ташаа, хүйс, умдаг, хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч А.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 15.9-т заасан "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас автомашинтай мөргөлдөж улмаар хохирогч О.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар нь гэм буруу болон хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 130 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ял эдлэх бүсийг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах дүгнэлт гаргасан.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Тогоодулам нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагыг дэмжин оролцсон.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс миний үйлчлүүлэгч нь Миний сүлжээ дэлгүүрт ажилладаг бөгөөд тэрээр Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг, харин ажил нь өөр дүүрэгт байдаг тул торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Мөн оногдуулах торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломж олгож өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч А.*******д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, тэрээр 21 настай, ам бүл 3, өвөө, дүүгийнхээ хамт амьдардаг болон "Миний сүлжээ" дэлгүүрт кассчинаар ажилладаг, тогтмол орлоготой хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.*******гийн орлого олох боломж болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөх хугацааг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлд тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч А.*******гийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас:
а./ хохирогч О.*******гийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0725/7307 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... зүүн умдаг ясны дээд, доод салаа, сүүжний тогооны урд ирмэг дайрсан зөрүүгүй, ууц ясны зүүн латерал масс дээд хэсгээр ташуу зөрүүгүй хугарал, зүүн 3-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндий дэх голомтлог хий хуралдалт, зүүн бугалга, ташаа, гуя, шилбэнд цус хуралт, ташаа, хүйс, умдаг, хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл,
- иргэний нэхэмжлэгч Х.*******ийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0725/7308 дугаартай шинжээчийн дүгнэлтээр д”... зүүн 10,11-р хавирганы гадна ялтсын цууралт, цээж, баруун шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл, тус тус тогтоогдсон.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.*******гийн эмчилгээний зардалд 3.897.100 төгрөг, бусад зардалд 59.300 төгрөг, харин иргэний нэхэмжлэгч Х.*******ийн эмчилгээний зардалд 483.000 төгрөг, нийт 4.439.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн 24 дэх талд авагдсан 25.000 төгрөг, 28.000 төгрөг, хэргийн 25 дахь талд авагдсан 15.000 төгрөг, хэргийн 27 дахь талд авагдсан 32.500 төгрөг, 1.800 төгрөг, хэргийн 34 дэх талд авагдсан 15.000 төгрөг, хэргийн 36 дахь талд авагдсан 50.000 төгрөг зэрэг баримтууд нь толгой, хүзүүний бариа, хоолны зардал зэрэг гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой хамааралгүй тул нийт 167.300 төгрөгийн баримтыг нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нийт нэхэмжилсэн 4.439.400 төгрөгнөөс нотлох баримтын шаардлага хангаагүй 167.300 төгрөгийн баримтыг хасаж, 4.272.100 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.*******, иргэний нэхэмжлэгч Х.******* нарын эмчилгээний зардалд нийт 7.500.000 төгрөг төлснийг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хэн аль нь маргаагүй ба шүүгдэгчийн төлсөн 7.500.000 төгрөгөөс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эмчилгээний зардалд гарсан 4.272.100 төгрөгийг хасаж тооцоход шүүгдэгч А.*******г 3.227.900 төгрөгийг илүү төлсөн гэж үзлээ.
б./ хохирогч О.*******гийн сэтгэцэд учирсан хор уршигт Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0825/2286 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... сэтгэцэд 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна /хавтаст хэргийн 83-85 дахь тал/ гэжээ.
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд “хүндэвтэр гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 9-15 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасан.
Гэмт хэрэг 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гарсан ба Үндэсний хорооноос улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг” болгож нэмэгдүүлэхээр тогтоосон байх ба хохирогч О.*******гийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг, гэмт хэрэг гарсан байдал зэргийг харгалзан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 12,672,000 төгрөгөөр тооцсон ба үүнээс шүүгдэгч А.*******гийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эмчилгээний зардалд илүү төлсөн 3.227.900 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгчээс хохирогч О.*******гийн сэтгэцэд учирсан хор уршигт 9.444.100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугийн шүүх хуралдааныг түр завсарлуулсан хугацаанд шүүгдэгч А.******* нь хохирогч О.*******гийн сэтгэцэд учирсан хор уршигт 5.000.000 төгрөг төлсөн байх тул 9.444.100 төгрөгөөс хасаж тооцон үлдэх 4.444.100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
в./ иргэний нэхэмжлэгч Х.*******ийн эд хөрөнгө болох Toyota Fielder маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн тухайд.
Toyota Fielder маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаагаар ...эзэмшигч нь Хишигжаргалын ******* /хавтаст хэргийн 49 дэх тал/ гэх
Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтээр “... Toyota Fielder маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн шууд зардалд 10.580.000 төгрөг, шууд бус зардалд 1.405.000 төгрөг, нийт 11.985.000 төгрөгийн хохирол учирсан /хавтаст хэргийн 95-103 дахь тал/ байх тул шүүгдэгч А.*******гаас 11.985.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч Х.******* нь автомашин түрээслэсэн гэх 8.400.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
г./ иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагаас: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Очирын ******* нь Эрүүл мэндийн байгууллагаас нийт 173,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээд А.*******гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MN09009010090002**** дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. /хавтаст хэргийн 55 дахь тал/
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр “...Очирын ******* нь нийт 173.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан /хавтаст хэргийн 57 дахь тал/ гэжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.
Иймд шүүгдэгч А.*******гаас хохирогч О.*******гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 173.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.*******гаас нийт 16.602.100 төгрөг гаргуулж, хохирогч О.*******гийн сэтгэцэд учирсан хор уршигт төлөгдөөгүй үлдсэн 4.444.100 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.*******ийн эд хөрөнгөнд учирсан хохиролд 11.985.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд 173.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Хохирогч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа, иргэний нэхэмжлэгч Х.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.*******гаас нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Шүүгдэгч А.*******гийн дээрх зам тээврийн осол гаргахдаа жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд Автотээврийн үндэсний төв “ТӨҮГ”-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 211 дугаартай албан бичгээр ...Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай автотээврийн хэрэгсийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1.6 дахь заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй /хавтаст хэргийн 113 дахь тал/ гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хавзаанхан овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******д мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь хохирогч О.*******, иргэний нэхэмжлэгч Х.******* нарын эмчилгээний болон сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 12.500.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж,
шүүгдэгч А.*******гаас нийт 16.602.100 төгрөг гаргуулж, хохирогч О.*******гийн сэтгэцэд учирсан хор уршигт төлөгдөөгүй үлдсэн 4.444.100 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.*******ийн эд хөрөнгөнд учирсан хохиролд 11.985.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд 173.000 төгрөг тус тус олгосугай.
5. Хохирогч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа, иргэний нэхэмжлэгч Х.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.*******гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР