2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2525

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Юмжирдулам хөтөлж,

улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэн овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2508000001415 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо,***тоотод оршин суух,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 24/310 дугаар тогтоолоор дуусгавар болсон, Түмэн овогт *******ын ******* /РД:****/        

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.*******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны баруун булан 48-р шүдний ёзоор дайрсан хугарал, 46, 47, 48-р шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с хохирогч Г.*******гийн эзэмшлийн Төрийн банкны картыг ашиглан 480,000 төгрөг авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр. Эрүүгийн 2508000001415 дугаартай хавтаст хэргээс:

2.1. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн талаар.

Эрүүгийн 2508000001415 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан /хавтаст хэргийн 1 дэх тал/,

Хохирогч Г.*******гийн эзэмшлийн Төрийн банкны дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-5 дахь тал/,

Хохирогч Г.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

Гэрч Ц.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

2.2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар.

Эрүүгийн 2508036951489 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

Эрүүгийн 2508036951489 дугаартай хэргийг эрүүгийн 2508000001415 дугаартай хэрэгт нэгтгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан /хавтаст хэргийн 57 дахь тал/,

Хохирогч С.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-63 дахь тал/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 65 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн гаргасан нэхэмжлэл /хавтаст хэргийн 67 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0725/9482 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 85-86, 104-105 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дэх тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 33-36 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэрэг болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Нэг. Шүүгдэгч Б.*******, хохирогч С.******* нар нь найз нөхдийн харилцаатай бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Нэг цэгийн үйлчилгээний ойролцоо шүүгдэгч, хохирогч нар нь нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ хохирогч С.*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “эрүү ясны баруун булан 48-р шүдний ёзоор дайрсан хугарал, 46,47,48-р шүдний булгарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Эрүүгийн 2508036951489 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

Эрүүгийн 2508036951489 дугаартай хэргийг эрүүгийн 2508000001415 дугаартай хэрэгт нэгтгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан /хавтаст хэргийн 57 дахь тал/,

Хохирогч С.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр найз *******тай хамт архи ууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нэг цэгийн үйлчилгээний урдуур явдаг засмал зам дагуу явж байгаад үл ялих таарамжгүй харилцаанаас болж муудалцаад улмаар ******* миний нүүр рүү цохиод газар унах үед миний ам, нүүр хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Тухайн үед бид хоёр архи уучихсан байсан. ...Надад эмчилгээний 400.000 төгрөгний баримт байсан, хайгаад олохгүй байна. ******* нь надад хохирол нөлж барагдуулсан зүйл байхгүй. ...Би энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Тухайн гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн эмгэг өөрчлөлт ороогүй. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлнэ...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-63 дахь тал/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0725/9482 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.*******гийн биед эрүү ясны баруун булан 48-р шүдний ёзоор дайрсан хугарал, 46,47,48-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Гурван шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна гэх /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

          Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэлд: С.******* нь 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 3.282.125 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан гэх /хавтаст хэргийн 65 дахь тал/ баримтаар нотлогдож байна.

          Хоёр: Шүүгдэгч Б.*******, хохирогч Г.*******, гэрч Ц.******* нар нь 2025 оны 7 дугаар сарын 25-26-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ***тоот шүүгдэгч Б.*******ын гэрт нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

 Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өөрийн куртикны халаасанд байсан хохирогч Г.*******гийн эзэмшлийн Төрийн банкны картнаас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с 480,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн 2508000001415 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан /хавтаст хэргийн 1 дэх тал/,

Хохирогч Г.*******гийн эзэмшлийн Төрийн банкны дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд: 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 480.000 төгрөгийн зарлага гарсан /хавтаст хэргийн 3-5 дахь тал/,

Хохирогч Г.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо *** гудамжинд явж байх үед зүс таних *******, шар ******* нартай тааралдсан юм. Би тухайн үед архи уучихсан байсан. Тэр хоёртой тааралдаад “та нэг шил архи аваад өгөөч” гэж гуйхаар нь би тэр хоёртой 112-ийн автобусны буудал Шунхлай ШТС-ийн хажууд байрлах ажил руугаа яваад ажил дээр очоод 20,000 төгрөг бэлнээр авч, мөн өөрийн тэтгэврийн дансны картаа аваад гарсан. Замаараа 105 дугаар сургуулийн засмал зам дагуу байдаг Е дэлгүүрийн доод талд байдаг дэлгүүр ороод 1 шил Хараа нэртэй архи, хоёр ундаа аваад картаа өгөөд уншуулж тооцоо хийгээд хар куртикний халаасандаа хийгээд гарсан. Зам дагуу явж байгаад дэлгүүр орж дахин 1 шил архи авсан юм шиг санагдаж байна. Сайн санахгүй байна. *******гийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо *** тоот айл руу очиж архиа хувааж уусан. ******* надад хар өнгийн куртикээ өмсүүлсэн байсан, би тэр куртикний халаасанд картаа хийж үлдээсэн байсан. Хамт архи ууж байгаад тэр айлдаа хоносон юм. Тухайн үед би гар утасгүй явж байсан. 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажлаа хийж байгаад 14 цагийн үед гэртээ очоод гар утсаа шалгатал миний данснаас 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг орчимд миний данснаас 480,000 төгрөг АТМ-96-с уншуулж авсан байсан. ...Би ******* гэх залуу миний картыг авч картнаас мөнгө авсан гэж бодож байна. Өнөөдөр *******гийн гэртээ ойрхон Аргалт хайрхан дэлгүүрт очиход ******* 20,000 төгрөгийн дэвсгэртээр нэлээн олон мөнгө барьчихсан дэлгүүрээс нь архи аваад гарсан гэж хэлсэн. Миний карт *******гийн куртикний халаасанд байсан. ...Миний Төрийн банкны карт цэнхэр өнгөтэй карт байгаа. Би тухайн үед ******* гэх залуутай дэлгүүрт ороод архи авахдаа картныхаа нууц үгийг хэлээд картаа өгч тооцоо хийлгэсэн. Миний бакны нууц үгийг ******* гэх залуугаас өөр хүн мэдэхгүй. ...Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй би сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

Гэрч Ц.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр найз ******* руу залгаад "шар тайлчих ганц юм байна уу" гэхэд найз ******* “манай гэрт хүрээд ир” гэхээр нь би гэрээсээ гараад найз *******ын гэр рүү явсан. Тэгээд би найз *******тай гудамжинд таарахад тэрээр нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Бид 3 найз *******ын гэрт очиж нэг шил архи хувааж уусан. Тэгсэн тухайн үл таних эмэгтэй нэг мэдсэн байхгүй болчихсон байсан. Найз ******* надад "чи надад АТМ-нээс очоод мөнгө аваад өгөөч, би Хаан банкны картнаас өөр карт ашиглаж мэдэхгүй байна, найз нь хүний картанд мөнгө хийчихсэн, мөнгөө авч чадахгүй байна” гээд надад Төрийн банкны цэнхэр өнгөтэй карт өгөхөөр нь би тухайн картыг Хаан банкны АТМ-д хийсэн чинь нууц үг нэхсэн. Тэр үед найз ******* хажуу талаас нууц үгийг надад хэлж өгөөд Хаан банкны АТМ орж 480.000 төгрөг авч өгсөн. Тэгээд бид хоёр буцаад найз *******ын гэрт нь очиж 1 шил архи уучхаад гэр рүүгээ явсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би тухайн үед найз *******, ******* нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн үед миний согтолт их байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирогч С.*******д учруулсан хохирлоо барагдуулна. Би дээрх хэргүүдийг ганцаараа үйлдсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 85-86, 104-105 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 855 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.

Нэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч  Б.******* нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олох гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан хохирогч Г.*******гийн эзэмшлийн Төрийн банкны ***** тоот виза картыг ашиглан Хаан банкны АТМ машинаас 480.000 төгрөгийг бэлнээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.*******ын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцно.

Хоёр. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. 

         Шүүгдэгч Б.******* нь хохирогч С.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас нь маргалдаж, улмаар түүнийг гараараа цохисон үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******ын хохирогч С.*******гийн биед халдсан үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүү ясны баруун булан 48-р шүдний ёзоор дайрсан хугарал, 46,47,48-р шүдний булгаралбүхий хүндэвтэр хохирол учирсан шалтгаант холбоотой байна. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг,

мөн хохирогч С.*******гийн нүүрэн тус гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг, тус тус хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

           2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 24/310 дугаар тогтоолоор дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ял эдлэх бүсийг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал болон тэрээр ам бүл 2, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, тус тус оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 540 /таван зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Б.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

3. Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

Дээрх гэмт хэргийн улмаас:

а./ хохирогч Г.*******гийн эзэмшлийн Төрийн банкны 10430187**** тоот виза картыг ашиглан Хаан банкны АТМ машинаас 480.000 төгрөгийг бэлнээр авч, хохирол учруулсан ба шүүгдэгч нь хохирогч Г.*******гийн хохирлыг барагдуулаагүй байна.

б./ хохирогч С.*******гийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0725/9482 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... эрүү ясны баруун булан 48-р шүдний ёзоор дайрсан хугарал, 46,47,48-р шүдний булгарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршигт нийт 622.426 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч нь хохирогч С.*******гийн эмчилгээний зардлыг барагдуулаагүй байна.

в./ Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэлээр ...С.******* нь 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 3.282.125 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан /хавтаст хэргийн 65 дахь тал/ гэх боловч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяа нь ...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.******* нь 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш Эрүүл мэндийн байгууллагаас 3.141.125 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан, ...талаар нэхэмжлэл /хавтаст хэргийн 67 дахь тал/ гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүгдэгч Б.*******аас 3.141.125 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.*******аас нийт 4.243.551 төгрөг гаргуулж, хохирогч С.*******д 622.426 төгрөг, хохирогч Г.*******д 480.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 3.141.125 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

1. Түмэн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, Б.*******ын биечлэн эдлэх ялыг 540 /таван зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас нийт 4.243.551 төгрөгийг гаргуулж, хохирогч С.*******гийн эмчилгээний зардалд 622.426 төгрөг, хохирогч Г.*******гийн эд хөрөнгөд учирсан хохиролд 480.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч С.*******гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд 3.141.125 төгрөг тус тус олгосугай.

6. Хохирогч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР