Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2023/00202

 

 

 

 

 

 2023        03        01                                             151/ШШ2023/00202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Ц.Ц-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: У.Н-д холбогдох,

      7,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Ц,

Хариуцагч: У.Н,

Гэрч: Т.Г, О.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Ц миний бие 2014 оноос одоо хүртэл хувиараа бизнес эрхэлж байгаа. Бизнестээ хүний нөөц бүрдүүлэхээр төрсөн ахынхаа хүү Урсгалын Нарангаравтай 2020 оны 4 сараас 3 жилийн хугацаатайгаар хамтран ажиллах ам гэрээ хийж, харилцан тохиролцож ажиллуулсан. У.Н-т сар бүр цалинг дансаар болон бэлнээр өгч байсан. Ажиллуулах хугацаандаа амьдрах байрыг нь 1 жилийн хугацаагаар түрээслэн өгч, мөн өөрийн мөнгөөр төлбөрийг төлсөн. Цаашид 3 жилийн хугацаагаар тогтвортой ажиллахаар амаар тохиролцсоны дагуу амьдралыг нь дээшлүүлэхийн тулд ... тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох өмчлөлийн газар, хашаа байшинг иргэн Б.Д-гаас 11,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг У.Н, Ц.Д-тай байгуулсан. У.Н-ын газар, хашаа байшинг худалдан авсны үнэ 11,000,000 төгрөгийн 7,000,000 төгрөгийг У.Н-ын өмнөөс Б.Д-ийн зөвшөөрлийн дагуу дүү Б.Т нь дансанд би өөрийн данснаас шилжүүлж төлсөн юм. Гэтэл У.Н нь 1 жил 8 сар ажиллаад ам гэрээ, хэлцлээ зөрчиж 2021 оны 12 сард тодорхой бус шалтгаанаар ажлаа хаяж, Улаанбаатар хот руу явсан. У.Н-тай 3 жил хамтран ажиллахаар тохиролцооны дагуу Х банк ХХК, Х ХХК, Сум хөгжүүлэх сан болон хувь хүнээс нийт 170,000,000 төгрөгийн зээл авч бизнестээ хөрөнгө оруулалт хийж ажил жигдрээд ажиллаж байтал ажлаа орхиж явсан. Иймд У.Н-т үл хөдлөх хөрөнгө болох газар, хашаа, байшинг худалдан авахад нь өгсөн 7,000,000 төгрөгийг хариуцагч У.Н-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. У.Н-т би шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 3 санал тавьсан. Ингэхэд У.Н нь шүүхэд нэхэмжлэл гаргах саналыг дэмжсэн болно гэв.

Хариуцагч У.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай авга ах болох Ц.Ц над руу залгаад “Ахынхаа бизнест ирж санхүү тал дээр туслаач, энд ирээд ажиллаж амьдарвал хашаа байшин, газар эд хөрөнгөтэй болоход нь тусална. Амьдрах байраар хүртэл хангана” гэж хэлсэн. Ах дээрээ ирээд ажил гэж хэд хэдэн удаа гуйж байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ахын ажил руу нүүж очтол бид хоёрыг түрээсийн байранд оруулсан. Намайг очиход ажилчин гэхээр хүн байгаагүй, би ганцаараа ажлыг эхлүүлсэн. Хамтран ажиллах гэрээг амаар тохиролцсон тэгэхдээ 24 сар буюу 2 жил тогтвор суурьшилтай ажиллахаар гэрээ байгуулсан. Ингэж ажилласан тохиолдолд амьдрах нөхцөлөөр хангана гэж хэлсэн. Энэ байгууллагад ажиллахад хэл амтай хэцүү байсан. Хоорондоо муудалцчихаад намайг хов хутгасан нэрийдлээр байнга ажил дээр сэтгэлзүйн дарамт үзүүлж бүүр манай ажлаас зайл яв гэж хөөсөн. Тэгээд хэд хоногийн дараа эхнэр бид 2 ярилцаж байгаад явах шийдвэрээ гаргасан. Тэгээд Ц.Ц ах дээр очоод бид хоёулаа явлаа гэж хэлэхэд нэг уулзах хэрэг байна гээд айлд аваачиж архиар шахаж хэл амаар доромжилж тэр айлын зурагтыг хагалж намайг зодсон. Энэ үйл явдлыг тухайн гэрийн эзэн гэрчилнэ. Ийм нөхцөл байдалд ажиллаж амьдрахын эрх байхгүй үнэхээр хэцүү байсан учраас яах ч арга байхгүй ажлаасаа гарсан. Тэгэхээр өөрөө эхэлж хөөсөн, ба ажлын байрны дарамт үзүүлж зодсон. Намайг ямар ч тайван ажиллах нөхцөл боломжоор хангаагүй. Иймд энэ хашаа байшингийн мөнгө болох 7,000,000 төгрөгийг надаас нэхэмжлэх нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч У.Н-т холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

2. Нэхэмжлэгч Ц.Ц нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“2020 оны 4 сард У.Н-тай 3 жилийн хугацаатайгаар хамтран ажиллах ам гэрээ хийж ажиллуулсан. У.Н-т сар бүр цалинг дансаар болон бэлнээр өгч байсан. 3 жилийн хугацаагаар тогтвортой ажиллахаар амаар тохиролцсоны дагуу амьдралыг нь дээшлүүлэхийн тулд У.Н-т газар, хашаа байшин худалдан авахад 7,000,000 төгрөгийг дэмжлэг болгон өгсөн. Гэтэл У.Н нь 1 жил 8 сар ажиллаад ам гэрээ, хэлцлээ зөрчиж 2021 оны 12 сард тодорхой бус шалтгаанаар ажлаа хаяж, Улаанбаатар хот руу явсан. Иймд газар, хашаа байшин худалдан авахад нь өгсөн 7,000,000 төгрөгөө хариуцагч У.Н-аас гаргуулна” гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч У.Н дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:

“... Хамтран ажиллах гэрээг амаар тохиролцож байгуулсан. Тэгэхдээ 24 сар буюу 2 жил тогтвор суурьшилтай ажиллах, ингэж ажилласан тохиолдолд амьдрах нөхцлөөр хангана, үл хөдлөх хөрөнгөтэй болоход дэмжлэг үзүүлнэ гэж тохиролцсон. Тэгээд нэхэмжлэгч өөрөө эхэлж намайг хөөсөн ба ажлын байрны дарамт үзүүлж зодсон. Намайг ямар ч тайван ажиллах нөхцөл боломжоор хангаагүй. Би 1 жил 8 сарын хугацаанд ажилласан. Иймд энэ хашаа байшингийн мөнгө болох 7,000,000 төгрөгийг надаас нэхэмжлэх нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч У.Н нар нь 2020 оны 04 дүгээр сарын 01ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Ц-ын эрхлэн явуулдаг барилгын материалын худалдааны бизнест менежер, худалдагчаар ажиллах, нэхэмжлэгч Ц.Ц нь сар бүр 800,000-1,000,000 төгрөгийн цалин хөлсийг хариуцагчид олгохоор харилцан тохиролцсон байна.

Мөн хариуцагч У.Н нь уг ажилд 2 жилээс дээш хугацаагаар тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд түүнд орон сууцтай болоход нь зориулж нэхэмжлэгчээс дэмжлэг үзүүлэхээр талууд тохиролцжээ.

Зохигч талуудын энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан  шаардлагад нийцсэн, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.  

5. Энэ гэрээний дагуу хариуцагч У.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 01ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ц.Ц-ын эрхэлдэг барилгын материалын худалдааны бизнест менежер, худалдагчаар ажилласан, нэхэмжлэгч Ц.Ц нь гэрээний дагуу тохирсон цалин хөлсийг зохих ёсоор олгож байсан байна.

Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хариуцагч У.Н-т хашаа байшин худалдан авч өгөх зорилгоор 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд гэрээ байгуулсан үйл баримт болон 7,000,000 төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгосон үйл баримтад талууд маргаагүй байна.

Харин хариуцагч нь “... нэхэмжлэгч өөрөө эхэлж намайг хөөсөн ба ажлын байрны дарамт үзүүлж зодсон. Намайг ямар ч тайван ажиллах нөхцөл боломжоор хангаагүй. Би 1 жил 8 сарын хугацаанд ажилласан. Гэхдээ энэ хугацаанд 2 жил ажилласнаас илүү их ажил хийсэн. Иймд энэ хашаа байшингийн мөнгө болох 7,000,000 төгрөгийг надаас нэхэмжлэх нь үндэслэлгүй” гэсэн тайлбар гаргаж маргаж байна.

6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

хуулийн 367 дугаар зүйлийн 367.3т “ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ” гэж тус тус заасан.

Зохигчдын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тэдний хоорондын таарамжгүй харилцааны улмаас хариуцагч У.Н ажиллахаа больсноор хөлсөөр ажиллагчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 367 дугаар зүйлийн 367.3т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч У.Н-т хашаа, байшин худалдан авахад нь дэмжлэг болгон өгсөн 7,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй, хариуцагч У.Н нь уг мөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй байна.

7. Гэрч О.У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Ц.Ц, У.Н нар нь хоорондоо муудалцаж байсан, гэхдээ зодолдсон зүйл байхгүй. ... Ц.Ц нь элс, хайрга худалдан борлуулах хувийн бизнестээ У.Н-ыг тогтвортой ажилласан тохиолдолд хашаа, байшин авахад нь дэмжиж тусална гэж ярьж байсныг сонсож байсан. У.Н нь 1 жил гаруй хугацаанд бүх зүйлийг нь хариуцаж ажилладаг байсан” гэх мэдүүлэг,

гэрч Т.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2021-2022 оныг хүртэл тус газарт түгээгч, ачигч, буулгагч гэх зэрэг ажлуудыг хийж байсан. У.Н нь бид нарыг ахалж ажилладаг байсан. ... Ц.Ц нь бүх ажилчдадаа тогтвортой 2-3 жил ажиллавал хашаа, байшинтай болоход нь дэмжлэг үзүүлнэ гэж хэлдэг байсан. У.Н нь 1 жил 8 сарын хугацаанд ажиллаад хашаа, байшингаа авчихсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, зохигчдын тайлбараар дээрх үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3т зааснаар хариуцагч У.Н-аас 7,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц-т олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Н-аас 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3-т зааснаар хариуцагч У.Н-аас 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Н-аас 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгосугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН