Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2023/00276

 

 

 

 

 

 

            2023       03        23

          151/ШШ2023/00276

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                Нэхэмжлэгч: “Т банк” ХК /РД:/-ийн ... салбарын нэхэмжлэлтэй,

                  Хариуцагч: О.Л,

                  Хариуцагч: Б.Л нарт холбогдох,

     Зээлийн гэрээний үүрэгт 12,474,346.33 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                  Шүүх хуралдаанд оролцогчид:

             Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.О, Р.Г,

              Хариуцагч: О.Л, Б.Л,

              Хариуцагч нарын өмгөөлөгч: Л.Э

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч О.Л, Б.Л нар нь 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Т банк” ХК-ийн ... салбарын харьяа Баян тооцооны төвөөс №1/508 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 1,4 хувийн хүүтэй /жилийн 16.8 хувийн хүүтэй/, 36 сарын хугацаагаар өрхийн хэрэгцээндээ зориулахаар гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин хөргөгч, зурагт, хөлдөөгч, угаалгын машин, 5 ханатай гэр, гэрийн бүх эд хогшлыг барьцаалсан байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.1.1 дэх заалтын зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлж дуусгах үүрэгтэй байсан одоогоор 2063 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд зээлийн гэрээний дагуу О.Л, Б.Л нараас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрийн өр 5,972,051.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,502,294.98 төгрөг, нийт 12,474,346.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч “Т банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нар удаа дараа шаардаж байгаагүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Тухайн үед “Т банк” ХК-ийн Төв аймаг дахь салбарын захирал С.А нь хугацаа хэтэрсэн үеэс эхлэн утсаар ярьж, уулзсан байдаг. Мөн дотоод хяналт шалгалтын явцад тус зээлдэгч нартай уулзаж байсан гэдэг. Үүнийг нотлох баримтаар гэрээний үүргийг биелүүлэх мэдэгдэл дээр хариуцагч нар өөрсдийн гарын үсгийг зурсан байдаг. Мөн хамтран зээлдэгч нь шүүхэд дуудсанаар мэдсэн гэж тайлбарлаж байх боловч өмнө өөрсдөө тайлбар мэдүүлгээ бичээд өгсөн талаар хавтаст хэрэгт байгаа тул зээлдэгч нар нь зээлтэй гэдгээ мэдэж байсан. Харин өөрсдөө зээлээ төлөх сонирхолгүй байсан. Тухайн үед “Т банк” ХК-ийн ... салбарын ... тооцооны төвийн эрхлэгч н.Г-тэй ямар холбоотой байж байгаад зээл авсан талаар бол мэдэхгүй байна. Тус зээлийн баримтад зурсан гарын үсэг нь хариуцагч нарын гарын үсэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч О.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие “Т банк” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 12,474,346.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж дараах тайлбарыг гаргаж байна. Нэгт: Миний бие 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Т банк” ХК-ийн ... салбарын ... тооцооны төвөөс 1/1508 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг аваагүй. Учир нь зээлийн гэрээнд миний бие гарын үсэг зураагүй. Харин 1/508 тоот зээлийн гэрээнд миний гарын үсгийг дурайлгаж зурсан. Мөн хамтран зээлдэгч Б.Л гэдэг хүнийг огт танихгүй ба 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гардаж авахдаа нэхэмжлэлийн хувь дээрээс бичигдсэн нэрийг нь харж байна. Мөн Б.Л намайг танихгүй, ямар ч хамааралгүй хүн юм. Хоёрт: Уг зээлийн гэрээ байгуулан авсан гэж “Т банк” ХК-ийн нэхэмжилж байгаа 15,000,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг авч захиран зарцуулаагүй. Гуравт: Тухайн үед тооцооны төвийн салбарын захирал н.Г гэх хүн нь н.Ч, н.Ц гэх хүмүүс ирж О.Л намайг өөрийн нэр дээр 15,000,000 төгрөгийн зээл аваад өгөөч гэж ярилцаж байсан. Тэр үед миний бие хариу хэлээгүй өнгөрсөн. Түүнээс хойш миний нэр дээр болон Б.Л нарын нэр дээр “Т банк” ХК-ийн ... салбар ... тооцооны төвөөс зээл гарсан байсан. Би уг зээлийн гэрээг өөрийн биеэр очиж 1/508 тоот зээлийн гэрээг байгуулаагүй ба гарын үсэг зурж зөвшөөрөөгүй. Иймд миний бие дээрх шалтгааны улмаас “Т банк” ХК-ийн ... салбарын .. тооцооны төвөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Уг гэрээг Иргэний хуульд нийцүүлэн хийгдээгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.Л “Т банк” ХК-ийн ... салбарын ... тооцооны төвийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд зээлдэгч О.Л нь 2014 онд тус банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авахад Б.Л намайг хамтран зээлдэгчээр оролцож өдий хүртэл зээлээ төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн талаар дурджээ. Миний бие 2014 онд Төрийн банкнаас иргэн О.Л-т олгосон зээлийн хамтран зээлдэгчээр оролцоогүй бөгөөд О.Л-ийг огт танихгүй болно. Мөн зээл олгох ажиллагаанд ч өөрийн биеэр оролцоогүй зээлийн гэрээ болон бусад баримт бичигт гарын үсэг зураагүй нь үнэн. 2014-2021 он хүртэлх хугацаанд Т банкнаас та О.Л-ийн хамтран зээлдэгч зээлийн хугацаа хэтэрсэн буцааж төлөх талаар сануулж амаар болон бичгээр мэдэгдэж байгаагүй. Иймд миний бие нь тухайн банкнаас урьд авч байсан зээлийн материал дахь баримт бичгийн хуулбарыг зээл олголтод ашиглан гарын үсэг хуурамчаар дуурайлган зурсан гэж үзэж байгаа тул надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Хариуцагчийн нарын өмгөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “Тус зээлийн гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч нартай байгуулж, зээл олгосон” гэх тайлбар гаргаж байх боловч хариуцагч нар “Тус зээлийг авсан гэдгээ мэдэхгүй байна” гэх тайлбарыг гаргадаг. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг зээлээ төлж барагдуулахыг удаа дараа шаардсан гэх тайлбарыг шүүхээс өмнө болон шүүхийн үе шатанд гаргаж байсан боловч энэ тухай баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар тус шаардлага нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон. Хариуцагч нараас гэрээний үүргийн төлбөрөө шаардсан талаар бичиг баримт хэрэгт авагдаагүй, өөрсдөө утсаар мэдэгдэж байсан гэж хэлдэг. Харин тухайн гэрээний үүргийг шаардсан гэх баримт нь байдаггүй. Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т “шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж зааснаар шаардах хугацаа нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох ёстой. Тус хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дууссан гэж үзэж байна. Энэ хооронд хариуцагч нарыг зээлээ төлөхийг шаардсан баримт, хариуцагч нар зээл төлсөн үйлдэл хавтаст хэрэгт байхгүй. Энэ зээлийг хариуцагч нар мэдээгүй гэдэг тодорхой болж байгаа учраас Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нар уг зээлийг төлөх шаардлагагүй, үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Т банк” ХК-ийн ... салбар нь хариуцагч О.Л, Б.Л нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,474,346.33 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

“Т банк” ХК-ийн ... салбарын тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч “Т банк” ХК-ийн ... салбар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Зээлдэгч О.Л, Б.Л нар нь 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Т банк” ХК-ийн ... салбарын харьяа ... тооцооны төвөөс №1/508 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 1,4 хувийн хүүтэй /жилийн 16.8 хувийн хүүтэй/, 36 сарын хугацаагаар өрхийн хэрэгцээндээ зориулахаар гэрээт цалингийн зээл авсан. ... Иймд О.Л, Б.Л нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 5,972,051.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,502,294.98 төгрөг, нийт 12,474,346.33 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

3. Хариуцагч О.Л нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“... Миний бие 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Т банк” ХК-ийн ... салбарын ... тооцооны төвөөс 1/1508 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг аваагүй. Учир нь зээлийн гэрээнд миний бие гарын үсэг зураагүй. Мөн хамтран зээлдэгч Б.Л гэдэг хүнийг огт танихгүй. “Т банк” ХК-ийн нэхэмжилж байгаа 15,000,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг авч захиран зарцуулаагүй. Уг зээлийг Төрийн банкны  тооцооны төвийн тэр үеийн захирал н.Г гэх хүн авсан. Иймд гэрээг Иргэний хуульд нийцүүлэн хийгдээгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна” гэв.

4. Хариуцагч Б.Л нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“... Миний бие 2014 онд Т банкнаас иргэн О.Л-т олгосон зээлийн хамтран зээлдэгчээр оролцоогүй бөгөөд О.Л-ийг огт танихгүй болно. Мөн зээл олгох ажиллагаанд ч өөрийн биеэр оролцоогүй зээлийн гэрээ болон бусад баримт бичигт гарын үсэг зураагүй нь үнэн. ... Иймд миний бие нь тухайн банкнаас урьд авч байсан зээлийн материал дахь баримт бичгийн хуулбарыг зээл олголтод ашиглан гарын үсэг хуурамчаар дуурайлган зурсан гэж үзэж байгаа тул надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

“Т банк” ХК-ийн ... тооцооны төв, О.Л, Б.Лх нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, энэ гэрээний дагуу хариуцагч нар нь “Т банк” ХК-ийн ... тооцооны төвөөс цалингийн орлогоо барьцаалан 15,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан байна. /хх-ийн 8-11 дүгээр тал/,

6. Уг гэрээнд үндсэн зээлдэгчээр О.Л, хамтран зээлдэгчээр Б.Л нар гарын үсэг зурсан байх бөгөөд энэ нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай  “... Шинжилгээнд ирүүлсэн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны гэсэн огноотой Төрийн банкны “Мемориалын баримт №...”, барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, цалингийн зээлийн өргөдлийн маягтын баруун доод хэсэгт “... гарын үсэг” гэсний дээр тус тус зурагдсан нийт 7 ширхэг гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн О.Л-ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирно.

... 2014 оны 04 дүгээр сарын 10-ны гэсэн огноотой Т банкны “Барьцаат зээлийн гэрээ”, зээл буцаан төлөх хуваарь, цалингийн зээлийн өргөдлийн маягтын баруун доод хэсэгт “Хамтран үүрэг гүйцэтгэгч” гэсний дээр тус тус зурагдсан нийт 3 ширхэг гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Л-ын гэх гарын үсгийн загваруудтай тохирно” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 111-136 дугаар тал/,

7. Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

8. Нэхэмжлэгч “Т банк” ХК-ийн ... салбар нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар анх 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2021/03401 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх-ийн 20 дугаар тал/

9. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д: “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д: “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус заасан.

Талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дууссан байх бөгөөд зээлийн гэрээний хугацааг сунгасан баримт хэрэгт авагдаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Тодруулбал талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дууссан, энэ өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд энэ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байна.

10. Нэхэмжлэгч нь энэ асуудлаар анх 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д: “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзнэ.

11. Иймд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Т банк” ХК-ийн Төв аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Л, Б.Л нараас зээлийн гэрээний үүрэгт 12,474,346.33 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэгч “Т банк” ХК-ийн ... салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Т банк” ХК-ийн ... салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.     

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОТГОНЧУЛУУН