Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 125

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Долгион,

Шүүгдэгч Э.Энхжин, түүний өмгөөлөгч О.Баяраа /0333/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхий овогт Энхболдын Энхжинд холбогдох эрүүгийн 201626022686 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 аавын хамт амьдардаг гэх, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 1 дүгээр баг, 8-5 тоотод оршин суух хаягтай боловч уг хаяган дээрээ оршин суудаггүй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяг байхгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 329 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн /хх 123-127/, Хөхий овогт Энхболдын Энхжин /РД:ЖЯ91061357/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Э.Энхжин нь давтан үйлдлээр:

2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэкст худалдааны төвөөс 899.900 төгрөгөөр зарагдаж байсан Леново брендийн процессор,

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пролив Энтертайнмент тоглоомын төвөөс 850,000 төгрөгийн үнэ бүхий Play Station 4 загварын видео тоглоом,

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэкст худалдааны төвөөс 699.900 төгрөгөөр зарагдаж байсан Леново брендийн процессор тус тус хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Энхжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд тодорхой бичигдсэн байна. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Мөнхсарнай мэдүүлэхдээ: “... 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би ажил дээрээ буюу БГД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэкст худалдааны төвийн агуулахад бараа тулгалт хийгээд байж байтал худалдааны зөвлөх Болормаа орж хямдрал хийлгэх гэж орж ирэхдээ худалдааны зөвлөх Чинбат, Лхагвадорж 2 камер шүүж байгаад нөүтбүүк алдчихлаа гээд гараад гүйцгээсэн гэж хэлэхээр нь гарч ирж камераа шүүсэн. Тэгээд би бас дээшээ гарч давхар камер шүүхэд манай баарны лангуун дээр байсан Леново брэндийн Q190 I3 загварын процессор хулгайд алдагдсан байсан. Камерын бичлэг дээр нэг залуу орж ирээд үзэж байгаад аваад гарч байгаа харагдсан. Өөр ямар нэгэн мэдээлэл байхгүй. Манай журмаараа тухайн өдөр гарч байгаа худалдааны ажилтан хариуцах ёстой байдаг ба тэр өдөр Чинбат гарч байсан ба тухайн үед нь анзаараагүй байсан гэсэн. Алдагдсан эд зүйл нь Леново брэндийн Q190 I3 загварын процессор байсан.899,000 төгрөгөөр зарагдаж байсан. US00206969 гэсэн сериалтай. Lenovo I-3 гэсэн бичигтэй. Сэжиглэж байгаа хүн байхгүй Камерийн бичлэг дээр аваад гарч байгаа залуу нь танигдахгүй малгайтай байсан. Өөр мэдэх зүйл алга байна” гэжээ. /хх 44-45, 73-74 хуу/

 

Хохирогч П.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хороонд байрлах Пролив интертаймент тоглоомын төв дээрээ ажлаа хийгээд байж байтал гаднаас нэг залуу орж ирээд тоглоом тоглоно гээд байсан. Тэгсэн тэр залуугаас архи үнэртээд согтуу юм шиг байхаар нь би согтуу хүнд үйлчлэхгүй гэсэн чинь манай хүлээлгийн ширээн дээр суугаад байсан. Бараг цаг суусан байх. Тэгээд сууж байхад нь тэр хүнийг ерөөсөө анзаараагүй ба хэзээ гарч явсаныг нь ч мэдээгүй. Орой 22:00 цаг өнгөрөөгөөд тоглоомныхоо гарнуудыг цэнэглэх гээд үзэж байтал 9-р ширээний рs-4 тоглуулагч байхгүй байсан. Тэр нь хагас тасалгаатай өрөө байсан. Тэгэхээр нь камерийн бичлэг шүүгээд үзтэл нөгөө залуу чинь 21 цаг 35 минутын үед тоглуулагч аваад хар цүнхэнд хийгээд гарч байгаа бичлэг байсан. РS-4 тоглуулагч байсан. Одоо 850,000 төгрөгөөр үнэлнэ. …25-30 орчим насны, намхандуу туранхай, унжгар царайтай бөгтөр нуруутай, бас нилээн унжуу хамартай, хэл яриа нь өөрчлөлттэй бөөрөнхийдүү хэлтэй байсан. Нацист цамц өмсөөд доогуураа хар өмд өмсчихсөн байсан. …Хохирлоо барагдуулмаар байна...” гэжээ. /хх 48 хуу/

 

Гэрч Д.Чинбат мэдүүлэхдээ: “..2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр манай БГД-ийн 13-р хороонд байрлах Нэкст худалдааны төвийн дисток тасгийн лангуун дээр байсан Леново брэндийн процессор алдагдсан. Би уг лангууг хариуцан ажилладаг ба тухайн үед би өөрөө компьютор дээр хажуухан талд нь юм хараад сууж байсан. Тухайн үедээ анзаараагүй ба дараа нь компьютороо янзлах гээд харсан чинь байхгүй байсан. Уг алдагдсан эд зүйл маань Леново брэндийн процессор үнэ нь 899,900 төгрөгөөр зарагдаж байсан. Манай тасаг дээр бол дохиолол харуул хамгаалалт байхгүй.

…Тухайн үед тийм хүн орж ирсэнийг уг процессорыг аваад гарсан энэ тэрийг ерөөсөө анзаараагүй, алдсанаа сүүлд л мэдээд камерийн бичлэг харж мэдсэн...” гэжээ. /хх 50 хуу/

 

Гэрч Б.Лхагвадорж мэдүүлэхдээ:  “..2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би ажип дээрээ буюу БГД-ийн 13-р хороонд байрлах Нэкст худалдааны төв дээрээ ажлаа хийж байтал 00-ий хажуу талд зарах гээд байрлуулсан байсан камерийн дохиолол дуугарахаар нь яваад очтол 167 см орчим өндөр 24-25 орчим насны, туранхайдуу шөвгөр шардуу царайтай, богино үстэй сахалгүй залуу зогсож байсан. Тэгэхээр нь би очоод наадхаа битгий оролдоод бай татахаар дуугараад байдаг юм үзвэл ингээд аваад үзчих гэж хэлтэл за за гээд надаас нэг юм асуугаад өөр тийшээ явсан. Тэгээд тэр залууг ерөөсөө анзаараагүй, сүүлд камерийн бичлэгээс харахад дээшээ доошоо нилээн явж байгаад үзүүлэнгийн ширээн дээр байрлуулсан байсан Леново брэндийн процессорийг аваад гарч байгаа бичлэг байсан. Тэгээл тэнд явж байсан залууг тэр процессорыг хулгайлж гэж мэдсэн” гэжээ. /хх 52 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 5859 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2а, 2б, 3а, 3б, 6, 8, 9 дугаартай гарын мөр, харьцуулах загварт ирүүлсэн Д.Чинбатын гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 4, 5, 7 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцэж буй 3б гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн Д.Чинбатын зүүн гарын долоовор хуруугаар, 9 дугаартай гарын мөр Д.Чинбатын зүүн гарын чигчий хуруугаар үүсгэгдсэн байна. 3. Шинжилгээнд тэнцэж буй 2а, 2б, 3а, 6, 8 дугаартай гарын мөр, харьцуулах загварт ирүүлсэн Д.Чинбатын гарын дардас өөр хоорондоо болон санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй гэжээ. /хав 55/

 

Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “NEXT” нэртэй худалдааны төв “Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх 5, 6-7, 17-18, 19-20 хуу/

Хяналтын камерын бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 40-41 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 69, 71 хуу/

Эд зүйлийн үнэлгээ /хх 75 хуу/

шийтгэх тогтоол /хх 123-127 хуу/-ийн хуулбар зэрэг болон хавтаст хэрэг дэх бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Энхжин нь давтан үйлдлээр 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэкст худалдааны төвөөс 899.900 төгрөгийн үнэ бүхий Леново брендийн процессор,

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пролив Энтертайнмент тоглоомын төвөөс 850,000 төгрөгийн үнэ бүхий Play Station 4 загварын видео тоглоом,

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэкст худалдааны төвөөс 699.900 төгрөгийн үнэ бүхий Леново брендийн процессор тус тус хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Мөнхсарнай /хх 44-45, 73-74/, П.Оюун-Эрдэнэ /хх 48/, гэрч Д.Чинбат /хх 50/, Б.Лхагвадорж /хх 52/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 5859 дугаартай дүгнэлт /хх 55/, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “NEXT” нэртэй худалдааны төв “Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх 5, 6-7, 17-18, 19-20/, хяналтын камерын бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 40-41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 69, 71/, эд зүйлийн үнэлгээ /хх 75/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 123-127/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон тул шүүгдэгч Э.Энхжинг шунахай сэдэлтээр давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Энхжин нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 329 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан ба Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Энхжингийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтай байдал хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Э.Энхжингийн цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар эд зүйл хураагдаж ирээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй болохыг тус тус дурдлаа.

 

Шүүгдэгч Э.Энхжин нь анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүхээс түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөхий овогт Энхболдын Энхжинг шунахай сэдэлтээр давтан үйлдлээр эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Хөхий овогт Энхболдын Энхжинг эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Энхжинд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхжингийн цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Хэрэгт иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч нарт хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Э.Энхжинд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Энхжингийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                           

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ