Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1146

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00751 дүгээр шийдвэртэй, “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-, Б.Х- нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 106 239 037 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Б, Б.Х- нар нь 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/4123 тоот зээлийн гэрээ, БГ/4123 тоот барьцааны гэрээг “Х-” ХХК-тай байгуулж, 75 000 000 төгрөгийг жилийн 20,4%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан. Мөн тухайн өдрөө ЗГ/4124 тоот зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг жилийн 20,4%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авч нийт 100 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш эргэн төлөлтийн хуваариа удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан учраас зээлийн төлбөрийг бүхэлд нь болон барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шаардаж байна. Барьцаа хөрөнгө нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамж, 841 тоот хаягт байрлалтай 462 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлалтай 108 м.кв талбайтай хувийн сууц, 35 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй барилга, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 33 дугаар гудамжны 663 тоот хаягт байрлалтай 313 м.кв талбайтай хувийн сууц юм. Нөгөө гэрээний барьцаа нь хаяг нэг 388 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамж, 841 тоот хаягт байрлалтай 92 м.кв талбайтай хувийн сууц, нийт 4 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн үед Сүхбаатар дүүргийн их тойруу салбарын захирал н.Оюунболд байсан, энэ хүнийг томилсон эрх бүхий шийдвэр, их тойруу салбарыг төв болгон өөрчилсөн тушаал шийдвэрүүд хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас хариуцагч нар нь манай байгууллагын эрх бүхий этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэж байна. Энэ хэлцэл хийснээ дэмжиж “Х-” ХХК-аас итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэл гарган зээлийн төлбөрийг шаардаж байгаа, хуульд заасны дагуу бид ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас зээл болон барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээнүүд юм. Нэхэмжлэлийн шаардлагаа задалбал зээлдэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/4123 тоот 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 26 205 009 төгрөг, хүүгийн төлбөрт 11 010 513 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21 127 төгрөг нийт 37 236 650 төгрөгийг төлсөн бол ЗГ/4124 тоот 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 9 420 287 төгрөг, хүүгийн төлбөрт 4 179 481 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28 674 төгрөг нийт 13 628 443 төгрөгийг төлсөн. Одоогийн байдлаар 75 000 000 төгрөгийн зээлийн хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 48 794 990 төгрөг, хүүгийн үлдэгдэл 27 707 420 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тооцсон, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4 519 008 төгрөг нийт 81 021 424 төгрөг бол, 25 000 000 төгрөгийн зээлийн хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 15 579 712 төгрөг, хүүгийн үлдэгдэл 8 256 150 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг тооцсон, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1 381 750 төгрөг нийт 25 217 617 төгрөг үлдэж, нийт үлдэгдэл нь 106 239 037 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас 106 239 037 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Б-, Б.Х- нар нь “Х-” ХХК-ийн Их тойруу салбараас 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/4123 тоот зээлийн гэрээ байгуулан 75 000 000 төгрөгийг жилийн 20,4%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай, мөн тухайн өдрөө ЗГ/4124 тоот зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг жилийн 20,4%-ийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн. Хариуцагч нар ЗГ/4123 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу 37 236 950 төгрөг, ЗГ/4124 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу 13 628 443 төгрөгийг тус тус төлсөн. Хариуцагч нар нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг тодруулбал 75 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь 37 763 350 төгрөг, 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл нь 11 371 557 төгрөг нийт 49 134 907 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Яагаад ийм тооцоолол гаргасан бэ гэхээр нэгдүгээрт “Х-” ХХК гэж ярьж байгаа ч уг зээлийн гэрээг “Х-” ХХК-ийн салбартай хийсэн нь зээлийн гэрээнд тодорхой харагддаг. Шүүх өмнө нь хэргийг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас Иргэний хуулийн 29.2, 29.3-т заасан баримт, бусад баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч итгэмжлэл нь ирээгүй, түүнийг төлөөлөгч нь байхгүй гэж тайлбарлаж байгаа. Мөн “Х-” ХХК-ийн дүрмээс салбар, төлөөлөгч нь ямар эрх, үүрэгтэй болох нь харагдахгүй. Тэгээд төлөөлөх эрхтэй холбоотой өөр бусад баримтуудаа өгчихсөн гээд тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл, “Х-” ХХК хуульд заасан журмын дагуу зээлийг гаргаж, салбар төлөөлөгчийн газар нь итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байх ёстой. Гэтэл тэр итгэмжлэл нь алга байна. Иймд хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэж зөвхөн өгсөн, авснаа буцаах үр дагавар үүснэ. Тийм учраас бид авсан зээлийнхээ үлдэгдэл зээлийг төлье, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж үзэж байна. Харин төлөхийг зөвшөөрсөн зээлийн хэмжээнд хэрэв зээлээ төлж чадаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-, Б.Х- нараас 104 016 123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 222 914 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-, Б.Х- нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн барьцаанд байгаа тэдний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202017949 дугаартай, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамжны 841 тоотод байрлах 108 м.кв талбайтай хувийн сууц, 35 м.кв талбайтай 50%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202010734 дугаартай, 92 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202003694 дугаартай, 462 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Ү-2202018008 дугаартай, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 33 дугаар гудамжны 663 тоотод байрлах 313 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202010771 дугаартай, 388 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х-” ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 759 345 /689 145 + 70 200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-, Б.Х- нараас 748 231 /678 031 + 70 200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны түүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 182/ШШ2019/00751 тоог шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Иргэн Н.Б- болон Б.Х- нар нь2015 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр ЗГ/4123, ЗГ/4124 тоот зээлийн гэрээнүүдийг “Х-" ХХК-тай бус “Х-” ХХК-ийн Их тойруу салбар буюу хуулийн этгээдийн салбартай байгуулсан. “Х-” ХХК-ийн Их тойруу салбарын захирал Оюунболд нь дээрх гэрээнүүдийг байгуулахдаа Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт "Салбар. төлөөлөгчийн газрын эрх үүргийг тухайн хуулийн этгээдийн дүрмээр тодорхойлно" Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт "Салбар. төлөөлөгчийн газрын эрх баригчид уйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна" Мөн хуулийн 29.6 дахь хэсэгт "Хуулийн этгээдийн салбар. төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна" Гэснийг тус тус ноцтой зөрчсөнийг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох хуулийн этгээдийн дүрэмд салбар. толөөлө1чийн газрын эрх. үүргийг тодорхойлоогүйн зэрэгцээ “Х-” ХХК-ийн Их тойруу салбар ш. хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулаагүй байна. Нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн зүгээс ч өнөөдрийг хүртэл хуулийн этгээдийн дээрх салбартаа итгэмжлэл олгоогүй гэдгээ илэрхийлсэн. Энэ талаар анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөхдөө "“Х-” ХХК-ийн Их тойруу салбарын захирал Оюунболд гэрээнд гарын үсэг зурсан, өнөөдрийг хуртэл захирлаар ажиглаж байгаа. тус салбар нь 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нээгдэж. 2012 дугаар сарын 4 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн төв болж 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тооцооны тов болж өөрчлөгдсөн. ...Н.Оюунболдтой хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай захирлын тушаач. ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ. зээлийн бүтээгдэхүүний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай захирлын тушаач. журам бусад шийдвэрүүдээр тогтоогдсон." гэж үзэн Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийг хэрэглээгүйд мөн хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн талаар Иргэн Н.Б- болон Б.Х- нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд таасан сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ эдлэн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/4123, ЗГ/4124 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргахад шүүх хүлээж аваагүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахгүй үндэслэлээ тайлбарлахдаа 1 дүгээрт сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаан дээр гаргасан, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэж ойлгомжгүй тайлбар өгсөн . Сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь хариуцагч талд хуулиар олгогдсон эрх бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ заавал шүүх хуралдааны өмнө гаргах хуулийн шаардлага байхгүй болно. Аливаа товлогдсон шүүх хуралдаан дээр талууд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах. өөрчлөх, шаардлагаасаа татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг хуулиар олгогдсон эрхээ олонтоо хэрэгжүүлж байдаг болно. Мөн хариуцагч нь сорог нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулж талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/4123, ЗГ/4124 тоот зээлийн гэрээнүүдийг буюу маргаан бүхий нэг л гэрээний талаар тодорхой хуулийн үндэслэл заан хучин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00751 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

            Нэхэмжлэгч “ХААН” банк ХХК нь хариуцагч Н.Б-, Б.Х- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 106 239 037 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 49 134 907 төгрөг төлнө, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна./хэргийн 1-2, 53 дугаар тал/

 

            Хариуцагч Н.Б-, Б.Х- нар нь “Х-” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Их тойруу тооцооны төвтэй 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хоёр удаагийн зээлийн гэрээ байгуулж, 75 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор, 25 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 20.4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 20%-ийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, уг гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд хариуцагч нар нь өөрсдийн болон гэр бүлийн дундын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202017949 дугаартай, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамжны 841 тоотод байрлах 108 м.кв талбайтай хувийн сууц, 35 м.кв талбайтай 50%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202010734 дугаартай, 92 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202003694 дугаартай, 462 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Ү-2202018008 дугаартай, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 33 дугаар гудамжны 663 тоотод байрлах 313 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202010771 дугаартай, 388 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 7 669 040 төгрөгийн үнэ бүхий бараа материал, 400 000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил, 1 740 000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар 4123, 4124 тоот барьцааны гэрээг тус тус байгуулжээ./1хх 17-22, 23-33 дугаар тал/

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Зээлийн гэрээний дагуу нийт 100 000 000 төгрөг зээлсэн талаар маргаагүй, харин зээлийн гэрээ байгуулсан этгээд нь эрх бүхий этгээд байсан эсэх талаар маргажээ.

 

            Түүнчлэн, дээрх гэрээнүүдэд нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Их тойруу тооцооны төвийн захирал Н.О гарын үсэг зурсан, тэрээр 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс Сүхбаатар салбарын их тойруу бизнес зээлийн төвийн захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, тус төв нь 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нээгдэж, 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бизнесийн зээлийн төв болж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тооцооны төв болж өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан “Х-” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, дүрэм, ТУЗ-ын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай тогтоол, “Х-” ХХК-ийн дүрэм, Сүхбаатар дүүргийн их тойруу тооцооны төвийн захирал Н.О-той хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай захирлын тушаал, ажилтныг жинхлэх тухай захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нэгжийг өөрчлөн зохион байгуулах тухай захирлын тушаал, тушаалын хавсралт, зээлийн бүтээгдэхүүний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай захирлын тушаал, зээлийн бүтээгдэхүүний журам болон бусад тушаал зэрэг баримтуудаар тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэжээ. Хариуцагч нар нь нэхэмжлэгч “Х-” ХХК-аас зээл авснаа үгүйсгээгүй тул Н.О- зээлийн гэрээ байгуулахад төлөөлөх эрхгүй байсан гэх үндэслэлгүй.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нар нь 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд үндсэн зээлд 26 205 009 төгрөг, хүүд 11 010 513 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12 277 төгрөг, нийт 37 227 800 төгрөг, 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд үндсэн зээлд 9 420 287 төгрөг, хүүд 4 179 481 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28 674 төгрөг, нийт 13 628 443 төгрөгийг тус тус төлсөн байна./хэргийн 15-16 дугаар тал/ Нэхэмжлэгч зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу сар бүр төлөх зээл, хүү, түүний хугацаа хэтрүүлсэн төлбөрт тооцон хариуцагч нарын төлсөн дээрх мөнгийг суутгасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

            Хариуцагч нар нь зээлийн гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийг заасан хугацаанд бүрэн төлж дуусгах байтал уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн график зөрчигдсөн, 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш, 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, зээлийн төлбөрөө төлөхийг нэхэмжлэгч “Х-” ХХК-аас удаа дараа шаардаж байсан, зээлийн гэрээнүүдийн хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дууссан болох нь зохигчдын гаргасан тайлбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгууд, зээлийн бүртгэлийн картууд, “Х-” ХХК-ийн гүйлгээний баримтуудаар нотлогдсон.

 

            Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт зааснаар зээл, хүү нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

           

            Хариуцагч нар дээрх гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан журмын дагуу барьцаалагчийн шаардлагыг хангах үүрэгтэй тул мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй. 

 

            Иймд нэхэмжлэгч “Х-” ХХК-д зээлийн гэрээнүүдийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.6, барьцааны гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан дээрх 2 зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар хийсэн анхан шатны шүүхийн тооцоолол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй боловч хуулиар тогтоосон хугацаанд гаргах ёстой. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00751 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 625 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                        С.ЭНХТӨР