Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2023/00372

 

 

 

 

 

 2023        04        26                                             151/ШШ2023/00372

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Р.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т” ХК-ийн ... салбар-т холбогдох,

“Т” ХК-ийн ... салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Р.Г,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: С.А,

Нарийн бичгийн дарга: Г.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Р.Г миний бие 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхийн шийдвэрээр одоог хүртэл Т ХХК-ийн ... салбарт тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байна. Ажилтан Р.Г намайг Т ... салбарын захирал С.А-ын 2022 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн .... тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дэх заалтыг үндэслэн хууль бусаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие “Т” ХК-ийн ... салбарт эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй болно. Уг сахилгын шийтгэл ногдуулах тушаалд дурдагдсан үндэслэлүүд нь ор үндэсгүй худлаа зүйл бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3 дах хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан байхад ажилтан надад сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдээгүй, холбоотой тайлбар огт аваагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Т” ХК-ийн ... салбарын захирлын зөвлөлд хэлэлцүүлж өгөх хүсэлт өгсөн ч өнөөдрийг хүртэл огт хэлэлцүүлээгүй тул 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Т” ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж тус комисс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, хурлын тэмдэглэл гаргасан. ... аймгийн сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хандаж байгуулагдаагүй тухай тодорхойлолтыг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардан авсан. “Т” ХК-ийн ... салбарт хэдэн төгрөгийн, хэр хэмжээний, ямар хохирол учруулж, яаж хувьдаа ашигласан талаар огт тогтоолгүйгээр надад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дах заалтыг үндэслэн үндсэн цалинг нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хууль бус гэж үзэж байна. Иймд “Т” ХК-ийн ... салбарын захирал С.А-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.А шүүхэд гаргасан тайлбартаа:

“Т” ХК-ийн ... салбарын ... мэргэжилтэн Р.Г нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ажлын мэйлээсээ зээлийн үйл ажиллагааны журам /2017 оны 02 дугаар сарын 07 -ны өдөр батлагдсан, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүчингүй болсон/, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орон нутгийн салбарын жолоочийн ажлын байрны тодорхойлолтыг өөрийн хувийн ... мэйл хаяг руу авсан зөрчил гаргасан. Тус үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 15.2.25-д “банкны нууцын зэрэглэлтэй баримт материал болон мэдээллийг алдагдал үрэгдүүлэх, нууцлалыг задруулах, 27.1.7-д “Банканд санаатай буюу болгоомжгүйгээр хохирол учруулах, банкны нууцын зэрэглэлтэй материалыг задруулах, алдаж үрэгдүүлэх”, 27.1.13-д “ажилтан бүрэн эрхийн дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт хамааралгүй байдлаар ашиглах”, Төрийн банкны ажилтны ёс зүйн дүрмийн 5.2.5-д “ажлын байрны давуу байдлаа ашиглан банктай холбоотой аливаа мэдээ мэдээлэл, баримт бичиг эд хөрөнгийг хууль бусаар олж авах хувийн зорилгоор ашиглах, банкны нэр хүнд, санхүүгийн байдалд хохирол учруулахыг”, 5.5.1-д “Албан үүргээ хэрэгжүүлэх явцад олж авсан мэдсэн байгууллага хувь хүний нууцыг бусдад дамжуулах, задруулах, алдах устгах, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно”,  Төрийн банкны нууцын зааврын 3.3-д “Гүйцэтгэх захирлын тушаалаас бусад банкны нууцын зэрэглэлтэй бичиг баримттай зөвхөн ажлын байранд танилцаж албан хэрэгцээнд ашиглана” гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөн тул сахилгын арга хэмжээ авсан. “Төрийн банк” ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болсон. Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д: Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж заасны дагуу сахилгын шийтгэлийг сануулах арга хэмжээ болгох санал тавьсан боловч ажилтан Р.Ганбат зөвшөөрөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д “Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 154.9-д “Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэснээс хойш ажлын 10 өдрийн дотор талууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол уг шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй”, 158 дугаар зүйлийн 158.1-д “Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ”, 158.1.1 .энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол гэж заасан байгаа тул хөөн хэлэлцэх хуулийн хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дууссан байхад 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч “Т” ХК-ийн ... салбарт холбогдуулан “Т” ХК-ийн ... салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч Р.Г нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“... “Т” ХК-ийн ... салбарт би хэдэн төгрөгийн, хэр хэмжээний, ямар хохирол учруулж, яаж хувьдаа ашигласан талаар огт тогтоолгүйгээр надад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дах заалтыг үндэслэн үндсэн цалинг нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хууль бус гэж үзэж байна. Иймд “Т” ХК-ийн ... салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч “Т” ХК-ийн ... салбарын захирал С.А дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:

“Т” ХК-ийн  ... салбарын тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Г нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ажлын мэйлээсээ зээлийн үйл ажиллагааны журам /2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүчингүй болсон/, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орон нутгийн салбарын жолоочийн ажлын байрны тодорхойлолтыг өөрийн хувийн ... мэйл хаяг руу авсан зөрчил гаргасан тул сахилгын арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан хөөн хэлэлцэх хуулийн хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дууссан байхад 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна” гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. “Т” ХК-ийн ... салбарын захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг баримтлан тус банкны “... аймаг” салбарын тооцооны төв хариуцсан менежерээр Р.Г-ыг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн томилж, ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан.

4.2. “Т” ХК-ийн ... салбарын захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Төрийн банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.3, 24 дүгээр зүйлийн 24.3.3, Салбар зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22/65 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай тушаалаар тус салбарын тооцооны төв хариуцсан менежер Р.Г-ыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ажлын мэйлээсээ Төрийн банкны “Зээлийн үйл ажиллагааны журам” /2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүчингүй болсон/, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орон нутгийн салбарын жолоочийн ажлын байрны тодорхойлолтыг тус тус өөрийн хувийн ... мэйл хаяг руугаа авч, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, энэ нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 15.2.25-д “Банкны нууцын зэрэглэлтэй баримт материал болон мэдээллийг алдаж үрэгдүүлэх, нууцлалыг задруулах”, 27.1.7-д “Банканд санаатай буюу болгоомжгүйгээр хохирол учруулах, Банкны нууцлалын зэрэгтэй материалыг задруулах, алдах үрэгдүүлэх, өөрийн болон бусад ажилтны цалин талаарх мэдээллийг бусдад задруулах”, 27.1.13-т “Ажилтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглах”, 9.2.31-д “Ажил үүргээ гүйцэтгэх явцад байгууллага, хувь хүний нууц, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээллийг олж мэдсэн, түүнтэй танилцсан бол задруулахгүй байх”, Төрийн банкны ажилтны ёс зүйн дүрмийн 5.2.5-д “Ажлын байрны давуу байдлаа ашиглан Банктай холбоотой аливаа мэдээлэл, баримт бичиг, эд хөрөнгийг хууль бусаар олж авах, хувийн зорилгоор ашиглах, Банкны нэр хүнд, санхүүгийн байдалд хохирол учруулахыг”, 5.5.1-д “Албаны үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцыг бусдад дамжуулах, задруулах, алдах, устгах, хувийн зорилгоор ашиглахыг”, Төрийн банкны нууцын .. зааврын 3.3-т “Гүйцэтгэх захирлын тушаалаас бусад банкны нууцын зэрэглэлтэй баримт бичигтэй зөвхөн ажлын байранд танилцаж, албан хэрэгцээнд ашиглана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн зөрчил гэж үзэж, үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 4.3. Нэхэмжлэгч Р.Г нь ... салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан өргөдөл гаргасан. /хх-ийн 7 дугаар тал/

“Т” ХК-ийн ... салбарын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй тул арга хэмжээг дуусгавар болгосон болох нь “Т” ХК-ийн ... салбарын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 05 дугаартай хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 8-10 дугаар тал/

4.4. Нэхэмжлэгч нь “Т” ХК-ийн ... салбарын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан хугацаанд ... сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд ... аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай “... хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулсан шийдвэр ирүүлээгүй” гэх албан бичгийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан болох нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай албан бичгийн хавсралт явуулсан бичгийн бүртгэлийн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 12-14 дүгээр тал/

4.5. Нэхэмжлэгч нь ... аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай албан бичгийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад мөн өдрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлэхийг нэхэмжлэгчид даалгасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан.

4.6. Иймд нэхэмжлэгч Р.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.8-д заасан шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа, журмыг баримталсан, уг хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч Р.Г нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ажлын компьютероос 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүчингүй болсон ... банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ыг, мөн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Орон нутгийн салбарын жолоочийн ажлын байрны тодорхойлолт”-ыг тус тус өөрийн хувийн ... мэйл хаяг руу илгээсэн болох нь мэйл илгээсэн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтад талууд маргаагүй. /хх-111-113 дугаар тал/

Харин нэхэмжлэгч нь “... хувийн мэйл рүүгээ илгээсэн эдгээр баримтууд нь Төрийн банкны нууцад хамаарахгүй нийтэд нээлттэй баримтууд бөгөөд миний бие уг баримтуудыг банкны ажилчдын сургалтад зориулж, салбарын захирал С.А-ын мэйл хаяг руу давхар илгээж, түүнд мэдэгдэж авсан, тэдгээр баримтуудыг цааш нь бусдад дамжуулаагүй. Миний энэ үйлдлийн улмаас “Т” ХК-ийн ... салбарт ямар ч хохирол учраагүй, гэтэл эдгээр байдлыг тодруулж, тогтоолгүйгээр надад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж, маргаж байна.

6. Нэхэмжлэгч Р.Г нь өөрийн ажлын компьютероос 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ... банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ыг, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ... банкны “Орон нутгийн салбарын жолоочийн ажлын байрны тодорхойлолт”-ыг тус тус өөрийн хувийн мэйл хаяг руу илгээхдээ эдгээрийг салбарын захирал С.А-ын ... мэйл хаяг руу давхар илгээж, ямар баримтыг хувийн мэйлдээ авч байгаагаа түүнд мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч нь өөрийн мэйл хаягаар тэдгээр баримтыг хүлээн авч мэдсэн боловч тухайн үед “Т” ХК-ийн холбогдох албан тушаалтанд нэхэмжлэгчийн энэ үйлдлийн талаар мэдэгдээгүй болох нь мэйл илгээсэн баримт, “Т” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай албан бичиг, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 111-113, 158 дугаар тал/

7. Улмаар хариуцагч “Т” ХК-ийн ... салбарын захирал нь “Т” ХК-ийн дотоод хяналт, шалгалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шалгалтын илтгэх хуудсыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ... дугаар тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-ийн 5, 103-104 дүгээр тал/

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан.

“Т” ХК-ийн ... салбарын захирал нь нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус тус мэдсэн боловч нэхэмжлэгчид 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

Тодруулбал ажилтан сахилгын зөрчил гаргасныг ажил олгогч мэдсэн буюу түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй юм.

9. Нөгөөтэйгүүр “Т” ХК-ийн ... салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай тушаалд дурьдсан “... Хөдөлмөрийн дотоод журмын 15.2.25 “банкны нууцын зэрэглэлтэй баримт материал болон мэдээллийг алдагдал үрэгдүүлэх, нууцлалыг задруулах, 27.1.7 “Банканд санаатай буюу болгоомжгүйгээр хохирол учруулах, банкны нууцын зэрэглэлтэй материалыг задруулах, алдаж үрэгдүүлэх”, 27.1.13 “ажилтан бүрэн эрхийн дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт хамааралгүй байдлаар ашиглах”, Төрийн банкны ажилтны ёс зүйн дүрмийн 5.2.5  “ажлын байрны давуу байдлаа ашиглан банктай холбоотой аливаа мэдээ мэдээлэл, баримт бичиг эд хөрөнгийг хууль бусаар олж авах хувийн зорилгоор ашиглах, банкны нэр хүнд, санхүүгийн байдалд хохирол учруулахыг”, 5.5.1 “Албан үүргээ хэрэгжүүлэх явцад олж авсан мэдсэн байгууллага хувь хүний нууцыг бусдад дамжуулах, задруулах, алдах устгах, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно”,  Төрийн банкны нууцын зааврын 3.3 “Гүйцэтгэх захирлын тушаалаас бусад банкны нууцын зэрэглэлтэй бичиг баримттай зөвхөн ажлын байранд танилцаж албан хэрэгцээнд ашиглана” гэх зөрчлүүдийг ажилтан гаргасан гэж үзсэн тохиолдолд ажил олгогч зөрчил бүрийг тус тусад нь тогтоосон байх шаардлагатай.

10. Нэхэмжлэгч Р.Г-ын хувьд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Т” ХК-ийн “Зээлийн үйл ажиллагааны журам” /2022.06.07-ны өдөр хүчингүй болсон/, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Т” ХК-ийн “Орон нутгийн салбарын жолоочийн ажлын байрны тодорхойлолт”-ыг хувийн мэйл хаяг руугаа илгээсэн үйлдэл нь “Т” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын шийтгэл ногдуулах сахилгын зөрчил мөн эсэх нь тодорхойгүй, “Т” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд энэ талаар тусгагдаагүй байна.

11. Мөн нэхэмжлэгч эдгээр баримтыг хувийн мэйл рүүгээ илгээсэн нь банкны ажилчдын сургалтын зориулалтаар эсхүл хувийн зорилгоор ашигласан эсэх, эдгээр баримтыг бусдад илгээсэн, задруулсан эсэх, үүнээс шалтгаалан “Т” ХК-ийн нэр хүнд, санхүүгийн байдалд хохирол учирсан эсэхийг тодруулж тогтоолгүйгээр ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

12. Ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа тохиолдолд ажилтны ямар үйлдлийг сахилгын зөрчилд тооцохыг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардах бөгөөд “Т” ХК-ийн ... салбараас менежер Р.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ тус хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, “Т” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд энэ талаар тусгагдаагүй тул банкны баримтыг хувийн мэйл рүүгээ илгээсэн нэхэмжлэгчийн үйлдлийг сахилгын шийтгэл хүлээх сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

13. Мөн тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн .... дугаартай шүүгчийн захирамжийн дагуу “Т” ХК-иас ирүүлсэн “Нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримт, материалын жагсаалт”-д “Төрийн банк” ХК-ийн “Зээлийн үйл ажиллагааны журам”, “Орон нутгийн салбарын жолоочийн ажлын байрны тодорхойлолт” зэрэг баримтууд нь Төрийн банкны нууцад хамаарахгүй, банкны дотор нээлттэй мэдээлэл гэж тэмдэглэсэн байгааг дурьдах нь зүйтэй.

14. Зохигч өөрийн шаардлага ба татгалзлыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй тул талуудын гаргаж өгсөн болон шүүхээс шаардан авсан, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр “Т” ХК-ийн ... салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай “Р.Г-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Т” ХК-ийн ... салбараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д тус тус зааснаар “Т” ХК-ийн ... салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай “Р.Г-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Т” ХК-ийн ... салбараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН