2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2471

 

 

 




                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

   

   2025          10           31                                           2025/ШЦТ/2471

                                   

                                         

                                         

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,

            прокурор Ц.Сонинмөнх /Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,

            хохирогч Б.С, түүний өмгөөлөгч Б.Хүдэрхүү /ҮД:3624/

            шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа  /ҮД:0823/, Б.Баатарсайхан /ҮД:1057/

            шинжээч эмч Б.Долгормаа /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ** овогт Б-ы М-д холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдүүдийн хамт ** дүүргийн ** дүгээр хороо, ** хотхон ** дүгээр байрны ** тоотод амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

   ** овогт Б-ны М /РД:***************/.

  

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М нь “...** оны ** дүгээр сарын **-ны шөнө ** цагийн орчимд  ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ресторанд үйлчлүүлж байхдаа архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, иргэн С-тэй гэр бүлийн хардалтаас үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг гараараа олон удаа цохиж, үснээс нь зулгааж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан …" гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.М нь “...** оны ** дүгээр сарын **-ны шөнө ** цагийн орчимд  ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****************” ресторанд үйлчлүүлж байхдаа архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, иргэн С-тэй гэр бүлийн хардалтаас үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг гараараа олон удаа цохиж, үснээс нь зулгааж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан …" гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ийн өгсөн “...С.Г гэдэг хүнтэй **** онд охинтойгоо хамт онгоцонд явж байгаад танилцсан. Үүнээс хойш 6 сарын дараа миний цахим хаягийг олоод авчихсан танилцъя гэж  бичиж байсан. Би ** хотод амьдардаг бөгөөд ** аймагт ажил хийдэг гэх мэтээр 1 жил гаруй хугацаанд над руу тасралтгүй мессеж бичсэн. Намайг Америк Улс руу ажлаар явж байхад миний араас С.Г ирж манай ээжтэй танилцсан. Биднийг харилцаж байх 1 жил гаруй хугацаанд эхнэр нь гэх эмэгтэй огт гарч ирээгүй. С.Г бид 2 хамт амьдарч, гадагшаа ажлаар хамт явдаг байсан.  Манай эхнэр өөр залуутай уулздаг, 2 жил болж байгаа, би гуйгаад дийлээгүй, гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болоод салчихсан байгаа гэж хэлж байсан. Би С.Г-ийг дуучин эмэгтэй рүүгээ явах юм уу гэж маргадаг байсан. **-с намайг гэнэт дуудаж 4 дүгээр сарын 29-ний өдөр бид хоёр хамт байхад Б.С нь гаднаас бичлэг хийгээд ороод ирсэн. Тэгээд С.Г, Б.С нар хоорондоо муудалцаж, зодолдсон. Б.С гаднаас ороод ирэх үед нь би ярилцъя би бас хохирогч болоод байна гэж хэлэхэд намайг ёс бусаар харааж миний сав хэсэг рүү өшиглөсөн. Ингээд С.Г миний урдуур орж Б.С-г алгадаж, арагшаа савж унах хооронд бид 2 гарч машинд суугаад Улаанбаатар хот руу явсан. Эхнэртэй эсэх талаар нь би С.Г-с асуухад бид 2 салчихсан сүүлийн үед надаас мөнгө нэхээд байгаа юм гэж хэлсэн. Би хариуд нь хүүхдийн мөнгө бол мөнгийг нь өгөх ёстой гэж хэлсэн. Манай хүүхдүүдийг манай ээж хардаг, би мөнгө өгсөн боловч Б.С зөв захиран зарцуулж чадахгүй байгаа юм гэж тайлбарлаж байсан. Тэгээд манай Америк Улсад байдаг ээж рүү холбогдож та Монгол Улсад ирэх шаардлагагүй, би бүгдийг нь зохицуулна, Б.М ямар ч гэм буруугүй гэж хэлсэн. Гэтэл 5 дугаар сарын 20-ны өдөр С.Г над руу ярьж “**********************” ресторанд хамт хоол идье гэж гэнэт дуудсан. Бид 2 уулзан 2 шил пиво уугаад би С.Г-д хандаж чи эхнэртэй байсан бол яаж ингэж зохицуулж яваад байсан юм бэ, энэ асуудлаа шийдээрэй гэж хэлсэн. Ингээд сууж байтал С.Г гараад явчихсан. Б.С, С.Г хоёр үүдэнд зөрж нэгнийгээ утсаар дуудсан. Намайг сууж байтал Б.С гэнэт гаднаас бичлэг хийгээд ороод ирсэн. Бичлэг хийж байхдаа намайг хэл амаар доромжилсон. Би ярилцъя гэж хэлсэн. Гэтэл намайг хойш үсдэж унагаасан. Тэгээд ээж рүүгээ залгаад хүрээд ир гэж яриад байсан. Ээж нь зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Ингээд ээж нь ирээд Б.С ээжтэйгээ нийлж намайг 40 минут гаруй хугацаанд миний биеийн бүх хэсгийг хөх болтол зодсон. Тухайн газраас намайг гараад явахад Б.С, ээж, дүү нартайгаа нийлээд хашгираад хажуу талд байрлах Хаан банкны 1 давхар руу намайг хүчээр оруулж цагдаа дуудсан. Цагдаа ирэх үед орилж чарлаж байсан зангаа болиод энэ эмэгтэй намайг зодлоо гэж цагдаад хэлсэн. Би Б.С-д нэг ч удаа гар хүрээгүй байхад намайг зодсон гэж хэлсэн болохоор цагдаад энэ талаар тайлбарласан боловч ойлгоогүй. Би цагдааг мөн зодоогүй. Б.О ах би Б.М-ийг аваад явчихъя, манай жолооч эрүүл байна, чи дараа нь ярилц гэж хэлсэн боловч цагдаа ойлгоогүй. Тэгээд Б.О ах цагдаатай маргалдаж эхэлсэн. Тэр хоёрыг хоорондоо зодоон хийчих болов уу гэж бодоод салгах зорилгоор дундуур нь орсон. Гэтэл Ц.С бичлэг хийгээд 7 удаа тастаж гэрт маань заваарч байсан гээд миний овог нэртэй хамт олон нийтийн сүлжээнд тавьсан.  Тэр бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавихаас өмнө бид 2 цагдаа дээр очиж баталгаа өгсөн байсан. Манай ээж Америк Улсад 25 жил гаруй хугацаанд амьдарч байгаа. Гэтэл Ц.С миний ээж рүү болон хамт амьдардаг төрөл садангийн хүмүүс рүү юм орчуулж бичээд, миний зургийг явуулсан байсан. Би Д мөрдөгчид энэ талаар хэлэхэд чи муухай дүр зурагтай гарсан байна лээ гэж хэлж мэдүүлгийг дарамтан дор авсан. Үүнээс хойш С.Г би үнэнээ хэлнэ гээд надаас салахгүй яваад байсан. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бичлэг цацагдах гэж байна. Б.С грашаа зараад сошиал баг худалдаж аваад олон бичлэг эвлүүлж түүнийгээ олон нийтийн сүлжээнд цацах гэж байгаа талаар надад хэлсэн. Тэгээд нэг тэрбум төгрөг, 9911-тэй дугаар авч өг тэгвэл цацахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь намайг шантаачилж байгаа юм уу гэхэд би чамд худлаа хэлээгүй, бид 2 салсан гэж С.Г надад хэлсэн. Үүнээс хойш манай ээж Б.О ахтай уулзаж болсон асуудлын талаар асуусан байсан. Бичлэг цацагдах үед би маш их сэтгэл зүйн дарамтад орсон. Энэ байдлаасаа салаагүй байхад ** оны ** дугаар сард манай найз над руу дахин нэг бичлэг явуулсан. Тэр бичлэг нь С.Г дахин өөр Ж.М гэдэг эмэгтэйтэй явж байгаа бичлэг байсан. Би С.Г-ээс асуухад хүнс хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээл авах гээд төв Хаан банкны энэ эмэгтэйтэй явж байгаа юм гэж тайлбарласан. Энэ талаар Б.С-д хэлэхэд тоогоогүй. Үүнээс хойш дахин ** аймгийн хүүхэнтэй явж байхад мөн тоогоогүй. Хоорондоо тохиролцож эмэгтэйчүүдийг шантаачилж хохироодог юм шиг санагдсан. Би Б.С-д гар хүрээгүй. С.Г маш их хүчтэйгээр Б.С-г алгадаж унагаасан. Тэр үед гэмтэл авах боломжтой. Мөн намайг зодож байхдаа хуруугаа гэмтээсэн байж болзошгүй. С.Г мэдүүлэгтээ Б.М нь Б.С-г хэд хэдэн удаа өшиглөөд байсан гэж худлаа мэдүүлсэн. Харин Б.С мэдүүлэгтээ Б.М надад гар хүрээгүй гэж мэдүүлсэн. Хамгийн сүүлийн мэдүүлэгт чихний гэмтлийн талаар мэдүүлсэн бөгөөд энэ талаар би С.Г-д хэлэхэд би алгадсан талаараа үнэнээ хэлнэ гэж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С-ийн өгсөн “...Шүүгдэгчийг **** оны ** дүгээр сарын **-ний өдөр анх харсан. ** оны ** дугаар сарын **-ны өдөр би нөхөртэйгөө холбогдож хэрэг харсан газарт нөхрөө авахаар очсон. Тэр үед Б.М их согтолттой биеэ авч явах чадваргүй байсан. Тухайн үед намайг үснээс зулгааж доош дарсан. Шүүгдэгч мэдүүлэгтээ намайг ээж рүүгээ утсаар яриад инээгээд байсан гэж мэдүүллээ. Үсдүүлсэн хүн инээх боломжтой юу. Тухайн үед үйл явдал богино хугацаанд болж өнгөрсөн бөгөөд намайг үснээс зулгааж доош дараад цохиод байсан. Б.М-ийн жолооч болон хамт явж байсан 2 хүнээс би тусламж гуйж намайг салгаад өгөөч гэх үед салгаж бид нар өрөөнөөс гарсан. Би өрөөнөөс гараад цагдаа дуудсан бөгөөд цагдаа 15 орчим минутын дараа ирсэн. Шүүгдэгч Хаан банкны нэг давхарт ээж, дүү нартайгаа нийлж зодсон гэж мэдүүлж байна. Цагдаа хурдан ирсэн болохоор зодох боломжгүй. Энэ нь гэрчүүдийн мэдүүлэг болон бичлэгээр тогтоогдоно. Мөн ресторанд ажиллаж байсан тухай үеийн ээлжийн ажилтнууд гэрчлэх боломжтой. Хаалганы асуудал байдаг. Тухайн хаалга нь өргөн, зузаан бөгөөд 1 метр 80 орчим сантиметрийн өргөнтэй хаалга байсан. Түүний 30 хувийг Б.М өшиглөсөн бөгөөд маш их хүчтэй байсан. Би Б.М-ийг хэргийн газраас зугтаах нь гээд хаалганы ард дараад байж байх үед цагдаа мөн манай ээж ирсэн. Тухайн үед мэдүүлэг өгөхөд зөрчлийн хэргийн байцаагч мэдүүлэг авсан. Мөрдөгч солигдох хооронд хугацаа их орсон бөгөөд хэргийн газар үзлэг хийх, нотлох баримтуудыг цуглуулах зэрэгт хугацаа алдсан.  Хэргийн үнэн бодит зүйлсийг ач холбогдолгүй болгосон. Шүүгдэгч нь миний түүхийг надаас илүү ярьж байна. Гэхдээ хүний амьдралыг гаднаас нь дүгнэх нь амархан. Би нөхөртэйгөө оюутан байхдаа найзалж үр хүүхэдтэй болсон. Бид 2 одоо 4 хүүхэдтэй бөгөөд шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байгаагүй. Б.М нь 3-4 жилийн хугацаанд намайг мэдэхгүй байх боломжгүй. Учир нь би нөхөртэйгөө ярьж байсан. ** оны ** дүгээр сарын **-ний орой би хүүхдүүддээ хоол хийж өгч байтал манай нөхрийн машиныг хүн унаад явж байна гэдэг мэдээлэл ирсэн. Тухайн мэдээллийн араас би очсон. Би гэр бүлээ хамгаалсан. Ээж болон дүүтэйгээ гүтгэгдэж 2 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагаар явж байна. Төрийн ажил хийгээд явж байх ёстой байтал энэ асуудлаас үүдэж энд зогсож байна. Манай гэр бүл болон нөхрийн маань барилгын ажил руу хүртэл энэ хэрэг орсон. Б.М-ийн эхний мэдүүлэгт намайг үл таних эмэгтэй гэж мэдүүлээд үл таних эмэгтэйд зодуулсан гэж мэдүүлдэг. Санхүүжилт авдаг хүнийхээ эхнэрийг яагаад таньдаггүй юм бэ. Хоёр дахь мэдүүлэгтээ би согтоогүй байсан. Б.С удаа дараа намайг сандлаас унагааж гэмтээсэн гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Шүүгдэгчийн амнаас үнэн үг гарч байгаа эсэхэд би эргэлзэж байна. Болсон үйл явдлыг удаа дараагийн мэдүүлгүүдээр үнэн зөвөөр би мэдүүлсэн.  Би сэтгэл санаагаар маш их хохирч, миний гэр бүл хэцүү байдалд байна. Гэр бүлээ хамгаалсан намайг болон хэргийг үнэн зөвөөр шалгасан хуулийн байгууллагыг яагаад буруутай гэж үзэж байгаа вэ. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:

Хохирогч Б.С-ийн мэдүүлэг / 1хх-ийн 63-64 хуудас /,

Түүний 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлэг /1хх-ийн72 хуудас/

Хохирогчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг /2хх-ийн 206-207 хуудас/,

Гэрч А.А-ын мэдүүлэг /1хх-ийн 119 хуудас/,

Гэрч Н.Ц-ын мэдүүлэг / 1 хх-ийн 97-100 хуудас/,

Гэрч 3. Б-ийн мэдүүлэг / 1 хх-ийн 102-104 хуудас/,

Гэрч Б.Д-ын мэдүүлэг / 1 хх-ийн 113-114 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч 3. С-ын мэдүүлэг / 1 хх-ийн 127 хуудас/,

Гэрч Б.О-ийн мэдүүлэг / 1 хх-ийн 123-125 хуудас/,

Гэрч Ш.Ч-ийн мэдүүлэг /2 хх-ийн 51 хуудас/,

Гэрч П.Д-ийн мэдүүлэг /2 хх-ийн 53 хуудас/,

Гэрч Г.Э-ийн мэдүүлэг /2 xx- ийн 63 хуудас/,

Гэрч Д.Д-ийн мэдүүлэг / 2 хх-ийн 214 хуудас/,

Хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.С-ийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б.С-ийн биед хэнгэрэг хальсны цоорол, уруулд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэсэн 5942 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 хх-ийн 143-144 хуудас/,

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.С-ийн "...зүүн шуу богтос ясны хугарал гэмтэл дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад цус хуралт зулгаралт гэмтлүүд нь нийлээд ч гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн шуу богтос ясны хугарал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр цохигдож, цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг авсан даруйд хавдах, өвдөх, улайх шинж тэмдэг түргэн илэрдэг. Түргэн илэрнэ гэдэг нь гэмтэл авсан цаг хугацаанаас эхлэн өвдөнө, улайна, хавдана, хөдөлгөөн хязгаарлагдана гэсэн дарааллаар шинж тэмдэг илэрнэ..." гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 192-193 хуудас/,

Түүний 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн "... уг зүүн шуу богтос ясны хугарал гэмтэл нь гараараа тулж унахад уг гэмтлийг учруулах боломжгүй. Гараараа тулж унахад үүсэх боломжгүй гэмтэл болно. С-ийн зүүн чихний хэнгэрэг хальс цоорсон..." гэсэн дахин мэдүүлэг /2 хх-ийн 219 хуудас/,

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Ганзориг, Т.Амартүвшин, Б.Долгормаа нарын "... Б.М-ийн зүүн шуу, богтос ясны хугарал, зүүн хацар, шагай, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөр баруун дал, бугалга, тохой, шуу, зүүн бугалга, тохой, хоёр гуя, зүүн өгзөг, хоёр өвдөг, баруун шилбэ, шагайнд цус хуралт гэмтэл учирчээ. М-ийн биед учирсан  зүүн шуу, богтос ясны хугарал нь ...гэмтийн хүндэвтэр зэрэгт хамаарна. М-ийн биед учирсан зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөр, баруун дал бугалга, тохой, шуу зүүн бугалга 2 гуя, зүүн өгзөг, хоёр өвдөг, баруун шилбэ, шагайнд цус хуралт гэмтэл нь нийлээд ....гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / 2 хх-ийн 78-80 хуудас/,

Хохирогч Б.С-ийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... хамт байхад нь би барьж авсан юм...м нь намайг нөхөртэй нийлж байгаад зодсон тэгээд тэр явдал дуусаагүй байхад...явалдаад баригдсан хүүхэн сууж байсан тэгээд намайг хараад л үснээс зулгаагаад нүүр рүү 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /1хх-70 тал/,

Эд мөрийн баримтаар хураагдсан СД-д үзлэг хийсэн тэмдэглэлд "...бичлэг 02 секундээс эмэгтэй нь цагдаагийн алба хаагч луу баруун гараа дунд зэргийн дээш өргөн долоовор хуруугаа гарган чичилж хажууд байгаа эрэгтэйгээ сугадсан байдалтай...цагдаагийн алба хаагч руу чанга дуугаар орилж хөлөө тэнийлгэн та нар намайг бүгдээрээ чирсэн гэж орилно. өшиглөх гэж оролдоод чадаагүй учир хамт байсан эрэгтэйгээ гараас нь татан хоёр хөлөө алцайн зогсож... баруун гар нь дээгүүр зүүн гар нь хойгуур нь оруулан гараас нь татаж байна....эмэгтэй хагас суулттай баруун гараараа хар малгайгаа барин зүүн гараараа буйдан дээр гараараа тулан босож... бичлэг дуусна" гэснээр болон үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 43-52 хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан "...Б-ын С-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв, Шагшаа чих хамар хоолойн эмнэлгийн үзлэгийн хуудас 2 хуудас Med trauma hospital дүрс оношилгооны шинжилгээний хариу 1 хуудас... зэргийг хохирогч Б.С-ийн гаргаж өгсөн нийт 3 хуудас...зэргийг хүлээн авч тэмдэглэл үйлдэв..." гэсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүх, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.М хохирогч Б.С нар нь ** оны ** дүгээр сарын **-ны шөнө ** цагийн орчимд  ** дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****************” ресторанд хохирогч Б.С-ийн нөхөр С.Г гэр бүлээс гадуур харилцааг шүүгдэгчтэй үүсгэсний улмаас харилцан зодолдсон болох нь

гэрч Г.Э-ын мэдүүлэг /1хх-116 ар тал/, гэрч А.А-ын “...хажуунаас нь нэг эмэгтэй гарч ирээд М-д хандаж манай нөхөртэй явалдсан талаар хэлж маргаан үүсгэсэн...” гэх мэдүүлэг /1хх-119 ар тал/, хохирогч Б.С мэдүүлгүүд /1 хх-62, 66, 70,72,74 тал, 2хх-206-207 тал/, шүүгдэгч Б. М-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /2хх-38-40, 44-47 тал/ болон шинжээч эмчийн 5942 дугаартай “Хохирогч Б.С-ийн биед хэнгэрэг хальсны цоорол, уруулд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэх дүгнэлт / 1 хх-ийн 143-144 хуудас/, хэргийн материалаар хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээч эмчийн 386 дугаартай дүгнэлтэд “Б.М-ийн зүүн шуу, богтос ясны хугарал, зүүн хацар, шагай, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөр баруун дал, бугалга, тохой, шуу, зүүн бугалга, тохой, хоёр гуя, зүүн өгзөг, хоёр өвдөг, баруун шилбэ, шагайнд цус хуралт гэмтэл учирчээ. М-ийн биед учирсан  зүүн шуу, богтос ясны хугарал нь ...гэмтийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мөнхдөлийн биед учирсан зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөр, баруун дал бугалга, тохой, шуу зүүн бугалга 2 гуя, зүүн өгзөг, хоёр өвдөг, баруун шилбэ, шагайнд цус хуралт гэмтэл нь нийлээд ....гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /2хх-78 тал/ гэх зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдсон  гэж шүүх дүгнэлээ.

Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.М нь хохирогч Б.С-д хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.С-с нийт 6 удаа мэдүүлэг авсан байх ба нэгдүгээр хавтаст хэргийн 62 дугаар талд тэрээр өгсөн мэдүүлэгтээ “....м намайг цохиж зодсон зүйл байхгүй харин нөхөр Г нь зүүн гараараа баруун хацар руу нэг удаа цохисон...” гэж, 70 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ “... м нь намайг нөхөртэй нийлж байгаад зодсон тэгээд тэр явдал дуусаагүй байхад...явалдаад баригдсан хүүхэн сууж байсан тэгээд намайг хараад л үснээс зулгаагаад нүүр рүү 2-3 удаа цохисон...” гэж, 72 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ “...** оны ** сарын **-ны өдөр нөхөр намайг ** аймгийн ** суманд алгадсан асуудал бөгөөд ямар нэг ил харагдах гэмтэл учраагүй...” гэж, 74 дүгээр талд өгсөн мэдүүлэгтээ “...м-д зодуулсны улмаас хэнгэрэг цоорч чихний хэнгэрэг нөхөх мэс ажилбар хийлгэсэн...” гэж, 2 дугаар хавтаст хэргийн 206-207 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ "... намайг шууд үсдэж хана руу шахсан тэгэхээр нь миний бие доошоо тонгойгоод нүүрээ л хамгаалахаа бодсон. Тэрнээс өөр бодол надад байгаагүй тэр үед М намайг цохих, өшиглөх, алгадах зэрэг ер нь бол зөндөө л цохисон зодсон ба толгой хэсэг руу л цохиод байсан тухайн цаг хугацаанд л миний биед гэмтэл учирсан болно. М-өөс өөр хэн нэгэн миний биед халдсан зүйл байхгүй. Миний биед учирсан бүх гэмтэл шархыг Мөнхдөл учруулсан..." гэж тус тус мэдүүлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан хохирогч Б.С-ийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, тогтвортой биш, хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй байх ба шүүгдэгч Б.М нь хохирогчид хэнгэрэг хальсны цоорол гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүний биед учирсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч Б.М учруулсан гэж дүгнэх боломжгүй байна.

Нөгөөтэйгөөр, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдлыг шүүх үгүйсгээгүй бөгөөд гэмтлийг нарийвчлан дүгнэвэл  хэнгэрэг хальсны цоорол гэмтлийг түүнд түүний нөхөр С.Г-ны ** оны ** дүгээр сарын **-ны өдөр морины зүчээ дээр алгадсан нөхцөл байдлын улмаас үүссэнийг үгүйсгэх боломжгүй ба хохирогчийн уруулд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтлийг шүүгдэгч хохирогч нар харилцан үсдэлцэн зодолдох үедээ хохирогч өөртөө учруулсан байж болох нь шүүгдэгчийн биед учирсан олон тооны гэмтлээс дүгнэж болох ба шүүгдэгчийн биед учирсан хөнгөн гэмтлийг мөн үгүйсгэж дүгнэлт хийх боломжгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.М-ийн биед учирсан зүүн шуу, богтос ясны хүндэвтэр гэмтлийг хохирогч Б.С-тэй ** ресторанд үсдэлцэн зодолдох үед Б.С түүнд гэмтэл хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий боловч шүүгдэгч Б.М-ийн биед учирсан бусад хөнгөн гэмтлийг хэн учруулсан талаар мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй, шинжээчийн 386 дугаартай дүгнэлтэд заасан шүүгдэгч Б.М-ийн биед учирсан хөнгөн гэмтлийг үгүйсгэх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй болохыг шүүхээс тэмдэглэж байна.

Хохирогч Б.С-йн биед учирсан хөнгөн гэмтэл нь тус тусдаа хэрхэн үүссэн байж болох талаар шүүхээс дээрх дүгнэлтийг хийсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг баримтлан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож ** овогт Б-ны М-ийг гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг баримтлан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хэргийг хэрэг бүртгэлд буцааж шийдвэрлэлээ.

Шүүх, шүүгдэгчид холбогдох хэргийг яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн талаар хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болох гэр бүлийн гадуурх харилцаа, шүүгдэгчийн зүй бус үйлдэлд дүгнэлт хийх боломжгүйг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нотлох баримтаас хасуулах санал хүсэлтэд  хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Түүнчлэн, шүүгдэгч эрүүлжүүлэх байранд саатуулагдаж байх үедээ цагдаагийн алба хаагчид халдсан үйлдлийн талаар мөрдөн шалгах ажиллагаа хийсэн боловч тогтоогдоогүй нөхцөл байдалтай хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж дүгнэсэн учир хохирогч Б.С-ийн нэхэмжилсэн 2.882.175 /хоёр сая найман зуун наян хоёр мянга нэг зуун далан тав/-н төгрөгийг болон сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үлдээв.

Шүүгдэгчид 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ЦХШЗ/45 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба  /2хх-85 тал/ яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт энэ талаар дурдаагүй болохыг тэмдэглэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул Дүүргийн Прокурорын Газраас шүүгдэгч ****** овогт Б-ны М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг баримтлан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож ** овогт Б-ны М-ийг гэм буруугүйд тооцон цагаатгасугай.

2.Шүүгдэгч ** овогт Б-ны М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.9-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хэргийг хэрэг бүртгэлд буцаасугай.

3.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсэн болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг  гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрт талууд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үлдээсүгэй.

 

                    

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЧИМЭГ