Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/32

 

Ш.О-т холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/122 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Ш.О-т холбогдох 2029002620063 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Ш.О нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн нутагт  хамтран амьдрагч Х.Н-тэй “мал зарах“ асуудлаар маргалдаж төмөр хайрцагтай багаж шидэх, үнс хийдэг төмөр хувингаар цохих зэргээр зодож тархи доргилт, ҮIII, IX хавирганы хугарлын улмаас үүссэн зүүн уушигны авчилт, цээжний зүүн хөндий дэх цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Ш.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Ш.О-т холбогдох 2029002620063 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ш.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан прокурор эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:    

“Шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийдвэрт бичиг техникийн шинжтэй олон тооны алдаа гаргаснаас шийдвэр хуулийн шаардлага хангаагүй, тодорхой, ойлгомжтой бус, анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулаагүй гэж дүгнэхээр илт зөрчилтэй байна. Тухайлбал:

1. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн заалт нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан хэм хэмжээ юм. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг: “....Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг...” гэж өөрчлөн найруулснаар Эрүүгийн хуульд заасан нийтлэг харилцааг зохицуулсан хэм хэмжээний хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар зохицуулагдсан.

Прокуророос шүүгдэгч Ш.О-н гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулж болох ялын төрлөөс торгох ялын төрлийг сонгон, “тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” зохицуулалтын дагуу ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн болно.

Гэтэл шүүх нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан хэм хэмжээ буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн заалтыг “торгуулийн ялд хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн...” гэж хуулийн зүйл, хэсэг, заалтыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх тул тухайн хэргийн шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн заалтыг хэрэглэж, ялыг хөнгөрүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзвэл шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх боломж байжээ.

Прокурор хэргийг хянаад Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6-д заасан бүх нөхцөл бүрэн хангагдсан гэж үзэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 /гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх/ гэх заалтыг баримтлан, хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн шүүх шийдвэрийн “удирдлага” болгон захирамжилсан хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг баримталсан нь хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр, дүгнэлттэй нь нийцээгүй, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтыг давхар баримтлахдаа хэргийг дээрх хоёр үндэслэлийн алинд нь, хэрхэн хамаарч прокурорт буцаах болсон талаараа огт дүгнэлт хийгээгүй байна.

Шүүх хэргийг прокурорт буцаасан шийдвэртээ бичиг техникийн шинжтэй дараахи алдаануудыг гаргаснаас шийдвэр хуулийн шаардлага хангаагүй, ойлгомжгүй болсон байна. Тухайлбал улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах ялын талаархи саналыг хуульд нийцүүлэн, “5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох” гэж бичиж хүргүүлсэн байхад шүүх нь “2 дахин багасган, 5 сая төгрөгөөр торгох” гэж бичсэн, торгох ял оногдуулах тухай саналыг “торгуулийн ял оногдуулахаар” гэж бичсэн зэрэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн шүүх шийдвэртээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлийг хэрэглэн”, “улсын яллагчийн саналыг хүрээнд”, “хариуцлагын хүлээлгэх саналыг" гэхчлэн бичсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу бичсэн зэрэг зөрчилтэй байгааг дурдаж байна.

Түүнчлэн прокуророос Ш.О-т холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад яллах дүгнэлтэд зааснаас өөр овогтой буюу Ш.О гэж удаа дараа буруу бичиж, тухайн хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн мэтээр шийдвэртээ тусгасан нь анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах талаархи хуулийн шаардлагыг зөрчсөн мэт илт зөрчилтэй, шүүхийн шийдвэрт өмнөх оны /2020 оны/ дугаар олгогдсон байж болзошгүй, шийдвэрийн 3 дахь заалтаас үзэхэд прокурор гомдол гаргах эрхтэй байж болохоор тус тус дурьдсан нь хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/122 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлүүдийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байх тул захирамжийг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Энэ хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчийн хэрэг маргааныг шийдвэрлэхээс өмнө эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг хугацааг нь тогтоож, хэм хэмжээг нь аваад шүүхэд шилжүүлсэн. Ингээд шүүхэд шилжүүлэхдээ миний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрэн хангагджээ гэж үзээд шүүхэд шилжүүлсэн. Ингээд шилжүүлэхэд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оролцсон. Хэргийг шүүхэд шилжүүлэхдээ эрх, үүргийг нь тайлбарлаж, яллах дүгнэлтээ гардуулж хуульд заасан шаардлагыг хангаад шилжүүлсэн. Гэтэл шүүхээс хэргийг шилжүүлэхдээ заавал хорих ял оногдуулах хэрэгт ял тохиролцож ирэх ёстой байтал торгох ялтай гэмт хэрэгт ял тохирохгүй ёсгүй гэж хэргийн прокурорт буцаасан. Энэ нь үндэслэлгүй байна. Яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулах хэлбэрээр хэргийг прокурорт буцаах нь буруу гэж үзэж байна. Ийм үндэслэл байхгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан. Прокурорын санал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж уг шийдвэрийг гаргасан. Заавал хорих ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад, түүн дээрээ тохиролцох ёстой гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ хэргийг шүүхээс буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдаагүй гэж үзсэн. Аль нь харагдаагүй, яагаад харагдаагүй талаараа шүүгчийн буцаасан захирамжид тодорхой үндэслэл заагаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бичсэн 14 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор ...яллагдагч Ш.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба хэргийг хянахад хохирогч Х.Н-т учруулсан хохирлыг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй тул хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд хүргүүлсэн байна. /хх-175-176/

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч нь Ш.От холбогдох хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч “Ш.О-т холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойн гадна мөрдөн байцаалтын шатанд шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1, 33.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдсон Ш.О-г шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг нээлттэй явуулахаар тогтож 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2021/ШЗ/119 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамжийг гаргажээ. /хх-187/

Ш.О-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг баримтлан хэргийг шийдвэрлэхгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдааныг товлон зарласан нь хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтсон гэж дүгнэхээр байна.

Шүүхийн шийдвэрийг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/122 /хх-195/ дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид “...Шүүгдэгч Ш.О нь хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ш.О-т холбогдох хэрэгт улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэв. Учир нь: Улсын яллагчаас шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлийн хэрэглэн торгуулийн ялын хэмжээг 2 дахин багасган 5 сая төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулахаар санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх заалтыг торгуулийн ялд хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн байх тул улсын яллагчийн саналыг хүрээнд шүүгдэгч Ш.О-т эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй байх тул, хариуцлагын хүлээлгэх саналыг хуульд тавьсан шаардлагыг хангуулан зөвтгүүлэхээр мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Ш.О-т холбогдох хэргийг сум дундын прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзэв” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6, 6, 33.3 дугаар зүйлийн 1.2, 2-т заасныг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь шүүгдэгч Ш.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлээгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6, 6 дахь хэсэг, талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулаагүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасан урьдчилан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах талаар заасан заалтыг тус тус баримтлан шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай” эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/122 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ш.О-т холбогдох 2029002620063 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                          Ш.ТӨМӨРБААТАР