Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0924/З |
Дугаар | 128/ШШ2023/0304 |
Огноо | 2023-03-30 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2023/0304
2023 03 30 128/ШШ2023/0304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э******* *******” /РД: 6*******/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эр******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/1283 дугаар захирамжийг хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1053 дугаар захирамжаар Б хороонд байрлах, нэгж талбарын 1 дугаартай, 3500 м.кв газрын эзэмших эрхийг “Э*******” ХХК-аас нэхэмжлэгч “Э******* *******” ХХК-д шилжүүлсэн.
Нэхэмжлэгчээс тус газарт үйлчилгээтэй орон сууц барихаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан, нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий актад “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэсэн үндэслэл зааж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэрийг гаргасан байна.
3. Процессын түүх: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1283 дугаар захирамжийг нэхэмжлэгчээс гардан авсан даруйд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
4. “Э******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
4.1. Манай компанид Нийслэлийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30- ны өдрийн А/1053 тоот захирамжаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороонд байрлах нэгж талбарын 1 дугаар бүхий 3500 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмших эрхийг улсын бүртгэлийн Э-2 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн газраас баталсан МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн дагуу ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, барилга байгууламж барих зорилгоор холбогдох техникийн нөхцөл зураг төслийн даалгаврыг эрх бүхий байгууллагаас авч газраа зориулалтын дагуу ашиглаж байсан билээ.
4.2. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн засаг дарга А/1283 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамж гаарсныг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01-08/5143 дугаар тоот албан бичгээр манай компанид мэдэгдсэн.
4.3.Нийслэлийн засаг дарга нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасны дагуу Засаг даргын аливаа шийдвэр, үйл ажиллагаа гагцхүү хууль дээдлэх зарчмын дагуу хуульд үндэслэсэн байх учиртай бөгөөд төрөөс үндэслэлгүйгээр иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдахгүй байх баталгаа болох учиртай. Гэтэл Нийслэлийн засаг дарга нь А/1283 дугаар захирамжийг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зарчмыг зөрчсөн. Тодруулбал:
4.4. Судлан тогтоох зарчим: Захиргаа нь гарч болох гомдол шаардлагыг урьдчилан тооцоолон аль болох боломжит судалгааг хийж нөхцөл байдлыг тодорхой болгох ёстой бөгөөд тухайн тохиолдолд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг нарийвчлан судалсан байх ёстой. Гэтэл Нийслэлийн засаг даргын А/1283 дугаартай захирамжид “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх тул” гэсэн үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь нөхцөл байдлыг нарийвчлан судлан тогтоогоогүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нь нөхцөл байдлыг нарийвчлан судлахдаа өөрт байгаа нотлох баримтыг болон оролцогчдын гаргасан баримтыг үндэслэн шийдвэр гаргаагүй.
4.5. Сонсох ажиллагаа: Захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Гэтэл Нийслэлийн засаг даргын А/1283 дугаартай захирамжийг гаргахдаа манай компаниас тайлбар мэдээлэл аваагүй, нөхцөл байдлыг тодруулаагүй, сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан.
4.6. Нотлох зарчим: Хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллага нь нөхцөл байдлыг тогтоохдоо шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Гэтэл Нийслэлийн засаг дарга нь маргаан бүхий А/1283 дугаар захирамжид “манай компанид газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон нь Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх тул” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хууль бус бөгөөд нийтийн ашиг сонирхлыг хэрхэн, яаж хөндсөн гэдгийг баталж нотлоогүй, манай компаниас тайлбар мэдээлэл аваагүй, нөхцөл байдлыг тодруулаагүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.
4.7. Тиймээс нийслэлийн засаг даргын хууль зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулан үндэслэлгүйгээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь манай компанийн эзэмших эрхэнд халдаж, хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.
4.8. Уг захирамжийн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-д заасан “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол” гэсэн эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцалж болохоор зохицуулалтыг үндэслээд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Хариуцагч бодит нөхцөл байдал дээр орц, гарцыг хаасан зөрчил гаргасныг шаардлагатай ажиллагаа хийж тогтоосон гэж тайлбарладаг боловч хэргийн материалд ямар ажиллагаа хийж орц гарцыг хаасан, ямар нийтийн ашиг сонирхол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас зөрчигдсөн гэдгийг нотолсон баримт байхгүй байдаг. Орц гарцыг хаасан гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий газрын ойр, орчимд амьдардаг иргэн, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь хууль бусаар манай газар дээр дайруулан зам барьсан байдаг. Энэ зам нь хот төлөвлөлтийн дагуу баригдаагүй, төлөвлөгдөөгүй зам гэдэг нь холбогдох байгууллагаас гаргуулсан баримтаар нотлогддог.
4.9. Шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол гэсэн үндэслэлээ хариуцагч иргэд өргөдөл, гомдол гаргасан. Өргөдөл, гомдлыг шалгасны үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Иргэдийн өргөдөл, гомдол ирүүлсний үндсэн дээр газар эзэмших эрхийг шууд цуцалж, хүчингүй болгох үндэслэлгүй. Хуульд зааснаар хяналт, шалгалт хийх ёстой. Зөвхөн өргөдөл, гомдолд дурдсан зүйл нь үндэслэлтэй эсэхийг хянаж шийдвэрлэх ёстой болохоос биш газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл байхгүй.
4.10. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалт нь бусдын хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх, хуульд нийцээгүй захиргааны акт, захиргааны байгууллагын улмаас хууль ёсны дагуу газраа эзэмшиж байгаа этгээдийн эрхийг хүчингүй болгуулахаар зохицуулсан зохицуулалт биш. Газар эзэмших эрхийг цуцлах эсэх асуудлыг Газрын тухай хуульд нарийвчлан зохицуулж өгсөн. Мөн шинэ нөхцөл байдлын улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол гэсэн заалт нь шинэ нөхцөл байдал бий болсноор гэсэн урьдчилсан нөхцөл заавал үүссэний дараа нийтийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг шалгаж, тогтоосны үндсэн дээр захиргааны актыг цуцлахаар заасан. Гэвч шинэ нөхцөл байдал бий болоогүй, урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад хуулийг буруу хэрэглэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Шинэ нөхцөл байдал гэдэг нь анх эрх олгосон захиргааны акт гарахад тухайн нөхцөл байдал бий болоогүй, мэдэх боломжгүй байсан. Хожим эрхээ хэрэгжүүлээд явж байхад шинээр бий болсон бодитой, үндэслэлтэй аюулын улмаас актыг цуцлах зохицуулалт юм. Гэвч бодитой аюул учраагүй байгаа. Нэхэмжлэгч хуулийн дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлээд явж байсан. Нийтийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн үйл баримт тогтоогдохгүй, батлагдаж, нотлогдоогүй байгаа. Иймд захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Захиргааны актыг хүчингүй болгохын тулд 2 урьдчилсан нөхцөл шаардагддаг. Үүнд маргаан бүхий захиргааны акт 1 дүгээрт хууль бус байх ёстой. Сая хуулийг буруу хэрэглэсэн гэдгийг тайлбарласан байгаа. 2 дугаарт хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой. Нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаад явж байхад нь хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор газар эзэмших субъектив эрх нь зөрчигдөж байгаа.
4.11. Иймд “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А/1283 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
5.1. “Э*******” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1053 дугаар захирамжаар Б хорооны нутаг дэвсгэрт байрлах 3500 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Иргэдээс төрийн захиргааны байгууллагад өргөдөл гомдол гаргасны дагуу хяналт шалгалт явуулж газар дээр нь бодит нөхцөл байдлыг тогтоож Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хууль холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээг авч нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1283 дугаар захирамжаар “Э******* “ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
5.2. Дээрх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 “.нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол” газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгож Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгосон. Бодит нөхцөл байдал дээр ойр орчмын амьдарч байгаа орц гарцыг хаах зэрэг зөрчлүүд гарсан.
5.3. Маргаан бүхийн захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд
заасны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01-08/4796 дугаартай албан тоотоор мэдэгдэж сонсох ажиллагааг хийсэн болно. Иймд Захиргааны Ерөнхий хууль, Газрын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч, хууль дүрмийн хүрээнд тус захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэж, нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1283 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалтыг үндэслэн Б хороонд үйлчилгээ, орон сууцны зориулалттай 3500 м.кв газрын эзэмших эрхийг “Э******* *******” ХХК-д олгосон нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1053 дугаар захирамжийн “Э******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн.
3. Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ “...ойр орчмын иргэд, оршин суугчдын орц гарцыг хаасан...” гэж тайлбарласан, нэхэмжлэгчээс “...маргаан бүхий газрын ойр, орчимд амьдардаг иргэд, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь хууль бусаар манай газар дээр дайруулан зам барьсан. Энэ зам нь хот төлөвлөлтийн дагуу баригдаагүй, төлөвлөгдөөгүй зам гэдэг нь холбогдох байгууллагаас гаргуулсан баримтаар нотлогддог... хариуцагчаас нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн болох үйл баримтыг нотлохгүйгээр шийдвэр гаргасан...” хэмээн хүчингүй болгуулахаар маргажээ.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1053 дугаар захирамжаар “Э*******” ХХК-ийн Б хороонд эзэмшиж байсан 23950 м.кв газраас 3500 м.кв газрын эзэмших эрхийг “Э******* *******” ХХК-д шилжүүлснээр нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших эрхтэй болсон, маргаан бүхий тус газрыг 2004 оноос эхлэн бусад этгээдүүд нийслэлийн Засаг даргын захирамжийн үндсэн дээр эзэмшсээр ирсэн, хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаангүй.
5. Түүнчлэн “Э******* *******” ХХК нь 3500 м.кв газар дээр үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар төлөвлөсөн, уг газрын ойр орчимд амьдрах иргэд, оршин суугчдаас “... үйлчилгээтэй орон сууц барихыг эсэргүүцэж, тухайн газрыг нийтийн зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн хэлбэрээр нийтээр ашиглах...”-ыг шаардсан өргөдөл, гомдлыг нийслэлийн Засаг даргад удаа дараа гаргасан, үүний дагуу нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий газрыг нийтийн эзэмшлийн зам, талбай хэлбэрээр, “Э******* *******” ХХК-ийн эзэмшиж байсан газар дээр байрлах авто замыг орц, гарцын зориулалтаар цаашид ашиглахаар маргаан бүхий актыг гаргасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*******гөөс шүүх хуралдаанд тайлбар гаргасан, үүнээс өөрөөр түүний тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй.
6. Мөн маргаан бүхий газарт баригдсан авто зам нь төлөвлөгдөөгүй бөгөөд хот байгуулалтын мэдээллийн менежментийн санд бүртгэлгүй болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10/480 дугаар албан бичгээр нотлогдсон.
7. Ийнхүү маргааны үйл баримтыг нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1283 дугаар захирамжтай харьцуулан дүгнэвэл, хариуцагч нь Газрын тухай хуульд заасан аль үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжаа хүчингүйд тооцсон, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэл тогтоогдохгүй, газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжаа хүчингүй болгосноор “Э*******” ХХК-ийн 3500 м.кв газрыг эзэмших нь сэргэх үр дагаврыг үүсгээд байна.
8. Тодруулбал, хариуцагч нийслэлийн Засаг дарга 2004 оноос үүссэн маргаан бүхий газар эзэмших эрхийг анхнаасаа хууль зөрчиж олгосон, тухайн газрыг бусдад эзэмшүүлэхийг хориглосон газар байсан талаар, өмнөх захирамжуудын хууль ёсны эсэх асуудлаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, уг газрыг бусад этгээдүүд эзэмшсээр ирсэн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэлээр шийдвэр гаргаагүй, түүнчлэн маргаан бүхий актад тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийн аль нэгийг заагаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан аль нэг үндэслэл бий болсон нь тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч тайлбар гаргаагүй.
9. Үүнээс үзвэл, хариуцагч тал гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотолж чадахгүй байх боловч шийдвэр гаргах үндэслэл болсон “нийтийн ашиг сонирхол байгаа” гэх нөхцөл байдлыг шүүхээс үгүйсгэх боломжгүй гэж үзлээ.
10. Учир нь, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “...газрыг ... аж ахуйн нэгж байгууллага эзэмшиж, ашиглах”-аар, 20 дугаар зүйлийн 20.2.1-д “... /Засаг дарга/ нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”-аар, 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх”-ээр, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хууль ...-д заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”-аар тус тус зааснаас үзэхэд төрийн өмчийн тодорхой нэг газрыг бусдын эзэмшил, ашиглалтад тодорхой хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр олгох эсэх, эсхүл бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газрыг цаашид нийтийн эзэмшилд ашиглахаар шийдвэр гаргах эрх нь захиргааны эрх хэмжээний асуудал байх тул хариуцагч нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газрыг цаашид бусдад эзэмшүүлэхгүйгээр нийтийн ашиг сонирхлын үүднээс нийтийн зам талбайн хэлбэрээр нийтээр ашиглахаар шийдвэр гаргах эрхтэй байна.
11. Өөрөөр хэлбэл, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах боломжийг Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалтаар олгосон, энэ тохиолдолд хамгаалагдах нийтийн ашиг сонирхол байгаа гэж хариуцагчаас үзсэн үндэслэл нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдсон, тухайн газарт амьдарч буй иргэд, оршин суугчдын авто машинаар зорчих орц, гарц нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр баригдсан авто зам гэж тооцсон нь үндэслэл бүхий байхаас гадна хариуцагч цаашид уг авто замыг орц, гарцын хэлбэрээр ашиглуулна гэж тайлбарлаж байх тул төлөвлөгдөөгүй зам гэсэн үндэслэлээр уг үйл баримтыг няцаах боломжгүй.
12. Ийнхүү хэрэв хариуцагчаас бусдын эзэмшилд нэгэнт олгогдсон газрыг нийтийн эдэлбэрийн газар болгохоор шийдвэрлэсэн бол Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлийг үндэслэн нөхөн олговор олгох, эсхүл газрыг солих зэргээр шийдвэр гаргах ёстой байхад газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул цаашид маргаан бүхий газрыг нийтийн эзэмшлийн зам талбайн хэлбэрээр нийтээр ашиглахаар төлөвлөсөн бол холбогдох шийдвэрүүдээ гаргаж, маргаан актыг гаргах болсон нөхцөл байдалд нийцүүлэх шаардлагатай, эдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч уг асуудлыг судалсны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйтэй гэж үзлээ.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу дээрх асуудлыг тогтоосны үндсэн шийдвэр гаргах хугацаа нь гурван сар хангалттай гэж үзээд нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1283 дугаар захирамжийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалтыг баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1283 дугаар захирамжийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1283 дугаар захирамж хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ