Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 129

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Шүүгдэгч С.Одмаа, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /0747/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Сундуйзааны Одмаад холбогдох эрүүгийн 201726020177 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, нагац ах, дүү, 2 настай охин нарын хамт Сүхбаатар дүүргийн 17-р хороо Дамбадаржаагийн 41-636 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, Бэсүд овогт Сундуйзааны Одмаад /РД:ЧН85071700/.

 

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичсэнээр/:

2016 оны 12 дугаар сарын 30-ний орой Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Уран ган” зочид буудлын 306 тоот өрөөнд С.Одмаа, О.Наранцацрал, Э.Мөнхчимэг нар нь архи уун согтуурсан үедээ хоорондоо өмссөн гутлын чанар байдлын талаар маргалдаж улмаар шүүгдэгч С.Одмаа нь иргэн Э.Мөнхчимэгийг түлхсэний улмаас түүний биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Одмаа мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Яллах дүгнэлтэд үнэн зөвөөр бичигдсэн байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.           

           

            Хохирогч Э.Мөнхчимэг мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17-18 цагийн хооронд би гэрээсээ гараад Чимэд гэдэг найзтайгаа уулзаад “Уран ган” зочид буудлын гурван давхрын 306 тоот өрөөнд орсон. ...1 цагийн дараа Наранцацралт ирсэн ба үлдсэн архиа хувааж уусан. Би Одмааг дуудсан ба 21 цагийн орчимд ирсэн. Ирээд Чимэдээс бусад нь пиво уусан. ...Одмаа Наранцацралт бид хоёрыг хараад дургүй нь хүрээд “та хоёр бие биедээ дургүй байж яах гэж уулздаг юм бэ” гээд байсан. Одмаа тухайн үед шинэ гутал өмсчихсөн байсан. Би түүнээс “хэдээр авсан юм бэ” гэхэд “би энэ гуталыг 170,000 төгрөгөөр авсан арьсан гутал” гэж хэлсэн. Наранцацралт бид хоёр гутлыг нь барьж үзээд лидерийн юм шиг болохоор нь “хүүш наадах чинь яагаад ийм үнэтэй авсан юм бэ? арьс биш байна” гэж хэлтэл Одмаа “та хоёр юмны чанар мэдэхгүй хүмүүс” гээд уурлаад байсан. Үүнээс болж хэрүүл үүсэж Одмаа, Наранцацралт хоёр хоорондоо муудалцаад хэрэлдээд би тэр хоёрыг “болилдоо” гэхэд Одмаа “чи одоо Наранцацралтыг өмөөрөөд байхдаа яадаг юм бэ?” гээд байсан. Тэр хоёр нэг мэдэхэд хоёулаа босоод зогсчихсон байсан ба би босоод тэр хоёрыг боль гээд салгах гэтэл Одмаа аймар уурлаад байсан ба гараараа намайг хүчтэй хойш нь түлхтэл би хойшоо савж хана толгойгоороо хүчтэй мөргөж унасан. Би унасаны дараа толгой эргээд юм аа сайн санахгүй байна. Гэрлүү намайг оруулж байх үедээ Одмаа хажуудаа нэг намхан нуруутай залуутай хамт намайг оруулж өгсөн. ...2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр өглөө дүү Мөнхжаргалтай хамт гэрээс гараад Гэмтлийн эмнэлэг ороод зураг авахуулаад Шинэцэцэг эмчид үзүүлэхэд тархины цус хуралттай байна, маргааш хагалгаанд ор одоо хэвт” гэж хэлээд хэвтүүлсэн. Маргааш нь хагалгаанд орсон. Гэмтлийн эмнэлэгт би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлээд гарсан ба гараад шууд Оргил рашаан сувилал дээр очиж хэвтэн эмчлүүлж байна. ...Биедээ гэмтэл авсанаас хойш өнөөдрийг хүртэл гарч байгаа нь 2,719,914 төгрөг болчихоод байна. Баримтуудыг нь цуглуулсан байгаа. Одоогийн байдлаар надад нийтдээ 60.000 төгрөг нэг удаа, 1,250,000 төгрөгөөр нэг удаа нийтдээ 1,310,000 төгрөг өгсөн...” гэжээ. /хх 20-21 хуу/

Дахин байцаалтад: “... дух баруун бугалганд учирсан гэмтлийг хэзээ хэн учруулсаныг мэдэхгүй байна. Согтуу байхдаа л би өөрөө юм мөргөсөн байж магадгүй. Тэрнээс намайг зодсон хүн байхгүй. Би хохирлын нийт 1,810,000 төгрөг авсан ба одоо нэмээд 1,000,000 төгрөг авчихвал гомдол санал байхгүй” гэжээ. /хх 22-23 хуу/

 

            Гэрч Б.Цэрэнчимэд мэдүүлэхдээ: “...Мөнхчимэг Одмааг чи ийм гутал өмсөж яадаг юм тайл буцаа гэсэн чинь Одмаа чиний өмсөж байгаа гутал бас хямдхан гутал байна тайл чи гээд байсан ба энэ хооронд маргалдсан чинь Наранцацралт Одмаа, Мөнхчимэг хоёрыг та 2 ийм юмнаас болж маргалдаад яахын хэрэггүй, боль гэж хэлээд шаардлага тавьсан боловч Одмаа, Мөнхчимэг 2 хэрэлдэж байгаад сүүлдээ Одмаа Наранцацралттай маргалдаад тэр 2 нэг нэгнийгээ түлхээд хэрүүл нь зодоон болох гээд байсан ба Одмаа Наранцацралт хоёрын голоор Мөнхчимэг ороод боль гэж хэлсэн чинь Одмаа Мөнхчимэгийн цээж орчим руу гараараа түлхэх шиг болсон чинь Мөнхчимэг хойшоо бөгсөөрөө унаад хана толгойныхоо ар хэсгээр савж мөргөсөн. Тэгээд Мөнхчимэг босч ирээд Одмаа тэврэлцээд 2-уулаа орон дээр суугаад уйлаад байсан. Тэр хооронд Наранцацралт өрөөнөөс гараад явчихаар нь би Одмааг араас нь гаргаад оруулж ирүүлсэн. Анхандаа Одмаа, Мөнхчимэг 2 маргалдаж байгаад сүүлдээ Наранцацралт Одмаа 2 маргалдаад нэг нэгнийгээ түлхээд байсан чинь Мөнхчимэг голоор нь орох үед Одмаа түүнийг түлхэж унгаасан. Тэгээд Мөнхчимэг Одмаатай тэврэлцээд орон дээр сууж байхдаа толгой өвдөөд байна, миний толгой яачихваа гээд уйлж байсанаа одоо эндээс гараад караокед орцгоох уу гээд байсан.

...миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн ба тухайн үед Наранцацралтыг явлаа гээд гараад явсанг нь маргааны өмнө болсон гээд андуурсан байна, мөн Наранцацралт, Одмаа 2 сүүлд маргасанг хэлээгүй Одмаа, Мөнхчимэг 2 маргалдсан талаар яриад сүүлд болсон маргааны талаар дэлгэрэнгүй яриагүй байна...” гэжээ.  /хх 25-26, 27-28 хуу/

 

            Гэрч О.Наранцацрал мэдүүлэхдээ: “би энэ өдөр гэртээ байж байтал 16-17 цагийн орчим надруу Мөнхчимэг найз маань залгаад “би Уран ган зочид буудлын 306 тоот өрөөнд байна, нэг ахтай хамт байна хүрээд ирээч” гэж хэлсэн. ..уулзаад би тэр пиво, архинаас нь уугаад нэлээн согтсон. Тэгж байтал С.Одмаа ганцаараа орж ирсэн. С.Одмаа тухайн үед нэг арьсан хар өнгөтэй гутал өмсчихсөн байсан бөгөөд түүний гутлыг нь Мөнхчимэг хараад “хэдээр авсан юм бэ? гутал чинь арьсан гутал биш байна, хаанаас авсан юм бэ? гэж хэлж С.Одмаатай гуталнаас болж маргалдаад байсан. Би цааш нь яг юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд намайг Чимэд ах буудлаас гаргаад таксинд суулгаад явуулж байсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа Мөнхчимэгийн толгойдоо гэмтэл аваад эмнэлэгт хэвтэж байгааг цагдаа дуудах үед нь мэдсэн...” гэжээ. /хав 31-32 хуу/

 

            Гэрч Ж.Бүрэнбаясах мэдүүлэхдээ: “.. Э.Мөнхчимэгт урьд өмнө нь бие нь өвдөдгүй байсан. Зан байдлын хувьд дөлгөөн ааш зантай. Илүү дутуу муу зуршил байхгүй. Арван жилдээ сурлага сайтай хүүхэд байсан. Одоо аавтайгаа хамь амьдардаг. Аав нь тэтгэвэртэй, өөрөө ажил хийдэг. Лизинд орж байртай болсон. Тусдаа гараагүй байгаа” гэжээ. /хав 33 хуу/

 

            Гэрч Б.Энхбаатар мэдүүлэхдээ: “.. 2016 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цаг өнгөрчихсөн байх үеэр гэртээ унтаж амарч байтал найз С.Одмаа надруу залгаад Уран ган нэртэй зочид буудлын 3 давхарт байна, завтай байвал ирээд гэрт хүргээд өгөөч гэж дуудсан. Би машинтай очиж Уран ган зодчид буудлын 3 давхарт гараад 306 тоот өрөөрүү ороход өрөөнд С.Одмаа нэг найзтайгаа хамт байсан. ..С.Одмаа бид хоёр тэр хүүхнийг хоёр талаас нь дамжлаад буудлаас гаргаад машиндаа суулгаж аваад тэр хүүхэнийг гэрт нь хүргэж өгсөн. ..Би түүний дараа С.Одмааг гэрт нь хүргэж өгөөд харьсан. Намайг харихад 04 цаг болж байсан. Түүнээс хойш дахин С.Одмаатай уулзаагүй” гэжээ. /хав 34-35 хуу/

 

            Гэрч Ж.Энхбаяр мэдүүлэхдээ: “..2016 оны 12 дугаар сарын 30-ний өдөр “найзууд дуудаж байна, ойрхон гарчихаад ирье” гэж хэлээд утсаа аваад ганцаараа гараад явсан. 15 цагийн орчим гарч явсан байх. Гарч яваад 2016 оны 12 дугаар сарын 31-ний үүрээр 03-04 цагийн орчим ганцаараа гэрт орж ирэх шиг болсон. Би унтаж байсан болохоор хэн авч ирсэнийг нь хараагүй. Орж ирээд шууд унтаад өсгөн. Би босож хувцасыг нь тайлаад унтуулсан. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг өнгөрч байх үеэр Э.Мөнхчимэг сэрээд “толгой өвдөж байна” гээд байсан. Би “яасан юм бэ” гэхэд “би халитарч унасан” гэж хэлсэн. Өөр зүйл надад хэлээгүй. Толгой нь нэлээн өвдөж байсан өдөржингөө өвдсөн. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө охин Мөнхжаргал ирээд эгч Мөнхчимэгээ авч яваад бариач дээр очоод ирсэн боловч тэр өдөр өдөржингөө толгой нь өвдсөн. 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өглөө Мөнхжаргал, Мөнхчимэг нар гэмтлийн эмнэлэгрүү яваад Мөнхчимэг толгойныхоо зургийг авахуулаад эмч нь үзээд өнөөдөр хэвт маргааш хагалгаанд орно гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаанд орсон. Одоо биеийн байдал нь хүнд хэвтрийн байдалтай байгаа ба 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад тэр өдрөө гараад Оргилын клиник эмнэлэгт очиж хэвтсэн. Энэ хугацаанд эмчилгээний эм тариа гээд зардал их гарсан ба баримтуудыг нь Мөнхчимэг цуглуулчихсан байгаа. Одмаа нийтдээ 1,310,000 төгрөг өгчихсөн байгаа гэсэн..” гэжээ. /хав 36 хуу/

 

            Гэрч Э.Мөнхжаргал мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө Мөнхчимэг эгчтэй хамт гэмтлийн эмнэлэг орсон. Ороод толгойных нь зураг аваад эмчид үзүүлэхэд өнөөдөр хэвт маргааш хагалгаанд орно гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаанд ороод хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны дүгээр сарын 16-ны өдөр эмнэлгээс гарч тэр өдрөө Оргил рашаан сувилалын клиникт очиж хэвтээд байна. ...эгч Мөнхчимэг надад “Одмаа намайг түлэхчихсэн, Одмаа мэдэж байгаа, түүнлүү залга” гэж хэлсэн. Би Одмаагийн гар утасруу залгахад утас нь холбогдохгүй байсан...” гэжээ. /хав 37 хуу/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1103 дугаартай дүгнэлтэд: 1. Э.Мөнхчимэгийн биед зүүн чамархай яснаас зулай ясруу үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, дух, баруун бугалганд цус хурал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хав 16/

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хав 5-7/,

Мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хав 29, 30 хуу/

            Шүүгдэгч С.Одмаагийн охин Ө.Эмүүний төрсөний гэрчилгээний хуулбар /хав 56 хуу/,

             Шүүгдэгч С.Одмаагийн оршин суух хаягын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хав 58, 60, 65-66 хуу/,

            Өвчний түүх /хав 68-85 хуу/,

            Нийт 865.034 төгрөгийн хохирлын баримтууд /хав 86-87, 89-90 хуу/,

            Хохирогч Э.Мөнхчимэгийн эмчилгээний зардал гэх гараар бичсэн баримт /хав 88 хуу/,

            С.Одмаагаас 1.250.000 төгрөг хүлээн авлаа гэх баримт /хав 87 хуу ар тал/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

           

            Шүүхийн дүгнэлт:

2016 оны 12 дугаар сарын 30-ний орой Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Уран ган” зочид буудлын 306 тоот өрөөнд С.Одмаа, О.Наранцацрал, Э.Мөнхчимэг нар нь архи уун согтуурсан үедээ хоорондоо өмссөн гутлын чанар байдлын талаар маргалдаж улмаар шүүгдэгч С.Одмаа нь иргэн Э.Мөнхчимэгийг түлхсэний улмаас түүний биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Мөнхчимэг /хх 20-21, 22-23/, гэрч Б.Цэрэнчимэд /хх 25-26, 27-28/, О.Наранцацрал /хх 31-32/, Ж.Бүрэнбаясах /хх 33/, Б.Энхбаатар /хх 34-35/, Ж.Энхбаяр /хх 36/, Э.Мөнхжаргал /хх 37/, С.Тунгалаг /хх 38/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1103 дугаартай дүгнэлт /хх 16/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/, мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 29, 30/, өвчний түүх /хх 68-85/, хохирлын баримтууд /хх 86-87, 89-90/, хохирогч Э.Мөнхчимэгийн эмчилгээний зардал гэх гараар бичсэн баримт /хх 88/, С.Одмаагаас 1.250.000 төгрөг хүлээн авлаа гэх баримт /хх 87 ар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Одмааг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч С.Одмаа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /хх 60/, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Мөнхчимэгт 1,250,000 төгрөгийн хохирол төлсөн, баримтаар төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

 

Шүүгдэгч С.Одмаа нь 2 настай охин Ө.Эмүүн /хх 56 хуу/, 65 настай эх Л.Нарантуяа /хх 61, 64/ нар нь асрамж болон асаргаанд байдаг тул түүнд оногдуулах хорих ялыг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Бэсүд овогт Сундуйзааны Одмааг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Сундуйзааны Одмааг 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Одмаад оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Мөнхчимэгт 1,250,000 төгрөгийн хохирол төлсөн, баримтаар төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т зааснаар шүүгдэгч С.Одмаад оногдуулсан 01 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч С.Одмаагийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

               ДАРГАЛАГЧ

               ШҮҮГЧ                                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ