Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 137

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Хохирогч Ц.Нямгэрэл,

Шүүгдэгч, хохирогч Ч.Санчирмаа, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл /0099/,

Шүүгдэгч Л.Бямбацогт, түүний өмгөөлөгч Т.Даваажав /2359/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чулуунбаатарын Санчирмаа, Боржигин овогт Лхагвасүрэнгийн Бямбацогт нарт холбогдох эрүүгийн 201726020045 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 01-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 21 дүгээр гудамж 374 тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ УСУГ-т хэмжилтийн ажилтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Чулуунбаатарын Санчирмаа /РД:ЖЯ86030178/.

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 2 дугаар сарын 20-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо БАА-2-11 тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Лхагвасүрэнгийн Бямбацогт /РД:ТК81022036/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ч.Санчирмаа нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 2016 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн үйлчлүүлж байсан хохирогч Ц.Нямгэрэлийн “бааранд танилцсан эмэгтэйг харамлалаа” гэсэн шалтгаанаар хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь мөргөж бие махбодид нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 2 шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Л.Бямбацогт нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 2016 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” баарны гадна нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн найз Ц.Нямгэрэлийг цохьлоо гэсэн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ч.Санчирмаад хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хамар ясны хугарал, хамарт зулгаралт, зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Санчирмаа мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хорооллын Дурсамж нэртэй бааранд ангийн найз Гэрэлзулын хамт орсон. Бүжиглэж байхдаа Нямгэрэлтэй хамт явж байсан эмэгтэйгийн утсыг өгөөч гэсэн нь үнэн. Сүүлд хамт явж байсныг нь мэдсэн ба тухайн үед итгээгүй. Нямгэрэл тэр үед надад сануулж байсан ба гадаа баарны үүдэнд Нямгэрэлтэй таараад толгойгоороо хамар луу нь мөргөсөн. Тэгээд цагдаа нар ирж Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүргүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бямбацогт мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Нямгэрэлийн гэр бүл болон өөрийн гэр бүлийн хамт хорооллын бааранд орсон. Тэгээд манай эхнэр болон Нямгэрэлийн гэр бүлийн хүний хамт бүжиглэсэн. Тэгээд удалгүй Нямгэрэл босоод бүжгийн талбайд очоод буцаж ирээд манай хүнийг хүн хоргоогоод байна гэхээр нь тоогоогүй. Тэгээд дахин босож очсон ба маргаад салсан ба онцгүй газар байна гээд бид нар гарахаар болсон. Тэгээд эхнэрүүд тооцоо хийхээр үлдсэн ба би 00 орчихоод гарахад үүдэнд Нямгэрэл амаа дарчихсан байсан ба хэн цохив гэхэд бааранд маргаад байсан залууг заахаар нь би чи нааш ир гээд уулзаад яаж байгаа юм гээд намайг цохьчих байх гээд цохисон. Тэгтэл Санчирмаа зугатаагаад явсан ба найзыг нь барьж авсан. Тэгээд цагдаа ирээд хэлтэс дээр аваачсан. Тэр үед Санчирмаа өөрөө ирсэн. Би өөрийн найзыг өмөөрөөд ийм хэрэгт орлоо. Санчирмаа бид хоёр уулзаж ярилцаад эвлэрсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Нямгэрэл мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 10 жил уулзаагүй найз Бямбацогтын гэр бүлийн хамт Дурсамж бааранд орсон. Пиво ус захиалсан ба манай эхнэр Бямбацогтын эхнэрийн хамт бүжиглэж байсан ба нэг залуу очоод хүрээд байхаар нь би очоод асуухад энэ залуу утас авна гээд байсан. Тэгээд би Санчирмаад гэр бүлээрээ явж байна болиорой гэсэн. Тэгээд буцаж ирээд Бямбацогтод хэлээд сууж байтал дахин нөгөө залуу манай эхнэрийг татаад байхаар нь би очоод бид эхнэртэйгээ явж байна болиоч гэхэд намайг заамдаад маргалдсан ба тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд бид нар гарахаар болоод эхнэрүүд тооцоо хийхээр үлдсэн ба Бямбацогт 00 орчихсон байсан.  Тэгээд гадаа гартал Санчирмаа ирээд чи баараны хүүхнээ харамлалаа гээд намайг мөргөсөн ба Бямбацогтийг ирээд асуухаар нь нөгөө дотор маргасан залуу цохьчихлоо гэхэд Бямбацогт очиж уулзсан. Тэгээд цагдаа дээр өргөдлөө гаргаад шүүх эмнэлэгт үзүүлсэн” гэв.

 

Хохирогч Ч.Санчирмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Барны үүдэнд дуудлагын жолооч хүлээж байтал Нямгэрэл гараад ирэхээр нь маргалдаад мөргөөд байж байтал Бямбацогт гарч ирээд намайг маргалдаад цохьсон. Одоо Бямбацогт бид хоёр сайн дураараа эвлэрсэн” гэв.

 

Гэрч Д.Гэрэлзул мэдүүлэхдээ: “..2016 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө би найз Санчирмаагийн хамтаар Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах “Дурсамж” бааранд ороод архи аваад ууж суусан, Санчирмаа нэг босч бүжиглээд буцаж суугаад л байсан. Тэгээд Санчирмаа бид хоёр баарнаас гарах гээд хувцасны өлгүүрийн ойролцоо Санчирмаа Нямгэрэлтэй барилцаад авчихсан байхаар нь би очоод тэр хоёрыг салгаад Санчирмаа бид хоёр баарнаас гарахад араас Нямгэрэл, Бямбацогт хоёр гарч ирсэн. Тэгэхэд Санчирмаа, Нямгэрэл хоёр маргалдаад дахиад барьцалдаж аваад Нямгэрэлийн нүүрлүү нь Санчирмаа нэг удаа мөргөхөд Нямгэрэл шууд доороо суухад Бямбацогт Санчирмааг чи нааш ир гэж дуудаад дахиад хэсэг маргаад Санчирмаагийн нүүрлүү нэг удаа гараараа шууд нэг удаа цохиод Санчирмаа шууд зугатсан. Тэгтэл Бямбацогт намайг барьж аваад тавихгүй байсан тул би Бямбацогтоос салах гээд хэсэг ноцолдоод байж байтал цагдаа нар ирээд Санчирмаа, Бямбацогт хоёрыг аваад явахаар нь би араас нь очсон. Бямбацогт бид хоёр барилцаж авсан тэгэхдээ намайг нудраад байсан. Тэрнээс биш гэмтэл учруулахаар бол цохиогүй...” гэжээ. /хх 63 хуу/

 

Гэрч С.Золзаяа мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 11-ний орой нөхөр Нямгэрэл, найзууд Бямбацогт, Око нарын хамтаар Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах “Дурсамж” бааранд орцгоосон ба бид хэд юм захиалаад сууж байгаад Око бид хоёр гарч бүжиглэсэн. Тэгтэл нэг танихгүй залуу миний гарнаас татаад танилцъя, утасныхаа дугаарыг өгөөч гээд намайг өдөөд байхаар нь би гэр бүлийнхээ хүнтэй явж байгаа гэж хэлэхэд Санчирмаа тоохгүй намайг өдөөд байсан тул манай нөхөр Нямгэрэл ирээд Санчирмаад бид нар гэр бүлээрээ явж байгаа юм гэж хэлэхээр нь бид хэд ширээн дээрээ суусан. Тэгээд бид нар сууж байгаад Око бид хоёр дахиад босч бүжиглэтэл дахиад Санчирмаа хүрч ирээд намайг дахиад өдөж эхэлсэн тул манай нөхөр хүрч ирээд Санчирмаад би чамд гэр бүлээрээ явж байгаа гэдгээ хэлээ биздээ гэж хэлэхэд Санчирмаа манай нөхөртэй шууд барилцаад авсан тул би нөхрөө салгах гээд татахад бүжиглэж байсан танихгүй хүмүүс туслаад манай нөхөр Санчирмаа хоёрыг салгахаар нь би нөхрөө аваад ширээн дээрээ …ирсэн ба манай нөхөр хэдүүлээ явцгаая гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр түрүүлээд гарсан. Харин Бямбацогт 00-ын өрөө орчихоод араас нь гарсан ба Око бид хоёр тооцоогоо хийгээд баарнаас гарахад манай нөхрийн амнаас нь цус гарчихсан хувцас болон нүүр нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би нөхрөөсөө юу болсон талаар асуухад чамайг өдөөд байсан залуу намайг цохьчихлоо гэсэн. Тэгээд Бямбацогт намайг өдөөд байсан залуугийн найзыг нь бариад байж байтал цагдаа нар аваад явчихлаа гэж хэлсэн тул бид хэд араас нь цагдаагийн хэлтэс дээр очсон...” гэжээ. /хх 65 хуу/

 

Гэрч Н.Ганцэцэг мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 11-ний шөнө нөхөр Л.Бямбацогт болон Л.Бямбацогтын найзууд Нямгэрэл, Нямгэрэлийн эхнэр Золзаяа нарын хамтаар Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах “Дурсамж” бааранд орцгоосон. Тэгээд Золзаяа бид хоёр босч бүжиглэхэд нэг залуу хүрч ирээд Золзаяатай юм яриад байсан. …тэгтэл Нямгэрэл хүрч ирээд тухайн залуутай бас л юм яриад байх шиг байсан ба хэд буцаад ширээн дээрээ ирээд суусан ба хэсэг хугацааны дараагаар Золзаяа бид хоёр дахиж гараад бүжиглэхэд тухайн залуу дахиж ирээд илтэд Золзаяаг өдөөд байсан. Тэгэхэд Нямгэрэл дахиж хүрч ирээд тухайн залуутай юм ярьсан ба бид хэд буцаад ширээн дээрээ суусан. Тэгээд бид хэд байж байгаад баарнаас гараад явцгаасан бөгөөд эхлээд Нямгэрэл тамхи татна гээд түрүүлээд гарсан манай нөхөр 00-ын өрөө орчихоод араас нь гарсан харин Золзаяа бид хоёр баарныхаа тооцоог хийчихээд гарахад Нямгэрэлийн нүүр ам нь цус болчихсон манай нөхөр байхгүй байсан. Тэгтэл Нямгэрэл хэдүүлээ цагдаа руу явъя Бямбацогтыг цагдаа нар аваад явчихсан гэж хэлсэн...” гэжээ. /хх 67 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151 тоот дүгнэлтэд: Ч.Санчирмаагийн биед хамар ясны хугарал, хамарт зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх 25 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 95 тоот дүгнэлтэд: Нямгэрэлийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх 27 хуу/

 

Шүүгдэгч Ч.Санчирмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, толгойн компьютер томографикийн зураг авхуулсан гэх баримт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 44, 45, 48, 75-81/

Шүүгдэгч Л.Бямбацогтын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 46,47,73-74,/ зэрэг болон хавтаст хэрэгт дэх бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

             Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Бямбацогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, шүүгдэгч Л.Бямбацогтын гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт нь тогтоогдоогүй байна.

Учир нь Ч.Санчирмаа нь согтуурсан үедээ бусдыг өдөөн хоргоосон үйлдлийг анхааруулсан хохирогч Ц.Нямгэрэлийг зодсон үйлдлийн улмаас шүүгдэгч Л.Бямбацогт нь хохирогч Ч.Санчирмааг зодож түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь хувийн сэдэлттэй байна.

Өөрөөр хэлбэл Л.Бямбацогт Ц.Нямгэрэл нар арван жил уулзаагүй гэх ба найзыг нь зодсон үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид халдсан нь хувийн сэдэлттэй гэж үзэх үндэслэл бүхий байна.

Иймд шүүгдэгч Л.Бямбацогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж түүнийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Санчирмаа нь 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 2016 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн үйлчлүүлж байсан хохирогч Ц.Нямгэрэлийн “бааранд танилцсан эмэгтэйг харамлалаа” гэсэн шалтгаанаар хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь мөргөж бие махбодид нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 2 шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Л.Бямбацогт нь 2016 оны 12 дугаар сарын 11-нээс 2016 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” баарны гадна “…найз Ц.Нямгэрэлийг цохилоо” гэсэн үндэслэлээр хохирогч Ч.Санчирмаагийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хамар ясны хугарал, хамарт зулгаралт, зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Нямгэрэл /хх 16-17/, Ч.Санчирмаа, гэрч Д.Гэрэлзул /хх 63/, С.Золзаяа /хх 64-65/, Н.Ганцэцэг /хх 66-67/ нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрх мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151 /хх 25/, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 95 /хх 27/ тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Ч.Санчирмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, толгойн компьютер томографикийн зураг авхуулсан гэх баримт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 44, 45, 48, 75-81/, шүүгдэгч Л.Бямбацогтын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 46, 47, 73-74/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар давхар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ч.Санчирмааг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Л.Бямбацогтыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож хуульд зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, шүүгдэгч Ч.Санчирмаа, Л.Бямбацогт нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

 

Хохирогч Ч.Санчирмаа нь шүүгдэгч Л.Бямбацогттой сайн дураараа эвлэрсэн талаараа шүүх хуралдаанд илэрхийлсэн бөгөөд Л.Бямбацогтод холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

  

Шүүгдэгч Ч.Санчирмаа нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, шүүгдэгч нарын хувийн байдал, баримтаар төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх зэргийг харгалзан тэдгээрт шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигин овогт Лхагвасүрэнгийн Бямбацогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Санчирмааг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигин овогт Лхагвасүрэнгийн Бямбацогтыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Лхагвасүрэнгийн Бямбацогтод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Санчирмааг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Санчирмаад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирүүлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Санчирмаа, Л.Бямбацогт нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ч.Санчирмаад оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Санчирмаа, Л.Бямбацогт нарын бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ

           ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ