Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1144

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01012 дугаар шийдвэртэй, Н.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ф-” ХХК, “М-” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 87 683 136 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч “М-” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г-, хариуцагч “М-” ХХК-ийн өмгөөлөгч Б.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Н.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Г- нь “Ф-” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл 30 000 тонн төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх, тээвэрлэсэн тонн/км-ийн хөлс болон зардлыг гэрээний 5.2-т зааснаар 3,3 ам.доллараар тооцож авах, улмаар 30 000 тонн баяжмал тээвэрлэж дуусвал 81-53 УНМ улсын дугаартай Норд бенз маркийн ачааны автомашиныг чиргүүлийн хамтаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохирсон. Миний бие Элстэйн уурхайгаас Ханги боомт хүртэл 138 км зайд нийт 8 547,81 тонн баяжмал тээвэрлэсэн, хоёр улсын хил хооронд буюу 14 км зайд нийт 18 882,95 тонн баяжмал тээвэрлэсэн. Ажиллах хугацаандаа гэрээний 5.2-т заасны дагуу 3,3 ам.доллараар тооцуулан нийт 88 154.09 ам.долларыг тухайн цаг үеийн ханшаар төгрөгт шилжүүлэн, 124 089 751 төгрөг авахаас хөлс 17 906 615 төгрөг, дугуй сэлбэгийн зардалд 18 500 000 төгрөг, нийт 35 906 615 төгрөг авсан, одоо 87 683 136 төгрөг авах дутуу байна. Машин эвдэрсэн, түүнчлэн 30 000 тонн баяжмалыг бүрэн тээвэрлээгүй тул машин болон түүний үнийг нэхэмжлэхгүй, харин зөвхөн гэрээний 5.2-т заасан тохиролцооны дагуу тонн/км-ыг 3.3 ам.доллараар тооцож гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Миний бие хариуцагч “Ф-” ХХК-тай гэрээ байгуулсан, харин “М-” ХХК-аас хөлсөө авдаг байсан, тус компанийн баяжмалыг тээвэрлэдэг байсан тул аль нь хариуцах ёстойг мэдэхгүй байна. Иймд энэ хоёр компаниас хоёулангаас нь нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “М-” ХХК-ийн төлөөлөгч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь “М-” ХХК болон Н.Г- нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, “Ф-” ХХК болон Н.Г-ын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл. Түүнчлэн, Н.Г-той байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь 2012 оны 3 дугаар сард цуцлагдсан. Учир нь барьцааны гэрээг манай зүгээс хүчингүй болгосон. Барьцааны гэрээ хүчингүй болсноор ажил гүйцэтгэх гэрээ мөн хүчингүй болно. Гэрээг цуцалснаас хойш буюу 2012 оны 3 дугаар сараас хойш Н.Г-ыг 1 сарын 1 000 000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар болсон. Нийт Н.Г-од 35 906 615 төгрөг төлсөн бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ф-” ХХК-ийн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь энэ гэрээний үүргийг хариуцах ёсгүй. Учир нь манай компани “М-” ХХК-д Норд бенз маркийн автомашиныг зээлээр худалдсан юм. Улмаар “М-” ХХК-ийн нэр дээр автомашин эзэмшигчийн бүртгэл шилжээгүй байсан учир намайг эзгүйд манай менежер Б.Ц-д “М-” ХХК-аас хүсэлт тавьж, Б.Ц нь Н.Г-той гэрээ байгуулсан байсан. Манай компани Н.Г-той гэрээ байгуулах ямар нэг хүсэл зориг байгаагүй, нэг ч төлбөр Н.Г-од төлж байгаагүй ба “М-” ХХК-аас Н.Г-од төлбөр төлдөг байсан. Мөн “М-” ХХК-аас бичгээр хүсэлт гаргасны дагуу бид Н.Г-, Н.Б нарын барьцааны гэрээг цуцалж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлж байсан тул энэ гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Иймд манай компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ф-” ХХК-ийн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариу тайлбарт дурдсанчлан манай компани нь энэ гэрээний дагуу Н.Г-ын өмнө үүрэг хүлээх хүсэл зориг байгаагүй тул энэ гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Түүнчлэн манай компанийн менежер Б.Ц нь надаас зөвшөөрөл авалгүй Н.Г-той гэрээ хийсэн тул Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн 56.1.8-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд “Ф-” ХХК болон Н.Г- нарын хооронд байгуулагдсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Н.Г- миний бие “Ф-” ХХК-ийг надтай гэрээ байгуулахыг шаардаагүй бөгөөд “М-” ХХК болон “Ф-” ХХК-ийн тохиролцоог мэдээгүй, зөвхөн гэрээ байгуулсны үндсэн дээр хөлс төлбөрөө л авах зорилготой байсан. Гэрээ байгуулах үед “Ф-” ХХК-ийн Ц, “М-” ХХК-ийн Н нар бүгд байсан. Миний хувьд хэнтэй гэрээ байгуулах нь чухал биш, хөлсөө л авах нь чухал юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М-” ХХК-аас 25 840 018 төгрөгийг гаргуулан Н.Г-од олгож, нэхэмжлэлээс 61 843 118 төгрөгийн шаардлага болон хариуцагч “Ф-” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай “Ф-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596 000 төгрөгийг, хариуцагч “Ф-” ХХК-аас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Г-оос 365 төгрөгийг, хариуцагч “Ф-” ХХК-аас 216 950 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч “М-” ХХК-аас 287 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Г-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “М-” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус компани нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шуух талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж, хуулийг буруу тайлбарлан нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: "2012 оны 03 дугаар сараас гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, нэг дүгээр сард 1 000 000 төгрөгийн цалингаар Н.Г-ыг ажиллуулах болсон" гэх хариуцагч "М-" ХХК' ийн тайлбарыг эргэлзээтэй гэж үзэхэд хүргэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар "эргэлзээтэй баримт"-ыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн "ажил гүйцэтгэх гэрээ"-ний хариу төлбөрийн нөхцөлийг талууд өөрчлөөгүй анхны хүсэл зориг хэвээр үлдсэн гэж үзнэ гэсэн үндэслэлгүй байна. 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 0708 тоот "ажил гүйцэтгэх гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө хариуцагч “Ф-" ХХК, иргэн Н.Баярсайхан нарын хооронд 07,07 тоот барьцааны гэрээ байгуулагдсан. 2012 оны 03 лугаар сард манай компанийн "Элстэйн" уурхай дээр ажилчид архидан согтуурч зохисгүй үйлдэл гаргаснаас болж Н.Б-тай байгуулсан "ажил гүйцэтгэх гэрээ", тус гэрээний уургийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан "Барьцааны гэрээ"-г цуцлах тухай мэдэгдлийг "М-" ХХК-аас “Ф-" ХХК-д өгч, гэрээ цуцлагдсан байдаг. /хх-213. 214 дэх тал/' Ийнхүү барьцааны гэрээ цуцлагдсанаар мөн өдөр байгуулагдсан 07/06, 07/08, 07/09 тоот ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж, ажил гүйцэтгэх гэрээ болон гэрээ байгуулах саналын дуудлагад дурдсан болзол хэрэгжих боломжгүй болсон. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад барьцааны гэрээ цуулагдсаныг мэдсэн. "М-" ХХК-д гэрээгээ шинэчилж байгуулах тухай санал гаргаж байсан гэж мэдүүлсэн болно. Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтаар гэрээ цуцлагдсан үйл баримт нотлогдсон байхад "эргэлзээтэй баримт" гэсэн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үүргийн хэмжээг тооцвол, шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: "Нэхэмжлэгч Н.Г- 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн "ажил гүйцэтгэх гэрээ "-ний 1.6-д харилцан тохиролцсоны дагуу нийт 10 106 54 тонн /1917 05 тонн* 8189 49 тонн/ баяжмалыг гэрээний дагуу тээвэрлэсэн гэж үзнэ. 10 106.54 тонн'3.3 ам.долллараар=33 351 58 ам.доллар төлөх ёстой. Нэхэмжлэгчийн авсан мөнгийг хасаж тооцвол 61 746 633-35 906 615=25 840 018 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож" гэж дүгнэсэн үндэслэлгүй. Нэхэмжлэгч Н.Г- нь хилийн тээвэр буюу Дорноговь аймгийн Ханги хилийн боомтоос Мандал хилийн боомт хүртэл /богинын 14 км/, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл/урагш 138 км/зайд нийт 26 716.36 тонн баяжмал тээвэрлэсэн байдаг. Үүнээс 26 716.36-18 882-95 тонн богинын 14 км зайд тээвэрлэсэн баяжмалыг хасаж тооцвол 7 930.41 тонн баяжмалыг гэрээний дагуу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл тээвэрлэсэн. Харин богинын зайд тээвэрлэх баяжмалыг уртын зайд шилжүүүлэн тооцох боломжгүй, богинын тээвэр нь "Ажил гүйцэтгэх" гэрээний үйлчлэлд хамаарахгүй юм. Гэтэл анхан шатны шүүх богинын тээврийн уртын тээвэрт тооцон шилжүүлж, гэрээний гол нөхцөлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид хариуцагч "М" ХХК гэрээний дагуу тээвэрлэсэн 7 930.41тн*3.3 ам.доллар 26 170.35 ам.доллар төлөх ёстойгоос дор дурдсан графикийн дагуу 25 683.29 ам.долларыг төлсөн. Тодруулбал, анхан шатны үүрэг үүсэх үеийн ханшаар буюу 2011-2014 онд нэхэмжлэгчид төлчихсөн мөнгийг хожим 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон 25 840 018 төгрөгийг гаргуулж маргааныг шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Төлөгдсөн төлбөрийг бол тухайн төлбөр төлсөн үеийнх нь ханшаар тооцож бодно. Ирээдүйд төлөх төлбөрийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож төлөх ёстой юм. Ийнхүү хариуцагч "М-" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид үүрэг гүйцэтгэсэн хугацаанд. үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар нь тооцож хөлсийг нь олгосон өр төлбөргүй болио. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01012 дугаар шийдвэрийн хариуцагч "М-" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй" болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Н.Г- нь хариуцагч “М-” ХХК болон “Ф-” ХХК-д холбогдуулан, 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай, Ажил гүйцэтгэх гэрээний 5.2-т заасан хөлс төлбөрт 87 683 136 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “Ф-” ХХК уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ./1хх 1, 29, 67, 183 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ нь “Ф-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэрэнбалтав, Н.Г- нарын хооронд байгуулагдсан байна. Уг гэрээгээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл 138 км замаар төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх, нөгөө тал нь харилцан хөлс төлөхөөр тохиролцсоныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу болжээ. /7-11 дүгээр тал/ Учир нь талууд ямар нэгэн ажлын үр дүн бий болгох, бүтээх агуулгатай биш, тээврийн хэрэгслээр ачааг тээвэрлэх үүрэг хүлээсэн гэрээ байгуулсан байх учраас Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулжээ.

 

            Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдоогүй байна. Иймд хариуцагч “Ф-” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцжээ.

 

            Дээрх гэрээнд “Ф-” ХХК-ийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тэмдэг дарсан байх боловч хариуцагч “Ф-” ХХК нь “М-” ХХК-ийн хүсэлтийн дагуу, өөртөө бус, “М-” ХХК-д эрх зүйн үр дагаврыг үүсгэх зорилгоор уг гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан “Ф-” ХХК болон “М-” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, “М-” ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо, тодорхойлолт баримтууд, “М-” ХХК-аас “Ф-” ХХК-д хүргүүлсэн 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01/173 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, Н.Г-, Б.Оюунцэцэг нарын хаан банк дахь дансны хуулга, “Ф-” ХХК-ийн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/048 дугаартай албан бичиг, “М-” ХХК-ийн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01/79 дугаартай албан бичиг, шуурхай зар сонины 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №51 дугаарт хэвлэгдсэн “М-” ХХК-ийн гэрээ байгуулах саналын дуудлага, “М-” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/00239 дугаартай нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй./1хх 31-32,120,121,191,205-211,213,214, 2хх 112-113,129 дүгээр тал/

 

            Хэрэгт авагдсан “Хас банк” ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн шугамын гэрээ, фидуцийн гэрээ, “М-” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд Б.Цэрэнбалтав нь гүйцэтгэх захирал гэсэн нэрээр гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байх тул хариуцагч “Ф-” ХХК-ийн зүгээс, маргаан бүхий гэрээнд Б.Цэрэнбалтав нь гарын үсэг зурах эрхгүй этгээд байсан гэх тайлбар нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв. /1хх 31-32, 154-164, 171-172 дугаар тал/

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 3.2.1-д “ажил гүйцэтгэгчид гэрээгээр тохиролцсон хөлсийг тохирсон хугацаанд төлөх, 3.2.2-т ажил гүйцэтгэгчийг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай дугуй, сэлбэг, дизель түлшний зардал олгох үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд ажил гүйцэтгэгчид хөлснөөс гадна бусад нэмэлт зардлыг төлөхөөр тохиролцсон гэж үзнэ. Түүнчлэн, талууд гэрээний 5.2-т хөлс, зардал олгохыг хүснэгтээр тодорхой заасан байна./1хх 7-11 дүгээр тал/

 

            Иймд хэрэгт авагдсан хариуцагч “М-” ХХК-ийн нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн баримтууд, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хариуцагч “М-” ХХК-аас шүүхэд баримтаар ирүүлсэн 81-53 УНМ улсын дугаартай автомашины тээвэрлэсэн ачилтын мэдээллээр нэхэмжлэгч нь дээрх гэрээний 1.6-д заасан нөхцөлөөр буюу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Элстэйн уурхайгаас Ханги боомт хүртэл 138 км замаар нийт 8 189.49 тонн төмрийн хүдрийн баяжмалыг тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. /1хх-68-71, 74, 79 дүгээр тал, 2хх-129 дүгээр тал/

 

            Түүнчлэн, маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал болох “М-” ХХК нь тээврийн маршрутыг өөрчилж, богино зайд буюу Монгол Улсын хилийн боомтоос БНХАУ-ын хилийн боомт хүртэл баяжмалыг тээвэрлүүлэхээр гэрээний 1.6-д заасан нөхцөлийг өөрчлөхөөр санал гаргасныг гүйцэтгэгч тал болох Н.Г- Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар бодит үйлдлээр хүлээн зөвшөөрч, 14 км-ийн урт зайд 18.882,95 тонн төмрийн хүдрийг тээвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, Гаалийн ерөнхий газрын лавлагаа баримтаар тогтоогдож байх ба талууд богино зай /14 км/-д тээвэр хийх ажлын хөлсийг тусгайлан тохиролцоогүй буюу гэрээний хариу төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулаагүй байх тул хариуцагч “М-” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 5.2-т заасан хөлсийг төлөх үүрэгтэй гэж шүүхээс дүгнэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн Ханги боомт хүртэлх 138 км замд тээвэрлэсэн ажлын гүйцэтгэлийг нэгжид, мөн богинын зай болох 14 км зайд 18 882,95 тонн баяжмал тээвэрлэсэн ажлын гүйцэтгэлийн хэмжих нэгжийг 138 км зайд тээвэрлэсэн ажлын гүйцэтгэлийг хэмжих нэгж рүү тус тус шилжүүлж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6-д зааснаар нийт 10 106,54 тонн баяжмалыг гэрээний дагуу тээвэрлэсэн гэж үзэж, гэрээний дагуу төлөх хариу төлбөрийг ам.доллараар тохиролцсон учраас ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар анх нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцсон нь зөв. “М-” ХХК-ийн гүйцэтгэх ёстой хариу төлбөрийн нийт хэмжээ 61 746 633 төгрөгөөс нэхэмжлэгчийн хөлсөндөө “М-” ХХК-аас авсан гэх 35 906 615 төгрөгийг хасч 25 840 018 төгрөгийг хариуцагч “М-” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Н.Г-од олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч “М-” ХХК-ийн төмөрийн хүдрийн баяжмалыг нэхэмжлэгч тээвэрлэсэн болохыг үгүйсгэсэн тайлбар, баримтыг гаргаагүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01012 дугаар “343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “359 дүгээр зүйлийн 359.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “М-” ХХК-ийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ 

 

                                   ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

 

                                              С.ЭНХТӨР