| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/08041/И |
| Дугаар | 101/ШШ2023/01985 |
| Огноо | 2023-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2023/01985
2023 04 19 101/ШШ2023/01985
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ХЛ****** регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо *** байрны 5 тоотод оршин суух Н.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн СЭ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо *** тоотод оршин суух А.М-д холбогдох,
155,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Б миний өмчлөлийн Б дүүрэг, ** дугаар хороо, Н хотхон *** дүгээр байрны ** тоот ажлын байр, мөн тус байрны ** тоот 2 өрөө орон сууцыг А.М нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 155,000,000 төгрөгөөр худалдан борлуулж өгнө гэж хууран өмчлөх эрхийг итгэмжлэлийн дагуу нэг ч төгрөг төлөлгүйгээр өөртөө шилжүүлэн авсан. А.М нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр миний охин А-тай харилцан тохиролцож 2019.05.28-ны өдөр 20,000,000 төгрөгийг Т.А-ийн коллеж, байрны төлбөрт, 2019.06.03-ны өдөр 10,000,000 төгрөг төлөх, 100,000,000 төгрөгөөр 2 өрөө оро нсууц худалдан авч өгөх, үлдэгдэл төлбөрийг Б миний дансанд шилжүүлэхээр тохиролцож бичгээр тохиролцсон боловч энэхүү амлалтандаа өнөөдрийг хүртэл хүрээгүй байна. Иймд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ба гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Б дүүргийн Прокурорын *** тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор А.М нь залилах гэмт хэрэг үйлдсэн тогтоогдохгүй, энэхүү үйлдэл нь иргэд хоорондын эд хөрөнгийн шинжтэй маргаан тул иргэний шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн болно. Иймд А.М-аас иргэн миний өмчлөлд байсан ажлын байр, болон 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсны 155,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримт:
Нэхэмжлэгчээс Б дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1*** дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст Н.Б-ын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гаргасан өргөдөл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай шийдвэр, Т.А-ас Н.Б-т олгосон 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэл, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Нийслэлийн Б дүүргийн Прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоолыг,
Шүүхийн журмаар Б дүүрэг, * дугаар хороо, Н хотхон ***** гудамж *** дүгээр байрны ** тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн уг хаягийн 10 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хариуцагч А.Мд нэхэмжлэлийн хувийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гардуулж, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч буй эсэх талаар хариу тайлбар өгөөгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Б дүүрэг,** дугаар хороо, Н хотхон *** дүгээр байрны ** тоот ажлын байр, мөн тус байрны 28 тоот 2 өрөө орон сууцыг А.М нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 155,000,000 төгрөгөөр худалдан борлуулж өгнө гэж өмчлөлдөө шилжүүлэн авч, үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан боловч мөнгийг өгөөгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 155,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Зохигч талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэг талаас худалдагч Н.Б нь Б дүүрэг, * дугаар хороо, Н хотхон ***** гудамж *** дүгээр байрны ** тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч А.М нь орон сууцны үнэнд 30,000,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 10 дахь талд/
Мөн хэрэгт авагдсан баримтаар Б дүүрэг, ** дугаар хороо, Н хотхон **** гудамж **** дүгээр байрны *** тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анх 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэн Н.Б, Т.А нарын өмчлөлд бүртгэгдэж, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр А.Мгийн өмчлөлд бүртгэгдсэн, Б дүүрэг, ** дугаар хороо, Н хотхон , ******** гудамж **** дүгээр байрны *** тоот хаягт байрлах орон сууцын өмчлөх эрх анх 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэн Н.Б, Т.А нарын өмчлөлд бүртгэгдэж, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр А.Мгийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 40-41 дэх талд/
Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зорицуулсан.
Худалдах худалдан авах гэрээний гол тохирлцоо нь худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлөх, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг худалдан авсан үнийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн бөгөөд хариуцагч нь уг шаардлагыг гардан авсан боловч татгалзаж буй талаар ямар нэгэн тайлбар, баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийг хариуцагчаас 155,000,000 төгрөгийг шаардах эхтэй гэж дүгнэсэн.
Тодруулбал, хэрэгт авагдсан Нийслэлийн Б дүүргийн Прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоолоор А.Мд холбогдох хэрэг бүртгэлтийн ********** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хаасан байх ба уг тогтоолын олсон нь хэсэгт гэрч А.М мэдүүлэхдээ ... 2017 оын 10 сард манай төрсөн эгч А.Т болон түүний төрсөн охин Т.А нар маань өөрсдийн өмчлөлийн Б дүүрэг, ** дугаар хороо, Н хотхон *** дүгээр байрны *** тоот ажлын байр, мөн тус байрны ** тоот 2 өрөө байрыг ... манай уг байрнууд нь жижиг, өвлийн цагт утаатай бүсэд байна тиймээс зараад Зайсан орчимд шинэ байх авмаар байна гэж ярилцаж байсан ингээд би дээрх 2 байрыг манай эгч чи өөрийнхөө компаниараа дамжуулаад үнэлээд авчих, эгч нь харин нэг байр сонгоод үзээдхье харин зөрүү гарвал эгч нь үлдэгдэл мөнгийг танай компанид төлөөд дуусгая гэж хэлэхээр нь би бодож үзэхээр болж ... 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нотариатын газар очиж тус байрны эзэмшигч болох Б өвөө А надтай худалдах худалдан авах гэрээ хийж 2 байраа нийтэд нь 140 сая төгрөгөөр тооцож надад шилжүүлж өгсөн. Харин би 2017 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ байрыг нь 202,400,000 төгрөгөөр худалдан авсан ба түүнийгээ Т эгчид өгсөн ... гэж мэдүүлсэн нь тогтоогдсон. /х.х-ийн 11-12 дахь талд/
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч А.М нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үнэ төлөх үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн зохицуулалтад хамаарах бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.
Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор хуульд зохицуулсан.
Шүүх хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0*** дугаартай шийдвэр, Нийслэлийн Б дүүргийн Прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч А.Мгаас 155,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бт олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 932,950 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А.Мгийн гараар бичсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Мгаас 155,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 932,950 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ