2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/217

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Б.Өлзийжаргал,

Хохирогч Б.И***,

Шүүгдэгч А.А*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.А***-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Ховд аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо *** хотхоны *** байр *** тоотод орших суух хаягтай, урьд эдэлсэн ял шийтгэлгүй,

*** овогт ***н А*** /РД:***/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А*** нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул үргийн 15 дугаар хороо *** *** хотхоны А блок байрны автомашины зогсоол дотор маргаан үүсгэж Б.И***ы нүүр хэсэгт цохих үйлдлээр хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч А.А***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....цохих үйлдэл хийгээгүй...эхний цохилт нь миний мөрийг оносон хажууд зогсож байсан машин рүү түлхсэн...тухайн үед хэрхэн цохисноо санахгүй байна. Хамраас нь цус гарсан байдалтай байсан, санаатай үйлдэл биш...миний буруу...уучлал хүсэж байна....” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...хохирогч Б.И***ыг санаатайгаар цохиж гэмтэл учруулаагүй. Хоорондоо маргалдаж байх явцад хоёр удаа нүүр болон мөр хэсэгт гараараа цохисон учраас би өөрийгөө хамгаалах арга хэмжээ зайлшгүй авахаас өөр аргагүй болсон.

Би 2023 оны 12 дугаар сарын сүүлээр *** *** улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслээ ***ад өөрийн гэр болох *** *** хотхон руу явах замд буюу Хоум плазагаас *** хотхоны урдуур хотхон руугаа эргэх гээд зүүн тал руу дохио өгөөд зам дээр зогсож байсан. Гэтэл араас Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл нэлээн хурдтай ирж байсан ба хурдаа сааруулаад явахаар нь эргэх гээд байж байтал миний машины харалдаа зэрэгцэж зогсоод, цонхоо буулгаад хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тухайн үед тэр залуу "Дүрмээрээ яваач” гэх утгатай зүйл орилж хэлээд миний урд гараад зам тавьж өгөхгүй намайг хашсан. Тэгээд би *** *** хотхон руу эргээд А блок байрны грашны үүдэнд зогстол надтай маргалдсан гэх Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл араас дагаад хүрээд ирсэн. Тухайн машины жолооч залуу машинаасаа бууж ирээд миний машины хажууд зогсоод "Пизда” гэх мэт үгээр хараагаад хэрүүл үүсгэж эхэлсэн. Тухайн үед би *** *** хотхоны байрандаа засвар хийх гэж байсан тул барилгын засал чимэглэл хийдэг сайн танихгүй залуу болон араасаа Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр барилгын материал ачуулаад дагуулаад явж байсан. Тэгээд хийх ажил ихтэй байсан тул тэр залууг орхиод граш руугаа орсон боловч араас дагаад машинтайгаа дахиад ороод ирсэн. Би дагаад ороод ирэхээр нь хэрүүл маргаан үргэлжлүүлээд үүсгээд яах вэ дээ гэж бодоод грашны булан руу машинтайгаа явсан. Тэгтэл Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч араас дагаж ирээд машины цонхоор гараа оруулаад толгой руу цохихыг оролдсон. Би толгойгоо холдуулсан ба шууд хий цохиод миний баруун мөрний орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний биед халдсан учир машиндаа суугаад байвал цохиулах юм байна гэж бодоод хаалгаа онгойлгоод буусан ба бууж байх явцад гараараа миний эрүү хавьцаа нэг удаа цохисон. Тэгээд буугаад би тэр залуугийн хоёр гарыг нь хөдөлгөхгүй болгох гээд биеэр нь гарыг нь хумьж тэврээд хажууд зогсож байсан машин руу түлхээд өөрөөсөө холдуулсан. Тэгж тэврэлдэж байх явцдаа хоорондоо ноцолдсон ба нэг хартал хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би тухайн хүнтэй ноцолдож байх явцад санамсаргүй байдлаар гар, цээж, эсхүл толгойгоороо нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан байж магадгүй гэж бодож байна...би өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дэх тал),

2. Хохирогч Б.И***ы шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдолтой байна...нэхэмжлэх зүйлгүй...сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *** *** хотхоны ертөнцийн зүгээр ард талын автомашины зам дээр 21 цаг 30 минутын үед би *** хотхонд байрлах найзын гэр лүү орох гээд зүүнээс баруун чиглэлтэй өөрийн "тоёота приус 30” маркийн "***” улсын дугаартай, цагаан өнгийн автомашинтай, найз У***гийн хамт тус хотхоны ард байрлах соёмботой хөшөөгөөр эргэх гэж байтал 2 дугаар эгнээнээс дүрэм зөрчиж миний урдуур "тоёота кровн” маркийн хар өнгийн, “******” улсын дугаартай автомашин дайрч орж ирэхээр нь би сигналаа дартал, тухайн автомашин цонхоо онгойлгоод, гараараа салаавч над руу гаргаад, орилоод байсан ба би тухайн үедээ юу хэлж байгааг нь сонсож чадаагүй. Би *** хотхоны А блок байрны В1 давхрын зогсоол руу орох гэж байтал над руу салаавч гаргасан автомашины жолооч нь бас тухайн зогсоол руу орж таараад автомашины зогсоолын үүд рүү орохоос нь өмнө би автомашинаасаа буугаад тус жолоочид хандаад “чи ингэж болохгүй ш дээ” гэж хэлээд машиндаа суутал автомашин дотроос хоёр залуу бууж ирээд бараан өнгийн куртиктэй, арай өндөрдүү, автомашин жолоодож байсан залуу нь миний хаалгыг онгойлгоод намайг жолооны ард сууж байхад үсдээд, хоёр удаа дараалуулж миний баруун гарын булчин хэсэг рүү өшиглөөд яваад өгөхөөр нь би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүйгээр зогсоол руу ороод автомашинаа 52 дугаартай зогсоолд машинаа тавиад машинаасаа буутал надтай маргалдсан гэх хоёр залуу автомашинаа байрлуулаад бууж таарсан. Би найз У***гийн хамт очоод тухайн хоёр залууд хандаад “яаж байгаа юм бэ, би цагдаа дуудсан” гэж хэлтэл тэр залуу “тэр цагдаагаа дууд” гэж хэлээд өндөр, жолоо барьж байсан залуу нь миний баруун гуя хэсэг рүү нэг удаа өшиглөөд, цээж рүү хоёр цохихоор нь би цохиулахгүй гээд хоёр гараараа тэвэрч автал, намайг түлхэхээр нь би тонгойтол миний хамар хэсэг рүү нэг удаа цохиод автал миний хамраас цус гарахаар нь би “чи болио миний хамар хугарчихлаа” гэж хэлээд цагдаа дуудсан... би гомдолтой байна, би өөрийн биед учирсан хохирол болон бусад хохирлыг төлж барагдуулж, хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

3. Гэрч Б.Б***ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо *** ***ы байранд замаскийн засал хийхээр үл таних залуутай тохиролцсон. Тэгээд тэр залуутай Их Монгол гэх газар уулзаад тавилга ачаал хар өнгийн Кроун маркийн тээврийн хэрэгсэлд суугаад хөдөлсөн. Бид хоёрын сууж явсан машины араас портер дагаж байсан ба тухайн портер дээр тавилгаа ачаад *** *** хотхон руу хөдөлсөн. Тэгээд Соёмботой уулзвараар тойроод буцаж эргэх гэтэл цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл урд талд эргэхгүй гэнэт зогсоод хөдлөхгүй байсан. Тэгээд надтай хамт явж байсан залуу дуут дохио өгөөд цонхоо буулгаад “ийшээ эргэх гэж байна, “хурдан яваач” гэж хэлсэн. Гэтэл Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу юу гэж хэлснийг нь сонсоогүй ч хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгээд хэрүүл маргаанаа болиод миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч цонхоо хаагаад *** *** хотхон руу хөдөлсөн. Тэнд очоод харуулын хэсэгт зогстол араас Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй хэрүүл маргаан үүсгэсэн залуу дагаад хүрээд ирсэн. Тэгээд машинаасаа бууж ирээд миний сууж байсан машины цонхон дээр дахин хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Харуулын хэсэгт надтай хамт явж байсан залуу машинаасаа огт буугаагүй ба цонхоо онгойлгоод л хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд граш руу портероо дагуулаад ортол мөн адил нөгөө хэрүүл маргаан үүсгээд байсан залуу дагаад ороод ирсэн. Тус граш дотор дахиж хэрэлдэж эхэлсэн ба надтай хамт явж байсан залуу “чи яваад өгөөч, би ажилтай байна” гэж хэлсэн. Тэгээд араас орж ирсэн залуу явахгүй үргэлжлүүлж хэрэлдээд байхаар нь надтай хамт явж байсан залуу буугаад хоорондоо дахин хэрэлдэж эхэлсэн. Тухайн үед араас дагаж ирсэн залуу нэг эмэгтэйтэй хамт явж байсан ба тэр эмэгтэй намайг машинд сууж байтал ирээд над дээр ирээд намайг загнаад байсан. Тэгэхээр нь би “би энэ хүнийг танихгүй, ажил хийх гэж хамт явж байгаа юм” гэж хэлээд машинаасаа буугаад тамхи татсан. Тэр хооронд цаана хэрэлдэж байсан хоёр залуугийн нэгнийх нь хамраас цус гарсан байдалтай хүрээд ирсэн. Тухайн үед араас дагаж ирсэн хамраас нь цус гарсан залуу цагдаа дуудах шиг болсон. Тэгээд Кроун маркийн тээврийн хэрэгслийн жолооч буюу надтай хамт явж байсан эрэгтэй “чи намайг эхэлж цохисон шүү, тэгэхээр нь би чамайг зөрүүлээд рефлексээрээ хариу цохисон шүү” гэж хэлсэн. Гэтэл хамраас нь цус гарч байсан залуу “Тэглээ гээд чи цус гартал нь цохидог юм уу” гэх мэтээр хэрэлдсэн. Тэгээд би хамт явж байсан залуудаа хандаж “би яарч байна, юмаа зөөж оруулаад ажлаа хурдан хийж дуусгая” гэж хэлээд тэр хүмүүсээс салсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-25 дахь тал),

4. Гэрч Д.У***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би найз Б.И***ы хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***т *** хотхон руу дүүгийнхээ гэр рүү хүүхдээ авах гээд явж байсан. Тухайн үед *** туан хотхон руу эргэж ордог хойд талын зам дээр *** *** улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн жолооч залуу зөрж өнгөрөхдөө цонхоо онгойлгоод хэрүүл маргааны шинжтэй үг хэлэх шиг болсон. Цонх хаалттай байсан болохоор яг юу гэж хэлснийг мэдэхгүй ч цонхоороо “Дунд хуруу” гаргасан. Тэгээд *** *** хотхон руу орсон чинь грашын үүдэнд урд талд *** *** улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Бид хоёр граш руу орох гээд хойно нь очсон ба тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан залуу  машинаасаа бууж ирээд Б.И***ы талын хаалгыг онгойлгоод хөл рүү нь 5-6 орчим удаа өшиглөөд машин руугаа буцаж суугаад граш руу тээврийн хэрэгсэлтэйгээ орсон. Тэгээд Б.И*** бид хоёр граш руу тээврийн хэрэгслээ байрлуулах гээд орсон ба Б.И***ы биед халдсан жолооч залуу араас нь дагаж орж байна гэж буруу ойлгоод И***д хандаж "Чи яах гээд байгаа юм бэ? Ална шүү” гэх мэтээр заналхийлсэн. Тэгэхээр нь И*** машинаасаа буугаад тухайн залуу руу очсон ба "Чи яах гээд байгаа юм бэ?” гэж асуутал *** *** улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан залуу машинаасаа бууж ирээд хамар болон нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд Б.И***ыг хартал хамраас нь цус урссан байдалтай, нүүрээ гараараа дараад зогсож байсан. Тэгээд Цагдаагийн байгууллага дуудаж дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

5. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1023 дугаартай “...1/ Б.И***ы биед амар ясны хугарал, зүүн сарвуунд таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/ Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-36 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 62-65 дахь тал ) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс “...өөрийгөө хамгаалж, зайлшгүй арга хэмжээ авсан...” гэж маргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А*** нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.А*** нь хохирогч Б.И*** нар нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул үргийн 15 дугаар хороо *** *** хотхоны А блок байрны автомашины зогсоолд харилцан маргаан үүсгэж нүүр хэсэгт цохих үйлдлээр хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.И***ы мэдүүлэг, гэрч Б.Б***, Д.У*** нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 1023 дугаартай дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

Тодруулбал, шүүгдэгч А.А*** нь хэргийн үйл баримтын талаар “...өөрийгөө хамгаалж, зайлшгүй арга хэмжээ авсан...юу болсныг санахгүй байна...” гэж маргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б***ы гэрчээр өгсөн “...тэр хооронд цаана хэрэлдэж байсан хоёр залуугийн нэгнийх нь хамраас цус гарсан байдалтай хүрээд ирсэн... “чи намайг эхэлж цохисон шүү, тэгэхээр нь би чамайг зөрүүлээд рефлексээрээ хариу цохисон шүү...” гэсэн мэдүүлэг /хх22-25/, гэрч Д.У***гийн өгсөн “...хамар болон нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх26-27/, шинжээчийн 1023 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч А.А*** нь хохирогч Б.И***ы нүүр болон хамрыг цохисны улмаас гэмтэл учруулсан, хэргийн үйл баримтыг сэргээхэд хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан.

Эрх зүйн дүгнэлт.

НҮБ-ын 1948 оны “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр...эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч А.А*** нь хохирогч Б.И***ы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч А.А***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин өөрийгөө хамгаалж, зайлшгүй арга хэмжээ буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь аргагүй хамгаалалт хийсний үр дүнд хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан гэсэн агуулгатай маргасныг шүүх хүлээн авах боломжгүй.

Тухайлбал, Эрүүгийн хуульд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын талаарх ойлголтыг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага довтлогоо эхэлсэн, эсхүл эхлэх нь тодорхой болсон байх шалгууртай ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогч нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан доромжлох, хохирогчийн довтолгоо эхэлж дууссан байхад биед нь халдсаныг аргагүй хамгаалалтад тооцохгүй.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.И***ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр “би гомдолтой байна, би өөрийн биед учирсан хохирол болон бусад хохирлыг төлж барагдуулж, хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна...” гэдгээ илэрхийлсэн (хавтаст хэргийн 19 дэх тал),

Хохирогч Б.И***ы зүгээс эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй ба харин сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх тухайгаа илэрхийлсэн байна.

Хавтаст хэргийн 43 дахь талд “...хохирсон Болд овогтой И***ы сэтгэцэд учирсан хор уршгийн 2 /хоёр/ дугаар зэрэглэлийг тогтоов...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн...мөрдөгч Х.Хонгорзул...” гэж авагдсан ба мөрдөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох эрхийг хуулиар олгоогүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д зааснаар шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлтэй адилтган үзэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”-д хэрэг хамаарч байна.

Иймд гэмт хэргийн улмаас хохирогч Б.И***ы сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгч А.Амендыхээс гаргуулах боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогч эрүүл мэндтэй холбоотой баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.А*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч А.А***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 тус тус зааснаар бусдад төлөх төлбөргүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдох зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт баримтлан 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох, түүнийг 3 сарын хугацаанд биелүүлэх...” гэсэн санал,

Хохирогч Б.И***ы өгсөн ...гомдолтой байна...” гэсэн тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч А.А***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан А.А***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал, шүүгдэгчийг хохирол төлөгдсөн гэж үзэхгүй бөгөөд түүний хувьд гэм буруу дээр маргасныг хүндрүүлэн авч үзэхгүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хувийн байдал”-ыг илэрхийлнэ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.А*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч А.А***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч *** овогт ***н А***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.А***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,350,000 төгрөгийн торгох ялыг 3 ( гурван ) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.А*** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.А***т сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.И*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР