| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/06266/И |
| Дугаар | 101/ШШ2023/02251 |
| Огноо | 2023-05-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/02251
2023 05 05 101/ШШ2023/02251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ОЭ******* регистрийн дугаартай, Д аймгийн *** дугаар байрны *** тоотод оршин суух Г.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, 4 давхарт оршин байх Д О У Б-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж холбогдох бичилтийг хийлгүүлэх, 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн ********* дугаартай сануулах тухай захирлын тушаалыг хүчингүй болгуулах, давхар орон тооны ажил хийж байсан нэмэгдэл цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие харагчууд овгийн Г.С нь Д З О У Бт нийтдээ 16 жил ажилласан бөгөөд төслийн зохицуулагчаас эхлээд төслийн менежер хүртэлх албан тушаалтай ажиллаж байсан болно. Энэ хугацаанд дунд нь ганц нэг завсардаж байсан. Ингээд 2020 оны 06 сарын 02 өдрөөс ажилд орсон. Би 2021 оны 08 сарын 9-нд бүтцийн өөрчлөлтийн мэдэгдэл авч шалгалт өгөөд тус албан тушаалд тэнцсэн ба надтай 2023 оны 9 сарын 30-г дуустал үндсэн ажилтны орон тоонд хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Миний бие тус байгууллагад ажиллаж байх 16 жилийн хугацаандаа ажилдаа идэвх зүтгэл, санаачилгатай байхыг эрмэлзэж ирсэн ба энэ хугацаанд Залуучуудын холбооны хөдөлмөрийн алдар тэмдэг, Д аймгийн Найрамдлын тэмдэг зэргээр хөдөлмөрөө үнэлүүлж байсан. Гэтэл 2022 оны 8 дугаар сарын 12-нд Дд хүний нөөцийн ажилтан Б. Н болон бүсийн удирдах ажилтан Б.Ц нар биечлэн ирж бүтцийн өөрчлөлт хийж, цомхотгол хийх, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн ба тухайн мэдэгдэлдээ Д З М О У Б-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилт эдгээр жилүүдэд тогтмол их хэмжээгээр эрс буурч байгаатай холбоотойгоор орон тоог цөөрүүлэх шаардлага гарч байна.Иймээс Д З М О У Б-ын энэхүү нөхцөл байдлыг нарийвчлан авч үзээд Д дахь хүүхдэд ээлтэй орон нутаг төсөлд Төслийн хэрэгжилт, мэдээлэл харилцааны зохицуулагч албан тушаалын орон тоог цөөрүүлж байгаа гэх утга бүхий мэдэгдлийг өгсөн бөгөөд цомхотгох тушаал уншиж өгөхөд нь би тухайн үед үндсэн ажилтанд яагаад өгч байгаа вэ? Үнэхээр цомхотгол юм бол хуулийн дагуу түр орон тоонд байгаа хүнд цомхотгох захидлаа өгөх ёстой биз дээ гэж хэлсэн. Надтай цуг 1 зохицуулагч ажилладаг ба түүний нэр Огэдэг бөгөөд түүний хөдөлмөрийн гэрээ түр буюу декриттэй байгаа хүний оронд гэсэн гэрээ хийсэн байсан. Хүний Нөөцийн ажилтан Н нь О-д бас өгнөө гэсэн хариулт өгсөн ба өөр юу ч хэлээгүй. Гэтэл бодит байдал дээр хөдөлмөрийн гэрээ түр хийсэн О-тай хөдөлмөрийн гэрээгээ үндсэн ажилтны гэрээ хийсэн байсан. Ийм шударга бус байдал гаргасанд миний бие туйлаас гомдож байна.
Ингээд 2022 оны 9 сарын 23-ны өдөр ******** дугаар бүхий тушаалыг гардаж авсан ба тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 д заасныг үндэслэл болгосон буюу ....аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн....гэх үндэслэлээр заасан байна. Надтай Хөдөлмөрийн гэрээгээ цуцалж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Д З-ын М У-ын Д хүүхдийн төлөөх орон нутаг төслийн санхүүжилт нь 2022 онд огт буураагүй гэдгийг дотор нь ажиллаж байгаа төслийн зохицуулагчийн хувьд сайн мэдэж байна. Учир нь төслийн төсөв нь интернэтэд байдаг Horizon системд ил тод тавигдсан байдаг ба ба энэхүү системээс санхүүжилт буураагүй хандивлагч оронтойгоо зөвшилцсөн төсвөөрөө үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг харж болно. 2023 оны санхүүжилт буураагүй ба одоо 2022 оны 9 сарын 30-ны өдрөөр 2022 оны санхүүгийн жил дуусахад 2022 оны 10 сарын 1-ээс 2023 оны санхүүгийн жил нь эхэлдэг ба энэ нь урьдчилаад төлөвлөөд ирсэн байдаг. Энд төлөвлөснөөр Ды санхүүжилт буураагүй байдаг. Гэтэл ажилчдаа санхүүжилт буурч байна гэх үндэслэлээр халж байгаа нь үнэнд нийцэхгүй, шударга бус байна.
Хоёр. Би 16 жил Д З О У Бд ажиллаж байх энэ хугацаандаа сахилгын ямарваа нэгэн асуудалд орж байгаагүй бөгөөд хамт олонтойгоо эвтэй найртай ажиллаж ирсэн. Миний аливаа дутагдлыг ил тод хэлдэг зан минь зарим нэгэнд таалагдахгүй үе байдаг.
2022 оны 1 сарын 19 ний өдөр ажлаа хийж байсан чинь 12 цагт Хүний Нөөцийн захирал С болон чанарын захирал Б. М нар зүүмээр орж ирж сануулах арга хэмжээ авч, тушаал гарч байгааг хэлсэн.Би юуны тухай хэнээс хаанаас ямар гомдол миний нэр дээр ирсэн болохыг тодруулахад С захирал ажилтны нууц тул хэлэх боломжгүй гэж хариулсан. Би хэнээс ямар гомдол гарч байгааг ил тод мэдэх хүсэлтэй байгаагаа болон түүнд хариу тайлбар гаргаж байж зарчмын хувьд шударга болно хэмээн хэлсээр байтал битүү хатуугаар зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргаж сануулах тушаал үйлдэж,сануулах арга хэмжээ авсан. Миний хувьд таамаглахдаа 2022 оны 1р сарын 8-нд С Д З-н ажилтан Б, Т нартай хувийн харилцаанаас болж ёс зүйтэй хүн чанартай байх талаар хэдэн өгүүлбэр хэлснээс өөр алдаа гаргаж байгаагүй. Хэрвээ тэдний зүгээс ирсэн гомдол мөн бол би хүлээн зөвшөөрөхгүй энэ бол хувь хүмүүсийн хоорондын асуудал байсан, би ажилдаа алдаа гаргаагүй, хүнийг бүдүүлэг үг хэлээр доромжлоогүй тул энэ сануулгыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. гэвч Хүний Нөөцийн захирал С энэ бол захирлын тушаал учраас энэ сануулгыг өгч байна гэж хариулсан. Ийм учир битүүлэг, шударга бус хууль зөрчсөн сануулгыг би хүлээн зөвшөөрөхгүй ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар "Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан... хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэсэн заалтыг зөрчсөн" ажилтны зүгээс авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэх боломжийг олгоогүй, тушаалд дурдагдсан сануулах захидлыг танилцуулаагүй нь хууль ёсны ашиг сонирхол, нэр хүндэд хүндэтгэлтэй хандаагүй, илт басамжилсан хэлбэрээр хандсанд гомдолтой байна.
Мөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний "6 дугаар зүйл. Гэрээг дуусгавар болгох, цуцлах" хэсгийн 6.3.2 Албан үүргээ гүйцэтгэх явцад ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан; 6.3.11 Бие махбод, сэтгэл санааны хувьд хүчирхийлэл, дарамт учруулсан, цохисон, зодсон, биед халдсан, зохисгүй бүдүүлэг үг хэлээр дайрсан доромжилсон захиран зандарсан, заналхийлсэн гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь цаашид хүмүүнлэгийн салбарт ажиллаж, амьдрах чин хүсэлтэй хүний хувьд дээрх захирлуудын хэлснээр ичмээр үйлдэл, энэ асуудал нь зөрчлийн тухай хууль эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох тул энэ асуудлыг нэг талын мэдээллээр талын мэдээллээр биш баримт нотолгоотой, ул суурьтай шийдвэрлүүлж сануулгыг эргүүлэн татаж хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.
Иймд миний бие Д З М О У Б-ын Үндэсний захирлын 2022 оны 01 сарын 19-ний өдрийн ***** дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан болно.
Гурав. Мөн миний бие нь 2017 онд ДЗОУБ-н Хойд бүсийн оффист ажиллаж байсан ба 2017 оны 2 сарын 2 ноос эхлэн 10 сарыг дуустал давхар 8 сар Д Орон нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн Ажилтны үүргийг давхар гүйцэтгэж Хүүхэд Хөгжлийн Ордны барилгын ажлыг болон тохижилтыг ганцаараа хийж ирсэн. Тус ажлыг хийж байсан ажилтан Э С нь жирэмсний амралтаа авах болсон тул надад энэ үүргийг давхар хариуцуулж албан тушаалын нэмэгдэл гэсэн гэрээ хийж 188,400 төгрөгийг 2 сарын турш өгсөн. Энэ нь мөн давхар албан тушаал хашсаны 40% -н нэмэгдэл гэсэн хуулийг зөрчсөн ба 2 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал ажиллахад 2 хон сар өгсөн болно. Мөн 2017 оны 9 сараас эхлэн Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөр шинээр нээгдэж ажилтангүй байсан тул С тэтгэх хөтөлбөрийн ажилтны ажил үүргийг давхар хийж төслийн эхний 500 хүүхэд сонгож, системд бүртгэн, захидал харилцаа хяналт гээд бүх ажлыг 2018 оны 5 сарыг дуустал бүтэн 8 сар давхар ажил хийсэн ч нэг ч төгрөгийн нэмэгдэл аваагүй. 2020 оны 06 сарын 02-нд Д Хүүхдийн Төлөөх орон нутаг төсөл дээр надаас гадна Б гэж эмэгтэй хамт орсон ба удалгүй 6 сарын сүүлээр ажлаасаа гарсан ба дараагийн ажилтныг 10 сарын 1-нд авсан ба тэр хүртэл 3 сарын турш мөн л ганцаараа давхар ажил хийсэн ч мөн нэмэгдэл цалин олгоогүй. Давхар ажиллаж байсан хугацааны мөнгийг дараа бодож өгнө гэдэг байсан тул би тухайн үедээ нэмэгдэл цалингаа дараа бодуулна хэмээн бодож байсаар өдий хүрсэн. Хэрвээ миний бие ажилдаа муу байсан бол энэ бүх давхар ажлыг надад хариуцуулахгүй байсан бөгөөд энэ нь шударга бус тушаал гарсныг нотолж байна хэмээн миний зүгээс үзэж байна. Иймд давхар ажил хашиж байсныгаа нөхөн гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд хянагдаж буй Г.С-ын нэхэмжлэлтэй, Д З О У Б-ын холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, Д З М О У Б-ын үндэсний захирлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ****** дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, давхар орон тооны ажил хашиж байсан нэмэгдэл цалинг нөхөн гаргуулах иргэний хэрэг дэх нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
Г.С нь хамт олны эерэг уур амьсгалыг эвдэж, бусадтай зохимжгүй, ёс зүйгүй харилцсан тул холбогдох гомдол мэдээлэлд үндэслэн Үндэсний захирал 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Ажилтан нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам /хүний нөөцийн Үндэсний захирал зохих шийдвэрээ гаргасан. бодлого/, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Үндэсний захирал зохих шийдвэрээ гаргасан. Үүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн өдрөөс хойш эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй" 154.2.1-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор", 154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан хугацааг хэтрүүлэн гомдол, нэхэмжлэлээ гаргасан тул эхний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Д З О У Б-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр санхүүжиж хөгжиж буй улс орнуудад хүмүүнлэгийн, хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 1995 оноос хойш тогтвортой, үр дүнтэй ажилласаар байна. Байгууллага нь тухайн жилийн төлөвлөгдсөн санхүүжилт, төсөвт багтаан хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилт тогтмол буурч байгаа тул хөтөлбөрүүд маань цөөрч, үйл ажиллагаа хумигдаж байгаа. Цагтаа улсын хэмжээнд 1000 гаруй ажилтантай байсан манай байгууллага өнөөдрийн байдлаар 200 гаруйхан болтлоо орон тоо цөөрсөн. Үүний нэг нь Г.С бөгөөд байгууллагын зүгээс хуулийн хүрээнд зайлшгүй цомхотгол хийсэн болохыг чухалчлан дурдаж байна.
2023 оны санхүүгийн жилийн бүтцээр Д дахь хүүхдэд ээлтэй орон нутаг төслийн санхүүжилт мөн буурсан ба 2 төслийн зохицуулагчтай байсан ажлын байр 1 зохицуулагчтай байхаар төсөв батлагдсан. Үүний дагуу бүтцийн өөрчлөлтөд 2 төслийн зохицуулагчид гэрээ дуусгах мэдэгдэл өгөн сонгон шалгаруулалт явуулан шалгалт, ярилцлагын дүнгээр О илүү байсан тул сонгогдсон билээ. Өмнөх жилүүдэд Г.С нь ч энэхүү зарчмаар ажлын байранд өрсөлдөн, шалгарч хөдөлмөрийн гэрээ сунгагддаг байсан. Гэтэл зөвхөн энэ удаагийн процессыг л хууль бус, шударга гэж үзэж байгаа нь зарчимгүй үйлдэл гэж хариуцагч байгууллагын хувьд дүгнэж байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хүний нөөцийн бодлого, батлагдсан цалингийн шатлалын хүрээнд ажилтны цалинг шударгаар, цаг тухайд нь олгодог. Ямар учраас нэмэгдэл цалин, хөлс нэхэмжилж байгаа нь нэхэмжлэлээс ойлгогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага, дүн, үндэслэл тодорхойгүй байх тул тухайлан тайлбар өгөх боломжгүй байна. Иймд Г.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс Д З О У Б-ын Ү З 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн **** дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Д З М О У Б-ын 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, Д З М О У Б, Г.С нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хандивын гэрээ, Д-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дугаар тогтоол,
Хариуцагчаас Г.С-ын ажлаас гарах үеийн судалгаа, Д З М О У Б-ын Г.Сд өгсөн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, Д З О У Б, Г.С нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Д З М О У Бгын Г.Од өгсөн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, Д З М О У Бга, Г.О нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын хөдөлмөрийн гэрээ, Г.С, Г.О нараас авсан шалгалтын хуудас,
Шүүхийн журмаар гэрчээр В.Ц, Г.О нарыг асуусан тэмдэглэл, мэйл хаягт үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл,
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Д З М О У Бгад холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн ****** дугаартай сануулах тухай захирлын тушаалыг хүчингүй болгуулах, давхар орон тооны ажил хийж байсан нэмэгдэл цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын тухайд:
Ажил олгогч Д З М О У Бга нь нэхэмжлэгч Г.С-ыг Д З М О У Бгын Д Төслийн хэрэгжилт, мэдээлэл харилцааны зохицуулагч албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхаас гадна талууд энэ талаар маргахгүй байна. /х.х-ийн 109-111 дэх талд/
Д З М О У Бгын Үндэсний захирлын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ********* дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Д З М О У Бгын , мэдээлэл харилцааны зохицуулагч албан тушаалтай Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөр дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус тушаалын хуулбар зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 10 дахь талд/
Нэхэмжлэгч нь уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Д дахь Хүүхдийн төлөөх орон нутаг төслийн санхүүжилт буураагүй тул бүтцийн өөрчлөлт хийсэн нь үндэслэлгүй, байнгын орон тоон дээр удаан хугацаагаар тогтвортой ажиллаж байгаагаас гадна англи хэлний мэргэжил туршлагатай ажилтнаа цомхотголд оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч нь ... 2023 оны санхүүгийн жилийн бүтцээр Д дахь хүүхдэд ээлтэй орон нутаг төслийн санхүүжилт буурсан ба 2 төслийн зохицуулагчтай байсан ажлын байр 1 зохицуулагчтай байхаар төсөв батлагдсан. Үүний дагуу бүтцийн өөрчлөлтөд 2 төслийн зохицуулагчид гэрээ дуусгах мэдэгдэл өгөн сонгон шалгаруулалт явуулан шалгалт, ярилцлагын дүнгээр О илүү байсан тул сонгогдож Г.Сд хуульд заасны дагуу энэ талаар мэдэгдэж, 2 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон тул зөвшөөрөхгүй гэж маргасан.
Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан.
Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1 ...-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж зохицуулсан.
Хуульд зааснаар ажил олгогч нь ажилтны орон тоо хасагдсан эсхүл тухайн ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх тохиолдолд түүнд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй юм.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Г.Сд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн байх бөгөөд уг мэдэгдэлд ... санхүүжилт эдгээр жилүүдэд тогтмол их хэмжээгээр, эрс буурч байгаатай холбоотойгоор орон тоог цөөрүүлэх шаардлага гарч байна. Иймээс Д З М О У Бга энэхүү нөхцөл байдлыг нарийвчлан үзээд Д хүүхдэд ээлтэй орон нутаг төсөлд Төслийн хэрэгжилт, мэдээлэл, харилцааны зохицуулагч албан тушаалын орон тоог цөөрүүлж байгаа тул ДЗМОУБ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөр цуцлах болсныг мэдэгдэж байна гэжээ.
Ажил олгогч нь орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох болсон талаараа хуульд заасан журмын дагуу ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.
Гэвч, ажил олгогч Д З М О У Бгын Д дахь төслийн зохицуулагч албан тушаалыг тус төслийн санхүүжилт эрс буурсантай холбоотойгоор цөөрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар Д З М О У Бгын Д дахь төслийн зохицуулагч албан тушаалтай Г.С, Г.О нарт хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар мэдэгдэж, ажил мэргэжлийн ур чадварын шалгалт авч өндөр оноо авсан Г.О тухайн орон тоон ажиллуулж, Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон үйл баримт хэдийгээр тогтоогдож байх боловч энэ баримтаар Д З М О У Бгын Д дахь зохицуулагч албан тушаалын орон тоог цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 108-147 дахь талд/
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь бүтэц орон тоог цөөрүүлсэнтэй холбоотой эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр, уг шийдвэрийн хэрэгжилт зэрэгтэй холбоотой баримтаа гаргаж мэтгэлцээгүй тул дээрх үйл баримтаар хариуцагчийн татгалзлыг үнэн зөв гэж үзэх боломжгүй юм.
Иймд Д З М О У Бгын Д дахь Хүүхдийн төлөөх орон нутаг төслийн зохицуулагч албан тушаалын орон тоог цөөрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагч Д З М О У Бгын Үндэсний захирлын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Т22/09/46 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэх үндэслэлгүй учир нэхэмжлэгч Г.С-ын урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулахаар нэхэмжилсэн.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн **** тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговорыг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зааснаар нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс олговрыг дараах байдлаар тооцов.
Нэхэмжлэгч Г.С 2022 оны 6, 7, 8 дүгээр сарын дундаж цалин хөлс нь 2,313,000 төгрөг байх бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход 7 сар 10 хоног буюу 17,242,360 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
Харин шүүх ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо цөөрсөн үндэслэлээр дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосонтой талуудын хэн аль маргахгүй байх тул нэхэмжлэгчид олговол зохих 17,242,360 төгрөгөөс уг тэтгэмжийг хасаж үлдэх 12,616,360 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Г.Сд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,616,360 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааны дотор нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргасан болно.
2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн ************ дугаартай сануулах тухай захирлын тушаалыг хүчингүй болгуулах, давхар орон тооны ажил хийж байсан нэмэгдэл цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд:
Д З М О У Бгын Үндэсний захирлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн DA22/01/11 дугаартай Сануулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.1 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.2, 6.3.11 дэх хэсэгт заасныг үндэслэн Д З М О У Бгын Д дахь Хүүхдийн төлөөх орон нутаг төсөлд Төслийн хэрэгжилт, мэдээлэл харилцааны зохицуулагч албан тушаалтай Г.С нь өөрийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрт өгөгдсөн эрх мэдлийг давуулан ашиглан бусдад өөрийн үзэл бодлыг тулган, үг хэлээр захиран заналхийлсэн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэнээс бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн сахилгын арга хэмжээ ноогдуулсан дээрх тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаагүй тул уг тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар шүүх тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Мөн нэхэмжлэгч нь 2017 онд ДЗОУБ-н Зохицуулагчаар ажиллаж байсан ба 2017 оны 2 сарын 2 ноос эхлэн 10 сарыг дуустал давхар 8 сар Д Орон нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн ажилтны үүргийг, 2017 оны 9 сараас эхлэн Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөр шинээр нээгдэж ажилтангүй байсан тул Сэлэнгийн Хүүхэд Ивээн тэтгэх хөтөлбөрийн ажилтны ажил үүргийг, 2020 оны 06 сарын 02-нд Д Хүүхдийн Төлөөх орон нутаг төсөл дээр ажиллаж байсан Б 6 сарын сүүлээр ажлаасаа гарсан тул дараагийн ажилтныг 10 сарын 1-нд авах хүртэл 3 сар тус тус давхар ажил, албан тушаал эрхэлж байсан цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч нь 2017, 2020 онуудад давхар ажил, албан тушаал эрхэлж байсантай холбоотой маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ үйлчлэлд хамаарах бөгөөд уг хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.
Гэвч, нэхэмжлэгч нь 2017, 2020 онуудад давхар ажил, албан тушаал эрхэлж байсантай холбоотой цалин хөлсийг гаргуулахаар 2022 оны 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаантай талаарх баримтаа гаргаагүй тул уг шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 216,811 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Солонгыг Д З М О У Бгын Д дахь төслийн хэрэгжилт, мэдээлэл харилцааны зохицуулагч албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Д З М О У Бгаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,616,360 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Сд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.С болон хариуцагч Д З М О У Бгын төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагч Д З М О У Бгад даалгасугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр 154.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.С-ын 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн *********** дугаартай сануулах тухай захирлын тушаалыг хүчингүй болгуулах, давхар орон тооны ажил хийж байсан нэмэгдэл цалин хөлс гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Сд олгож, хариуцагч Д З М О У Бгаас 216,811 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ