2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/157

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Д.Түмэнжаргал,

шүүгдэгч Э.М*** нарыг оролцуулан шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.М***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизм оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

*** овогт ***ын М*** (РД:***)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М*** нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч М.М***гийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч Э.М*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...нэг эмэгтэй нь манай эхнэр болох Л***тай нэг нэгийнхээ үснээс зулгаагаад байж маргалдаж байгаад салахаар нь би тухайн...эмэгтэй хүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон юм...цагдаа дуудчихсан явуулахгүй гээд миний өмсөж байсан цамцнаас татаад байхаар нь эргэж хараад тухайн М*** гэх эмэгтэй хүний нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохисон чинь миний цамцнаас татаад байхаар нь эргэж хараад тухайн М*** гэх эмэгтэй хүний нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохисон чинь миний цамцнаас тавихаар нь би цаашаагаа явсан...4.300.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дахь тал),

2. Иргэн М.М***гаас “...*** бааранд бусдад зодуулсан...” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),

3. Хохирогч М.М***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед би өөрийн 2 найзтай Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо *** нэртэй бааранд ороод сууж байхад миний сууж байсан ширээний хажуу талын ширээн дээр сууж байсан нэг эмэгтэй хүнийг би зөөгч байна гэж бодоод захиалга өгье гэж хэлсэн чинь би зөөгч биш...битгий андуураад байгаарай гээд хэрүүл маргаан үүссэн бөгөөд тухайн эмэгтэй хүнтэй хэрэлдэж маргалдаад байж байхад тухайн ширээн дээр сууж байсан үл таних эрэгтэй хүн миний нүүрэн тус газарт гараараа 2  удаа цохисон бөгөөд бид нар хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...миний нүүрэн тус газарт цохисон гэх эрэгтэй хүн *** нэртэй баарнаас түрүүлээд ганцаараа гараад явчихаар нь би тухайн эрэгтэй хүний араас ганцаараа гараад тухайн эрэгтэй хүнд хандаж байж бай цагдаа дуудчихсан байгаа асуудлаа шийдчихээд яв гэж хэлсэн чинь...эргэж хараад миний нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохих үед миний хамраас их хэмжээний цус гарсан...тухайн үед миний нүүрэн тус газарт цохисон эрэгтэй хүн бид 2 байсан юм өөр ямар нэгэн хүн байгаагүй...тухайн хүн миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан...4.300.000 төгрөгийг миний Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн...уг гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй би сэтгэл санааны хохирлоо тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 10 дахь тал),

4. Гэрч Ц.Э***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэнэт манай эгч болох Э***г та нар Баянхошуунд намайг танихгүй байнуу гээд жирэмсэн туранхай жижиг эмэгтэй барьж аваад манай жирэмсэн Э*** эгчийг түлхээд унагаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

5. Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13645 дугаартай “...М.М***гийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал) ,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

-Хаан банкны *** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 60-83 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), 580, 336 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  (хавтаст хэргийн 37-44, 45-51 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М*** нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо бичгээр илэрхийлсэн болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.М*** нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2100 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч М.М***гийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.М***, гэрч Ц.Э*** нарын мэдүүлэг, , Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр: Эрх зүйн дүгнэлт

Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний өмч, хөрөнгөтэй байх, түүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Э.М*** нь хохирогч М.М***гийн нүүрэн тус газарт цохиж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Э.М*** хохирогч М.М***гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Э.М***ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.М***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр “тухайн хүн миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан...4.300.000 төгрөгийг миний Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн...уг гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй би сэтгэл санааны хохирлоо тогтоолгохгүй” гэдгээ илэрхийлсэн (хавтаст хэргийн 10 дахь тал шүүгдэгч Э.М***г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.М*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Э.М***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргасан.

Шүүгдэгч Э.М***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “...учруулсан хохирлыг төлсөн...” хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Э.М***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүх хүлээн авч шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Э.М***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36,3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогтой ***ын М***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.М***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг  Э.М***д сануулсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР