2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/228

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Ц***,

Шүүгдэгч Д.О*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

*** овогт ***ын О*** (РД:***),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О*** нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, гэр хорооллын доторх замд, Тоёота Приус маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 19.1-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй Б.Ө***ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Шүүгдэгч Д.О***н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруу дээр маргахгүй..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тухайн осол болсон өдөр буюу 2024 оны 10 сарын 30-ны өдөр би өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэрээсээ гараад худгаас ус авах гээд гэрийнхээ гудмаар сагсны шийдний хажуугаар 15 цаг өнгөрч байхад явж байсан юм. Тэгэхэд миний урд талд хүүхдүүд гудамжинд тоглож байгаа харагдсан тэгээд би тоглож байсан хүүхдүүдийн хажуугаар дөхөж ирэх үед цонхоо онгойлгоод холдоорой гэж хэлэхэд хүүхдүүд хашаа руу шахаад зогсож байсан. Тэгээд би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан тэгээд хойд талд хүүхэд орилох шиг болохоор нь зогссон тэгээд буугаад ирэхэд нэг хүүхэд газарт хэвтчихсэн хөлөө барьчихсан сууж байсан тэгээд би тэр хүүхдийг хараад зогсож байтал эгч нь ирээд эгчтэй нь цуг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэр хүүхдийг эмнэлэгт аваачиж үзүүлэхэд зүүн хөл нь цуурсан байна гэж хэлж байсан. Тэгээд би эмнэлэг дээр байж байтал цагдаа ирээд осол болсон газраа дагуулж очиж хэмжилт хийлгэсэн юм...би тэр хүүхдийн эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгсөн байгаа өөрөөр бол төлсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

2. насанд хүрээгүй хохирогч Б.Ө***ын хууль ёсны төлөөлөгч Ү.Ц***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хүүхэд хичээлдээ яваагүй 2-3 сар болсон, хичээлийн хоцрогдолтой байна. Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, эрүүл мэндийн болон сэтгэцийн хохирлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд “…Тухайн өдөр буюу 2024 оны 10 сарын 30-ны өдөр манай бага хүү Б.Ө*** Сонгинохайрхан дүүрэг 26-р хороонд байрлах эгчийнхээ гэрт очоод байж байсан тэр өдөр би ажилтай байсан болохоор хүүгээ үлдээсэн манай хүү эгчийнхээ гэрт байж байгаад өдөр 15 цагийн орчим гарж сагсны талбай дээр тоглохоор гарсан байсан тэгтэл удалгүй машин мөргөсөн байна гэж манай охин надад өөрийн гар утсаараа залгаж мэдэгдсэн. Би тухайн үед Гэмтлийн эмнэлэг дээр шууд очтол манай хүү Б.Ө***ын хөл дээгүүр авто машин гарсан гэж мэдсэн. Хүү маань гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хөлөндөө 2 хадаас тавиулсан. Одоогоор биеийн байдал нь хэвийн гэртээ хэвтрийн дэглэм сахиад байж байгаа, хичээл сургуулиасаа хэсэг завсардаж, хөл нь зүгээр болохоор хичээл сургуульд нь явуулна. Харин хичээл хоцрогдлыг нь хэрхэн, яаж арилгах талаар мэдэхгүй байна. Төлбөртэй багш хөлсөлж таарах байх…жолооч талаас 100.000 төгрөг гаргаж өгсөн...тухайн үед ажлаасаа чөлөө авсан цалингаа нэхэмжилнэ мөн хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах талаар багш хөлсөлнө түүний зардлыг гаргуулна гомдолтой байна. Сэтгэл санааны хохиролтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

3. Дуудлага лавлагааны хуудас “...Ө*** /эр.7н/ *** машинд мөргүүлсэн гэх...” (хавтаст хэргийн 2 дахь тал),

-4. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дэх тал),

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Хүүхдүүд хашааны хажууд тоглож байх үед цагаан өнгийн машин ойртон ирэх үед хашааны хажууд тоглож байсан хүүхэд цагаан өнгийн тээврийн хэрэгслийн урдуур гарч уг машинд мөргөгдөн газарт унасан. Хүүхдийг унах үед машин хүүхдийг өнгөрч зогссон...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 49-51 дэх тал),

6. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар прокурорын тогтоол (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

7.  Мөрдөгчийн нас тоолсон “...2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 7 нас 9 сар 19 хоногтой...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 57 дахь тал),

8. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай “...уг тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна...”гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-26 дахь тал),

9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай “...Б.Ө***ын биед зүүн шаант ясны далд хугарал, баруун чамархай, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дэх тал),    

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 91 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 70-73 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), Д.О***н эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны хуулга (хавтаст хэргийн 81-90 дэх тал)  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах,

Шүүх хуралдаанд шүүгдэгч талаас гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.О*** нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, гэр хорооллын доторх замд, Тоёота Приус маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 19.1-д “хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй...” гэсэн заасан заалтыг тус тус зөрчиж явган зорчигч болох насанд хүрээгүй Б.Ө***ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын *** дугаартай шинжээчийн дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч М.Жамсранжавын *** дугаартай дүгнэлт, жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Д.О***гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

Дээрх тохиолдолд шүүгдэгч Д.О*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд оролцохдоо аюул, хохирол учруулахгүй байх, зайлгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй гэсэн заалтыг зөрчсөний улмаас хороолол дотор тоглож байсан насанд хүрээгүй хохирогч Б.Ө***ыг мөргөж, зам тээврийн осол гаргажээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.О***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Ө***ын эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилсэн боловч түүний хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Ө***т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн 1.591.880 төгрөгийг шүүгдэгч Д.О***гаас гаргуулж, Эрүүл мэндийн санд төлүүлэх нь зүйтэй.

Харин насанд хүрээгүй хохирогч Б.Ө***ын сэтгэцэд учирсан хор уршгийн 3-р зэрэглэл тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 1, 511.3 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 9.900.000 төгрөгийг шүүгдэгч Д.О***гаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Ц***д олгож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.О*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Д.О***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн саналыг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Ц***гаас “...гомдолтой байна...” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Д.О***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Иймд, шүүгдэгч Д.О***н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт Д.О*** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.О***г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.О***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О***д оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.О*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.О***д сануулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О***гаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.900.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Ц***д,

- Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын санд 1,591,880 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

8. Насанд хүрээгүй хохирогч Б.Ө***, түүний хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. .

9.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР