2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/115

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Б.Т***,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э***,

гэрч С.А*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх,

         *** овогт ***ын Т*** (РД:***)

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Т*** нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 0738 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хүнсний дэлгүүрийн гадна талд гудамжинд байсан насанд хүрээгүй хохирогч Б.М***ын эзэмшлийн BMX загварын унадаг дугуйг авч явж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч Б.Т***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогч намайг хашаанаас нь авсан гэж байна. Би дэлгүүр ороод гарч ирээд тэргэнд түрээд аваад гарсан. Хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв. (шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэл),

-тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...тухайн өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад гэрийн ойролцоо байрлах хүнсний дэлгүүр орох гээд гэрээсээ гарч яваад хүнсний дэлгүүр орчхоод тухайн хүнсний дэлгүүрээс гараад явж байхад хүнсний дэлгүүрийн урд талын хашааны гадна талд хар улаан өнгийн хүүхдийн унадаг дугуй байсан бөгөөд тухайн хашааны хаалга нь хаалттай байсан. Тэгэхээр нь би гайхаж байгаад тухайн унадаг дугуйг хаячихсан эсвэл эзэн нь мартаад явчихсан байх гэж бодоод тухайн унадаг дугуйг очиж аваад унаж үзэхэд зүгээр явж байхаар нь би унадаг дугуйг аваад гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** тоот хашаан дотор оруулаад тавьчихсан байж байгаад байшин дотроо оруулаад тавьчихсан юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...үнэлгээтэй уншиж танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй. Тухайн дугуй нь одоо надад байгаа бөгөөд манай хашаанд буюу Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** *** тоот хашаанд байрлах байшин дотор байгаа...надад ямар нэгэн байдлаар хүчээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн ***-44 дэх тал),

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...камерын бичлэг шүүж үзэхэд дэлгүүрийн үүдэнд цагаан хувцастай хүн дугуйг гаргаж ирээд хашаа түшүүлээд тавьсан. Дараа нь Т*** ирээд авч байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Дугуйгаа биет байдлаар буцааж авсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл ),

түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М***аас унадаг дугуйг нь асуухад би найзынхаа хашаан дотор оруулаад үлдээчихсэн байсан бөгөөд маргааш нь очиж авах гэсэн чинь согтуу хүн аваад явчихсан байна гэж манай хүүхдэд найз нь хэлсэн гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын цагдаатай хамт тухайн дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд тухайн айлын хашаан дотроос нэг цагаан өнгийн хувцастай хүн манай хүүхдийн унадаг дугуйг хашаанаас гаргаад, хашааны гадаа тавьж байсан бөгөөд манай хүүхдийн унадаг дугуйг гаргаж тавьсны дараа хашааны гадна талаас нэг үл таних эрэгтэй хүн манай хүүхдийн унадаг дугуйг аваад явж байсан юм. Тухайн үед манай хүүхэд болох М*** надад хандаж, би унадаг дугуйгаа найзынхаа хашаан дотор үлдээчихсэн гэж надад хэлсэн. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талын хяналтын камерыг цагдаатай хамт шүүж үзсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

3. Гэрч С.А***гийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн “...Камерын бичлэг үзэхэд цагдаагийн албан хаагч, Э*** нар хамт байсан. Унадаг дугуй манай хашааны гэрийн үүдэнд байсан. Тэрийг аваад унаад явж байсан. Унадаг дугуй газар унасан байдалтай байсан. Манай хашааны үүднээс унадаг дугуй унаад явж байгаа хүнийг харсан. Өөр юу ч хараагүй. Камерын бичлэгт унадаг дугуйг газар хэвтүүлсэн байсан. Хашааны гадна унадаг дугуйг хэн гаргаж байгааг хараагүй. Камерын бичлэг үзэхэд унадаг худаг, хашаа хоёрын голд байсан. Тэндээс аваад унаад явж байгааг харсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би *** нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд өөрөө худалдагч хийдэг. Манай дэлгүүр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** *** тоотод үйл ажиллагаа явуулдаг юм. Би М*** гэх хүүхдийг зүс таних бөгөөд манай дэлгүүрт орж ирж үйлчлүүлдэг мөн манай гэрийн урд талын тоглоомын талбай дээр ирж тоглоод байдаг хүүхэд байгаа юм. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Тухайн өдрийн он сарыг бас сайн мэдэхгүй байна. 2-3 хоногийн дараа ирээд манай дэлгүүрийн камерыг шүүх үед нь би мэдсэн. Түүнээс тухайн үед дугуйгаа манай хашаан дотор үлдээсэн эсэх талаар би сайн мэдэхгүй байна...

...би тухайн хяналтын камер шүүлгэж байхад хамт харсан чинь үл таних хүн тухайн хашаанаас гаргаж байхыг нь харсан. Удалгүй өөр нэг хүн ирж тухайн дугуйг унаад явж байсан... одоо бичлэг нь байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 53 дах тал),

4. Насанд хүрээгүй хохирогч Б.М***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1 дэх удаа өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 29-ний орой 18 цаг өнгөрч байх үед би өөрийн унадаг дугуйг унаад Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо Тоглоомын талбай дээр тоглож байх үед их бороо ороод байхаар нь би өөрийн унадаг дугуйг Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** хүнсний дэлгүүр буюу найз Б***ийн хашаанд оруулаад хашааны дотор талд байрлах хашааны үүдэнд түшүүлээд тавьсан байсан ба тэгээд би гэртээ харьж амарсан. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ирээд найзынхаа хашаанаас дугуйгаа авах гэтэл миний унадаг дугуй байхгүй байсан. Тэгээд дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн орчим манай найз Б***ийн хашаанаас цагаан канттай улаан хувцастай эрэгтэй хүн миний унадаг дугуйг  аваад явж байгаа хяналтын камерын бичлэгтэй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Миний төрсөн өдрөөр манай ээж дугуй зардаг газраас 500,000 төгрөгөөр худалдаж авсан. BMX загварын унадаг дугуй байсан. Миний алдсан дугуйны төмөр рааман дээр нь янз бүрийн зурагт хуудас наасан байгаа. Урд талын дугуйны 2 талаар нь бүрхсэн төмөр нь улаан өнгөтэй, хийн амаржины хажуугаар нь цагаан будгаар шүршсэн. тоормос байхгүй, тороосгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

түүний дахин өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 30-нд өөрийн найз болох Б***ийн хашаан дотор нь өөрийн унадаг дугуйгаа оруулж тавьсан бөгөөд тухайн үед гэр рүүгээ унаж явах гэсэн чинь их хэмжээний бороо ороод байхаар нь 2024 оны 08 дугаар сарын 30-нд Б***ийн хашаанд оруулж тавиад маргааш өглөө нь буюу 2024 оны 08 дугаар сарын 31-нд Б***ийн гэрт очоод өөрийн унадаг дугуйгаа авах гэсэн чинь алга болчихсон байсан юм... 2024 оны 08 дугаар сарын 29-нд оруулж тавьсан гээд өдрийг нь андуураад мэдүүлчихсэн байсан... маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын 31-нд Б***ийн хашаанаас унадаг дугуйгаа авах гэтэл алга болчихсон байсан юм. Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт ирж өөрийн унадаг дугуйгаа буцааж авсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Миний унадаг дугуйнд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй бүрэн бүтэн байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн гадна талын үүдэнд үл таних 1 залуу... 2024 оны 08 дугаар сарын 31-ний 07 цаг 38 минут 19 секундэд тухайн хүүхдийн унадаг дугуйн дээр очиж байгаа дүрс бичлэг байв... газар хэвтэж байсан гэх хүүхдийн унадаг дугуйг газраас босгож байгаа бичлэг байв... 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 07 цаг 38 минут 30 секундэд холбогдогч Б.Т*** нь газар хэвтэж байсан гэх хүүхдийн унадаг дугуйг унаад аваад явж байгаа хяналтын камерын бичлэг байв...” гэх (хавтаст хэргийн 21-23 дахь тал),

6. “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаартай, BMX загварын унадаг дугуйг 400,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

7. Дуудлагын лавлагааны “...3 хоногийн өмнө хүүхэд унадаг дугуйгаа алдсан гэх...” хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 25 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Т*** нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 07 цаг 38 минутын үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хүнсний дэлгүүрийн гадна талд гудамжинд байсан насанд хүрээгүй хохирогч Б.М***ын эзэмшлийн BMX загварын унадаг дугуйг авч явж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн насан хүрээгүй хохирогч Б.М*** болон түүний хууль ёсны төлөөлөгч Т.Э***, гэрч С.А*** нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тэргүүн үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол”  гэж гэмт хэргийн шинжийг заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг бага хэмжээний хохирол гэж үзнэ.

Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар “BMX” загварын унадаг дугуйн үнэлгээг 400,000 төгрөгөөр тогтоосон тул гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч Б.Т***н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 400,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсныг шүүгдэгч Б.Т*** нь биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. дугуйгаа биет байдлаар буцааж авсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” (шүүх хуралдааны тэмдэглэл) гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Т*** нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Т*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Б.Т***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Т***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” саналыг гаргасан.

Шүүгдэгч Б.Т***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг/, бусдад учруулсан хохирлын хэмжээ /400,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, биет байдлаар нөхөн төлсөн/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т***д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сд-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Т***д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын Т***г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Т***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Т***г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Т***д сануулсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР