| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/126 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/126
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ /томилолтоор/,
шүүгдэгч Г.Б*** нарыг оролцуулан шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх,
*** овогт ***ын Б*** /РД:***/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Б*** нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, *** 7 дугаар гудамжны *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.***той үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, улмаар толгой тус газар нь заазуураар зүсэж, нуруу тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “зулайн ар хэсэг, сээрний 7-р нугалмын хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, хамрын зүүн талд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч Г.Б*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...2024 оны 9 дүгээр сарын 13-нд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо *** 7 дугаар гудамж *** тоотод хамтран амьдрагч Б***ын гэрт байж байгаад ...Б***, Амраа, *** бид хэд дэлгүүрээс 3 шил архи авсан. ...Гэрт архи ууж байсан чинь *** ахтай маргалдаад миний шанаа хэсэгт, эрүү хэсэгт гараараа нэг нэг удаа цохисон. Миний уур хүрээд ойрхон байсан заазуур аваад *** ахын толгой хэсэгт нь нэг удаа цохиж хутгаар ар нуруу хэсэгт рүү нь нэг удаа хатгасан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),
2. Хохирогч Ж.***ын: “...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд дэлгүүрээс 0,75 литрийн Соёмбо гэдэг нэртэй 1 шил архи аваад хажуу айл руу ороод өөрөө архинаасаа 1 том аяганд хийж уугаад тасарсан ба цаашаа болсон асуудлын талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь би гэртээ ирчихсэн, миний бие цус болчихсон байсан. ...Тухайн үед Б*** агсам тавиад байсан бөгөөд намайг Б*** гэмтээсэн байж магадгүй гэж би бодож байна. ...Миний зүүн дал, толгойны ар болон дээд хэсэгт хутгаар зүсэгдсэн байсан...миний сэтгэл санаанд хохирол учраагүй би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 18 дахь тал),
3. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх Анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаартай
“...1. Ж.***ын биед зулайн ар хэсэг, сээрний 7-р нугалмын хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, хамрын зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3.5. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
...4. Дээрх гэмтлүүдээс шарх, цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зулгаралтад 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...бусдад зодуулсан...” тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
5. Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дахь тал),
6. Прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай *** дүгээр тогтоол (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
7. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “...хэрэгт шар цоохор өнгийн иштэй ажлын хэсэг нь 15 см урт нь 27.5 см заазуур, ажлын хэсэг нь 19 см урт нь 31.5 см шар цоохор иштэй хутга зэрэг эд мөрийн баримтаар тооцсугай...” тогтоол (хавтаст хэргийн 11 дэх тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дахь тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), 447, 1227 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 47-51, 52-63 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*** нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо бичгээр илэрхийлсэн болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.Б*** нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, *** 7 дугаар гудамжны *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.***той үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, улмаар толгой тус газар нь заазуураар зүсэж, нуруу тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “зулайн ар хэсэг, сээрний 7-р нугалмын хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, хамрын зүүн талд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Ж.***ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.
Хоёр: Эрх зүйн дүгнэлт
Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний өмч, хөрөнгөтэй байх, түүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүгдэгч Г.Б*** хохирогч Ж.***ын толгой тус газар нь заазуураар зүсэж, нуруу тус газар нь хутгаар хатгасан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Г.Б*** нь хохирогч Ж.***ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Б***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр “...миний сэтгэл санаанд хохирол учраагүй би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...гомдол санал байхгүй...”” гэдгээ илэрхийлсэн (хавтаст хэргийн 18 дахь тал) тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Ж.*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Б*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч Г.Б***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх” санал гаргасан.
Шүүгдэгч О.Б***ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж хуульчилсан боловч шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.
Тодруулбал, шүүгдэгч Г.Б*** нь өмнөх шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлагыг хүлээж, түүнийгээ эдэлсэн боловч гэмт хэргийг үйлдэхдээ удаа дараа зэвсэг /хутга, мэс/ хэрэглэж байгаа нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, түүнийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Б***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36,3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогтой ***ын Б***ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Б***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Б***ийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, 1 ширхэг заазуурыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарласан ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг Г.Б***д сануулсугай.
6. Хохирогч Ж.*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР